ФОТО:"Соёл-Эрдэнэ" хамтлагийн бөмбөрчин МУГЖ Б.Цолмонтой салах ёс хийв

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

ФОТО:"Соёл-Эрдэнэ" хамтлагийн бөмбөрчин МУГЖ Б.Цолмонтой салах ёс хийв

ФОТО:"Соёл-Эрдэнэ" хамтлагийн бөмбөрчин МУГЖ Б.Цолмонтой салах ёс хийв

ХХ зууны Зууны манлай "Соёл-Эрдэнэ" хамтлагийн бөмбөрчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Бадамын Цолмоныг гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч урлаг соёлын анд нөхөд нь эцсийн замд нь өнөөдөр үлдлээ. Гартаа цохиур атгаж төрсөн мэт гарамгай бөмбөрчин Б.Цолмон 44 жилийн турш "Соёл Эрдэнэ" хамтлагаар овогложээ. МУГЖ, "Чингис хаан" хамтлагийн Д.Жаргалсайхан түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн бичсэн дурсамж бичвэртээ "ХХ зууны Зууны манлай "Соёл-Эрдэнэ" хамтлагийн бөмбөрчин, Монгол улсын Гавьяат жүжигчин Бадамын Цолмон маань хүнд өвчинтэй хэдэн жил зориг, тэвчээртэй тэмцсээр 2023 оны 4-р сарын 25-ны өдөр өөрийн гэрт, эхнэр, хүүхдийнхээ гар дээр таалал төгслөө. Гайхамшигтай хөгжимчнөө алдсандаа Монголын рок, поп гэр бүлийнхэн гүнээ гашуудаж байна. Бадамын Цолмон шиг он удаан жил нэгэн хамтлагийн хэмнэлийг гартаа бүрэн атгаж чадсан хүн одоогоор Монголд үгүй ээ. Тэр он удаан жил Монголын рок хөгжмийн урлагийн гол хэмнэлийг тодорхойлж явсан гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. 1980 оноос Улсын Филармонийн "Соёл-Эрдэнэ" хамтлагийн бөмбөрчин болсноос хойш Монгол улсын нэрийн өмнөөс нэг биш удаа дэлхийн болон тивийн томоохон рок наадам, олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагнал хүртэн, монгол хөгжимчний авьяас чадал, эд бахыг үзүүлж явсан нь түүх болж үлдлээ. Хичнээн хол замыг хэдэн удаа давтан туулж, хөдөө хязгаар нутгийнхандаа цахилгаан хөгжмийн гайхамшгийг үзүүлж, улсын төсвийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж явсан нь түүх болж үлдлээ. "Соёл-Эрдэнэ" хамтлагийнхаа шинэ уран бүтээлд олон жил дараалан зодоглож, хэдэн арван хөгжмийн зохиолч, яруу найрагчдын бүтээлийг тайзнаа амьдруулахад тэр оролцсон юм. Эцсийн эцэст Гавьяат жүжигчин Бадамын Цолмон маань нэрт дуучин Б.Нандинцэцэг, Б.Баяр, алдарт гитарч Д.Галсанбат, Д.Дамдинсүрэн нарынхаа хайртай бөмбөрчин нь явсан юм. Тэднийхээ ард тоглож, нөхөрлөж явснаа өөрийн амьдралын хамгийн гэгээн сайхан үе, нэр төрийн хэрэг гэж бахархан ярьдаг хүн байлаа. Мөн агуу "Битлз"-ийн бөмбөрчин Ринго Стар тэртээ 1960-аад онд хөлсөө дусаан хэд хоног тоглосон Японы "Будокан" ордны тайзнаа 1991 онд "Соёл-Эрдэнэ" хамтлагтайгаа гарч "Чингис хаан"-аа магтан дуулснаа бахархан дурсах жигтэйхэн дуртай байв. Түүний хөгжимчний амьдрал Монголын хөгжмийн урлагийн "Зуун дамжсан рок хэмнэл" байсан нь үнэн. Рок хамтлагийн бөмбөрчин байна гэдэг, бүх насаараа бөмбөр дагнан тоглоно гэдэг ямар их тэвчээр шаардсан, яндашгүй хүнд хөдөлмөр гэдгийг тэр бусдад мэдрүүлж чадсаан. Тэглээ гээд тэр ядарлаа гэж ялархаж, зүдэрлээ гээд зүгээр суугаагүй юм. Хөгжмөө дээдэлж, рок урлагтаа үнэнч байсныг нь бүгд мэднэ. Гэхдээ л тэр ядарсан. Ямар сайндаа нэг удаа бидэнд "Хойд насандаа Цоомоо нь бас л хөгжимчин болж төрнө биз. Гэхдээ би лимбэчин болж төрнө. Энэ насных шиг бөмбөр зөөж, хураана гэхгүй амар, дөрвөн мөч зэрэг ажиллаад байхгүй бүр гоё. Хармаанаасаа лимбээ гаргаад л үлээчихнэ. Тоглолт дуусгаад буцаагаад хармаалчихна. Ёстой амар тээ…" гээд хөхөрч суусан сан хөөрхий. Энэ дэлхийгээс хэн ч амьд гарахгүй нь үнэн гэвч Бадамын Цолмон маань арай л эрт одлоо. Харамсалтай байна. Эцсээ хүртэл, чадлаа тасартал эдгэршгүй хүнд өвчинтэй эр хүн шиг тэмцсэнийг чинь гэр бүл, найз нөхөд нь сайн мэднэ ээ. Үнэнч найз байсны чинь төлөө бид үргэлж баярлаж явах болно. Эрхэмлэн хайрладаг эх орны чинь хөрс шороо зөөлнөөс зөөлөн өлгий чинь байх болтугай. Амар амгалангийн орондоо энх мөнх нойрсоорой Цоомоо. Гэр бүл, үр хүүхэд, шүтэн бишрэгч нарт нь гүн эмгэнэл илэрхийлье!" гэжээ.

Талийгаачтай салах ёс хийх ёслолд "Соёл-Эрдэнэ" хамтлагийн уран бүтээлчдээс гадна Монголын рок попын үе үеийн төлөөлөл, бөмбөрчид оролцов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж