Жилийн 200 сая долларын борлуулалттай үйлдвэрийг барьсан
"Бэрэн" групптэй холбоотой хэргийг хэлэлцэж байна.
-2014 оны зээлтэй холбоотой асуулт асууя.Япон улсын хөрөнгө оруулалттай банкнаас орж ирэх ёстой байсан 23 сая ам.доллар орж ирсэн үү?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-100 мянган тоннын арматурын төсөл байгаа юм. Би энэ зээлийг аваагүй. Бусаддаа боломж олгосон юм.
-Тэгэхээр "ЖиБиАйСи" банкнаас 23 сая ам.доллар орж ирээгүй гэж хариулж байна. Зөв үү?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Тэр манай зориулалтаар орж ирээгүй. Өөр төслүүд дээр орж ирсэн байх.
-"ЖиБиАйСи" банкнаас хөрөнгө оруулалт орж ирж байж төмөрлөгийн үйлдвэр чинь бүрэн ажиллагаатай болох гээд байгаа юм шиг харагдаж байна. Энэ материалаас уншаад тэгэж ойлгогдож байна. Та ярихдаа зөвлөх үйлчилгээ авчихлаа. 23 сая ам.долларыг манайх аваагүй нь бусад аж ахуй нэгжүүддээ боломж олгосон гэж ярилаа?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Гангын үйлдвэрээ өөрийн хөрөнгөөр барьсан.
-Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороонд орон сууцны 7-р хорооллын 720 айлын хорооллын 3 барилга шинээр барихад шаардлагатай 18 сая ам.долларын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас авах хүсэлтийг хүргүүлсэнм байдаг. Танайх зээлийн нөхцөл шаардлагыг хангасан байсан уу?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Би захирлын хувьд гангын үйлдвэр барих асуудалд төвлөрч ажилладаг. Харин барилгын зээлүүдэд хариулт өгөх хүсэлгүй байна. Би хариуцаж ажиллаагүй юм чинь мэдэхгүй шүү дээ.
-Хөгжлийн банкны зээлийн шаардлага, хөгжлийн бодлогод заасан нөхцөл шаардлагууд байдаг. Нэг бүрчлэн уншиж өгч болно. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад хангалттай танилцуулсан. Энэ нөхцөл шаардлагуудыг ер нь хангаж байж зээл авах ёстой юу? Таны ойлголт юу байна?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Хөгжлийн банк зээлүүдээ шаардлагыг нь биелүүлсэн учраас л олгосон гэж би ойлгож байна. Манай компани ч зээлийн шаардлагыг биелүүлсэн учраас Хөгжлийн банкнаас зээл олгосон гэж ойлгож байгаа. Манай компанийн онцлог бол зээл авахдаа хангалттай барьцаа хөрөнгө тавьсан. Үнэхээр улс орны хөгжилд шаардлагатай байсан төслүүд мөн. Одоогийн байдлаар бид жилийн 200 сая ам.долларын борлуулалттай үйлдвэрийг барьчихсан байна.
-Эрсдэлийн удирдлагын газраас гаргасан дүгнэлт, таны өмнөх долоо хоногт өгсөн мэдүүлэгт 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан гээд прокурорын дүгнэлтэд тайлбар хэлсэн байна. Мөн татвар төлөгчөөр шалгагдаж байсан гэдэгтэй холбоотой нэмээд хэлэх зүйл байна уу?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-2018 онд Шилдэг татвар төлөгчийн 61-т орж байсан байна. Татвар төлөлт, ажлын байр бий болгосон зэрэг асуудалд манайх сайн ажилласан. Би мэдүүлэгтээ танд ойлгомжтой хэлсэн гэж ойлгож байна.
-Тухайн үед зээл авч байхад "Хаан банк"-наас авсан зээл төлөгдсөн байсан уу?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Бид арилжааны банкуудтай байнга харилцаатай байдаг шүү дээ. "Хаан" банкнаас зээл авч байсан.
-Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн 2017 оны есдүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар "Хаан" банкнаас 2015 оны тавдугаар сарын 29-нд 5.3 сая ам.долларын зээлийн үлдэгдэл 3.6 сая ам.доллар хэвийн бус, 6 сая ам.долларын үлдэгдэл болох 5.4 сая ам.долларын зээл эргэлзээтэй ангилалд байсан. Дээр нь Хөгжлийн банкнаас 2014 онд авсан 22.6 сая ам.долларын зээлтэй байсан. Энэ зээлүүд тухайн үед хэвийн бус эсвэл эргэлзээтэй ангилалд байсан уу?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Миний санаж байгаагаар "Хаан" банк манайд зээлийн үлдэгдэлгүй гэдэг бичгээ Хөгжлийн банкинд өгч байсан санагдаж байна. Наад чинь барилгын зээлтэй холбоотой. Ер нь тэр зээлийг төлсөн учраас л Хөгжлийн банкнаас зээл олгосон байгаа. Хөгжлийн банкны хүмүүс чинь ажлаа хийнэ шүү дээ.
-Санхүүжилт шаардагдаж буй зургаан барилгад 80 хувийн гүйцэтгэлтэй гээд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Яг газар дээр нь хийсэн Хөгжлийн банкны хяналт, шалгалтаар 35 хувийн гүйцэтгэлтэй байна дүгнэлт гарсан. Энэ талаар мэдэх зүйл байна уу?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Би уг нь барилгын талаар асуултанд хариулахгүй гэсэн. Гэхдээ Хөгжлийн банкны 35 хувиар нь тооцсон гэж л санагдаж байна. Би мэдэхгүй гээд байхад та барилгын талаар асуугаад байх юм. Энэ талаар мэдүүлэг өгмөөргүй байна.
-2018 оны эргэлтийн хөрөнгийн зээлтэй холбогдуулаад Эрдэнэтэд баригдаж байгаа барилгын арматурын үйлдвэрийн төсөлд зээл хүссэн. 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хууль зүйн дүгнэлтээр Хөгжлийн банкны тухай хуулийн 11.3-т заасан зээлийн мэдээллийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх, 11.5-т төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөө, үнэлгээний аргачлал шалгуурын дагуу тооцсон байх 11.6-д Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг өөрийн гүйцэтгэлээ хангасан байна гэх шаардлагыг, Мөн Зээлийн бодлогын 4.1.3-т заасан төслийн үр дүнд бий болох бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд хийсэн борлуулалтын нэгдсэн судалгаатай байх, 4.1.2-т бусад банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх гэсэн шаардлагыг хангаагүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ шаардлагуудыг яагаад хангаагүй байсан бэ?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Би ойлгохдоо зээлээ авсан юм чинь дээрх шаардлагуудыг хангасан байгаа гэж бодож байна.
-Танай компани Хөгжлийн банкнаас гурван удаагийн зээл авсан. Эхний зээлийн төлбөрөө төлөөгүй, тухайн үед мөрдөгдөж байсан зээлийн бодлого, шаардлага, нөхцөлийг хангаагүй байхад дахин дахин зээл олгосон бэ? Энэ байдалд Хөгжлийн банкны болон улс төрийн нөлөө бүхий этгээдийн ямар нэгэн үйлдэл оролцоо, та эдгээр хүмүүст ямар нэгэн байдлаар нөлөөлсөн, давуу байдал бий болгосон зүйл байгаа юу?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Бусад компаниудад зээл олгохгүй байж манайд олгоод байна гэж та асуугаад байх шиг байна. Нөгөө компаниудын асуудлыг мэдэхгүй байна. Ер нь бол улс орондоо шаардлагатай төслүүд байсан учраас санхүүжилт олгосон гэж ойлгож байна. Надад бол улс төрд нөлөөлөөд, бусдыг уруу татаад байсан зүйл байхгүй ээ.
-Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар ажиллаж байсан Н.Баярчимэг гэж хүнийг таних уу?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Ер нь зээл хөөцөлдөөд явж байгаад тааралдаад, мэндлээд өнгөрдөг.
-Хилийн чанадад хамт явж, гадаадад уулзаж байсан уу?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Байгаагүй.
-Хөгжлийн банкнаас авсан зээлээр барилгын арматурын үйлдвэр ашиглалтад орчихсон байгаа гэж та сая хэллээ. Үйл ажиллагаагаа эхлээд зээлээ төлнө гэлээ. Энэ үйл ажиллагаагаа эрхлэхгүй байгаа юм уу? Танай компани өөр үйл ажиллагаа ч явуулдаг. Түүнийхээ орлогоор Хөгжлийн банкны зээлээ төлж барагдуулах уу? Хэзээ зээлээ төлөх вэ?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Прокуророос юм бол данс хаачихдаг. 1000-аад ажилчны цалин тавих хэрэгтэй байдаг. Данс хаачихдаг. Үүнээс болоод ажилчид ч, бид ч хүнд байдалд ордог. Би хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэдэг чинь бидэнд бас хүндрэл учруулж байна. Ноднин бол үйлдвэрлэсэн ширмээ борлуулаад, гангынхаа үйлдвэрийг ажиллуулаад байж байсан. Гэтэл олон нийтийн сүлжээгээр намайг Хөгжлийн банкнаас зээл авчихаад зугтчихлаа гэж шуугисан. Би бол хаашаа яваагүй. Эрдэнэтэд л байж байдаг хүн. Төмрийн үйлдвэр бол миний гол бизнес. Түүнийгээ ажиллуулах ёстой. Ард түмэн, төр засаг, Хөгжлийн банкны өмнө хүлээсэн үүрэг надад байна. Хөгжлийн банкны хэргийг шалгах хэргээр ажлаа хийж байсан намайг дуудаж авчраад 461-т хорьчихсон. Тэрнээс болоод үйл ажиллагаа явуулж чадаагүй. Намайг хориод зогсохгүй үйлдвэрийг маань битүүмжилчихсэн байгаа. Манайх 1990-ээд онд анх ардчилал гарахад байгуулагдсан компаниудын нэг. Тухайн үед бизнес хийхэд хууль зүйн орчин их таатай байсан. Одоо бол аж ахуй нэгжүүдэд үнэхээр хүндрэлтэй байгаа. Гэхдээ би өнөөдөр олон юм тоочмооргүй байна.
-Хөгжлийн банкны хэргийг шалгах хугацаанд "Бэрэн" группын зарим битүүмжийг цуцалж, борлуулалтын орлогоосоо зээлээ төлөх нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайн орлогоос зээлээ тодорхой дансанд хийж төлөх ёстой байсан. Гэтэл "Бэрэн" групп охин компанийнхаа нэрэн дээр ХХБ-д шинэ данс нээгээд тухайн борлуулалтын орлогыг Хөгжлийн банктай тохиролцсон тохиролцооноосоо гадуур үл хөдлөхийг зарж борлуулаад үйл ажиллагаанд хэрэглэсэн үү?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Гангын үйлдвэр битүүмжээс гараагүй байгаа. Цэргүүд очоод хаачихсан. Тийм зүйл байхгүй.
-Ц.Батболд гэдэг хүнийг таних уу?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Танина. Манай төслийн менежер байсан.
-2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад "Бэрэн" группээс санхүүгийн мөрдөгчид тодорхой төрлийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Эдгээр баримтууд дээр Төрийн банкны "Бэрэн констракшн" компанийн данснаас 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр бэлэн зарлагын гүйлгээ хийж авсан 200 сая төгрөгийг тус компанийн гүйцэтгэх захирал Батбаярын төрсөн дүү Батболд хүлээн авсан. 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 500 мянган ам.долларыг бэлэн хүлээлгэн өгсөн. Мөн Батболдод 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр 1500 ам.долларыг бэлэн хүлээлгэн өгсөн. Эдгээр нотлох баримтууд ямар учиртай баримтууд вэ?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Эдгээр нотлох баримтуудын талаар би сайн мэдэхгүй байна. Би 461-т хоригдсон, Эрдэнэтэд байж байгаад ирсэн гэдгээ хэлсэн. Тэр үеэр манай хүмүүсийг шалгасан байна лээ. Энэ талаар мэдээлэлгүй байна. Би хоригдож байсан.
-Та эмнэлэгт хэвтэх шалгаанаар гурав хоног суллагсдан. Энэ хугацаатай бэлэн мөнгө авсан баримтын хоног таарч байгаа юу?
"Бэрэн" группийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр:
-Би ходоодны хагалгаанд орсон хүн. 461-ээс 22-ны өдөр түр гарсан байх аа. Эмнэлэгт байж байгаад буцаад хоригдсон.
-Т.Пүрэвсүрэнгээс асууя. 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хууль зүйн дүгнэлт гарсан байна. Энэ дүгнэлтээр ямар албан бичиг зээлийн материалыг үндэслээд гарсан бэ?
Шүүгдэгч Т.Пүрэвсүрэн:
-Хууль зүйн дүгнэлтийг зээлийн шинжилгээний танилцуулга, холбогдох дагалдаж ирсэн материалууд дээр үндэслэж гаргадаг.
-Та уул уурхайн төсөл хөтөлбөрүүд дээр хуульд зааснаар нөхцөл, шаардлага тавьсан юм байна гэж ойлгож болох уу? Харин барилгынх дээр тийм шаардлага байхгүй ч та эрсдэлээс хамгаалах зорилгоор энэ нөхцөлийг нэмж тавьсан юм гэж хэлж байна. Хууль тогтоомжоор үүнийг шаардаагүй байхад та өөрийн үзэмжээр нэмэлт шаардлага тавьсан юм байна гэж ойлгох нь зөв үү?
Шүүгдэгч Т.Пүрэвсүрэн:
-Тэгэж ойлгож болох байх аа.
"Прокурор хуулиа биелүүлдэггүй байгууллага болчихсон байна"
"Хөгжлийн банк"-ны гэм буруугийн шүүх хуралдаан 11 дэхь өдрөө үргэлжилж байна.
"Энержи ресурс" компанийн өмгөөлөгч Даваабилэг:
-2018.8.15-ны өдрийн "Энержи ресурс" компаниас гаргсан 745 дугаартай албан бичиг Н.Алтанхуягийн Засгийн газарт нөлөөлсөн гээд байгаа. 2018.8.16-ны өдөр шийдвэр гаргахаас өмнө нөлөөлсөн зүйл байдаг юм уу, Тийм албан бичиг байдаг юм уу?
Шүүгдэгч Н.Алтанхуяг:
-Засгийн газрын шийдвэр нэг компанийн албан бичгээр хийгддэггүй юм аа. Эргүүлээд үзэхээр тийм бичиг Батбаяр сайд дээр ирсэн байдаг. Харин манай Засгийн газарт тийм бичиг байхгүй. Тэр бичгийг бидэнд танилцуулаагүй. Нотлох баримтаар л ярья.
-Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газрын хууль болоод 2009 онд батлагдсан хуралдааны журмыг баримталж мөрдөх үүрэгтэй байдаг үү?
Шүүгдэгч Н.Батбаяр:
-Засгийн газрын гишүүний хувьд дагаж мөрдөх үүрэгтэй.
-Тэгвэл таны мөрдөж ажиллах журмууд дээр заасан заалтууд зөрчигдсөн юм шиг харагдаад байна. Яаралтай журмаар шийдвэрлэх асуудал гэж байгаа боловч холбогдох яамдын саналыг факсаар юмуу е-мэйл бичиг, захидлын хэлбэрээр авах асуудлыг уг журамд тусгаж өгсөн байна. Та өнөөдөр хэлэлцэгдээд байгаа "Энержи ресурс", "Говийн зам" -ын дэд бүтэц, замыг авах асуудал дээр Засгийн газрын гишүүдийн саналыг авах, олонхоороо шийдвэрлэх, Засгийн газрын хууль журмуудыг мөрдөж ажиллаж чадсан гэж үзэж байна уу? Хууль журмаа баримталсан уу?
