“Шүүр” ажиллагаагаар сул цалинтнуудыг явуулъя !

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

“Шүүр” ажиллагаагаар сул цалинтнуудыг явуулъя !

“Шүүр” ажиллагаагаар сул цалинтнуудыг явуулъя !

Ажил хийдэггүй хэрнээ төрийн тусгай албадаас цалин авдаг улсын цолтой бөхчүүд олширч буй тухай дуулиан өмнө нь дэгдээд намжсан ч “Шүүр” ажиллагаагаар эдгээр хүмүүсээ явуулж чадах эсэхээс шударга ёс тогтохыг сануулах хүмүүс цөөнгүй байна. Учир нь, нутаг усны бөхөө эдийн засгаар дэмжих сонирхол нь давамгайлдаг уу, эсвэл сонгуулиар ашиглах гэдэг юм уу. МАН Засгийн эрх барихаар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа газруудад ажилладаггүй хэрнээ сар бүр цалин авдаг бөх бий болдог. Улсын их баяр наадмаар үзүүр, түрүү авчихвал бүр ашигтай.  Цол авна.  Цолоо дагаад сул цалин ч нэмэгдэнэ.

Жишээ татвал, 2019 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Э.Оюунболд түрүүлж, улсын түрүү авахад Цагдаагийн ерөнхий газраас дэд хурандаа цол олгож байв.

Харин 2015 оны улсын наадамд анхны түрүүгээ авч, Улсын арслан цол хүртэхэд тус газраас хошууч цол олгосон. Тэгвэл 2018 онд Үндэсний их баяр наадамд Улсын аварга Н.Батсуурь түрүүлэхэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар дэд хурандаа цол олгосон. Мөн 2017 оны Үндэсний их баяр наадамд Ц.Содномдорж түрүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газраас дэд хурандаа цолоор шагнасан. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахаар цаг наргүй ажилладаг нь хурандаа цол битгий хэл хошууч цолонд ч хүрээгүй байхад л бөхчүүд ганц наадмаар түрүү аваад л цол нэмүүлж, шагнуулж буй.

Уг нь цолонд хүрэхэд шалгуур байх учиртай. Ядаж л Онцгой байдал, цагдаагийн албан хаагч бол хэчнээн хүний амь насыг авран хамгаалав гэдгээр хэмжих учиртай. Гэтэл амь насаа эрсдэлд оруулан, эрэмдэг зэрэмдэг болтлоо зүтгээд ч аваагүй тэр цолыг улсын наадамд нэг түрүүлээд л авчихдаг шударга бус тогтолцоог төр нь  шүүрдэлгүй үлдээвэл өөгшүүлсэн хэрэг болно. Дэлхийн улс орнууд тамирчдынхаа эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөөс цалинжуулах бус хувийн хэвшлүүд нь дэмжлэг үзүүлдэг жишигтэй. Энэ жишиг рүү үндэсний бөх орох цаг нь болжээ.

Хэдий болтол үндэсний соёл өв уламжлалаа тээж яваа нэрийн дор тэднийг ажил хийгээгүй байхад нь төрөөс цалин олгодог, дээр нь салбар, салбартаа амжилт үзүүлээгүй байхад нь цол олгож, эрхлүүлэх вэ.

Үндэсний бөхчүүдийг тамирчидтай харьцуулахад хөрөнгө орлогын хувьд ч чамлахааргүй. Улсын наадамд түрүүлэхэд гурваас дөрвөн өрөө байрыг хэд, хэдээр нь авна. Дээр нь 300, 400 сая төгрөгийн үнэлгээтэй том жип машинаар нутгийн зөвлөл нь байлна.

Компаниуд мөн бэлэг, сэлт, мөнгө эдээр “байлдаг”.  Эцэстээ энэ бүхэндээ ханадаг уу, элдэв авир ч гаргах нь бий. Сүүлийн жилүүдэд амжилттай барилдсан тамирчдаас допинг илэрсэн тухай дуулиан ч салахаа больсон. Дэд хурандаа цолтой, улсын аварга бөх Э.Оюунболдтой холбоотой допинг илэрсэн дуулиан бүр тасрахаа больсон. Гэтэл спортын бусад төрлөөр хичээллэдэг тамирчид допингоос сэргийлж, идэх хоол, хийлгэх эмчилгээндээ анхаарал хандуулж, жинхэнэ хөлсөө урсган, ялалтын төлөө зүтгэж байна. Дээр нь ёс зүйн зөрчил гаргавал олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгодог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг хасахаар шийдвэрлэсний нэгэн адил шалгуур ч тавъя.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж