Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засгийн зах зээлд шилжсэнээр бид өөрсдийн гэх өмчтэй болж, улмаар санхүүгийн зах зээлийн талаарх ойлголттой болоод даруй 30 жилийг үджээ. Иргэн бүр хувьдаа өмчтэй байх боломжийг хувьцаа хэмээх үнэт цаасаар эхлүүлж байсан билээ. Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 1992 онд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн vнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсний дүнд нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болж байжээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын бүх иргэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшдэг бөгөөд харин өөрсдийн сонголтоор Хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа нээлттэй арилжаанд оролцдог хувьцаат компаниудын хувьцааг худалдан авч, хөрөнгө оруулалт хийж, улмаар ногдол ашиг авах бүрэн боломжтой юм. Харин манай иргэд ерээд оны эхээр үнэт цаас, хувьцааны талаар ойлголтгүй байснаас цэнхэр, ягаан тасалбараа тухайн үед будаа, гурил, эсгий гутал болон аар саархан зүйлээр сольсон байдаг. Гэтэл иргэдийн хувьцааны талаарх ойлголт мууг далимдуулан бусдын хувьцааг өмнөөс нь зарж арилжих тохиолдол ч цөөнгүй гарч байжээ. Хувьцаа эзэмшигч иргэдийн зөвшөөрөл, хүсэлтгүйгээр хувьцааг нь өөрсдийн нэр дээр шилжүүлэн, улмаар зам мөрөө баллахын тулд бусдад арилжсан нэгэн баримтыг та бүхэнд хүргэе.
Сүүлийн үед дуулиан болоод буй Тавантолгой ХК-ийн хувьцааг эзэмшиж байсан иргэдийн хувьцаа хэрхэн алга болов? Хэн үүнд оролцож, бусдын өмчлөх эрхэнд халдав гэдгийг дараахь баримтууд өгүүлж байна. Тавантолгой компанийн 51 хувь нь орон нутгийн өмчит буюу Өмнөговь аймгийн мэдлийнх, харин 49 хувийг 23 орны 2600 гаруй хувьцаа эзэмшигч эзэмшдэг нээлттэй буюу хувьцаат компани юм. Харин сүүлийн үед нүүрсний экспорт нэмэгдэж, ногдол ашиг өндөр болохын хэрээр тус компанид хувьцаа эзэмшиж байсан иргэд өөрсдийн хувьцаагаа шалгуулснаар энэхүү хувьцааны хулгайн хэрэг илэрчээ. Тэгвэл иргэдийг хуурч, хулхидаж, хувьцааг нь өөрийн нэр дээр шилжүүлж, бусдад худалдсан Н.Баярт-Од гэж хэн бэ? Нялхын Баярт-Од гэгч бол УИХ-ын гишүүн асан Л.Энхболдтой нэгэн үе хамтдаа амьдарч байсан, гэр бүлийн хүн нь байсан бөгөөд тэд Тавантолгой ХК-ийн хувьцааг хувьцаа эзэмшигчдээс нь хууран мэхэлж, зувчуулахад хамтран оролцсон байдаг юм. Н.Баярт-Од нь Тавантолгой ХК-д 1990-ээд оны дунд үеэс эхлэн 2007 он хүртэл тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн ажил үүргийн хэм хэмжээг зөрчиж, тус компанид хувьцаа эзэмшдэг олон иргэдийн мэдээллийг өөртөө авсан байдаг. Улмаар зарим өндөр настай, хөөцөлдөх хүн бүлгүй, хувьцааны талаарх мэдлэг, ойлголтгүй хүмүүсийн хувьцааг өөрийнхөө болон хамтран амьдрагч Л.Энхболдын данс руу шилжүүлэн авсан байдаг юм. Энэ талаар хувьцаагаа алдсан гэх иргэд хууль шүүхийн байгууллагад гомдол гаргаж байсан бөгөөд улмаар Ерөнхийлөгч, Хууль зүй дотоод хэргийн сайдад хаягласан захидалдаа ч ийнхүү тодорхой дурьдсан байна.
“Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ иргэн Н.Баярт-Одын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн 14…. тоот дансанд 1999 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, өөрийн 14…. тоот данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн байдаг бөгөөд тухайн өдөр энэ мөнгөөр “Тавантолгой” ХК-ийн 7979 ширхэг хувьцааг худалдан авсан, Н.Баярт-Од нь Д.Бат-Эрдэнийн 14….тоот дансанд шилжүүлсэн байдаг. Иргэд бидний хувьцааг цуглуулж Д.Бат-Эрдэнэд арилжсан Н.Баярт-Одыг Эрүүгийн журмаар шалгах явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Би өөрөө ямар нэг брокер дилерийн компанид данс нээлгэж байгаагүй. Мөн хувьцаа зарах, худалдан авах гэрээ хийж байгаагүй, брокер дилерийн компани дээр очиж гарын үсэг зурж байгаагүй” гэж мэдүүлсэн байдаг юм. Мөн хамт хувьцаа цуглуулсан гэх иргэн Л.Энхболдыг сэжигтнээр байцаахад “Н.Баярт-Одын нэр дээр хувьцаа авч байгаагүй, түүний нэр дээр авсан хувьцааг брокер дилерийн компани, дилерүүд өөрсдөө аваад өөрсдөө зарсан байх” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд 14 кодтой “Ажнай инвест”, 34 кодтой “Марал инвест” брокер дилерийн компани нь Н.Баярт-Од, Л.Энхболд нарын оролцоогүйгээр захиалгын гэрээ, холбогдох баримтгүйгээр хувьцааг “Ажнай инвест” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ нарт зарсан гэж үзэхээр байна” гэжээ. Гэтэл брокер дилерийн компани дээр нэг удаа ч очоогүй, ямар ч данс өөрийн нэр дээр нээж, арилжаа хийж байгаагүй гэж мэдүүлсэн Н.Баярт-Одын 14 кодтой дансаар нь бидний 10 иргэний өмчлөлд байсан хувьцаа хуурамчаар арилжаалагдсан байдаг юм” гэжээ. Үүнээс харахад Н.Баярт-Од нь тухайн үед хамтран амьдарч байсан Л.Энхболдтой үгсэн хуйвалдаж, өөрийн ажил үүргийн хэм хэмжээг зөрчин, эрх мэдлээ хэтрүүлэн хувьцаа эзэмшигч иргэдийн хувьцааг хууль бусаар өөртөө авч, бусдад арилжсан болох нь тодорхой байгаа юм. Үүнийгээ ч тэрээр баталж, эрүүгийн хэрэгт татагдан мэдүүлэг өгч байхдаа үнэнээ хүлээсэн байдаг: Н.Баярт-Од нь “1997-1999 он хүртэл Л.Энхболд гэдэг найзтайгаа “Тавантолгой” ХК-ийн хувьцааг цуглуулж байсан тухайгаа мэдүүлэхдээ “…Хамтран амьдрагч байсан Л.Энхболд нь хувьцааны үнэ өснө гэж тооцон Өмнөговь аймгаар явж хувьцаа цуглуулж байсан, өөрөө уг хэрэгт гар бие оролцоогүй, цуглуулсан хувьцаагаа Л.Энхболд нь хоёр нэрэн дээрээ данс нээн байршуулсан” гэж мэдүүлж байжээ. Харин тэд бусдаас хууль бусаар авсан хувьцаагаа тухайн үедээ ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх урт хугацааны хөрөнгө оруулалт гэж хараагүй юм. Тэрхэн зуур л багахан ашиг олж байвал хувьцаа эзэмшигчдийн эрхэнд халдахдаа санаа зовохгүйгээр шуналын сэтгэлээр хандан, бусдын хувьцааг хууль бусаар авсан зам мөрөө баллахын тулд яаран сандран арилжсан болох нь ойлгомжтой юм. Гэвч өөрсдийнх нь хийсэн хэрэг илрэх гээд барьц алдахдаа бүх бурууг Хөрөнгийн биржийн нээлттэй арилжаагаар шударгаар худалдан авсан “Ажнай инвест”, “Мөнхөд” ХХК руу түлхсэн ч хууль, хяналтын байгууллага шалгаад буруугүй болохыг тогтоосон байна. Хамаг хэргийг хамтран үйлдсэн Л.Энхболд, Н.Баярт-Од нар нь дээлээ нөмрөхийн даваан дээр хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ял зэмээс мултарч байжээ. Хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэдэг нь тухайн этгээдийн гэмт хэргийн үйлдэл баримтаар нотлогдож, гэм буруу нь тогтоогдсон боловч уг этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаа дууссан гэсэн ойлголт юм. Тэгэхээр Л.Энхболд нь хамтран амьдрагч байсан Н.Баярт-Одтой хамтран эрүүгийн ноцтой гэмт хэрэг үйлдсэн нь ийнхүү батлагдаж байгаа юм. Орон нутгаа тэжээж буй ганц уурхайгаа орвонгоор нь эргүүлж хаячихаад, хувьцаа эзэмшигчдийнх нь хувьцааг хууль бусаар гартаа оруулж цөөнгүй хүмүүсийг насан туршид нь хохироочихоод Өмнөговийн иргэдийн эрх ашгийг хамгаалагч, нутаг усандаа хайртай хүн болж жүжиглэж яваа Л.Энхболдод хандан хохирсон иргэд үгээ хүргэхийг хүссэн юм. Л.Энхболд болон түүний хамтран амьдрагч Н.Баярт-Од нарт хулхидуулж, хувьцаагаа алдсан иргэд өнөө хэр гомдолтой яваа бөгөөд Ерөнхийлөгч, Хууль зүй дотоод хэргийн сайдад илгээсэн захидлынхаа төгсгөлд “Дахин хэлэхэд дээрх баримтуудаас үзэхэд иргэд бидний дансанд, өмчлөлд байсан хувьцаа ямар хүмүүсийн гараар хэн, хэний дансанд орсон нь тодорхой байгаа. Гэвч бид шударгаар өмчилж байсан хувьцаагаа эргүүлэн авч, өмчлөх эрхээ сэргээж чадахгүй 10 гаруй жил хууль, шүүх, прокурорын байгууллагуудаар явж байна. Шударгаар хувьцаа өмчилж байгаад бусдад хууль бусаар алдсан зарим нэг маань бурханы оронд явлаа. Хэрэв энэ хүмүүс шударгаар ажил үүргээ гүйцэтгээд, иргэд хувьцаагаа шударгаар өмчилж, ногдол ашгаа хүртэж, амьдрал ахуй, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, сайн сайхан амьдарч байсан бол ийм том гашуун зовлон тохиолдохгүй байсан биз. Бид бодит үнэнийг төр засаг, шударга олон түмэндээ хүргэх, толилуулах зорилгоор энэхүү захидлыг бичсэн болно” хэмээжээ. Хувьцаагаараа хохирсон иргэд олон жил хууль, шүүхээр явсны эцэст тэднийг “Ажнай инвест”, “Ээрмэл” ХК-ийн “Мөнхөд” ХХК-иуд биш итгэж найдаж хадгалуулсан байсан компанийх нь нягтлан бодогч Н.Баярт-Од, гэр бүлийн хүн асан Л.Энхболдтойгоо хамтран хуурч, мэхэлснийг мэдсэн боловч өнөө хэр хохирлыг нь барагдуулахгүй яваад тун их гомдолтой явна. “Ажнай инвест” болон “Мөнхөд” ХХК-иуд хууль журмынхаа дагуу Хөрөнгийн биржийн нээлттэй арилжаагаар хувьцаагаа худалдаж авсан болохыг хуулийн байгууллага шалгаад, буруугүй болохыг шат шатны шүүхээс тогтоосон байна. Харин хувьцаа эзэмшигчдээ хууран мэхэлсэн ерөнхий нягтлан бодогч асан Н.Баярт-Од хамтран амьдрагч Л.Энхболдтойгоо үгсэн хуйвалдаж, хувьцааг нь арилжсан хохирогчдоосоо бултсаар явна. Хохирогчдоосоо зугтаж болох ч хуулиас бултаж чадахгүй гэдгийг Н.Баярт-Од, Л.Энхболд нарын хохирогчид нь дамжуулахыг хүссэн юм.
Холбоотой мэдээ