Шүүгдэгч Н.Батбаяр:
-Нэгдүгээрт, прокурорын асуултыг би ойлгохгүй байна. Өнөөдөр "Говийн зам" гэдэг компани, "Энержи ресурс" гэдэг компани Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Тийм учраас нэр томъёогоо зөв болгохыг хүсч байна. "Эрдэнэс Монгол" компанийн авсан зээлийн асуудлыг шийдсэн гэдэг утгаар асуух юм бол зөв болно. Засгийн газрын тогтоол дээр ч гэсэн.
Өнөөдөр Монгол Улсын прокурорын байгууллага хуулийн байгууллага. Хуулийн байгууллага мөртлөө хуулиа биелүүлдэггүй байгууллага болчихоод байна. Би Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан хүмүүсийн нэг. Засгийн газрын тогтоолын хуульд нийцэх эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 45-ын 2 дээр заасан байгаа.
-Танд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар мэдэгдэл хэнээс, ямар цаг хугацаанд, ямар байдлаар өгсөн бэ?
Шүүгдэгч Н.Батбаяр:
-Засгийн газрын шийдвэрийн талаар хууль зөрчсөн асуулт асууж байна. Дахиж ийм хууль зөрчсөн асуулт асуувал би хариулахгүй. Засгийн газрын гишүүний хувьд хэн нэгнээс чиглэл үүрэг аваад хийсэн зүйл байдаггүй юм. Бодлого шийддэг хүн бодлогоо боловсруулаад шийддэг юм. Та өөрөө бусдаас шийдвэр авдаг болохоор ингэж асуугаад байх шиг байна.
-За уучлаарай, Н.Алтанхуяг мэдүүлэгтээ танд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгөөд, та судлаад яваад байсан мэтээр ярьсан байна. Энэ цаг хугацаа нь тодорхойгүй зүйлд хариулт авах гээд асуусан юм.
Шүүгдэгч Н.Батбаяр:
-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх судалгааны ажил олон чиглэлээр явсан. Олон удаа хийгдсэн. Тийм учраас ингэж шийдсэн. Таны асуусан асуулт болохоор хэн нэгэн хүн үүрэг даалгавар өгөөд тэрийг хийчихсэн мэт ярьж байна.
-Танд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үүрэг чиглэл хэн, хэзээ, ямар хэлбэрээр өгсөн бэ гэж л асуусан. Би яг цаг хугацаатай хариулт л шаардаад байна. Ямар хугацаанд судалж шийдвэрлэсэн гээд үндэслэлээ тайлбарлаж чадах уу?
Шүүгдэгч Н.Батбаяр:
-Би танд ахиад хэлье. Монгол Улсын прокурорын байгууллага хууль сахиулах байгууллага. Үндсэн хууль зөрчсөн, Эрүүгийн хууль зөрчсөн, Засгийн газрын хууль зөрчөөд байна.
-Хувийн компанийн албан бичигт үндэслээд Эдийн засгийн хөгжлийня яаманд тооцоо судалгаа хийсэн, ажлын хэсэг ч байгуулагдаагүй, хэрэгт авагдсан баримтыг л ярьж байна. Та танилцуулга хаана боловсруулсан юм? Хувиараа боловсруулсан юм уу? Холбогдох яаманд нь оруулалгүй танилцуулга оруулж ирээд Засгийн газарт шийдвэр гаргасан. Үүний улмаас Хөгжлийн банкинд хохирол учирсан асуудал өнөөдөр яригдаад байна. Ерөнхий сайд таньд үүрэг өгсөн юм уу, аль эсвэл та санаачилгаараа хийсэн юм уу?
Шүүгдэгч Н.Батбаяр:
-Та нар хууль зөрчөөд байгаа учраас би бухимдаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хандаж хэлье. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг Эрүүгийн шүүх хурлаар хянан хэлэлцэх Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Наад саналаа татаж ав. Засгийн газрын шийдвэрээр нүүрсний экспорт нэмэгдээд өнөөдөр бид үр ашгийг нь хүртээд сууж байж тийм зүйл болоогүй гээд сууж байгаа юм бэ?
-Халзанбүргэдээс Солонготын давааны 100 км авто зам барих төсөл Засгийн газраас хэрэгжүүлээд он дамжиж хийгдээд, төсөв мөнгө нь батлагдсан байхад шинээр барих жагсаалтад оруулаад төсөвт өртгийг нь 9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд хувийн компанид давуу байдал үүсгэсэн үйлдэл танд байгаа тийм үү? 9.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд та доод албан тушаалтнууддаа үүрэг чиглэл өгөөд Засгийн газрын шийдвэр гарсны дараа зарчмын чанартай өөрчлөлт оруулаад, дур зоргоороо шийдсэн нь Засгийн газрын гишүүн болоод Эдийн засгийн хөгжлийн яамны сайд хүний хувьд байж болох асуудал уу?
Шүүгдэгч Н.Батбаяр:
-Засгийн газрын тогтоолууд бол хамтын шийдвэр. Засгийн газрын шийдвэрийн 50 хувь нь Ерөнхий сайдын санал байдаг юм. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорлоо гэж хэлдэг. Засгийн газрын гишүүдийн бүгдийнх нь санал гарвал огцорлоо гэж хэлдэг. Тийм учраас Ерөнхий сайд бол 50 хувь, олонхоороо шийддэг. Хэн нэгэн сайд дураараа шийдвэр гаргадаггүй. Авто замын шийдвэр бол ганц биш 10-аад аймгийн 1800 км замын асуудал юм. Тэнд ямар нэгэн компанийн нэр байхгүй. Тийм болохоор аль нэг компанид давуу эрх олгосон гэдэг асуудал бол үндэслэлгүй зүйл. Засгийн газрын тогтоолын дараа зарчмын зөрүүтэй өөрчлөлт оруулж болохгүй гэсэн асуудал ярьж байна. Засгийн газрын тогтоол гараад өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжээд явж байгаа. Хэн ч өөрчлөлт оруулаагүй.
-Өлзийбаяр гээд таны дор ажиллаж байсан яамны албан тушаалтан хэлэхдээ, таныг 2013 оны 194 дугаартай тогтоол албажих үед он дамжсан замын жагсаалтаас шинээр баригдах замын жагсаалт руу оруулаад төсөвт өртгийг нь 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсөн талаар мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байна. Энэ хүнээс тантай өр авлага, өс хонзон байна гээд таныг олон жил гүтгээд мэдүүлэг өгөөд яваад байсан юм уу?
Шүүгдэгч Н.Батбаяр:
-Нэгдүгээрт манай яаманд тухайн үед ажиллаж байсан Өлзийбаяр гэж хүн байхгүй. Хэргийн материалтай бүрэн танилцчихаад ярь л даа. Наад хүн чинь өөр газар ажиллаж байсан хүн. Наад хүнтэй чинь надад хувийн харилцаа байхгүй.
Хоёрдугаарт дэгийн журмаараа ЗГХЭГ-ийн ажилтан байхгүй юу даа. Наад хүн чинь өөрөө энэ бүгдийг шийдээд биднээр гарын үсэг зуруулсан хүн байхгүй юу даа. Тухайн үедээ ийм асуудал тавьсан уу?, үгүй. Тийм учраас цагийн юм цагтаа шүү дээ.
-Гэрчүүдийн мэдүүлгээс гадна таны гараар зассан тэмдэглэл, жагсаалтан дээр гараар бичсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байна.
Б.Шинэбаатарын өмгөөлөгч Ууганцэцэг:
-2013 оны наймдугаар сарын 16-ны 299-р тогтоолыг шүүж байна гээд та асуудал тавьж байна шүү дэ тэ? Дэд бүтэц болон автозамын худалдан авч "Эрдэнэс Монгол" ХХК-ийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахыг ЗГХЭГ-ын дарга Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр нарт даалгасугай гэсэн байна л даа. Үүний санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх ёстой байсан бэ? Энэ асуудал хэлэлцэгдсэн удаа бий юу?
Шүүгдэгч Н.Батбаяр:
-Тогтоол гарсан. Хоёр гурван сайдад хариуцуулсны нэг нь ЗГХЭГ-ын дарга Сайханбилэг юм. Энэ асуудлыг Монголбанкны эх үүсвэрээр шийдэх нь зөв юм байна гэж Сайханбилэг үзээд тодорхой албан тоот явуулаад асуудлыг шийдсэн байна лээ. Нэг компанийн давуу талтай байсан замыг Засгийн газар аваад олон нийтийн өмч болгосон юм. Тэр компанид давуу тал олгосон юм биш. Дээрх тогтоолд хоёр шийдвэр тусгагдсан байсан нь Цагаан хадны чиглэлд автозам барих төсөл байсан. Гэвч дараагийн Засгийн газар үүнийг хүчингүй болгочихсон. Энэ тогтоол бол бодлогын шийдвэр байсан болохоос аль нэг компанид давуу байдал олгох тухай байгаагүй ээ.
-За Шинэбаатар гуай, та Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж байсан Н.Батбаяртай хэзээнээс эхлээд таньдаг, ямар харилцаа холбоотой вэ?
Шүүгдэгч Б.Шинэбаатар:
-За өмнөх мэдүүлэгтээ ч бас хэлж байсан. Н.Батбаяртай бол 1982 онд хуучин ЗХУ-д их дээд сургууль төгсөөд ирж байсан. Энэ үеэс эхэлж мэднэ ээ.
-Найз нөхдийн холбоотой гэж ойлгох уу?
Шүүгдэгч Б.Шинэбаатар:
-Ажил төрлийн л холбоотой. Анхнаасаа нэг газар очиж ажиллаж байсан хүмүүс. Нэг газар ажиллаж байгаа хүмүүс чинь нэгэнтэйгээ танилцаад найз болдог юм байгаа биздээ?
-Таныг Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД-ын албан тушаалд ажиллах саналыг хэн, хэзээ тавьсан бэ?
Шүүгдэгч Б.Шинэбаатар:
-1997 оноос бид тус тусдаа ажиллаа хийж явсан. 2016 онд бид хоёр тааралдахад Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдаж байгаа. Чи тэнд очиж ажиллах боломжтой юу гэж надаас асуусан. Би боломжтой гэж хэлээд ажиллаж эхэлсэн.
