МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, Б.Сарантуяагийн "Saraa’s live concert" нэртэй тоглолт өнөөдөр /2023.04.29/ 17:00 цагаас "UG Arena"-д болно. Түүний хувьд жил бүрийн төрсөн өдрөөрөө сонсогч фенүүдтэйгээ учран золгож, хөг аялгуу түгээдэг. Тоглолтод 30 орчим дууг дуулахаар бэлтгэжээ. Мөн ая зохиогч, дуучин Б.Чойжоо, Наки болон бусад хамтлаг, дуучин оролцоно. Тоглолтын тасалбар 89 мянган төгрөгийн үнэтэй.
Поп хатагтай Б.Сарантуяа 16 настайдаа рок, поп урлагт хөл тавиж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлсэн. Үүнээс хойш 30 жил өнгөрсөн байна. Тэрбээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийтдээ 600 гаруй дууг дуулж, хамгийн олон цомог гаргасан дуучнаар шалгарсан байна. Мөн Монгол орноо таван удаа тойрон аялан тоглолт хийж, дэлхийн 10 гаруй орны 20 хотод бие даасан тоглолтоо хийжээ.
Дашрамд дурдахад поп хатагтай Б.Сарантуяа тун удахгүй бүүвэйн дууны цомог гаргах болсноо сонсогч фенүүддээ зарласан юм.
Холбоотой мэдээ