ОХУ-ын арми өнөөдөр /2023.05.01/ Украины зүүн хэсгийн Краматорск, Костьянтянивка, Павлохрад хотуудад цохилт өгчээ. Нийтдээ 27 удаа агаараас цохилт өгч, олон хөөргөх пуужингийн систем 45-ыг харвасан байна. Днепропетровск хотод 25 хүн шархадсан гэх мэдээлэл байна.
Киевийн цэргийн захиргааны газрын тэргүүн Серхий Попкогийн хэлснээр дайсны пуужин болон нисгэгчгүй онгоцуудыг Украины агаарын хүчнийхэн бүгдийг нь устгаж чадсан гэв. Оросын Арктикийн баруун хойд хэсэг болон Каспийн тэнгисийн бүсээс харвасан 18 пуужингийн 15-ыг нь Украины агаарын хүчин саатуулж чадсан байна. "Шөнийн 02:30 минутын орчимд Оросын арми стратегийн нисэх онгоц ашиглаж дайрсан. Оленегорск орчмоос есөн Ту-95, Каспийн тэнгисээс хоёр Ту-160 харвасан" гэж Украины армийн ерөнхий командлагч Валерий Залужный хэллээ.
Түүнчлэн "Вагнер" бүлэгт нэмэлтээр 400 орчим ялтан ирсэн гэдгийг Украины арми мэдэгдэв. Тэднийг Украины өмнөд эргийн Бердианск дүүрэг дэх хээрийн хуаранд авчиржээ. Удахгүй "Вагнер"-ын 200 гаруй цэрэг Луганск дахь хуаранд бэлтгэл хийхээр ирэх төлөвтэй байна.
Дашрамд дурдахад, Орост эзлэгдсэн бүс нутгуудад оршин сууж буй украинчуудыг аюулгүй байдлын үүднээс Оросын паспорт авах хэрэгтэй гэж Украины хүний эрхийн комиссар зөвлөжээ. "Бид та нарыг Оросын паспорт авахыг зөвшөөрч байна. Амьд үлдэх шийдвэрээ өөрөө гаргахыг зөвлөж байна. Энэ бол хамгийн чухал зүйл. Паспортоо аваад амьд үлдэж, биднийг энэ газар нутгийг чөлөөлөхийг хүлээнэ үү. Украин газар нутгаа эргүүлэн авсны дараа хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой" гэж Дмитрий Любинец өчигдөр хэллээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