-Тухайн үед та Хөгжлийн банкны ТУЗ-д бас ажиллаж байсан билүү?
Шүүгдэгч Б.Шинэбаатар:
-Тэрний дараа, Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД болсноосоо хойш Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар очсон.
-Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны долдугаар сарын 11-ны 200 дугаартай төсөв зохиох заавар, тушаалын хавсралтад маргаан үүсээд байгаа. Автозам, замын байгууламжийн барилга засварын ажлын төсөв зохиох зааврыг баталсан. Уг зааврын ерөнхий зүйлийн тавдугаар хэсэгт зааврыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх зам барилгын ажил, салбарын ангилал, хөрөнгийн эх үүсвэр, өмчийн хэлбэрийг үл харгалзан мөрдөнө гэсэн байна. Мөн 16 зардлыг зааж өгөөд тэдгээрийн эзлэх зардлыг нарийн тогтоосон байна. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД-ынхаа хувьд баталсан тушаалаар дамжуулан ажлын хэсэг дээрээ энэ зааврыг зөрчөөд автозамын өртгийг тогтоохдоо олон улсын банк санхүүгийн байгууллагын санхүүжилтийг татан төвлөрүүлсэн зардал, зээлийн санхүүжилтийн хүүгийн зардал зэргийг автозамын төсөвт оруулан тооцсон байгаа чинь ямар учиртай вэ?
Шүүгдэгч Б.Шинэбаатар:
-Барилга хот байгуулалтын сайдын 200-р тушаалаар баталсан тэр журамтай танилцсан. Тэр журамд төсөв зохиоход хэрэглэх ёстой гэсэн байгаа. Өнөөдөр тухайлбал, нэг байшин барья гэж төсөвлөхөд ийм ийм зардлуудыг оруулна гэдгийг заасан журам. Тэгвэл автозам бол гүйцэтгэлээрээ аль хэдийн хийчихсэн, өртөгт нь орсон зардлууд нь орчихсон, дээрээс нь тэрийг ямар зардлаар хийсэн, хаанаас авсан гэдэг энэ бүх зүйлүүд нь орсон байсан учраас энэ зааврын дагуу хийсэн нь буруу гэж үзсэн. Ямар ч ажлыг хийхэд зээл авч хийдэг. Ийм журам байсан. Эсвэл өөрийн хөрөнгө гаргаж хийдэг. Гэтэл өртөг гэдэг нь тэр санхүүжилтийнх нь хэсгийг оруулдаггүй зүйл шүү дээ. Тухайн байгууламжийг барихад ямар зардал гарч байна. Түүнийг л өртөг гэж байгаа юм.
-ТНБД-аар ажиллаж байхдаа 2013 оны есдүгээр сарын 13-ны 208-р тушаалаар дэд бүтцийн өргөтгөлийг худалдан авах, үнийг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлаад уг ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Содбаяр гэж хүнийг гэрчээр дуудан мэдүүлэг дээр автозамын нийт өртөг 122.3 тэрбум, НӨАТ-тэй нь 134.5 тэрбум. Тухайн хэсгийн ахлагч Бэхбатад танилцуулахад Шинэбаатар энэ өртгийг оруулж өг гэж шаардаад ам.доллараар хүснэгтэд оруулсан. Бэхбатын мэдүүлгээр ч гэсэн Шинэбаатарын шаардлагаар нэмэлтээр 134.5 тэрбум төгрөгөөр тогтоосон гэсэн. Та ямар ашиг сонирхлын үүднээс автозамын өртөг, зээлийн хүүг нэмэгдүүлж оруулсан бэ?
Шүүгдэгч Б.Шинэбаатар:
-Ажлын хэсгийн хүрээнд би хийх ёстой ажлаа л хийсэн. Ажлын хэсэгт ямар нэгэн чиглэл өгч байсан ямарч түүх байхгүй. Нарийн бичгийн дарга хэлсэн гээд байгааг бол би мэдэхгүй. Энэ асуудлыг ярьсан удаа надад байхгүй. Бэхбатын мэдүүлэгт намайг үүрэг өгсөн гэсэн ямарч үг үсэг байхгүй байсан.
-"Эрдэнэс Монгол" компанид зээл олгох асуудлаар Хөгжлийн банкны ТУЗ хоёр удаа хуралдсан байна. Та ТУЗ-ийн даргаар мөн Зам тээврийн хөгжлийн яамны ТНБД-аар ажиллаж байсан. Автозам, дэд бүтцийг худалдан авах, үнийг тогтоох ажлын хэсгийг томилоод ажиллаж байсан. Гэтэл Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд тухайн замыг барих, ашиглах хэрэгжүүлэх нөхцөлтэй гэрээний 10 жил ашиглаад төрд шилжүүлэх байсныг мэдээгүй. Мэдсэн бол хурал дээр өөр асуудал ярих байсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна. Та ямар учраас ТУЗ-ийн гишүүдийг мэдээллээр хангаагүй, танилцуулга дутуу хийж, ийм шийдвэр гаргуулсан бэ?
Шүүгдэгч Б.Шинэбаатар:
-Нэгдүгээрт ТУЗ-ийн гишүүдийг ямар нэгэн мэдээллээр хангах үүрэг надад байхгүй. ТУЗ-ийн дарга бол тухайн зээлийн хороогоор хэлэлцэгдээд оруулж ирсэн асуудлыг хэлэлцүүлээд саналыг нь сонсоод санал хураалтаар эцсийн шийдвэр гаргаж, олонх болсон нөхцөлд тухайн тогтоолыг гарын үсэг зурж баталгаажуулах л үүрэгтэй.
-Та өөрөө ажлын хэсэгт нь ажилчихаад ТУЗ-аар батлах нь хэр зохимжтой юм бэ?
Шүүгдэгч Б.Шинэбаатар:
-Мэдэхгүй. Яаж асуугаад байгааг чинь ойлгохгүй байна. Тулгаад байгаа юм уу? Тухайн үеийн Засгийн газрын л шийдвэрээр намайг томилсон байдаг. Өмнөх Засгийн газрын ТНБД нар чинь аль нэг ТУЗ-д очиж ажилладаг л байсан шүү дээ. Тэр журмаар л ажилласан.
Мөнхбатын өмгөөлөгч Хүрэлбаатар:
-Хөгжлийн банкны 2014 оны наймдугаар тогтоол гэж гарсан байдаг. Засгийн газрын тогтоол гаргуулаад дараа нь наймдугаар тогтоолоор зээл гарсан юм уу? гэдгийг асууя.
Шүүгдэгч Б.Шинэбаатар:
-Миний мэдэж байгаагаар Засгийн газрын 299-р тогтоол өмнө нь гарсан. Тэрний дараагаар ТУЗ-ын шийдвэр гарсан.
Иргэний хариуцагч "QSC" компанийн төлөөлөгч Энх-Амгалан:
-Манай компаниас танай байгууллагад дөрвөн ширхэг белаз худалдан санал хүргүүлсэн. Танайх болохоор хоёрыг нь авъя гэдэг шийдвэр хэлсэн. Хоёрыг нь авахгүй гэдэг байр суурьтай хүн байсан юм уу?Хоёрдугаарт, хоёрыг нь авахгүй гэдэг шийдвэр яагаад гарсан талаар мэдэж байгаа зүйл байна уу?
Шүүгдэгч Б.Шинэбаатар:
-Хоёрыг авъя гэдгийг бол ажлын хэсэг газар дээр нь очиж үзээд шийдсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд хоёрыг авах шийдвэр гаргаж байсан.
-"Эрдэнэт" үйлдвэр ямар үнээр белаз худалдан авдаг байсан юм бэ? Үнийн судалгааг яаж хийдэг байсан бэ?
Шүүгдэгч Б.Шинэбаатар:
-Үнийн судалгааг би өөрөө гардаж хийсэн удаагүй. "Эрдэнэт" үйлдвэрийн зах зээлийн хэлтэс, хангамжийн хэлтэс өөрсдөө судлаад саналаа гаргадаг. Надад танилцуулснаар бол 2016 оноос эхлээд ганцхан газраас авдаг байсан. Беларусийн үйлдвэрлэгчээс нь шууд авах боломжгүй. Зөвхөн "Юнайтед Белаз" гэх дистрибютерээс нь ав гэдэг нөхцөл байдаг. Тэдний санал болгосон үнэ нь хоёр сая ам.доллар болон түүнээс дээш байсан байна лээ.
-Н.Мөнхбат та Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж байсан Батбаярыг хэзээнээс эхэлж таньдаг вэ? Ямар харилцаа холбоотой байсан бэ?
Шүүгдэгч Н.Мөнхбат:
-2010 оноос ажлын харилцаатай. Би энэ хүнийг УИХ-д ажилладаг байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан. 2010 оноос 2012 он хүртэл ажилласан.
-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болох хүртлээ ажиллаж байсан гэж ойлгох уу?
Шүүгдэгч Н.Мөнхбат:
-Үгүй л дээ. 2012 оноос Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдоход нь зөвлөхөөр нь ажиллаж байсан.
-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болох хүртлээ энэ хүний зөвлөхөөр ажиллаж байсан уу?
Шүүгдэгч Н.Мөнхбат:
-Тиймээ.
-Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 299-р дугаартай тогтоолтой холбоотойгоор "Эрдэнэс Монгол" ХХК-д зээл олгох асуудлаар Хөгжлийн банкны зээлийн хороо гурван удаа, ТУЗ хоёр удаа хуралдсан байдаг. Хамгийн сүүлд ТУЗ-ийн 2014 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд төлбөрийг санхүүжүүлэх тухай зээлийн хорооны шийдвэрт заасан нөхцөлийг дэмжээд уг санхүүжилтийн эргэн төлөлтийг Улсын төсөвт тусган төлүүлэх, Засгийн газрын шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулах зээлийн нөхцөлийг зээлийн хороо дахин хэлэлцэж шийдвэрлэхийг гүйцэтгэх захирал Мөнхбат танд даалгасан. Гэтэл та санхүүжилтийн эргэн төлөлтийг Улсын төсөвт тусган төлүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гараагүй, гаруулах ажлыг зохион байгуулаагүй хэр нь үүрэг биелэгдээгүй байхад хоёр хоногийн дараа зээлийн хорооны 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцүүлсэн байна. Энэ ямар учиртай юм бэ? Өмнө нь тавьсан нөхцөлүүд чинь биелэгдээгүй байсан юм бишүү?
