Дорноговийнхон үүдээ дэлгэж, үүцээ задалж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

Дорноговийнхон үүдээ дэлгэж, үүцээ задалж байна

Дорноговийнхон үүдээ дэлгэж, үүцээ задалж байна

Дорнын их говийнхон тал шигээ уужим бөгөөд тэнүүн. Сэтгэл нь нар шигээ байнга төөнөж байдаг учраас манай нутгийг зорьж ирж ажиллаж, амьдрах хэн бүхний өмнө бид үүдээ дэлгэж байна хэмээн “Нээлттэй Дорноговь” чуулганы индэр дээрээс итгэл дүүрэн хэлж байна.  Хөдөө орон нутагт ч сайхан амьдрах боломж дүүрэн байгаа гэдгийг харуулахаар Монгол Улсын өрсөлдөгч чадвараараа тэргүүлэгч Дорноговь аймгийнхан ийнхүү хоёр өдөр чуулж тэдэнд ямао боломж байгаа талаар хөгжлийн төлөвлөгөөгөө танилцууллаа.

“Улаанбаатар хотод ажиллахад заримдаа юуны төлөө яах гэж ажиллаж байгаагаа ч мартах үе тохиолдоно. Өглөө гэрээсээ гараад үдшийн бор хоногтоо гэртээ орж ирэх нэг л хэвийн амьдрал. Түгжрэл, утаа униар, стресс бухимдал дүүрэн. Гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс байдгаас үүдэн үл ойлголцол ч үүснэ. Ямар нэг өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа ч юу хийх учраа олохгүй төөрч будилсан үе олон байсан. Эцэст нь хөдөө орон нутагт амьдрах нь хотод амьдрахаас ч илүү олон боломжийг бидний өмнө нээж өгөх юм байна гэдгийг ойлгосон” хэмээн ярих залуу гэр бүл. Тэд бол Улаанбаатар хотын уугуул боловч Дорноговь аймгийн Сайхан дулаан суманд хүний их эмчээр ажиллаж, амьдрахаар ирсэн Ө.Өлзийжаргал, О.Оюундэлгэр нар юм. Тэд хоёулаа хүний их эмч мэргэжилтэй. Цаасан боршураас ажлын байр, амьдрах таатай орчин байгаа талаар олж мэдээд хэсэг хугацаанд ярилцсаны эцэст хөдөө орон нутагт ирж амьдрах шийдвэр гаргасан нь маш зөв сонголт болсон хэмээн ярих. Залуучууд хөдөө орон нутагт ажиллаж амьдрах дургүй байдаг. Гэхдээ одоо хөдөөг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Энд юугаар ч үнэлэшгүй цэвэр агаар, эрүүл хоол хүнс, эко орчинд үр хүүхдээ өсгөх, сургууль соёлд сургах боломж байна. Хамгийн гол нь олон цаг түгжрэх биш  хайртай дотны хүмүүстээ цаг гаргах хамтдаа илүү сайхан ирээдүй рүү тэмүүлэх боломж хөдөөд л байна. Тийм учраас хөдөө орон нутагт ирж ажиллаж, амьдраарай. Амьдрах таатай орчин, тав тухтай орон сууцаар хангаж, сум орон нутгаас ямар л дэмждэг хэрэгтэй байна тэр бүхэн дээр нь чин сэтгэлээсээ анхаарч ажилладаг шүү хэмээн тэд уриалж байна.

Харин С.Энхмандах хувьд Дорноговь аймагт тарж өссөн боловч Улаанбаатар хотод ажиллаж амьдарах шийдвэр гаргаад 15 жилийн дараа эргэн нутагтаа ирсэн байна. Түүний хувьд хүнд хамгийн чухал зүйл бол сэтгэлийн амар амгалан. Тийм ч учраас олон жилийн дараа ч гэсэн нутагтаа ажиллаж амьдрах шийдвэр гаргасан даа баяртай байгаа аж. Тэрбээр англи хэлний орчуулагч мэргэжилтэй учраас орон нутагтаа сургалт явуулах, баталгаат орчуулага хийх орон зай байгааг олж харсан байна.  Дорноговь аймгийн хэмжээнд баталгаат орчуулга нэг ч байдаггүй учраас түүнд боломж их байгаа гэдэгт итгэл дүүрэн байгаа гэв. Хөдөө орон нутагт асуудлууд байгаа ч түүнийг шийдэх боломж нь үргэлж байдаг хэмээн итгэл дүүрэн ярина. Тэрбээр англи хэлний сургалтаа чанартай явуулж хөдөө орон нутагт ч хотоос дутахгүй чанартай сургалт байдгийг батлан харуулахыг зорьж байгаа гэнэ.  “Орон нутагт боломж дүүрэн байна. Тэр боломжоос атгаад авах уу, эсвэл шанагадаад авах уу гэдэг нь иргэдийн сонголт. Тийм учраас хөдөө орон нутгийг зориод ирээрэй” хэмээн тэрбээр уриалж байна.  Аймгийн удирдлагууд байж болох бүх талаараа дэмжихээ илэрхийлсэн учраас улам хичээж ажиллана. Бүх зүйлийг шинээр эхлэх амархан байдаггүй учраас “Govi GoYu”  хэмээх цахим хуудас нээж өөрийнхөө туршлагыг хуваалцаж байгаа аж. Энэ бол "Нээлттэй Дорноговь" чуулга уулзалтын хүрээнд хөдөө орон нутагт ирж ажиллаж, амьдрахыг уриалсан залуусын дуу хоолой байсан юм.

Дорноговь аймаг энэ оныг “Нээлттэй Дорноговь” зорилтот жил болгон зарлаж аймагтаа суурьшихаар зорин ирж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж хамтдаа нутаг орноо хөгжүүлж, засаглалын ил тод байдал, хөрөнгө оруулах чиглэл гэх мэт бүх талаар үүд хаалгаа дэлгэж байгаагаа Засаг дарга О.Батжаргал онцоллоо. Ингэхдээ уриа лоозон дэвшүүлж, хий хоосон ярих биш хэлснээ ажил хэрэг болгох төлөвлөгөө боловсруулснаа танилцууллаа. Тус аймаг 109.5 мянган кв.км нутаг дэвсгэртэй. БНХАУ-тай 600 км газраар хиллэдэг, 70 гаруй мянган хүн амтай.  Дорноговь аймгийн төв Сайншанд сум Улаанбаатар хотоос 456 км-т оршдог. Нийт 14 сумтай бөгөөд 12 сум нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон дэд бүтэц, бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж байгаа аймаг юм.  Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөгийн сэргэлтийн асуудлыг хөндөж, хөгжил зөвхөн хотод, төвд биш Монгол орны өнцөг булан бүрт байх ёстой хэмээн тодорхойлсон. Тийм ч учраас хөдөө орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтэц, хөрөнгө оруулалтат татаж, ажлын байрыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.Тийм учраас хөдөөгийн сэргэлтийн шанг Дорноговь аймгаас  ийнхүү эхлүүлж байгаа аж

Татварын таатай орчин

Дорноговь аймаг дөрвөн төрлийн татварын хувь  хэмжээг орон  нутагт тогтоон, шилжин ирэгсдийг  бизнес  эрхлэхэд дэмжлэг  үзүүлж байгаа аж. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын болон газрын төлбөрийн хувь хэмжээг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр тогтоожээ. Энэ нь Улаанбаатар хот болон бусад аймгуудийн тогтоосон хувь хэмжээнээс 20-27 хувиар бага байна. Мөн хотоос шилжин ирсэн иргэнийг Дорноговь аймагт ажилд авсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч,  татварын дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Түүнчлэн орон  нутгийн  зүгээс гарааны бизнесээ эхлүүлж байгаа компаниудын орлогод ногдох албан татварыг таван жилийн хугацаанд бүрэн хөнгөлөх, орон нутагт дулаан, цахилгааны төслүүд хэрэгжүүлвэл борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувиар хөнгөлөх бөгөөд дараагийн гурван жил 50 хувиар орлогын татвараас тус тус хөнгөлөхөөр тусгасан байна. Түүнчлэн нийслэлээс үйлдвэр, агуулахаа Дорноговь аймаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос хасч тооцох зохицуулалт хийх бөгөөд  Улаанбаатар хотоос 500-1000 км алслагдсан зайд бизнес эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөх, алслагдсан суманд бизнесийн үйл ажиллгаа эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх бодлого хэрэгжүүлж байгаа аж

 

Дорноговь аймагт 12 мянган ажлын байр байна

Зориод ирвэл хөдөө орон нутагт болон боломж байна. Ажиллах хүн хүчний нөөц хэрэгтэй байна. Улаанбаатар хотод түгжирч, угаартаж, уур бухимдалтай амьдарч байснаас дорнын их говьд дураараа тав тухтай ажиллах боломж дүүрэн байна. Манайд хүрээд ирээрэй хэмээн тэд дуудаж байна. Дорноговь аймагт ажилгүйдлийн түвшин 2016 онд 9.9 хувь, 2020 онд 4.1 хувь байсан бол 2021 онд 2.7 хувь, 2022 онд 1.5 хувьтай болж жилээс жилд буурч, ажилгүйдлийн түвшин хамгийн бага аймгийн нэг болжээ. Тус аймагт 12416 ажлын байр шинээр бий болох боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Хөдөө орон нутагт тулгамдаж буй гол асуудал нь хүний нөөцийн асуудал. Төрийн захиргааны байгууллагад төдийгүй, хувийн хэвшлүүдэд ч ажиллах хүчний нөөц хомсдолтой байгаа талаар хэлж байна. Төвийн төвлөрлийг сааруулахын тулд хөдөө орон нутагт чанартайм боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нь чухал учраас эмч, багш, хөдөө аж ахуй, байгаль орчны мэргэжилтнээр ирж ажиллах Дорноговьчууд уриалж байна.  Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр, “Алтанширээт аж үйлдвэрийн цогцолбор” баригдаж байгаа бөгөөд Манган боловсруулах үйлдвэр, Ган бөмбөлгийн үйлдвэр, Жонш баяжуулах үйлдвэр, “Цагаан суваргын зэс молебдений үйлдвэр”, “Мон цемент”, “МАК” цементийн үйлдвэр зэрэг 27 боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байгаа учраас ажлын байр олон бий гэдгийг дурьдаж байна. Дорноговь аймагт хувийн хэвшилд ажиллагсдын дундаж цалин 1 сая 25 мянган төгрөгөөс эхэлж байгаа гэсэн судалгаа гарсан бол зарим үйлдвэрүүдэд  2-3 сая төгрөгийн ч цалинтай ажил байгаа гэнэ. Тухайлбал, Төмөрлөгийн үйлдвэрт ажиллахад л дундаж цалин 4 саяд хүрч буй аж. Үйлдвэржилт, уул уурхай, зам тээвэр, логистик дагасан жижиг дунд бизнесийн салбарууд дээр өргөн орон зай, шинэ тутам боломжууд үүсэж байгааг тус аймгийн удирдлагууд дурьдаж байна.  Хөдөө орон нутаг гэхээр заавал төрийн албанд ажиллана гэсэн ойлголт ард үлдсэн. Тиймээс Өөрийн бизнесийг төлөвлөж, Дорноговь аймагт ирээд ажиллах боломж бүрэн байгааг хэлж байна. Тус аймагт өрнөж байгаа томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтууд, хөгжил дэвшлийг дагаад 12 мянган ажлын байр бий болох тооцоо гарсан байна.Ажилтай, орлоготой, сайн сайхан амьдрах зорилго тавиад хүрээд ирвэл тосоод авах халуун дулаан сэтгэл дорноговьчуудад дүүрэн байгааг дуудлгаж байна. “Орон нутаг бүр  өөр өөрийн онцлогтой. Дорноговь аймгийн хувьд төмөр зам, нефьтийн томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байгаа учраас үүнийг дагаад ажлын байр өсөх хандлагатай байна. Ярих биш ажил хэрэг болгох тал дээр орон нутаг анхаарч ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох, газар олгох, томооохон хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгаа хөгжүүлэхийг зорьж байна. Монгол Улсын 21 аймгаас ердөө зургаан аймаг, өөрийн төсвөө бүрдүүлдэг. Түүний нэг бол Дорноговь аймаг. Цаашид төсвөө бүрдүүлдэг аймгуудын тоо өснө гэдэгт итгэл дүүрэн байна. Дорноговь аймагт 12 мянган ажлын байр байгаа учраас энэ аймагт ирж ажиллаж, амьдрах иргэдийн тоо улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэлт дүүрэн байгаа гэдгээ Хөдөөгийн сэргэлтийн ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай онцлов.

