NBA-ийн талбайд хөл тавьж, эцгийнхээ дутууг гүйцээх мөрөөдөлтэй Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц драфтад нэрээ өгөхөөр болж, эргэлт буцалтгүй түүхэн шийдвэр гаргасан билээ. Дейтоны их сургуулийн Флайерсын бүрэлдэхүүнд нэг улирал тоглохдоо тэрбээр 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт дунджилж, Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн.
NBA-ийн 2023 оны драфт зургадугаар сарын 22-ны өдөр болно. Лигийн 30 баг ч хэдийнэ сонирхож буй залуустайгаа холбогдож, тэдний талаар судалгаа хийн зарим нь бэлтгэлд урьж эхэлжээ.
Тэгвэл Юта Жазз багийн зүгээс Ш.Энхийн-Одыг бэлтгэлд урьж, ямар нөөц бололцоотой, давуу болон сул тал нь юу болохыг өөрсдийн нүдээр харахыг хүсчээ.
Энэ улирал плей-оффд шалгарч чадаагүй Юта Жазз багт 2023 оны драфтын нэгдүгээр тойргийн гурван сонголт бий. Харин NBA-ийн талаар бичдэг сэтгүүлчид Майк Шаравжамцыг хоёрдугаар тойргийн сонголт болоход гайхах зүйлгүй гэж бичиж буй. Магадгүй Майк бэлтгэл дээр Жаззын дасгалжуулагч, мэргэжилтнүүдийг гайхшруулж чадвал нэгдүгээр тойргийн сонголт болохыг үгүйсгэхгүй.
Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл гэдгийг санах хэрэгтэй. Майкт цаашдаа цөөнгүй багууд урилга явуулж, бэлтгэл хийлгэх биз. Гол нь онцгойрох хэрэгтэй.
Холбоотой мэдээ