“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тус компанийн ТУЗ-өөс гаргасан шийдвэрийн талаар тодрууллаа.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас ямар шийдвэр гаргасан бэ. 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд хэзээнээс олгох боломж байна вэ?
-Өнгөрсөн 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан талаар ТУЗ-д танилцуулсан. Онцгой дэглэмийн хугацааг УИХ-аас зургаан сараар сунгасан. Энэ нь санхүүгийн болон уурхайн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, биржээр, нүүрсээ арилжаалах үйл ажиллагааг тогтворжуулж, компанийн хэвийн үйл ажиллагааг хангасны дараа ногдол ашгийг хуваарилахыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг асуудал ТУЗ-д яригдсан. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг тараах нь энэ оны аравдугаар сарын 26-нд шийдвэрлэх бүрэн бололцоотой.
-Онцгой дэглэм сунгасныг сонгуультай холбон тайлбарлаж байна?
-Сонгуультай холбон ойлгох нь хэтэрхий өрөөсгөл. Өр төлбөрийн хувьд бид зургаан сарын хугацаанд 1.5 их наядын өр төлбөр барагдуулсан. Цаанаа нь 2.5 бараг гурав орчим их наяд төгрөгийн төлбөр байна. Биржийн арилжааг идэвхжүүлэх, тогтворжуулах, санхүүгийн хувьд асуудалгүй болгох шаардлага байна. Нөгөө талдаа нэг компанид БЭТ байнга ажиллах боломжгүй.
-Иргэдийн зүгээс нас барсан иргэдийн хувьцааг яах вэ гэдгийг асууж байна?
-Хуулиараа 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн иргэдэд хувьцаа оногдож байна. Шинээр төрсөн хүүхдийг бүртгэх боломжгүй. Нас барсан иргэдийн хувьцаа хасагдахаар байна. Гэхдээ Засгийн газарт, дээрх чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан, судалгаа хийж байна. Зургаан сарын хугацаанд мөн шийдэл гарах байх.
-Цаашид жил бүр хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгож чадах уу?
-"Эрдэнэс Тавантолгой" компани, компанийнхаа зарчмаар ажиллаад ногдол ашгаа тараадаг байх ёстой. Гэхдээ улс төрийн зорилгоор биш санхүүгийн нөхцөл байдлаа үндэслэн ТУЗ-д танилцуулаад, шийдвэрийг ТУЗ гаргадаг байх харилцааг бид хэвшүүлнэ. Өнөөдрийн байдлаар компанийн үйл ажиллагаа тогтворжсон гэж хэлэх хараахан болоогүй байна. Бүх нүүрсээ биржээр арилжаалахыг хэвшүүлэх шаардлага байна. Нөгөө талдаа угаах үйлдвэрийг ашиглалтад оруулах, санхүүжилт оруулах шаардлага байгаа. Угаах үйлдвэр 30 гаруй хувьтай байна. Цаашид дахин санхүүжилт хэрэгтэй.
Холбоотой мэдээ