Өмнөд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Чан Хо-жин ОХУ руу удахгүй айлчлах төлөвтэй байна. ОХУ-д суух Элчин сайдаар өнгөрсөн сарын эхэн үеийг хүртэл ажилласан Чан Хо-жин тавдугаар сарын дундуур хоёр өдрийн айлчлал хийж магадгүй. Сөүлээс Киевт зэвсгийн тусламж үзүүлэх тухай ерөнхийлөгч Юн Сук Ёл мэдэгдсэний дараа Өмнөд Солонгос, Орос хоорондын харилцаа хурцадсан үед энэ айлчлал тохиож байна. Чан Хо-жин Сөүлд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын бага хуралд оролцохоор ирэхдээ дэд сайдын үүрэгт ажлаа хүлээж авсан тул ОХУ-ын албаныхантай салах ёс хийж чадаагүй. Тийм учраас салах ёс хийх зорилгоор айлчилж байгаа аж.
Өмнөд Солонгос улс өмнө нь Украинд зөвхөн үхлийн бус тусламж л үзүүлнэ гэсэн байр суурьтай байсан. Гэтэл сүүлд ерөнхийлөгч Юн Сук Ёл "Reuters" агентлагт ярилцлага өгөхдөө Украин томоохон хэмжээний халдлагад өртвөл зөвхөн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд хэцүү байх болно гэж хэлжээ. Энэ нь Өмнөд Солонгосын бодлогод өөрчлөлт орсныг илтгэнэ гэж үзэж байна. Дараа нь Юн Сук Ёл "Washington post" сонинд ярилцлага өгөхдөө "Украинд зэвсгийн тусламж үзүүлэх эсэхийг шийдэхийн тулд Өмнөд Солонгос болон дайтаж буй орнууд хоорондын шууд ба шууд бус харилцааг харгалзан үзэж байж болно" гэжээ.
Хэрвээ Киевт цэргийн тусламж үзүүлбэл Сөүл тодорхой хэмжээнд мөргөлдөөнд оролцож байна гэсэн үг гэдгийг ОХУ анхааруулжээ. Мөн энэ нь Оросын эсрэг илт дайсагнасан алхам гэжээ. Тиймээс Чан Хо-жиний айлчлалын үеэр энэ асуудал яригдана гэж үзэж байна.
Өмнөд Солонгос нь ОХУ-ын эсрэг олон улсын хориг арга хэмжээнд нэгдсэнээрээ найрсаг бус улсын тоонд багтаад буй. Тиймээс ийм цаг үед салах ёсоо заавал хийх ёстой гэж үзэж байгаагаа албаныхан мэдэгджээ.
Эх сурвалж: KOREA TIMES
Холбоотой мэдээ