"Дайны хор уршгийн тухай гэрэл зургаараа дамжуулахыг хүссэн"

"Дайны хор уршгийн тухай гэрэл зургаараа дамжуулахыг хүссэн"

"Дайны хор уршгийн тухай гэрэл зургаараа дамжуулахыг хүссэн"

Имад гэх нэртэй 20 настай ливан хүү өөдөөс минь цоо ширтэнэ. Нүднийх нь харц нэг л гунигтай…Тэрээр 1984 онд 20-хон насандаа Ливанд өрнөсөн иргэний дайны үеэр сураггүй алга болсон олон мянган хүмүүсийн нэг. Төрсөн эгч нь түүний жижиг зургийг бариад, Ливаны Бейрут хотын төвд байрлах майханд өдөр бүр суудаг байж. Тэр майханд түүн шиг хайртай дотны хүнээ хайж, цөхрөнгөө барсан олон мянган хүний ар гэрийнхэн цуглаж, тайван жагсаал хийдэг байсан тухай баримтат гэрэл зурагчин Виссам Хури  ярьсан юм. Тэрбээр дайны хор уршгийг тухай өгүүлэх "Хулгайлагдсан амьдрал" баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгээ Монголд анх удаа дэлгэсэн нь энэ.

Виссам Хури бол Ойрхи Дорнодоос гаралтай баримтат гэрэл зурагчин. Тэрбээр Ливан, ОХУ, Беларусь орнуудад боловсрол эзэмшсэн уран бүтээлч бөгөөд Зүүн Европ, Кавказ, Төв Азийн хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй газруудыг нээн, гэрэл зургаар дамжуулан тэмдэглэж үлдээхээр зорьж буй аж. Тэрбээр баримтат гэрэл зургийн "Хулгайлагдсан амьдрал" үзэсгэлэнгийн бүтээлээ 2010-2016 оны хооронд зургаан жилийн хугацаанд судалж, хийсэн байна.

-Монголд анх удаа ирж байна уу. Энд ирэхийн өмнөх таны төсөөлөл ямар байсныг сонирхож болох уу?

-Би Монголд анх удаа ирж байна. Анхны сэтгэгдэл маш сайхан байна. Монголын уудам тал нутаг, ард түмэн, соёл нь их онцлог санагдлаа. Миний хувьд Монголд ирсэн даруйдаа  Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд амьдардаг цаатан хүмүүстэй уулзахаар зорин очсон. Миний хувьд дэлхийн 18 улсад очиж, аялсан. Тэр дундаас Монголын онгон зэрлэг байгаль, хүн ард нь сэтгэлийг минь үнэхээр их татлаа. Яг кинонд гардаг шиг үзэсгэлэнт байгальтай юм.

Байгаль дэлхийн өнгө, хүмүүсийн царай төрх их гүн сэтгэгдэл төрүүлж байна.

-Та ганцаараа аялдаг юм уу?

-Тийм ээ. Би ганц бие хүн. Тийм учраас дэлхийн улс орнуудаар ганцаараа аялдаг. Энэ удаа ч гэсэн Монголд ганцаараа ирсэн. Нэг хэсэг Саудын арабад ажиллаж байсан. Монголд тогтвортой ажлын байр олдвол амьдрахыг хүсч байна. Ливан дахь найзууд маань надаар дамжуулан монгол орны тухай сонирхож, их асууж байгаа. Дараа өөр хүмүүстэй хамт ирж магадгүй.

-"Хулгайлагдсан амьдрал" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнд дэлгэсэн Имад хүүгийн хөрөг нүдэнд туслаа. Энэ хөргийг хэрхэн гэрэл зургийн хальсанд буулгасан тухайгаа ярьж болох уу?

-Ливан улсын нийслэл Бейрут хотод иргэний дайны үеэр сураггүй алга болсон хүмүүсийг хайж буй ар гэрийнхэн асар майхан босгож, тайван жагсаал цуглаан хийдэг байсан юм. Тэр майханд алба болсон хэдэн мянган хүний зураг өлгөөтэй байдаг байлаа. Одоо тэр майхан байхгүй болсон. Хүмүүс ах дүү, хамаатан саднаа хайж, тэнд жагсдаг байсан. Тэр үед би сураггүй алга болсон Имад хүүгийн эгч дүүгийнхээ хуучны жижиг зураг бариад сууж байхад нь ярилцаж, танилцсан.  Түүнд жижиг гэрэл зургийг нь сэргээж, томоор хэвлэж өгч тусалсан. Дараа нь эгчийнх нь гартаа барьсан хүүгийн хөрөг зургийг нь авсан юм.

Би энэ хөргийг төслөө эхлүүлэхээс өмнө 2010 онд авсан. Миний хувьд эхний нэг жил фото зураг авалгүйгээр сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхэнтэй танилцаж, ярилцдаг байсан. Тэгээд дараа жилээс нь баримтат гэрэл зургаа авч эхэлсэн. Учир нь жагсаал хийж буй ар гэрийнхэн хэвлэлийнхнээс залхсан байсан.

Ливаны үе үеийн эрх баригчид 1990 онд дайн дууссанаас хойш сураггүй алга болсон болон албадан сураггүй болгосон хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх, энэ асуудалд зохих хэмжээний санаа тавьж ажиллаж чадаагүй. Тэд дайны жилүүдэд амь үрэгдэгсдийн ар гэрийнхний гаргасан нэхэмжлэлийг үл тоомсорлож, өнөөг хүртэл шийдвэрлээгүй үргэлжилсээр байна.

-Энэ гэрэл зургаараа Европын холбооны нэрэмжит шагнал хүртсэн гэсэн үү?

– Тийм ээ. Энэ бүтээлээр Ливан дахь Европын холбооны нэрэмжит хүний эрхийн шагналыг 2018 онд хүртэж байсан. Ливанд өрнөсөн иргэний дайны үеэр буюу 1975-1990 оны хооронд 150 мянга гаруй хүн нас барж, 17 мянга орчим хүн сураггүй алга болсон. Тэр дунд албадан зохион байгуулалттайгаар сураггүй болсон хүмүүс байсан бөгөөд олон мянган хүн шархдан, гэр орноосоо дүрвэхэд хүрсэн байдаг. Түүнчлэн улс орны бүхий л түвшинд нөлөөлсөн асар их хэмжээний сүйрэл, материаллаг хохирол учирсан.

Ливаны иргэний дайны хор уршгийн тухай гэрэл зургаараа дамжуулан дэлхийн бусад улс орнуудад ойлгуулж, харуулахыг зорьж байна.

Ливан улсын Бейрут хотод "Хулгайлагдсан амьдрал" үзэсгэлэнгээ нэг удаа гаргаж байсан. Мөн хэд хэдэн хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан. Одоо энэ үзэсгэлэн миний дөрөв дэх бие даасан үзэсгэлэн болж байна. Харин гадаадад дэлгэж буй анхны бие даасан үзэсгэлэн болж байгаа.

-Иргэний дайны үеэр аллага болсон газрыг шөнийн клуб болгосон тухай гэрэл зургаар харуулжээ. Энэ ямар учиртай зураг вэ?

-Ливан улс нэг талаараа Сири, нөгөө талаараа Палестин улстай хиллэдэг. Тус хоёр улсын дунд орших 4 сая орчим хүн амтай, жижиг улс. Иргэний дайны үед Бейрут хотын Карантина гэдэг газарт маш олон хүнийг оршуулсан байдаг. Хэдий дайн болж байсан ч хүмүүс үдэшлэг хийж, тусгай код хэлж ордог нэвтэрдэг байж. Энэ газрыг хожим сэргээж, одоо газар доорх шөнийн цэнгээний газар болгосон. Нэрийг нь тухайн үеийн код болох "В018" нэрлэсэн.

Энэ газарт Палестинаас дүрвэж орж ирсэн иргэд их амьдардаг болсноор христ болон лалын шашинтнууд хагаралдаж, хэдэн мянган хүн амь үрэгдсэн. Энэ клубт амиа алдсан маш олон хүмүүсийн сүнс хамт бүжиглэж байна гэсэн утга санаатай бүтээл юм.

Иргэний дайны удирдагчид, дэмжигчид ард иргэдийнхээ дунд амьд сэрүүн, амьдарч, Ливаны нийгмийн салшгүй хэсэг болон одоог хүртэл чөлөөтэй явсаар байна. Тэд одоо дайны үеийнхээсээ ашиг сонирхлын ялгаатай тус бүрийн ажлыг эрхлэн амьдарч байна. Гэсэн хэдий ч эдгээр хүмүүс дайны үеийн тод дурсамжаасаа салаагүй.  Ливаны засгийн газар 2000 онд улс орны янз бүрийн газарт цогцсуудыг хаяж, заримыг нь олноор булшлуулсныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Үүнд, гурван оршуулгын газрыг тусгайлан дурдаж, мөн иргэний дайны үеэр зарим цогцсыг далайд хаяж байсан тухай мэдээлж байсан.

-Монгол, Ливан улсын төстэй болоод ялгаатай талыг сонирхож асуумаар санагдлаа?

-Монгол хүн эх орондоо хайртай, үндсэрхэг үзэлтэй ард түмэн. Дэлхийн хаана ч явсан төрсөн нутагтаа элэгтэй гэх үү. Харин Ливан улсад тийм биш. "Би Ливан улсын хүн" гэсэн үзэл байдаггүй. Хэн ч улсаараа овоглодоггүй. "Би Ливанд байдаг христийн шашинтан" гэж ярьдаг. Эх орноосоо илүү шашныхаа бүлэгт харьяалагддаг. Харин төстэй тал гэвэл хотын түгжрэл, жолооч нарын түрэмгий зан гэх үү дээ. /инээв/

Ийнхүү Ливан улсын баримтат гэрэл зурагчин Виссам Хуригийн "Хулгайлагдсан амьдрал" гэрэл зургийн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 21-29-ний өдрүүдэд "Монгол Арт" галерейн танхимд үзэгчдийн хүртээл болж байна. Та бүхэн зорин очихыг урья.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-28 84.54.78.254

искренние слова!!!

Avatar

Нэргүй 2023-04-28 66.181.182.18

5-10 жилийн дотор лалыхан манай хөдөө нутагт суурьшиж эзэгнэх нь дээ.

Avatar

http://share.hiub.mn/download.htm?id=8loijd8ed80b1bced95soub2b 2023-04-28 66.181.161.157

http://share.hiub.mn/download.htm?id=8loijd8ed80b1bced95soub2b

Avatar

Нэргүй 2023-04-28 202.21.105.7

Монголчууд гадаадад цагаачлахдаа энэ мэт өрөвдмөөр түүх ярьсаар байгаад иргэншил авдаг.

Avatar

Нэргүй 2023-04-28 82.132.229.171

ийм түүх монгол ямар ч хүнд байхгүйг ДЭЛХИЙ мэднэ. Монголчууд гадаад орнуудад иргэншил хүсэхдээ тэдгээр улсынхаа хууль дүрмийн дагуу юм уу.тэдний хуулийн өөрт таарч болох цоорхойг муухайгаар хэлбэл овжиноор сайхан хэлбэл ухаалгаар ашиглаж иргэншил авдаг. манайд дайн , өлсөглөн, гуйланчлал, сураггүй болох ах дүүсээсээ төөрөх самуун байхгүйг дэлхий мэднэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж