Газрын тос дамжуулах 530 км хоолойн угсралтыг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

Газрын тос дамжуулах 530 км хоолойн угсралтыг эхлүүллээ

Газрын тос дамжуулах 530 км хоолойн угсралтыг эхлүүллээ

Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын  1.2 тэрбум долларын хөнгөлттэй зээлээр барьж байгаа юм.

Монгол Улсад нефть химийн шинэ аж үйлдвэрийн салбарын суурийг тавих Газрын тос боловсруулах тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2021 онд эхлүүлсэн. Үйлдвэрийн байгууламж тус бүрийн төвөгшил, инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзан уг бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж байна. Эхний багц ажил буюу Технологийн бус барилга байгууламж (EPC 01)-ийн барилга угсралтын ажлыг 2021 онд эхлүүлсэн  бөгөөд одоогийн байдлаар 80 хувьтай үргэлжилж байна. Тус багцыг 2023 оны III улиралд багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Тэгвэл өнөөдөр /2023.04.28/II болон III дугаар багцад багтсан тус  үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд болон газрын тос дамжуулах хоолойн механик угсралтын ажлыг эхлүүллээ. Үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд болон түүхий тос дамжуулах хоолойн механик угсралтыг эхлүүлэх үйл ажиллагаанд БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин төр засаг, орон нутгийн байгууллагын удирдлагууд, их дээд сургуулийн төлөөллүүд, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх “Engineers India Limited” компани, Ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагууд, инженер, техникийн мэргэжилтнүүд оролцлоо.

Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 530 км урт, өргөх, халаах насос бүхий газрын тос дамжуулах хоолой нь Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19-р талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн талбай хүртэл баригдана. Уг дамжуулах хоолой нь газрын гүнд байрлах бөгөөд Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болох юм.

Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани 2022 оны сүүлээс ажлаа эхлүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд тус компани ажлын нарийвчилсан зураг, түүхий тосны шинжилгээ, суурь судалгааны ажлууд, технологийн зам зэрэг дэд бүтцийн ажлаа дуусгаснаар дамжуулах хоолойн барилга угсралтыг эхлүүлэхэд ийнхүү бэлэн болоод байгаа аж. Газрын тос дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley Parsons” компани хийж гүйцэтгэсэн байна. Харин үйлдвэрийн 2,3-р багц ажлын нарийвчилсан зургийн ажлыг Ерөнхий гүйцэтгэгчээс гадна Испанийн “Intecsa”, Италийн “STF Termotechnica” компаниуд гүйцэтгэж байна.

 “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: Газрын тосны үйлдвэрийн нэгдүгээр багцын ажил 2021 оны нэгдүгээр сард эхэлж байсан. Тэгвэл  энэ оны гуравдугаар улиралд багтаж байнгын ашиглалтад хүлээж авахаар ажиллаж байна. Өнөөдрийн арга хэмжээ бол үйлдвэрийн үндсэн технологийн байгууламж буюу EPC 02 дугаар багц ажил болон үйлдвэрийг цахилгаан, дулаан, уур, бүх төрлийн эрчим хүчээр хангах дулааны цахилгаан станц барих EPC 03 дугаар багц ажил ийнхүү зэрэг эхэлж байна.

Энэхүү II болон III дугаар багц ажлыг БНЭУ-ын "Megha Engineering Infrastructure Limited" компани гүйцэтгэж байна. Мөн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажлыг албан ёсоор эхлүүлж байна. Тус бүтээн байгуулалтыг БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани гүйцэтгэнэ. Үйлдвэрийн үндсэн технологийн барилга байгууламжууд II дугаар багц ажлын хүрээнд хийгдэнэ. EPC 02 багц ажлын хүрээнд атмосфер ба вакуум нэрлэгийн байгууламж, ханасан хий ялгах зэрэг үндсэн технологийн байгууламжууд, бусад дагалдах, туслах бүх төрлийн байгууламжууд, түүний дотор 49 агуулах сав резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэрэг байгууламжууд баригдахаар төлөвлөгдсөн. Энэ бол өргөн цар хүрээтэй ажил.  Харин EPC 03 багц ажлын хүрээнд үйлдвэрийг цахилгаан, дулаан уураар хангах 35 МВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц баригдана. ДЦС-ын уурын турбин генераторыг ХБНГУ-ын “Siemens” компани, уурын зуухыг тус улсын “ThyssenKrupp” компани үйлдвэрлэж байгаа аж.

Дээрх хоёр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын "Megha Engineering Infrastructure Limited" компани шалгарч, 2022 оны сүүлээр гэрээ байгуулан ажлаа эхлүүлсэн байна. Түүнчлэн EPC 04 буюу Үйлдвэрийн лицензтэй технологийн байгууламжуудын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендер дуусч, шалгарсан компанитай гэрээ байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна .Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүх багц ажлуудын гүйцэтгэгчид тодорч, барилга угсралтын ажил нэгэн зэрэг өрнөх нөхцөл бүрдэнэ. Бидний тооцоолж байгаагаар 2026 он гэхэд газрын тосны үйлдвэр бүрэн ашиглалтад орж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ.

Өөрийн орны газрын тосыг боловсруулж, эхний ээлжинд түлш шатахуунаар хангах энэхүү үйлдвэр бий болсноор улс орны эдийн засаг нэгэн хүчтэй тулах баганатай болж, шинэ техник технологийг дагаад бусад аж үйлдвэрүүд хөгжиж, Дорнын говь шинэ аж үйлдвэрийн төв болох болно. Тус үйлдвэрийг дагаад шинэ техник технологи олноор орж ирж, эдийн засаг солонгорох боломж бүрдэх юм. Түүнчлэн  тус үйлдвэр 1000 гаруй хүн ажиллах тооцоо гарсан. Нэгдүгээр багц ажлын хүрээнд 350 орчим монгол ажиллагсад, 280 Энэтхэг ажилчид ажилласан байна

Цаашид үйлдвэр ашиглалтад орсноор хүний нөөцийн хувьд бэлэн байдлыг хангахын тулд гадаадад газрын тосны нөөцөөр суралцаж байгаа оюутнуудыг урихаас гадна, ШУТИС-тай хамтраад Газрын тосны инженерчлэлийн бакалаврын анги нээж, жил бүр тодорхой тооны залуусыг бэлдэж байна. Мөн БНЭУ-ын Засгийн газраас боловсон хүчин бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулж, үнэ төлбөргүйгээр жил бүр 40-50 инженерийг гурван сарын хугацаатай сургаж байгаад талархаж байна. Тийм учраас төсөл цаашид төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжиж, ашиглалтад орно гэдэгт итгэл дүүрэн байна.

 

БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх: Бид 2021 онд энэхүү төслийг -35 хэмд эхлүүлж байсан бол нэгдүгээр багц ажлаа дуусгах шатандаа орж өнөөдөр II болон III дугаар багцын ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Бид бүхний хамтдаа бүтээж байгаа бүтээн байгуулалтын ажил Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох тэр мөчид нэг алхамаар ойртож байна. Бид энэхүү төслөө дөрвөн жилийн дараа бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Дорноговь аймгийг дэлхийн энергийн төв хэмээн ярьдаг. Бид газзрын тосны үйлдвэрийг амжилттай байгуулснаар Дорноговь аймагт хоёр дахь энергийн төв бий болно гэж бодож байна. БНЭУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус үйлдвэрийг барьж байгуулж байна. Үргэлж дэмжиж, хамтарч ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар болоод орон нутгийн удирдлагууддаа маш их баярлалаа. Бид энэхүү төслийг 2018 оноос эхлүүлсэн.  Үүнээс хойш дэлхий нийтэд хоёр том үйл явдал өрнөсөн. Нэгдүгээрт цар тахалтай холбоотойгоор эрүүл мэнд, эдийн засгийн салбарт олон бэрхшээл үүссэн бол дараа нь геополитикийн асуудлаас үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Бидний хувьд байж болох хамгийн бага төсвөөр үйлдвэрээ барьж байгуулах зорилго тавьж байна.

Эм И Ай Эл Интернэшнл ХХК-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Мурали Кбвс: Энэ төслийг эхлүүлснээс хойш дэд бүтэц, инженерчлэлийн ажилд ихээхэн анхаарч ажиллаж байна. Бид 2022 оны арванхоёрдугаар сараас хойш нийт 44 ширхэг машин механизм, тоног төхөөрөмжийг захиалж авч ирсэн. Мөн зээлийн хэлэлцээрүүд дээр тодорхой хэмжээний хэлэлцээрүүд хүлээгдэж байна. “Megha Engineering Infrastructure Limited" компани БНЭУ-ын дэд бүтцийн салбарын том тоглогчдын нэг. Дэлхийн 20 гаруй орондд төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Манай групп 20 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани. Манай компани төлөвлөсөн хугацаандаа ажлаа бүрэн дуусгана гэдэгтээ итгэлтэй байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн багц бүрийн ажил өндөр төвөгшилтэй, нарийн мэргэжил мэдлэг, туршлага шаардсан өргөн цар хүрээтэй ажлууд учраас өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтад Энэтхэг, Хятад, Итали, Франц, Герман, АНУ, Нидерланд, Испани, Канад зэрэг улс орнуудын инженер, техникийн мэргэжилтнүүд оюун ухаан, хүч, сэтгэлээ шингээн ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.

 

.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж