"120-оос доош гишүүдтэй байвал хулгай, хуйвалдаан гарна"

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

"120-оос доош гишүүдтэй байвал хулгай, хуйвалдаан гарна"

"120-оос доош гишүүдтэй байвал хулгай, хуйвалдаан гарна"

ХҮН намын зүгээс өнөөдөр/2023.05.01/ Төрийн ордонд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд:

-Яг нэг жилийн өмнө 200 гаруй мянган иргэдтэй уулзаж, 100 мянган иргэдээс гарын үсэг цуглуулаад УИХ-д хүргүүлж байсан. Харин өнөөдөр Монгол Улсынхаа 21 аймаг, есөн дүүргийн 1.2 сая иргэдтэй уулзлаа. Он гарснаас хойш байнга уулзлаа, ярилцлаа. Гудамж, талбай, захаар явлаа. Бүгд нэг л зүйлийг хүсч байна. Ирээдүйдээ ингэж амьдармааргүй байна, өөрчлөөд өгөөч гэж байна. Өөрчлөх эрхтэй мөртлөө яагаад асуугаад байгаа юм бэ гэж байна. Бодлогоо хий, өөрчил, зоригтой бай гэж байна. Залуучууд бас хэлж байна. Бид гадагшаа явахгүй байж болно. Тийм тохиолдолд нийгмээ өөрчилж, ажил хийх боломж олгооч гэж байна. Тиймээс өнөөдөр улс төрийн бүх намууд хэлэлцээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийе, тогтолцоогоо өөрчлье гэж санал нэгдлээ. Яг өнөөдөр УИХ-д суудалтай гурван нам ярилцаад шийдвэрээ гаргаж байна. МАН, АН-ын бүлгийн хуралдаан одоо болж байх шиг байна. ХҮН намын хувьд хурлаа хийгээд шийдвэрээ танилцуулж байна.

Шийдвэр нь ХҮН намын төлөөлөх зөвлөл хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж 100 хувь санал нийллээ. Бусад намуудын удирдлагуудтай уулзахад дэмжиж байна гэсэн. Бараг Монгол Улсын түүхэнд анх удаагаа улс төрийн намууд нь дийлэнхи нь санал нэгтэйгээр үүнийг хийе гэж зарчмын тохиролцоонд хүрлээ.

Бусад намууд удахгүй та бүхэнд мэдэгдэх байх. ХҮН нам шийдвэрээ гаргалаа. Төлөөлөх зөвлөлийн шийдвэр албажсан. ХҮН намын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгах саналуудаа албан ёсоор хүргүүлсэн. Одоо бидэнд цаг байхгүй. Энэ долоо хоногтоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлтөө хийхгүй бол цаггүй боллоо. Хамгийн багадаа 45 хоног шаардлагатай. 45 хоногийн дараа Сонгуулийн тухай хуулиа хэлэлцэж , батлах ёстой. Үүнийг зургадугаар сарын 20-ноос өмнө хийх ёстой. Тиймээс энэ долоо хоногт үүнийг эхлэх ёстой.

Том суурь өөрчлөлт хийх гээд монголчууд чадаагүй байдаг юм. УИХ-д суудалтай намуудын 2-3 кноп дандаа дутдаг. 57 кноп хүрээгүй байдаг. Үе үеийн эх орноо гэсэн төрийн түшээдүүд үүний төлөө байсан. 1992 онд Чимэд гуай хүртэл гишүүдийн тоог 102 байлгах ёстой гэж байсан. Тухайн үед дийлэнх олон нь эдийн засаг ийм муу байгаа үед наадахаа 51 болго гээд дунджаар 76 болгож байсан юм. Ингээд шинжлэх ухааны судалгаагүй, үндэслэлгүй, судлаачдын дүгнэлт дээр биш ийм шийдвэр гаргаснаар өнөөдөр Монголд авлигал хээл хахууль өндөр хөгжсөн. Пропорцианоль тогтолцоо буюу улсаа хөгжүүлдэг, бодлого ярьдаг, бодлогын улстөрчдийг бий болгодог парламент 30 жил байгаагүйн гол шалтгаан нь мажоритор тогтолцоо юм. Тойрог, тойргоо л усалдаг, би л гарч байвал болоо, манай нам л ялж байвал болоо гэж 30 жилийн өрсөлдөөний эцэст Монгол Улс ялагдсан. Үр дүнд монголчууд нийтээрээ өөрчлөлтийг хүсч байна. Үүнийг улам эсэргүүцэж байгаа, өнөөдрийн сонгуулийн систем, амьдрал сайхан байна гэж байгаа нөхдүүд шулуухан хэлэхэд өөрсдийгөө бодсон, увайгүй улстөрчид шүү. Тэр хүмүүс баян, УИХ-д 4-5 удаа сонгогдсон, нам нь ялсан байж магадгүй. Гэхдээ Монгол Улс ялагдаад байна. Эдийн засаг байхгүй. 30 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг 14 дахин өссөн бол төсөв, төрийн зардал 55 дахин өсчээ. Үр дүнд нь Монгол өр 70 дахин өсч байна. Өсөөд л байна. Сангийн сайд сая мэдэгдэл хийлээ. Арай л гэж өрөө төллөө шүү гэж байна. Энэ байдал үргэлжилнэ. Яагаад гэвэл бид мөнгөө төсвөөс шийддэг. Төсөв дандаа алдагдалтай. Өрийг өрөөр санхүүжүүлээд л явж байна. Африк 100 жил хойшоо шидсэн. Латин Америк 50 жил шидсэн. Хөгжсөн байдаггүй л байхгүй юу. Ийм болохоор Монгол өргүй, алдагдалгүй хөгжье гэж байна. Залуучууддаа боломж олгъё, ардчилсан улс байя гэвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг одоо яаралтай хэлэлцэж эхлэх ёстой.

-Ямар тохироо хийсэн бэ?

-Улс төрийн ийм үйл ажиллагаан дээр ийм хардалт байдаг байх. Гэхдээ би УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга. Өнөөдрийг хүртэл МАН, АН-ын даргатай уулзалгүй нэг сар боллоо. Дандаа хөдөө явж байсан. Хоёрдугаарт, энэ асуудлыг УИХ-ын гишүүд шийднэ. Намуудын уулзалтаар би байр сууриа тодорхой илэрхийлсэн. Нэг нам нь үгүй гээд нөгөө нам нь хийхгүй гээд хариуцлагагүй хандаж болохгүй. Энэ асуудлаа оруулж ирээд хэлэлцэх үүрэгтэй гэж тодорхой хэлсэн. Аль нам нь 30 хувь, аль нь 40 хувь гэдгийг намууд шийдэхгүй. Сонгуулиар иргэд шийднэ. Иргэдэд өмнө нь хоёр л сонголт байсан. Шулуухан хэлэхэд хоёр муугийн арай гайгүй муугүй нь сонгож ирсэн. Одоо бол өөр сонголттой болж байгаа. Олон өөр сонголтыг гаргаж өгөхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээллийг иргэддээ өгч байгаа. Өнөөдөр Монгол Улсад нэг л байгаа. Бүгд мэдэж байгаа. Бусад нь жижиг нам. Хоёр нам байх юм уу? 30 жил хоёр намаар явж ирлээ. Хоёр нам эдийн засгаа татаж унагаасан түүх дэлхийгээр дүүрэн байна. Хоёр намын систем явахгүй гэдгийг АНУ ч хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн жишээ л гэхэд Грек. Хоёр нам нь хоёулаа популизмаар өрсөлдөөд эдийн засгаа унагаачихсан. Хэн хожоод байна вэ гэхээр парламентын засаглалтай Европын орнууд хожоод байна. Үндэсний эв нэгдэл тэнд бий болоод байна. Гэтэл Монголд хоёр нам байсан бол одоо нэг нам болсон. Эрх чөлөө байна уу? Эдийн засаг, бизнесийн эрх чөлөө байна уу? Нийт эдийн засгийн 80 хувь төр болоод байна. Ийм улсад хэн хөрөнгө оруулах юм бэ? Үүнийг өөрчлөх ёстой. Харин иргэддээ сонголтыг нь гаргаж өгөх тогтолцоо маш чухал. Иргэдийн 40 хувийн саналыг аваад 80 хувийн суудлыг бөглөж байгаа нам байна. Цаашид 30 хувийн санал аваад 90 хувийг нь бөглөх юм уу? Иргэд сонголтгүй болоод саналаа өгөхөө больж байна. Ийм болохоор илүү улс төрийн намуудыг бий болгох,төлөвшүүлэх, хөгжүүлэх, олон ургалч үзлийг парламентад оруулж ирэхийг шаардаж байгаа. Сонгуулиар харцгаая. Хэн нь 30 хувь, хэн нь 40 хувь авахыг нь шударга сайхан сонгуулиар өрсөлдөж, иргэдээрээ дүгнүүлье.

-Үндсэн хуулийн шүүхтэй болох талаар юу гэж бодож байна вэ?

-Монгол Улс Үндсэн хуулийн шүүхтэй. Үндсэн хуулийн шүүхийнх нь хараат бус байдлыг бий болгъё гэдэг бол зөв. Өнөөдрийн шүүгч нар 4, 6 жилийн хугацаатай хоёр удаа сонгодог. Өмнө нь Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай хоёр удаа сонгогддог байсан учир Засгийн газартайгаа өрсөлдөж, сонгуульд ялахын тулд Засгийн газрынхаа өмнүүр орж пиар, популизм хийдэг, эдийн засгаа чирдэг гашуун түүх байсан. Яг үүнтэй ижил Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд дахиж сонгогдохын тулд улс төрийн нам, эрх мэдэлтэй нөхдүүдэд тал засч байсан нь үнэн. Үүнийг болъё гэж байгаа нь зөв. АНУ яагаад ардчилалтай, түүх нь юу юм бэ гэж асуухаар нэг л зүйлийг хэлж байгаа юм. Шүүх л гэж байна. Шүүхийн шийдвэр гаргаж байгаа тэр хүн насаараа томилогддог. Тиймээс АНУ-ын хамгийн эрх мэдэлтэй, Ерөнхийлөгчийг урдаа байлгаж байгаад асуудаг хүн гэсэн. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг бий болгох, хугацааг нь сунгах хэрэгтэй.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр санал нийлэхгүй заалт бий юу? 152 дээр санал нэг байгаа юу?

Бид санал нэг байгаа. 152 бол бид нарын ярьж байгаа тоо биш. Судлаачид, математикчдын тоо. Хөндлөнгийн судлаачдын бас тоо. Тэрэн дээрээ шийдвэр гаргадаг баймаар байна. Шинжлэх ухааны үндэслэлээр 108 нь зөв гэж байвал бүгдээрээ сайхан мэтгэлцье. Азын 99, 88 гэж байвал үндэслэлээ гаргаад ир.

-Манайх шиг хүн амтай улсад 152 гишүүн их юм биш үү?

-Судалгаа хийсэн. Куб язгуурын аргаар 150 гэдэг тоо гарч ирж байгаа. 3.4 сая иргэд дээр куб язгуур аваад үзээрэй. Хоёрдугаарт, хүн амын тооноос хамаараад парламентын гишүүд байна гэж хэлээд байна. Тэгвэл Т.Доржханд гишүүнээ “Хятад улс 1.4 тэрбум хүн амтай, Энэтхэг 1 тэрбум хүн амтай. Гэтэл 700-800 гишүүнтэй байгаад болоод байна. Тэгвэл Монголд 20-30 гишүүн байхад болох юм биш үү?” гэж байна. Нэг зүйлийг хэлье. Дэлхийн парламентад хамгийн үр ашигтай түвшин нь 120-800 байна. Судалгааны үр дүн байна. 120-оос доош байвал хулгай, авлигал, хуйвалдаан их гардаг. 800-аас дээш байвал шийдвэр гарч чаддагүй, хар зах шиг болдог. Олон хүн амтай нь олон гишүүнтэй, цөөн хүн амтай нь цөөн гэж байхгүй шүү. Монгол ч бас тийм хүн ам цөөтэй улс биш шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж