Гэдэс нь өлсөв үү, гэнэт сэрэв үү?

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

Гэдэс нь өлсөв үү, гэнэт сэрэв үү?

Гэдэс нь өлсөв үү, гэнэт сэрэв үү?

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ,  Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нар өнгөрсөн амралтын өдрүүдэд /2023.04.29-30-нд/ “Хүчит шонхор” зах болон Хархорин худалдааны төвд ажиллав.

Долларын ханш бууж буй ч хүнс, барааны үнэ тогтмол өссөөр байгаагаас иргэдийн худалдан авах чадвар буурч, цалин, тэтгэврээр хүнсээ базаах боломжгүй болсон. Иймээс энэ асуудлыг судлах үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн Пүрэв гаригт дээрх гишүүдэд өгсөн юм. Сүүлийн гурван жилийн турш тасралтгүй бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, тэтгэвэр, тэтгэмж, цалин амьдралд хүрэлцэхгүй болж буйг сануулсаар ирсэн ч үл тоож ирсэн УИХ гэнэт энэ асуудлыг судлуулахаар гишүүдээ захад ажиллуулсан нь "Гишүүдийн гэдэс өлсөв үү, гэнэт сэрэв үү" гэх үгийг иргэд дайхад хүргээд буй юм.

Махны үнэ өссөн шалтгааныг худалдаачид “энэ жилийн хувьд өвөлжилт хүнд болсон, хавар худалдаанд гарсан нөөцийн мах чанаргүйгээс гадна хэт үнэтэй. БНХАУ руу адуу, ямааны махыг их хэмжээгээр гаргаж байгаагаас хомсдол үүссэн зэрэг шалтгаануудаас үүдэн махны үнэ өсөх болсон гэлээ. Махны үнийг худалдаа эрхлэгчид тогтоодоггүй, эрэлт нийлүүлэлтээсээ шууд хамаардаг. Худалдаа эрхлэгчид малчдын гар дээрээс авсан махны кг тутамд нь 300-500 төгрөг нэмж борлуулдаг” гэсэн тайлбар хийсэн юм.

Харин УИХ-ын даргын тушаалаар зах, худалдааны төвүүдэд ажилласан гишүүд “Мах, гурил болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх олон шат дамжлагыг цөөлөх шаардлага байна. Төрөөс зарим тал дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай” гэж тодотгоод буй юм.

УИХ дахь МАН-ын бүлгээс хоёр долоо хоногийн өмнө Засгийн газарт хандан цалин, тэтгэврийг нэмэх судалгаагаа яаравчилж, эргэн бүлэгт танилцуулахыг үүрэг болгосон. Гэхдээ Сангийн сайд Б.Жавхлан энэ асуудалтай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх үеэрээ “Одоогоор цалин, тэтгэврийг нэмнэ гэж хэлэхэд эрт байна.  Төрийн албан хаагч нарын цалинг  салбар бүрийн сайд нар нэмж ирснээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зангилагдаж ирсэн цалингийн бодлого алдагдсан. Иймээс энэ асуудлыг нэгмөр цэгцлэх шаардлага бий” гэж мэдэгдсэн нь Засгийн газрын хувьд цалин, тэтгэвэр нэмэх сонирхолгүй байна уу гэх хардлага тээхэд хүргээд буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж