ОХУ өнөөдөр /2023.04.28/ Украины хотууд руу 20 гаруй далавчит пуужин, хоёр нисгэгчгүй онгоц харважээ. Киевээс өмнө зүгт 215 км зайд орших Уман хотод харвасан хоёр пуужин орон сууцны байшинг оносноор дор хаяж зургаан хүн нас барж, 17 хүн шархдав. Мөн гурван хүүхдийн нуранги доороос эсэн мэнд гаргаж авчээ. Мөн Днепр хотод ээж, охин хоёр пуужингийн цохилтод өртөж нас барсан гэх мэдээлэл байна.
Агаарын цохилтын дараа энгийн иргэд цэргүүд болон онцгой байдлынхантай хамтран ажиллаж, олон хүнийг аварч чаджээ.
Украины нисэх хүчин 23 пуужингийн 21-ийг нь, мөн хоёр нисгэгүй онгоцыг хоёуланг нь сөнөөж чадсан гэв. Пуужин, нисгэгчгүй онгоцуудыг саатуулж чадсан ч унасан хэлтэрхийнүүд нь Киев хотын зарим хэсэг цахилгааны шугам, замыг гэмтээсэн байна. Киев хотод агаарын довтолгооны дуут дохио өглөөний 04:00 цагт дуугарч эхлээд хоёр цаг орчим үргэлжилжээ. Энэ бол гуравдугаар сарын 9-нөөс хойш нийслэл Киев рүү халдсан анхны тохиолдол юм. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйгийн мэдэгдсэнээр оросууд Каспийн тэнгис дэх хөлөг онгоцноос пуужинг харвасан байна.
Эх сурвалж: EURO NEWS
Холбоотой мэдээ