 

 

Тав тухтай амьдрах орчин

Дорноговь аймаг хуурай уур амьсгалтай, говийн бүсэд оршдог хэдий ч Дархан, Эрдэнэтийн жишгээр томоохон хот болгож хөгжүүлнэ гэдэг зорилт тэд тавьжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1368 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бол энэ жил 2000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Эхний ээлжинд 500 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Дорноговь аймгийн 14 сумаас 12 нь дулаан хангамж, эрчим хүчний эх үүсвэртэй холбогдсон. Одоо үлдсэн хоёр сумыг инженерийн шугам хоолойд холбох ажил явагдаж байгаа аж. Дорноговь аймагт ажиллахаар зориод ирж буй хүмүүс тохилог байр орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэхийг зорьж, энэ хүрээнд 10 мянган орон сууц барихаар төлөвлөж байгаа аж. Тиймээс “Нээлттэй Дорноговь” чуулганд барилгын үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 50 гаруй аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотоос урьж оролцсон бол орон нутгийн 20 гаруй аж ахуйн нэгж оролцож Дорноговь аймагт барилгын олон шинэ төсөл хэрэгжүүлэх талаар ярилцаж хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.  Түүнчлэн түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл байдлаа бүрэн хангаж “Дорноговь орон сууц” орон нутгийн өмчит компани байгуулсан байна.  Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжийн 144 айлын орон сууц барьж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

 

 

"Нээлттэй Дорноговь" хоёр өдрийн чуулганд гадаад дотоодын томоохон хөрөнгө оруулагчид оролцож, хөрөнгө оруулах, хамтарч ажиллахаар болсон байна. Тухайлбал, Бугат хотын Дархан муумянган холбоот хошууны Худалдааны товчооны дэд дарга Боа Шань 14 хөрөнгө оруулагч дагуулан ирсэн. Ханги-Мандал боомтын хөгжлийн төлөө Дорноговь аймгийн хөгжлийн төлөө, хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, зам, боомт, харилцаа холбоогоо улам бэхжүүлэхийг зорьж байгаа талаараа хэлж байна. Мөн БНХАУ-даа уул уурхайн техник технологийн худалдаагаар тэргүүлэгч компанийн төлөөлөл Дорноговь аймагт уулл уурхай эряимтэй хөгжиж байгаа учраас хөрөнгө оруулах, хамтарч ажиллах боломжийн талаар судалж байна. Удахгүй бодит ажил хэрэг болно гэдэгт итгэл дүүрэн байгаа талаараа хэлж байв.  Эцэст нь Дорноговьчууд дан ганц уул уурхайгаас ашиг хүртдэг байхгүй тулд эдийн засгаа солонгоруулж аялал жуулчлалаа хөгжүүлж, нутгийн брэндээ дэлхийд гаргах хэрэгтэй хэмээн үзэж байна. Тиймээс усны нөөцийн хомсдол гэх мэт цаг зуурын бэрхшээл тоочиж суух бус саарал усаа үйлдвэрлэлд ашиглахаар шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад оруулан, дэргэд нь бохир усыг 98 хувьтай цэвэршүүлэх технологи ашиглаж эхэлсэн байна. Ирэх зунаас хоногтоо 3000 метр шоо усыг цэвэршүүлж, үйлдвэрлэлд нийлүүлэхээр болоод буй юм. Ингэснээр ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрүүд, махаа БНХАУ-ын зах зээлд эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах үйлдвэр, говийн хилийн бүсийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд шинэ гарц гаргалгааг мөн “Нээлттэй Дорноговь” чуулганы үеэр тодотгож байсан юм. Хөдөөгийн сэргэлт Дорноговиос ийнхүү эхэлж байна. Төд удалгүй олон аймаг түүчээлэх биз ээ. Хөдөөг харах өнцгөө өөрчилбөл, боломж дүүрэн байгааг дорноговьчууд хэлж байна. Тэд үүдээ дэлгэж, үүцээ задалж байна. Зориод очоорой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж