“Их Монгол” хороололд өнгөрөгч амралтын өдрүүдэд нийтийн орон сууц шатсан хэрэг гарсан. Гал гарсан шалтгааныг татсан тамхины ишээ цонхоор хаяснаас болсон гэж хохирогчид таамаглаж байна. Галын дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.
Шөнийн 02:00 цагт. Хаа нэг замаар хурдлах машины чимээг эс тооцвол хот гүн нойронд автжээ. Б.Ариунчулууны нүүр гэнэт л халуун оргиж, сэрээд харвал тагтан дээр нь улаан гал улалзаж байв. Сандарсан тэрбээр охиноо тэврээд дүүгээ сэрээгээд гадагшаа гүйн гарав. Тэд өмссөн хувцаснаас өөр юмгүй, орон орон, оочих аягагүй хоцорчээ.
Нийслэлийн онцгой байдлын газарт Баянзүрх дүүрэгт байрлах тус хороололд 2023 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02:00 цагийн орчимд гал гарч 904 дүгээр байрны гурван давхрын айлын тагт шатаж байна гэсэн дуудлага иржээ. Тухайн айлын байр шатаж, золоор хүний амь эрсдээгүй болохыг албаныхан хэллээ. Тус орон сууцны дөрөв, таван давхрын балкон, гадна талын пасад гал өртсөн нь гаднаас нь харахад ч илэрхий. Орцоор нь орвол угаар хамар цоргиж байна.
Галд өртсөн айлд орвол үүдний өрөөнөөс эхлээд тагт, нойлын өрөө, гал тогоо, хана, тааз тэр чигтээ хөө тортог болж, тавилга нь хүртэл шатжээ.Гэрийн эзэн Б.Ариунчулуун “Шөнө унтаж байгаад гэнэт сэртэл тагтан дээр гал дүрэлзэж байсан. Гал команд руу зогсоо зайгүй залгасан боловч цаг алдаж 30 минутын дараа ирсэн. Би гал командад гомдолтой байна. Манай тагтан дээр цахилгааны утас байтугай, шатах тэсрэх бодис байгаагүй” гэж харамсал, гомдлоо илэрхийлэв.
ЦОНХООРОО ТАМХИНЫ ИШЭЭ НЯСАЛЖ ХАЯСАН БОЛОЛТОЙ ЮМ
-Гал юунаас болж гарсан гэж та хардаж байна вэ. Гал унтраах албаныханд гомдолтой байгаа гэсэн, яагаад?
-Би зурагт үзэж байгаад шөнийн 00:00 цагийн орчимд унтсан. Тэр үед нам тайван байсан. Унтаж байхад нүүр халуу оргиод байсан. Тэгээд босоод харсан чинь цонхон дээр гал маналзаж байлаа. Нүд муутай болохоор шилээ зүүтэл гал тагтыг маань бүрхээд удалгүй гэр рүү хуйлраад ороод ирсэн. Тиймээс унтаж байсан охиноо, дүүгээ гялс сэрээгээд чирээд гарсан. Хэдийгээр эсэн мэнд үлдсэндээ баярлаж байгаа ч орох оронгүй болчихлоо. Онцгой байдлынхан руу зогсоо зайгүй залгасан. Утсаа авахгүй байхаар нь цагдаагаар дамжиж ярьсан. Шөнө хот түгжрэлгүй хэрнээ гал унтраагчид 30 минутын дараа ирсэн. Тэр өдөр онцгой байдлынхан утсаа аваагүйд гомдолтой байна.
101 утас хэзээн бэлэн байдалд ажиллах ёстой: Гэтэл дуудлагаар ирсэн хүмүүс манай байрыг олох гэж хугацаа алдсан. Нарийнхан зам руу галын машин ойртож орж чадахгүй өчнөөн хоолой залгасан. Хүмүүс шөнө машинаа тавьчихсан болохоор үүнийг ойлгож байна. Гэхдээ тэд маш их цаг алдсан.
Галын шинжээч, цагдаа, онцгойгийнхон ирээд юунаас болсныг нь асууж байна лээ.
Манай тагтан дээр тог цахилгааны масс байтугай, шатах тэсрэх бодис байхгүй. Хүүхдийн тоглоом, хуучин хувцас хунар, модон авдар байсан. Би хувьдаа дээд давхрын айлуудаас хэн нэгэн тамхи татаж байгаа ишээ цонхоороо хаячихсан гэж бодож байна.
-Яагаад тамхины ишээс болсон гэж хардаж байгаа юм бэ. Танай тагтан дээр тамхины иш унаж байсан тохиолдол байна уу?
-Шөнө унтахдаа манайх тагтныхаа хаалтыг онгойлгоод унтдаг. Тэрүүгээр тамхины гал орж ирсэн байх. Дээрээс тамхи татдаг хүмүүс ишээ нясалж хаядаг бололтой юм. Байшин тойроод харахад дүүрэн тамхины иш байдаг. Ер нь монголчууд бид хэзээ нийгэмшиж, бусдад гай тарилгүй амьдарч сурах юм бүү мэд. Галын эцсийн дүгнэлт гараагүй байна. Гэхдээ бид өөрсдөө гал алдсан бол өөр. Зүв зүгээр гэртээ унтаж байхад ийм юм болсонд харамсч байна.
-Одоо хаана амьдарч байгаа вэ. Гэрийн чинь бүх тавилга шатсанаас харахад эд материалын хувьд нэлээд хохирол амссан бололтой?
-Бүх бичиг баримт байхгүй, шатчихсан. Одоо бид дүүгийндээ амьдарч байна. Тухайн өдөр манай эхнэр эмнэлэгт хэвтэж байсан. Манай охин унтлагын хувцастайгаа би дотуур хувцастайгаа гараад гүйсэн. Хохирлыг хэлж мэдэхгүй байна. Ер нь гал, усны давагдашгүй хүчин зүйлийг хүн яаж ч чаддаггүй юм байна. Харсаар байхад нүдэн дээр дүрэлзчихдэг юм билээ.
ГЭР БҮЛИЙНХНИЙГЭЭ ЭСЭН МЭНД БАЙГААГ ХАРААД БАЯРЛАЖ БАЙНА
Тус айлын эзэгтэй Ж.Хандсүрэн “Би тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан. Шөнийн 03:00 цагийн үед манай хадам дүү залгасан. Тээр шөнөөр залгахад нь гайхаад утсаа авахад манай нөхөр уйлаад “гэр шатчихлаа” гэж ярьсан. Гэрээ ийм болтол шатсан гэж бодоогүй. Эмнэлгээс яарч, сандарт иртэл манай нөхөр доогуураа хөл нүцгэн шаахайтай, айлаас куртик гуйж өмссөн байсан. Угаартана гээд тэр орон сууцны хүмүүсийг бүгдийг нь гаргасан байсан. Хань, охин, дүү минь золоор эсэн мэнд байгаад баярлаж байна. Би тагтаа байнга шүүрдэж, цэвэрлэдэг. Манай гэрт тамхи татдаг хүн байхгүй. Тагтаа шүүрдэхэд тамхины үнс байж байдаг байсан.
Дөрвөн давхрын залуугийн хэлснээр ноднин тагтан дээрээ гарахад тамхины иш байж байсан гэсэн. Тэр залуу зургийг нь аваад байрны групп дээр постолсон юм билээ.
Байрны хүмүүс биднийг угаарт хордож байгаа гээд сүү авчирч өгч байна.. Найман номерын залуус бидэнд халуун хоол цай авчирч өгсөн. Тусалж буй бүх хүмүүстээ баярлаж байна. Тавхан алхмын зайд гараад тамхиа татаад хаячих юмыг тагтнаас ишээ хаяснаас үүдэж ийм юм боллоо” гэсэн юм.
