Дарлагдахын төлөөх хашгираан

Хуучирсан мэдээ: 2023.05.02-нд нийтлэгдсэн

Дарлагдахын төлөөх хашгираан

Дарлагдахын төлөөх хашгираан

ШАР ХҮНИЙ ӨМНӨӨС ХАР ХҮН

Нэг монгол нөгөөгөө зандчина. Амьгүй хөшөөнөөс амьд хүнийг уучлалт гуйх эс аваас өөрийнх нь амийг нь авах тухай заналхийлэх. Хүүхэд биш томчууд нэгнээ хөшөө болгох нь. Харин хууль сахиулагчид нь салгахын оронд хамтдаа яахыг нь ажиглах маягтай. Монголд төр, засгийн буруу бодлогыг шүүмжилснийг нь баривчилж, шүүмжилснийг шүүмжилсэн этгээдийг дэмжих өнгө аяс газар авав. Нэгэнт өөрийн үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх эрх чөлөөгөө илэрхийлэгчийг эсэргүүцэн элдэвлэж, доромжилсон элдэв үйлдэлд хариуцлага үүрүүлэхгүй болохоор жагсаалын эсрэг жагсаал хийж, цохиж, зодох нь нь энүүхэнд. Дүрэмт хувцас өмсч дөвчигнөсөн нөхөд гудамжаар нэг болов. Үзэл бодлоо илэрхийлэхийн эсрэг үзэл бодлоо илэрхийлэгчдийн цаана хэн байгааг олж тогтоох нь байтугай хэрэг болгон шалгахгүй нь хэрэг бишдсэнийг хэлээд өгөх шиг. Хамгийн сүүлчийн заналхийлэгчид зөрчлийн хэрэг үүсгэсэн нь бүр батлаад өгөв гэлтэй. Заналхийлэл Эрүүгийн хуулийн заалттай. Төсвийн мөнгөөр гадаад тансагласан засаг даргыг 17 удаа гэж андуурч бичсэнийх нь төлөө "Арван удаа явсныг 17 гэж гүтгэлээ" гэж эрүүгийн хэргээс шийтгүүлсэн жишээ Монголынх. Шар хүний өмнөөс элэг нэгтнээ эсэргүүцдэг ийм чулууг гаднаас шидэж, түүний уршгаар бид юу туулсныг ердөө зуун жилийн өмнөх явдал харуулдаг. Бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөх чадвар, хувийн амьдралын асуудал, үзэл бодол, итгэл үнэмшил зэргээс хамаарч гол зарчмаасаа бид хазайж, гадны нөлөөнд автаж, бусдын хоол болдог түүх харъяа гэвэл хаа сайгүй хөглөрч байна.  Бидний яг ийм зөрчлийг зуун жилийн өмнө ашигласан Оросын нарийн боловсруулсан бодлого монголчуудыг 70 жил бусдыг тахиж, өөрсдийгөө үгүйсгэхэд хүрчээ. “Төөрсөн” нөхрөө сэнхрүүлүүлэхээр Элбэгдорж Ринчинотой хамтран Коминтернд захидал бичихдээ С.Данзан нэг үйл хэргийн төлөө зүтгэх гэснээс биш Д.Бодоо Чагдаржав нарын 15 хүний бодийг нь хөтлөх тухай бодох нь байтугай зүүдлээч үгүй биз. Тухайн үеийн монгол хүний мөн чанарыг бодоод, төсөөлөөд үзэхэд л ядах юмгүй тийм гэдэг нь ойлгогдоно. Хожим С.Данзан ч намын дарга атлаа Зөвлөлтийн эсрэг зогсоод Э.Ричиногийн зүтгэлээр Б.Цэрэндорж, Ц.Дамбадорж нарын оролцоотойгоор Д.Бодоогийн адил намнуулжээ. Ингэхдээ тэр бүх эрх мэдлийг атгасан намын дарга байсан ч намынхаа нөхдийн өмнө хүчин мөхөсджээ.

 

ТӨРИЙН СҮЛДЭЭР СӨХРҮҮЛЭХҮЙ

“Төрийн сүлд өршөө” гэж ардын хувьсгалаас өмнө залбирдаггүй байсан нь ойлгомжтой. Харин Бүгд найрамдах засаглалд шилжээд Үндсэн хуулиар “ангийн дайсан” гэж албан ёсоор арай дөнгүүрүүдээ  хуульчилсан үеэс л алуулахгүй гэхдээ аминчилсан, аргаа барсан олны амнаас гарсан гэвэл илүү онох вий. Дотроо бодолтой, доороо суурьтай бүхнээ төрийн нэрээр далайлгаж сөхрүүлж, эсэргүү, тагнуул болгож, хайр найргүй хорьж, хядаж байсан тийм л нөхцөлд төр, түүний сүлднээс өршөөл гуйх магадлалтай бол тэр нь амьд явах эсэхийг нь шууд шийдэж буй тохиолдолд бүр баталгаатай. Гэтэл өдгөө төрийг шүтэх догмаг ид эрчийг нь авхуулахаар элдэв янзаар үзэх аж. Татвар төлөгчдийн мөнгөөр “Тамгагүй төр”-ийг засаг нь санхүүжүүлж, зохиогчийнх нь илэрхийлээгүй утга санаагаар найруулагч нь гуйвуулж,  хүн овоо босгож, босгосон овоон дээрээсээ төрийг тунхаглаж суухад бид алгаа хорстол ташаастай. Амаа олохгүй магтаастай. Хувь хүний эрх чөлөө бол юу ч биш. Төрийн төлөө ингэж золиос гаргадаг юм гэх сэтгэл зүйг тэд бидэнд суулгахыг санаархаж, түүнийгээ уран бүтээлийг гуйвуулан зөвтгөх авай.

“Дэмбэрэл юм үзээгүй юм болохоороо баярлаад сүйд” гэгчээр ард олноороо албан тушаалтнаас хариуцлага шаардвал “төрийн тэтгэмж” нэрийдлээр нэгнээс нь авснаа нөгөөд нь өгөөд амыг нь хаачих жишээтэй. Монголчуудын төрт ёс, зан заншил, үүх түүхээ гэсэн үзэл санаагаар улстөрчид хамгийн их “сегадах” санж. Төр улам бүр данхайсаар 25-65 насны 1,9 сая хүн амын 6 хүн тутмын нэг нь төрд харъяалтай болсон бол үлдсэн нь тэднээс хамааралтай болчихож. Бид аажмаар өнгөрсөн дарангуйлал руугаа гулсаж байна. Багш нарын цалинг нэмэхийг шаардахад “Эмнэлэг барьж өгье” гэх тайлбарыг хийх жишээтэй. Гэр бүлийн асуудал яригдах болгонд эцгийг нь архичин, арчаагүй, хариуцлага тооцох хуулийг чангатгах тухай ярихыг нь уулгалан дэмжихээс бус аавыг нь амьжиргаагаа хангалттай залгуулах боломжийг олгож, асуудлын уг мөн чанарыг хайхыг шаарддаггүй нь гачлантай.

Төрийн хөрөнгө нэмэгдэж, түүнийг дагаад өр нь нэмэгдэж, өрийг нь нөхөхийг тулд мөнгө хэвлэж, хэвлэсэн мөнгөний улмаас төгрөг суларч, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь гаслантай. Үүнийг өөрчлөх ганц зам нь үнэлээд байгаагаас нь доогуур үнээр ч хамаагүй хувьчлах. Тэгж байж авлига, шахаа, албан тушаалтнуудын дээрэм зогсоно. Түүнээс шударга ёс шаардаад нэмэргүй. Төр өмчтэй л байвал түүнээс хулгай хийх нөхөд байхдаа л байна.

Төр бүхнийг өөртөө төвлөрүүлээд юу болдог вэ гэдгийг бидний хийгээд дэлхийн өнгөрсөн түүх тодоос тод харуулсаар л байна.

 

ХУУЛЬ БИШ ХУУЛИАР ЗАСАГЛАХУЙ

Ардчиллын бузар булайг бултаараа л бувтнаж байх шиг. “Зэрлэг капитализм” гэж улстөрчид ухаантай царай гарган улиглах. Гэтэл энэ нэр томъёо социалистуудын өөрсдийнхөө  хийсэн, халамж, төрийн оролцоо, төрийн өмчийг данхайлгаж, түүнээс хувьдаа завших зэргээр завхруулсныг бусдад булзайх пропаганда юмсанж. Нийгмийн баялаг 300-хан гэр бүлд төвлөрч буйг сануулан нэг хэсэгтэй шуугисан. Тэдгээр олигархуудын өмчийг нь хураах тухай ид эрчээ авч байна. Гэхдээ тэд ч тэрхүү хөрөнгөө шударгаар олчоогүй болохоор өөрсдийгөө хамгаалж дуугарах нь байтугай айдастай байгаа. Ийм л ялзарлыг ашиглаж  хувь хүний өмч гэх ойлголтыг мартагнуулж, түгжрэл, газар олголт зэрэг авлигын балгаар бий болсон оршихуйн зовлонгоор нь далимдуулж нийтийн эрх ашиг ярьж байгаад хувийн өмчийг хураан, дээрэмдэх үйл явц гарааш арга хэмжээгээр гайхалтай эхлэлээ тавилаа. Шүүр ажиллагаагаар цэвэрлэгээ хийнэ гэж шоудах ялдамд өөрсдийн хүнээ байршуулахын тулд хоморголон халах шалтгаан болж буйг салбар салбарынхан хэлээд эхэллээ. “Хүн биш хууль засаглах” нь сайн хэрэг ч хууль болгон зөв гэвэл уучлаарай. Өнөөдөр давхар албан тушаал хашихын тулд Үндсэн хуульд хүртэл гар дүрж буй нөхцөлд эрх баригчид хуулиар тонох, ноёрхох боломжоо л бодно. Монголд өнөөдөр алагчилж үйлчилдэг хууль байгааг халаасны хулгай, албан тушаалаа урвуулан ашиглагчийн хулгай харуулна. Хохирлын хэмжээ нь газар, тэнгэр шиг харьцаатай хэр нь шийтгэл нь бурхан, чөтгөр шиг ялгаатай. Буян, нүгэл шиг агуулгатай аж. Хоёрхон жилийн өмнө тэтгэвэр авсан хүмүүсийн зээлийг тэглэсэн. Мэдээлэлд ойрхон Н.Багабанди мэтийн “бирд” шиг ахмад Оюутолгой мэтийн ТУЗ-өөс ам.доллараар цалинжиж байж сарын өмнө өндрөөс өндөр тогтоолгосон тэтгэврийн зээлээ авчихсан байх жишээтэй. Үүгээрээ тэтгэврийн зээл аваагүй, өөрийгөө хэнээс ч хамааралгүй аваад явж байсан ахмадыг хохироосон. Шударгаар татвар төлөгчдийг шийтгэсэн шийтгэл хууль ёсны болдог нь Татварын өршөөлийн хууль. Хэдэн удаа энэ хууль батлагдаж, тэр тоолонгоор шударга ёсыг сөхрүүлснийг өөрсдөө тоолууштай.

Гэтэл өнөөдөр дарангуйлагчийг төлөөх хашгираан  маш хүчтэй сонсогдох боллоо. Энэ хашгираан эцэстээ өмнөх нийгэм рүү буцаан шилжүүлэх үйл явцыг л хурдасгадаг болохоос өөр юуг ч хурдасгадаггүй. Тиймээс бид “хуулиа чангал” бус зүй ёсонд нийцүүлэхийг тэднээс шаардмаар байна.

Өөх ч биш, булчирхай ч биш. Өнгөрсөн ч биш, өнөөдрийнх ч биш мөн чанараар өшөө цаашаа явах боломжгүй. Гэрийн тэжээвэр амьтан шиг бүхнийг төр шийдэх ёстой гэж өрсөлдөх чадваргүй болсны нотолгоо бид өөрсдөө болчихлоо. Эхлээд амьдарч буй нийгмийнхээ мөн чанарыг олж, түүнд тушаа болж буй зүйлийг ойлгох нь чухал байх шиг. Өнөөдөр ДНБ-нээсээ илүү хөрөнгийг төр төвлөрүүлж байна. Түүнтэй дүйцэхүйц төсөв батлаад буй нь асуудлыг улам л түвэгтэй болгож буй болохоос шийдсэнгүй. Хууль хулгайч, тонуулч, зандалчин, дээрэмчдийг шийтгэх ёстой атал тэднийг бий болгоод байгаа нь бүх зүйл завхарч, бид түүнийг нь хүлцдэг болсны илрэл. Хүний эрхэнд халдаж болохгүй гээд буй төрийнхөн өнөөдөр хүний эрхэнд халддаг болов. Угтаа бол төр ч хүний эрхэнд халдах ёсгүй. Өнөөдөр гараашийг чинь. Маргааш гэрийг чинь хураахыг тэд оролдоно. Бид өнөөдөр ардчиллыг зүхэхээс илүү энэ нийгмийн мөн чанар, зөв хэрэгжүүлбэл хувь хүний эрх чөлөөний хүрээ хязгаарыг тэлдэг бол өнгөрсөн нийгэм түүнийг хумисныг санах хэрэгтэй. Ардчилал эрх чөлөөг тэгш хүртээх тухай ойлголт бол социализм нь нийтийн эрх ашиг, тэгш эрх гэх мэтээр боолчлолд тэгш хамруулахыг зорьдог билээ. Гэтэл хэн хэний эрх ашгийг хамгаалахаар хамгийн чанга хашгираад, түүнийг нь хэн хамгаалж, хэнийг гавлаад байгааг бодож, оюун дүгнэлт хийж боломж нь одоохондоо танд бийг сануулах юун. Төр иргэдээсээ өөрсдийгөө хамгаалах цайзаа бат бөх болгосоор….

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж