Супер Марио Италийн инфлюсер, ютубер Мускио Сельважиогийн подкастад оролцох үеэрээ өөрийн хувийн амьдрал, хөлбөмбөгийн замнал, Интер Милан, Моуриньо, Манчини зэрэг олон сонирхолтой сэдвүүдээр ярилцжээ.
“Би магадгүй өсгөхөд амар, хялбар хүүхэд байгаагүй байх. Гэхдээ энэ бол болоод өнгөрсөн зүйл. Аав ээж минь намайг ирээдүйд сайхан амьдраасай гэж хүссэн. Би тэдэнд талархаж явдаг”
-Марио өөрийн хөлбөмбөгийн замналаа цэнхэр харуудын хүүхдийн академиас эхлүүлж, дараа нь залуучуудын баг, үндсэн баг гэсэн дараалалтайгаар Интерийн гарааны довтлогч болтлоо хөгжин дэвшсэн билээ. Цэнхэр харуудын талаарх түүний бодол?
-Би Интерд маш их хайртай байсан. Одоо ч гэсэн хайртай. Би Нераззурричуудад талархаж явдаг. Ялангуяа багийн хуучин эзэн Массимо Мораттид. Гэхдээ чин сэтгэлийнхээ гүнд би Миланиста. Би Интерд байсан цаг хугацаандаа маш сайхан байсан. Тэдний фанатууд бол ер бусын.
Би Аваргуудын лигийн хагас шигшээд Барселона багийн эсрэг тоглож байхдаа өмсгөлөө газар шидэж бүх зүйлийг балласан болохоо хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Гэхдээ би тэр үед ердөө 19 настай байсан. Намайг бөмбөгөө хэд хэдэн удаа алдах үед цэнгэлдэх даяараа шүгэлдэж байсныг ойлгоогүй. Би тэр шөнө гэртээ нулимстай харьсан.
-Тэрхүү тоглолтын дараа хувцас солих өрөөнд Марко Матерацци болон Марио Балотелли хоёр хүндхэн ширүүхэн алдарт явдал болсон байдаг. Үүнийг эргэн дурсвал?
-Матерацци бол миний хамгаалагч сахиусан тэнгэр байсан. Намайг ийм үйлдэл гаргаж болохгүй болохыг сануулсан.Тэр намайг зүгээр хамгаалахыг л хүссэн.
-Дасгалжуулагч Моуриньогийн талаар?
-Моуриньо бол яг л надтай адил учир зүйгээ ололцоход амар залуу биш ээ. Бид нэг удаа Катанья багийн талбай руу зочлон тоглолт хийхээр нисэх онгоцны буудал руу автобустайгаа явах замдаа маргалдсан. Тэр намайг автобуснаас буулгаж улмаар би гэртээ машинаар харьж байсан.
-Марио хөлбөмбөгийнхөө замналынхаа турш олон тоглогчидтой маргалдаж, шар,улаан хуудас авч шигээ олон тамирчинд бас өгүүлж байсан. Үүний нэг нь Италийн цомын тэмцээний финалын тоглолтод Тотти хийсэн алдаа. Энэ талаар?
-Тийм юм болсон нь үнэн. Би тийм ч их өвдөөгүй. Тотти надад өш санасан зүйл байхгүй. Тэр зүгээр л шатсан байсан. Тоглолтын дараа би түүн рүү яагаад намайг өшиглөж байгаа юм бэ гэж асууж зурвас бичсэн. Тэр надад хариуд нь харин ч сайн өшиглөж чадаагүй гэж хошигносон. Бид энэ талаар инээлдэн хөгжилдсөн. Би түүнийг хүндэлдэг. Бид хоорондоо сайн харилцаатай.
-Дасгалжуулагч Манчинитай ам мурийж улмаар 2013 оны өвлийн наймааны цонхоор өөрийн дэмждэг баг болох Миланд ирсэн. Гэхдээ ингэж ирэхээс өмнө Ювентусын эгнээнд бараг элсэн үү?
-Талийгаач агент Мино Райоло Ювентус клубын дарга Beppe Беппе Марроттатай ярилцсан. Би ч гэсэн дасгалжуулагч Конте, спортын албаны дарга Недвид нартай ярилцаж, намайг хэрхэн тоглохыг тайлбарласан. Наймаа бараг л амжилттай болсон. Тэгтэл Адриано Галлиани наймааг дундуур нь тасалж орж ирж намайг Миланд авчирч байсан.Милан жинхэнэ гэр бүл шиг байсан.
-Өөрийн хөлбөмбөгийн агент асан, Мино Райло талаар?.
-Райло надад үргэлж “Месси болон Роналдо хоёр маш их дэлхийн шилдэг тоглогчийн шагналуудтай. Тийм болсон нь чиний буруу”. Түүний зөв. Би өөрийн нөөц бололцооны ердөө 20 хувийг л ашигласан.
-Италийн шигшээ багийн дасгалжуулагч Манчини сүүлд өгсөн ярилцлагадаа Супер Мариогийн шигшээ багийн замнал өөрийнх нь удирдлага доорх хугацаанд лав дууссан гэсэн. Энэ үнэн үү?
-Би Аззурричуудын өмсгөлийг өмсөх үед гайхамшигтай мэдрэмж төрдөг.Би үргэлж Манчинитай сайн харилцаатай байсан. Бид Манчестер Ситид байхдаа муудалдцсан гэдэг худлаа. Би одоо ч гэсэн Италийн шигшээ багтаа тоглох боломжтой гэж бодож байна.
-Зодог тайлах талаараа?
-Би өөрийгөө дахиад дөрвөн жил тоглож чадна гэж бодож байна. Би хөлбөмбөгөөсөө зодог тайлах тэр үедээ өөрийн туулсан карьертаа баяртай байх болно. Би илүү ихийг хийж болох байсан. Гэхдээ би бүх зүйлд түрүүлсэн.
Холбоотой мэдээ