Шүүгдэгч Н.Мөнхбат:
-Энэ бол хууль зүйн буруу дүгнэлт юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогддог. Ямар нотлох баримт вэ гэвэл ТУЗ-ийн шийдвэр нь нэгдүгээр сарын арван хэдэнд гарч байсан. Зээлийн хорооны 2014 оны нэгдүгээр сарын 24-ний шийдвэрт бусад нөхцөлүүд хэсэгт зээлийг Улсын төсөвт суулгах хүртэлх хугацаанд зам ашиглалтын тарифын орлого болох мөнгөн урсгалаас эргэн төлөлтийг хийлгэх гээд хамтын шийдвэр гарсан байдаг. ТУЗ-ийн тогтоолыг өөрийг нь уншвал угаасаа Засгий газрын тогтоол гаргуулах ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх гэсэн байгаа. Тэгэхээр санхүүжилт олгохын өмнө Засгийн газрын тогтоол гаргуулна гэдэг ямар нэгэн нөхцөл ТУЗ-ийн тогтоолоор тавигдаагүй. Мөрдөгч, прокуророос ТУЗ-ийн тогтоолыг мушгин гуйвуулж, хүнийг яллахын тулд ашиглаж буй үйлдэл. Энэ тогтоолын үг үсгийг сайн харвал Засгийн газрын тогтоол гаргуулах ажлыг зохион байгуулах гэж бичсэн байгаа. Яагаад тэгэж бичсэн гэхээр ТУЗ-ийн хурлын аудио бичлэг, тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдсан гэж би ойлгож байгаа. Энэ хурлаар юу гэж яригдсан бэ гэхээр Хөгжлийн банк бол Засгийн газрын тогтоол гаргуулах эрх хэмжээтэй тийм байгууллага биш. Энэ Засгийн газрын тогтоол гарах эсэхийг бид мэдэгүй. Тогтоол гарвал бидэнд сайн. Мөн дараагийн тогтоолд зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг зээлдэгч талд даалгасан байдаг. Энэ нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Зээлийн хороо энэ асуудлаар гурван удаа шийдвэр гаргасан гэдэг нь худлаа. Гурав биш 5, 6-н шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэрүүд нь хавтаст хэрэгт бүрэн байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Ер нь энэ зээлтэй холбоотой 2013-2016 оны хооронд намайг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад удаа дараагийн шийдвэрүүд гарч байсан. Гуравхан шийдвэрээр энэ зээлийн үйл явц харагдахгүй. Үүнээс гадна яагаад Засгийн газрын тогтоол энэ тэр гээд ТУЗ дээр яригдаад байгаа юм бэ? Учир нь энэ чинь 100 хувь Засгийн газрын өмчтэй төрийн өмчит банк нь 100 хувь Засгийн газрын өмчийн "Эрдэнэс Монгол" гэдэг компанид зээл олгох ийм шийдвэр байхгүй юу. Төрийн байгууллагын хоорондын үйл ажиллагаа яригдаж байгаа учраас бид Засгийн газрын тогтоол, Улсын төсөв гэдэг зүйлсийг ярьсан. Гэтэл өнөөдөр "Энержи ресурс", "Говийн зам"-ын зээл гэж яриад байх юм. Үүнийг би огт ойлгохгүй байна. Энэ чинь "Эрдэнэс Монгол" ХХК-д олгосон зээл шүү дээ. Засгийн газрын тогтоолыг гаргуулаагүй байж гээд байна. Гэтэл зээлийн хороо удаа дараа шийдвэр гаргаад ажилласан. Тогтоол гаргах эсэхийг Засгийн газар өөрөө л мэднэ шүү дээ. Засгийн газар, сайд нар нь шинэчлэгдээд Хөгжлийн банкны ТУЗ нь ч шинэчлэгдээд гүйцэтгэх удирдлагын баг нь тэр чигээрээ шинэчлэгдсэний дараа 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-ын 81-р тогтоол гараад Засгийн газрын холбогдох тогтоол гараад Хөгжлийн банк санхүүгийн тайлангаа олон улсын стандартын дагуу цахимаар нийтэд нээлттэй байршуулсан. Энэ тайлангийн 27-р хуудсанд хэлснээр бол 2016 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Сангийн яам болон Монголбанк, Хөгжлийн банкны төлөөллүүд уулзаад энэ зээлийг Улсын төсвөөс биш "Эрдэнэс Монгол" компаниас төлөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр гарахад би ердөөсөө оролцоогүй. Надтай хамтарч бүлэглэсэн гээд байгаа хүмүүсийн хэн нь ч оролцоогүй. Ажил, албан тушаалаасаа буучихсан байсан. "Эрдэнэс Монгол" зээлээ төлөөгүй нь энэ шийдвэрээс гаралтай. Би үүнийг мөрдөн байцаах шатанд шалгаж тогтоогоочээ гэж хэдэн удаа хүсэлт тавьсан. Өөрсдөө хүлээж аваагүй шүү дээ. Та хариултаа сонсохгүй юм бол яах гэж асуудаг юм бэ, прокурор оо?
Холбоотой мэдээ