АНУ, Австрали, Их Британийн аюулгүй байдлын эвсэл “AUKUS” нь 2021 онд байгуулагдсан. Тус эвсэл байгуулагдсан цагаасаа хойш дэлхий дахины анхаарлыг татсаар ирсэн. Тухайлбал, “AUKUS” эвслийн байгуулсан цөмийн шумбагч онгоцны гурвалсан хэлэлцээрийг түүхэнд байгаагүй муу гэрээ гэж Австралийн ерөнхий сайд асан Пол Китинг дүгнэжээ. Хятад улс ч таамаглаж байсанчлан эрс эсэргүүцсэн байр суурьтай байна. Мөн Малайз, Индонезийн засгийн газрууд “AUKUS” эвсэлд сэтгэл хангалуун бус байгаа аж.
Эвслийг шүүмжлэгчдийн эгнээнд ОХУ ч нэгджээ. Вашингтон, Москва хоёрын дайсагналыг харгалзан үзвэл энэ нь мэдээжийн хэрэг мэт боловч цааш нь нарийвчлан харвал өөр бас бус зүйл ч бий.
ОХУ яагаад “AUKUS” эвслийг аюул заналхийлэл гэж үзэж байгааг гурван үндсэн шалтгаанаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэх аюул. Хоёрдугаарт, Ази-Номхон далайн бүс нутагт “SEATO” шиг эвсэл дахин бий болох вий гэх болгоомжлол. Гуравдугаарт, бүс нутгийн стратегийн өөрчлөлт гэсэн зүйлсийг энд дурдаж болох юм. ОХУ өнгөрсөн сард гадаад бодлогын шинэ стратегиа танилцуулснаар дээрх шалтгаанууд улам тодорхой болжээ.
“AUKUS” байгуулагдах хүртэл “ANZUS”, “Таван нүд” зэрэг батлан хамгаалах үүрэг чиглэлтэй бүлэг Ази-Номхон далайн бүс нутагт байсан. Эдгээр бүлэг нь ихэвчлэн тагнуулын мэдээлэл солилцох, харилцан ажиллах чадварыг бий болгох зэрэгт анхаардаг байжээ. Харин “AUKUS” нь бүс нутгийн стратегийн тэнцвэрт байдлыг өөрчилдөг боломжийг үүсгэсэнээрээ Ази дахь бусад эвсэл, холбооноос илүү хүчтэй байдаг. Тиймээс цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх урьдал нөхцөл байдал, олон улсын тогтсон хэм хэмжээг “AUKUS” эвсэл өөрчилж магадгүй гэдэгт ОХУ санаа зовж буй. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үзэл баримтлал алдагдаж байгаа нь Москвагийн ашиг сонирхолд асуудал болж байна.
“Австрали, АНУ, Их Британийн эвсэл нь олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмд томоохон сорилт болж байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдсэн юм.
Кубын пуужингийн хямрал нь улиг болсон жишээ мэт боловч “AUKUS”-т хамааралтай сэдэв. Цөмийн дэвшилтэт технологийн тархалт их гүрнийг хэдий хурдан хугацаанд мөргөлдөөний ирмэгт хүргэж болохыг, мөн буцах нь хэчнээн хэцүү болохыг Кубын пуужингийн хямрал харуулсан.
Хоёрдугаарт, Оросын эрх баригчид “AUKUS”-ыг бие даасан байгууллага гэж үздэггүй. Энэ нь АНУ тэргүүтэй дэлхийн эвслийн сүлжээний өргөтгөл гэж тэд үзэж байна. Тодруулбал, ОХУ-ын Аюулгүй байдлын албаны дарга Николай Патрушев Азийн НАТО-г байгуулах оролдлогод санаа зовж буйгаа илэрхийлсэн. “Chip4” холбоо болон Энэтхэг-Номхон далайн дөрвөл “Quad” эвслийг АНУ тэргүүтэй бүс нутгийн бүлгүүдийн нэг хэлбэр гэж үздэг. АНУ тэргүүтэй холбоотнуудын сүлжээ гүнзгийрч байгаа нь “SEATO”-той төстэй бүтэц дахин бий болж байгааг илтгэнэ. Эдгээр байгууллага Хятадыг илт онилсон нь НАТО-ийн Москвад чиглэсэн бодлогын толин тусгал гэж ОХУ үзэж байна.
Гуравдугаарт, Ази-Номхон далайн бүс нутаг нь Оросын эдийн засгийн төлөвлөгөө, гадаад бодлогын стратегид чухал үүрэгтэй. ОХУ-ын шинэчилсэн гадаад бодлого нь эдийн засгийн оролцооны хувьд Азид ихээхэн ач холбогдол өгч төвлөрчээ. ОХУ нөөц баялаг, эрчим хүч, сансар огторгуй, цөмийн салбарт харьцангуй давуу талаа ашиглан бүс нутгийн хурдацтай хөгжиж буй зах зээлд нэвтрэхээр төлөвлөж байна. Эвсэлд үл нэгдэж, хориг арга хэмжээнээс холуур байх нь Оросын эдийн засгийн амжилтын гол түлхүүр болох юм.
Гэтэл “AUKUS” нь бүс нутгийн стратегийн тэнцвэрийг алдагдуулах чадвартай аж. Энэ нь цаашдаа томоохон өрсөлдөөнийг өдөөж магадгүй бөгөөд худалдааны хязгаарлалт, технологийн салбарт хэдийнэ нэвтрээд буй.
“AUKUS” бол Москвагийн Ази дахь эдийн засгийн төлөвлөгөөнд заналхийлж буй аюул. Цаашилбал, бүс нутагтаа блок байгуулахын дохио гэж ОХУ үзэж байна.
Тиймээс ОХУ шинэ стратегийн дагуу бүс нутгийн шийдвэр гаргах байгууллагуудтай илүү ойртон ажиллаж, АНУ тэргүүтэй эвслүүдийг түлхэн унагахыг хичээж магадгүй юм. Энэ хүрээнд “ASEAN”-ы байр суурийг бататгах, Бриксийн үүргийг нэмэгдүүлэх, орон нутгийн институцид байдаг найрсаг орнуудтай хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулна гэж үзэж байна.
Олон улс судлаачдын ажигласан өөр нэг өнцөг бол “AUKUS” эвсэл нь бүс нутагт нөлөөгөө тогтоохыг эрмэлзэж буй Орос, Хятад хоёрыг улам ойртуулж магадгүй ажээ.
Эх сурвалж: THE DIPLOMAT
Холбоотой мэдээ