Цаг агаар дулаарч урин дулаан болж нийслэлийн иргэд гэр хорооллын хашаа болон зуслангийн хашааны шар өвс, хогоо цэвэрлэж шатаах, санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гал алдах тохиолдол нэмэгдэж байгааг Онцгой байдлын газраас мэдээлж буй.
Нийслэлд өчигдөр шар өвсний дөрвөн удаагийн түймрийн дуудлага бүртгэгдэж алба хаагчид ажиллаж унтраалаа.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Хүрхээн аманд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр 12:30 цагт ирүүлжээ. Гал түймэр унтраах, аврах 14, 63 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн, "Sky" ресортын 20 ажилтан нэг га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 12:48 цагт цурманд нь оруулж бүрэн унтраасан байна.
Иймд та бүхэн хуурайшилтын аюултай үед ил задгай гал түлэхгүй байх, асаан шүдэнз, тамхины галаа сайн унтрааж байгаарай. Ганц шүдэнз, ганцхан цог таны болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд таамаглашгүй аюулыг дагуулах тул анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүйг мэргэжилтнүүд анхаарууллаа.