ОРШИН СУУГЧДЫН ЗҮГЭЭС ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ШҮҮМЖЛЭЛИЙГ ХЭЛЖ БАЙГАА
Тус хорооллын СӨХ-ийн дарга болох С.Оюунтуяа хэлэхдээ “Цагдаа, онцгойгоос шинжээчдийн баг ирж ажилласан. 2023 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02:00 цагийн орчимд байрны оршин суугчид сошиалд уг мэдээллийг тавьсан. Гурван давхрын айлын тагтан дээрээс гал ассан гээд байгаа. Тухайн айлын хүмүүс унтаж байсан гэсэн. Тагтаа онгойлгоход гал дүрэлзээд ороод ирсэн юм билээ. Дараа нь тагтан дээр уугиж байсан гал дөрвөн давхрын айл руу орсон. Одоогоор хохирлын тооцоо гараагүй байна.
Манай хорооллын бүх айлууд “Хаан” даатгалд даатгуулж, сар бүр мөнгө төлдөг. Тиймээс энэ хохиролд даатгалын газраас арга хэмжээ авах ёстой.
Оршин суугчдын зүгээс тамхитай холбоотой шүүмжлэлийг хэлж байгаа. Галынхан ч тухайн айлын хүмүүсээс тагтан дээрээ тамхи татсан уу гэж асуугаад байна лээ. Тамхины ишнээс болсон байх гэсэн хардлага байна.
Гал өртсөн айл ипотекийн зээлтэй юм билээ. Цаад даатгалын компаниуд галын дүгнэлтийг харж байж хохирлыг тодорхойлдог гэсэн. Тухайн айлын эзэн гэртээ 23:00 цагийн орчимд ороод унтсан. Гэтэл шөнийн 02:00 цагт гал дүрэлзэж, гал команд 02:30 цагт ирсэн. Оршин суугчдад хэлэхэд тагтан дээрээ тамхи татаад үнсээ унтраахгүй хаяж байгаа нь эрсдэлд хүргэж байна. Өглөө үйлчлэгч нар цэвэрлэгээ хийхэд цонхны дор цас орчихсон юм шиг цагаан тамхины иш харагддаг. Хүмүүс тамхи татдаг байж болно.
Ядаж үнсний савандаа хийх хэрэгтэй. Цонхоороо гадагшаа шиддэгийг бүр болих хэрэгтэй. Орон сууцанд амьдардаг хүмүүс байж нийтийн эзэмшлийн талбайд хогоо хаях аа болих хэрэгтэй” гэв.
Харин тухайн байрны оршин суугч Ц.Ганболд “Орой унтах гээд зурагт үзээд байж байсан чинь угаар үнэртээд болдоггүй. Тагтаа онгойлгосон чинь хар утаа олгойдож байсан. Юунаас болж гал гарсныг нь мэдэхгүй ч нэг хүний амь сүйдээгүйд их баярлаж байна” гэв.
Галын дүгнэлт 14 хоногийн дотор гарах бөгөөд дүгнэлтээс шалтгаалан даатгалын компани хохирлыг нөхөн төлөх асуудал яригдах нь байна. Энэ мэтчилэн орон сууцанд байгаа иргэд тамхины ишээ бүрэн унтраалгүй цонхоороо хаясны улмаас үүдэж наанадаж, эд хөрөнгө, цаанадаж амь насаараа хохирч болзошгүй эрсдэл учирч болзошгүйг дээрх дүр зургаас харж болно. Тиймээс бусдыг хүндэтгэн тамхи татсан бол үнсний саванд унтраах, эсвэл зориулалтын цэг дээр хаядаг байхыг зөвлөж байна. Олон айл, өрхөд сэрэмжлүүлэг болох үүднээс уг сурвалжлагыг бэлтгэлээ.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
Холбоотой мэдээ