Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл / 2023.05.01/ хийж байна.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Монгол Улс 2017 онд гаргаж байсан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын үлдэгдэл 387 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч Баасан гаригт төлснөөр уг бондын төлбөр бүрэн барагдуулж дууссан.
Засгийн газар 1990 оноос хойш зах зээлийн харилцаанд орж олон улсын санхүүгийн байгууллага, Дэлхийн банк, ОУВС, Дэлхийн банкны группийн санхүүгийн институци, Азийн хөгжлийн банк зэрэг дэлхий нийтийн олон талт хөгжлийн институцид орсноор олон улсын зээлийн харилцаанд орж цоо шинэ түүх эхэлсэн. 2012 оноос Засгийн газар гэдэг кодтой олон улсын зах зээлд бондын буюу санхүүгийн өр зээлийн харилцаа үүсч өөрсдийн бондтой болсон.
2012 онд “Чингис” бонд гарсан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас нийтдээ долоон бонд гарсан. Үүнээс “Чингис” бонд төсөв хөтөлбөр санхүүжүүлэхэд зориулсан. Түүнээс хойш гарсан гурван бонд төсвийн алдагдал нөхөхөд зориулагдсан. 2017 онд гарсан “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад” гэх бонд нь зөвхөн өмнөх өрүүдийг дахин санхүүжүүлж, зохицуулалт хийх зориулалттай гарсан.
2021 оны нэгдүгээр сарын 25 буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар балансаа хүлээж авахад нийтдээ зургаан багц бондын өрийг хүлээж авсан. Нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр юм. Үүнээс хойш бондыг хоёр замаар зохицуулалт хийж байгаа. Боломжтой буюу төсөв дааж чадахыг нь шууд төлөөд явж байгаа бол дааж чадахгүйг нь хугацааг нь хойшлуулах хүүгийн зардлыг багасах зорилгоор дахин санхүүжилт хийх дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулан ажиллаж байна. Эхний төлбөрүүд болох "Кредит сервис" банктай хийсэн арилжааны зээл 60 сая ам.долларын өрийг төлж дуусгасан. "Мазаалай" бондын үлдэгдэл 132.6 сая ам.долларыг төлж барагдуулсан. Өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн "Сentury-1" төсөл амжилттай хэрэгжиж, нийтдээ нэг тэрбум ам.долларыг олон улсын зах зээлээс бонд эх үүсвэр босгож энэ хэмжээгээр “Гэрэгэ”, “Чингис” бондын өрийн зохицуулалт хийснээр эрсдлээс гарсан.
2022 оны арванхоёрдугаар сард тухайн оны төсөвт төлөвлөгдсөн "Чингис" бондын үлдэгдэл 136.8 сая ам.долларыг төсөв дээрээс төлж, бүрэн төлөгдөж дууссан. Харамсалтай нь тухайн үед босгож байсан 1.5 тэрбум ам.долларын тал нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болсон. Бид олон улсын зах зээлд хүлээсэн хариуцлагын дагуу өрийг бүрэн барагдуулсан.
Засгийн газрын нийт өр найман тэрбум ам.доллар болж буурсан.
Өнгөрсөн оны гурав, дөрөвдүгээр улиралд Монгол Улс дефольтод орох магадлал өндөр байсан.
Мөн 2022 онд экспортоо амжилттай нэмэгдүүлсэн нь гадаад өрийн дефольтоос гарах хамгийн том суурь нөхцөл боллоо.
Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр 18 сая тонн нүүрс экспортод гаргасан. Гэхдээ бид өнгөрсөн оны есдүгээр сард 18 сая тонн гэдэг тоотой сууж байлаа. Оны эцэст 32 сая тонн болж нэмэгдсэн. Экспортын өсөн нэмэгдсэн биет хэмжээг хадгалж чадаж байна. Үүний үр дүнд өнгөрсөн жил зээлжих зэрэглэлийг амжилттай хадгалж чадсан. Мөн Хөгжлийн банк зээлжих зэрэглэлээ амжилттай хадгалсан. Иймээс 2023 оны нэгдүгээр сарын 19-нд зах зээлд гаргасан шинэ бонд маш амжилттай гарсан. 650 сая ам.долларын зориулалттай бонд гаргаж нийтдээ 4 тэрбум ам.долларын захиалга авсан. Хүү нь 11,12 хувь гэсэн хүлээлттэй байсан хэдий ч амжилттай буулгаж 8.65 хувийн хүү гарсан. Энэ нь өнгөрсөн долоон бондтой харьцуулахад хамгийн бага түвшин юм.
Гадаад өрийн менежментээ амжилттай хийсний үр дүнд "Гэрэгэ" бондын үлдэгдэл 368.4 сая ам.долларыг өнгөрөгч Баасан гаригт бүрэн барагдуулж дууссанаар олон улсын зах зээлд Засгийн газар хариуцлагатай ажиллаж буйгаа дахин харуулсан төлөлт боллоо. Сүүлийн гурван жилийн хугацаанд нэг тэрбум 650 сая ам.долларын гадаад өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр Монгол Улсын Засгийн газар гадаад өрийн дефольтоос бүрэн гарлаа.