Монголчууд мөрийтэй тоглоомонд "живж байна"

Хуучирсан мэдээ: 2023.05.01-нд нийтлэгдсэн

Монголчууд мөрийтэй тоглоомонд "живж байна"

Монголчууд мөрийтэй тоглоомонд "живж байна"

Монголчуудын дунд  мөрийтэй тоглоом, спорт бооцоо, коин, форекст мөнгөө алдсан хүний тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болов. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гээд нас, хүйс энд хамаагүй. Арван жилийн сурагч хүү найзынхаа утсыг ломбарданд барьцаалж спорт бооцоонд тавьж, гурван хүүтэй эцэг машинаа зараад форекст донтож, ач зээгээ хараад гэртээ суудаг эмээ хүртэл тэтгэврийн мөнгөө телевизийн сугалаанд барж сууна.

Амархан баяжиж, их мөнгөтэй болох хүсэл нь иргэдийг мөрийтэй тоглоомд донтуулж, эд хөрөнгө, аз жаргалаа золиослоход хүргэж байна. Олсноо мөрийнд үрж, дараа нь мөнгө болох бүхнээ зарж, барьцаалж эцэстээ бусдаас маш их хэмжээний мөнгө зээлж нэг л мэдэхэд их өрөнд, шоронл орно. Үүний улмаас гэмт хэрэг үйлдэх, гэр бүлээсээ салах, бүр цаашилбал амь насаа алдах эрсдэл ч гарах тохиолдол цөөнгүй. Монгол Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 578 гэмт хэрэг бүртгэгдэж, 189 хэргийг прокурорын байгууллагад шалгагдаж байгаа юм байна.

Мөрийтэй тоглоомд ялагч гэж байдаггүй. Мөрийтэй тоглоом таны амьдралыг "залгина" гэдгийг бүхнээ алдсан хойноо ухаардаг ч бүх зүйл ард үлдсэн байдаг. Мөрийтэй тоглоом бол нэг ёсондоо хар тамхи гэсэн үг.

Энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 20.17 заалтаар уг гэмт хэргийг зүйлчилсэн байдаг. Тодруулбал, олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол дээд тал нь таван жил хүртэл хорих ялтай. Цаашлаад мөнгө угаасан гэж үзвэл 12 хүртэлх жил хорих ялтай.

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, тоглуулсан хүмүүс л  хуулийн хариуцлага хүлээнэ гэж иргэд эндүүрдэг. Мөрийтэй тоглоом тоглож мөнгөө алдсан хүн хариуцлагаас мултарна гэж андуурдаг.  Гэтэл  хуулиар тоглосон, тоглуулсан хоёулаа эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг хуульчид анхааруулж байна.

Монгол Улсад “1xBet” “Linebet” “Bet365” гэх мэт гадаад улсын тусгай зөвшөөрөлгүй компаниуд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан бол Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсаас “1xbet.mn” цахим хуудасруу хандах эрхийг хааж, хар жагсаалтад оруулсан. Цаашид үүрэн холбооны дугаар болон гар утасны аппликэйшныг хаах талаар шат дараатай арга хэмжээ авч байна.

Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатарын 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Казино, болон мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын компаниудад Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар шат дараатай арга хэмжээ авах талаар мэдэгдсэн.

Мөрийнд донтсон хүмүүс барагтай бол гарч чаддаггүй. Алдах тусмаа улам шунадаг нь тэднийг амьдралгүй болгоход хүрдэг аж.  Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 1,000 гаруй харилцагчийн дансыг ашиглан, 2,000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байна гэх дүгнэлт гарсан байна. Тиймээс цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг чангалж, цагдах цаг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ХарамсалтайХарамсалтай
11
ХахаХаха
6
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж