"УИХ-ын өнөөдрийн /2023.04.28/ чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэх /Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023.03.29-ний өдөр ирүүлсэн/
- Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлан хэлэлцэх /Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээс 2023.03.30-ны өдөр ирүүлсэн/
- Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас Эрчим хүчний сайдад хандаж “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
"Манай улсын хамгийн хөгждөггүй салбар эрчим хүч"
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Асуулга тавьсан мэдээллүүд жаахан дутуу байна. Манайулсын хамгийн хөгждөггүй салбар эрчим хүч. Өвлийн утаа бол манай эрчим хүчний салбарын байж байгаа байдал гэсэн үг. ОХУ-аас импортлоод байдаг. Өмнөговьд бэлэн худалдан авагч нь байхад л үйлдвэрээ барьж чадахгүй байна. Нүүрсээ галлана гэдэг. Нүүрсээ галладаг цахилгаан станцыг санхүүжилтыг дэлхий даяар өгөхөө больчихсон байгаа. Тэгсэн мөртлөө манай хөгжлийн зориулалтууд дээр дандаа нүүрсээр галладаг цахилгаан станцууд багтжээ. Дэлхий дээр санхүүжилт нь байхгүй байхад үүнийгээ эргэн харах бодлого байна уу? Тендэр хоёр удаа зарлаад хүн ороогүй гэж байна. Үүнийгээ яах вэ? Улаанбаатарын дулааны асуудлыг яаж шийдэх вэ? Сайжруулсан түлшний технологийн горим алдагдсан гэсэн. Үүнийгээ яаж шийдэх вэ? 75 тэрбум төгрөгний алдагдалтай ажиллажээ. Үүнийг яаж бууруулах вэ гэхээр эрчим хүчний үнээ нэмнэ гэдэг. Гэтэл танай салбарын сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхиар хангаж байгаа хэсэг чинь 9-10 цент байна. Нүүрсээр галлаж байгаагаас 2-3 дахин үнэтэй гэж хэлж байна. Нар, салхиар эрчим хүч өгдөг технологи дэлхий даяар хямдарчихсан ш дээ. Ер нь 2-3 центний хооронд нийлүүлдэг, үйлдвэрлэдэг боломжтой болчихсон. Гэтэл манайх хуулиараа өндөр тариф тавьжээ. Сэргээгдэх эрчим хүчний компаниуд өнгөрсөн жил 80 тэрбум төгрөгний ашигтай ажиллажээ. Би буруутгаж байгаа юм биш. Гэхдээ үнээ хэзээ эргэж харах вэ? Зүгээр айл болгоны цахилгааны мөнгөнөөс авч байгаа ш дээ. Цаг үетэйгээ хэзээ хамт явах вэ? Эрчим хүчний дотоодын хэрэгцээг хэзээ бүрэн хангах вэ? Найдвартай ажиллагааны тал дээр метаны хийгийн нөөц замбараагүй их бий. Энэ тал дээр ямар ажил хийж байгаа вэ? Уран энэ тэрээ ашиглах юм уу? Бодитой өмнөхөө харвал нүүрс санхүүжилт байхгүй. Хамгийн экологийн цэвэр эрчим хүч бол метаны хий, уранаас л гарахаар байна. Усан цахилгаан станцыг Оросууд явуулахгүй нь тодорхой байна. Метан хийгийн хангалттай нөөцтэй ч энэ тал дээр төсөл хөтөлбөр алга. Судалж байгаа л гэнэ.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Бодит байдлаа шулуухан яръя. Нар, салхийг дэмжье гэхээр тохируулгын функцгүй болоод дэмжиж чадахгүй байна. Тиймээс нүүрс рүү явж байгаа юм. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын тухайд Хятадын улсын дарга 2021 оны намар НҮБ-ын индэр дээр амлахаас өмнө хятадууд санхүүжүүлээд эхэлсэн учир дэмжигдсэн. Багануурын цахилгаан станцыг мөн эхэлсэн байсан учир дэмжигдсэн. Эх үүсвэр нь бүтэх учраас би ярьж байгаа юм. Тавантолгойн цахилгаан станцын тухайд 30 хувийг нь Эрдэнэс Тавантолгой гаргана гэж тогтоолын төсөл гарсан. 400 орчим сая ам.долларын санхүүгийн эх үүсвэрийг босгоод ороод ирье гэсэн хэд хэдэн компанитай уулзсан. ТЭЦ-3-ын өргөтгөлийг ОХУ-ын экспортын зээлээр санхүүжүүлнэ гэж ярьж байгаа. Энэ станцуудыг ашиглалтад оруулбал ерөнхийдөө эрчим хүчний дутагдлаасаа гарна. Нэгэнт 2022-2023 оны өвлийн ид оргил ачааллыг бид давлаа. Багахан шиг хязгаарлалт хийлээ. 2023-2024 оны өвлийг ч давна. Бэлтгэл ажлаа хангаж байна.
"Эрдэнэбүрэн ажиллавал Хятад, ОХУ-аас тохируулгагүй бие даан ажиллах боломжтой"
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
–Хоёр асуулт байна. Улаанбаатараас алслагдах тусам ард иргэдийн орлого буурч, зардал ихэсдэг. Хамгийн өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн, бензин шатахуун, эрчим хүчийг баруун аймгийнхан хэрэглэж байна. Үүнийг шийдэх гээд л Эрдэнэбүрэнгийн станц, цементийн үйлдвэр, малын гаралтай түүхий эд боловсруулах парк , зам гээд яваад байгаа юм. Харамсалтай нь, үүнийг эсэргүүцсэн хүмүүс их байна. Сая Ерөнхийлөгч Эрдэнэбүрэнгийн барилга барих газар дээр очсоноос хойш хэсэг нөхдүүд Эрдэнэбүрэн шиг муу юм алга, байгаль орчинд сөрөг нөлөөтэй, Хар ус нуур ширгэнэ, цөлжилт бий болно гээд яриад эхэллээ. Чойжилсүрэн сайд ч өөрөө очсон. Гэтэл таны танилцуулгыг харахаар нар, салхины станцаас илүү усан цахилгаан станц хэрэгтэй гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож байна. Дулааны станцаас татгалзаж байна. Та бас сая гадаргын болон гүний усны нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн. Орчны чийгшил бий болно гэсэн. Энэ байр суурь тань зөв үү? Ард иргэдийн ойлголт өөр байна. Байгаль орчны үнэлгээ сайн хийсэн үү? Та зөв мэдээлэл өгөөч. Тэгэхгүй бол Ховд гол, Хар ус нуур ширгэнэ гэдэг зүйл их явж байна. Хоёрдугаарт, нөхөн олговор. Иргэд их асуудалтай байна. Усан сан бий болох газар яахын аргагүй нөхөн олговор олох ёстой. Увс, Баян-Өлгий аймгийн иргэдэд. Станц баригдахад түр зам баригдана. Түр зам дээр тоосжилт үүснэ. Үүнтэй холбогдуулан Эрдэнэбүрэн сумын иргэд тоосжилтыг ярьж байна лээ. Үнэхээр асуудалтай учир бидэнд нөхөн олговор олгооч гэсэн. Тиймээс энэ дээр хэрхэн нөхөн олговор олгох вэ? Дахин ярих боломжтой юу? Цахилгааныг нарнаас, салхинаас гарган авч болдог. Заавал Эрдэнэбүрэнгээс гаргаж яах гээд байгаа юм бэ гэнэ. Энэ дээр мэдээлэл өгнө үү?
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Та бид Ерөнхийлөгчтэй хамт ажилласан. Цөлжинө гээд улс төрийн юм байлгүй. Цөлжихгүй. Харин ч ус хуримтлагдана. Улстөржүүлж байна гэж хардахаас. Нөхөн олговор дээр усан сан бүрэлдэх дээр 270 өрх нөлөөлөлд автаж буй. Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багт 125, Баян-Өлгий аймгийн Баяннуур талаасаа 145 өрх гээд нийт 1241 иргэн усан сан бүрэлдэх хэсгээс нөхөн олговор авч байгаа. Энэ 270 өрх усан сан бүрэлдэж байгаа учраас нүүж явахаас өөр аргагүй. Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэг хийхээс өөр арга байхгүй. Иргэн бүрт нь 15.2 сая төгрөг өгөхийг Засгийн газар шийдээд улсын төсөвд суулгасан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн талаасаа станц баригдах үед тоосжилт үүсэхийг үгүйсгэхгүй. Нөхөн олговор өгөөч гэсэн хүсэлт тавьж байна лээ. Энэ асуудлыг судлъя. Мөн ялгаагүй Өмнөговь сум, Баяннуур сумаас биднийг дутуу орхисон гэх гомдол бий. Тиймээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсэн компанийг дахин нэмэлт асуудлаар энэ маргаануудыг цэгцлэхээр ажиллаж байгаа.
Нар, салхины станцууд ойлгомжтой ш дээ. Нар жаргахаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхгүй, салхи зогсохоор эрчим хүч үйлдвэрлэхгүй. Ямар ч хэрэглэгч нар, салхигүй үед миний хэрэглээг хязгаарла гэж зөвшөөрөл өгөхгүй. Тиймээс нөөцлөх шаардлага бий. Ус бол давуу тал нь хэрэглээ өсөнгүүт усаа нэмээд л турбин нэмж ажлаад л богино хугацаанд үйлдвэрлэх эрчим хүчээ нэмэх боломжтой. Нар, салхи, ус гурав нэг ангилалд орохгүй. Нүүрснээсээ ч илүү давуу чадалтай. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц ашиглалтад орвол Хятад, Оросоос тохируулгын функцгүй бие даан ажиллах бололцоотой. Учир нь хэрэглээ ихсэх үед үйлдвэрлэлийг нь нэмнэ. Буурсан үед бууруулна. Тохируулгыг нь давхар шийднэ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Та сайн тайлбарлалаа. Гэхдээ усан цахилгаан станцыг байгальд ээлтэй гэдгээр нь нэмэлт тайлбар өгөөч. Ялангуяа баруун бүс нутагт Тайширын цахилгаан станц, Дөргөний цахилгаан станц баригдсан. Бүгдээрээ л асуудалгүй ажилладаг гэж ойлгож байгаа. Эдгээр нь сөрөг талтай байсан уу? Эрдэнэбүрэнгийн станц 1968 оноос хойш яригдсан. 50 гаруй жил яригдаж байна. Энэ төслийг явуулчих гэхээр гацаа гарч ирээд байх юм.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Тантай манай яам бүрэн дүүрэн санал нийлж байгаа. Нэмж хэлэхэд, усан цахилгаан станц нь 271 орчим сая ам.доллараар баригдаж байгаа. Эхний 18-19 жил буюу 2045 он хүртэл эрчим хүчний үнэ тариф өндөр байна. 7-8 центээр баруун бүс рүү нийлүүлнэ. Эхний хөрөнгө оруулалтаа нөхөөд дууссаны дараа урсгал зардал их багатай. Бараг 100 жил хямдхан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Хоёрдугаарт, тохируулгын функцээ хадгална.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихгүй юм бол Баянхонгорын Байдрагийн гол дээр барьчаач. Байдрагийн голын ТЭЗҮ юу болж байна вэ?
"Эрдэнэбүрэнгийн урьдчилсан бэлтгэл 2024 онд бүрэн дуусна"
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Баруун бүс хамгийн үнэтэй цахилгаан, дулааныг хэрэглэдэг. Тэр дундаа Говь-Алтай аймаг. Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг гэдэг шиг дулааны цахилгаан станцуудаа гуйгаад явдаг тогтолцоо байна. Тиймээс хамгийн чухал нь Солонгосын Эксим банкны санхүүжилтээр баригдах баруун бүсийн дулааны цахилгаан станцын асуудал юм. Одоо 10-9 аймагт хэрэгжих юм байна. Баахан тууз хайчлаад нээлтээ хийчихсэн. Сая сайдын хэлснээр үнэ нэмэгдэх нь ойлгомжтой юм байна. Цар тахлын өмнө учир үнэ нэмэгдэнэ эсвэл хэрэгжихгүй гэж байгаа юм байна. Төсөл хэрэгжих шаардлагатай байгаа учир үнийг нь нэмээд магадлан хийлгэе гэж байх шиг. Хэзээ магадлан дуусах вэ? Нэг хугацаа хэлээч. Ингэж байгаад 2024 онд ашиглалтад орж чадахгүй байх вий дээ. Тэгвэл одоо баруун бүсийн иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл байдал хүнд байдалд орох нь ээ. Хоёрдугаарт, Дорноговь аймагт байдаг сэргээгдэх эрчим хүчний юмаа цэгцлэж чадаж байгаа юу? Ашигласан ч мөнгө төлдөг, ашиглаагүй ч мөнгө төлдөг. Шүүхдээд баахан мөнгө Монгол Улс төлөх болчихсон. Энэ гэрээг анх хэн хийсэн юм бэ? Өр төлбөр нь хэд болсон бэ? Яаж зохицуулах вэ? Монгол Улсад ашиггүй гэрээний хариуцлага яригдах уу? Гуравдугаарт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баруун бүст маш чухал ач холбогдолтой. Импортын тог үнэтэй. Тиймээс энэ станцын зээлийн тусгай хэлэлцээр явж байна л гэдэг. Хэзээ дуусах вэ? Хятадаас хариу хүлээж байна гэсээр 2024 он давах вий дээ. Яг явах уу? Хийх гэж байна, ярилцаж байна гэх биш тодорхой хариу сонсмоор байна.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Арван аймгийн станц 2022 оны аравдугаар сарын сүүлээр төслийн нэгжийг нь, гүйцэтгэгч компанитай нь дуудаж уулзсан. Манай яамнаас байнгын хяналт тавьж байгаа. 2023 оны гуравдугаар сарын 1-н гэхэд зургаа магадлан хийлгээд дуусгаад аваад ирнэ гэсэн. Хурдлъя гэсэн. Харамсалтай нь, дахиад хоёр сар шахам хоцроогоод одоо эрчим хүчний хөгжлийн төвд магадлал хийхээр зургаа өгсөн байна. Энэ тавдугаар сарын дунд гэхэд хөгжлийн төвийг энэ магадлалыг дуусга гэнэ. Төсвийг нь хамт хийж байгаа юм байна лээ. Ямар үнэтэй байж байгаад яаж нэмэгдэх вэ гэдгийг зургадугаар сард тодорхой болгоно. Сэргээгдэх эрчим хүчийг ярьвал энэ таван минутад амжихгүй. Энэ талаар эрчим хүчний зохицуулах хорооны Э.Түвшинчулуун дарга бүх мэдээллээ товч ярьчих.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцтай холбоотой олон асуудал бий. Сая Хятадад айлчлах үеэр Экзим банк, төслийг гүйцэтгэгч нартай уулзсан. Гуравдугаар сарын 31-ний дотор гэрээг төрийн зөвлөлдөө хүргүүлнэ гэсэн. Хятадын талынхан магадгүй 2023 оны долоо, наймдугаар сард өндөр хэмжээний айлчлал хийн энэ үеэр зээлийн тусгайлсан хэлэлцээрийг зурна гэх баримжааг хэлж байгаа. Манай зүгээс наана нь Ерөнхий сайд Хятадад айлчлал хийх байх. Энэ үеэр зээлийн тусгайлсан гэрээг зуръя гэж байгаа. 2023, 2024 онд багтаагаад Монголын талаас авч хэрэгжүүлэх бүхнийг хийж дуусгана. Тухайлбал, усан сан бүрэлдэх хэсэг дээр байгаа соёлын өвийг 2023, 2024 ондоо шилжүүлэн бүрэн хамгаална. Иргэдэд өгөх хоёр төрлийн нөхөн олговрыг мөн онуудад бүрэн дуусгана гэх Засгийн газрын тогтоол гарч, төсөвд бүтэн суулга гэсэн. Ямар ч байсан урьдчилсан бэлтгэл 2024 онд бүрэн дуусна.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун:
-Сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрлийг манай хороо 2007-2017 оны хооронд 38 удаа тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Салхины 7, нарын 31. Үүнээс 9 төсөл нь ашиглалтад орсон. 18 төсөл хүчингүй болсон. Одоо 11 төслийг бид суурилагдсан хүчин чадлаас нь бууруулж, диспитчерийн үндэсний төв, яамтай зөвшилцсөний үндсэн дээр хугацааг нь сунгасан. Сэргээгдэх эрчим хүчнйи төслүүд дээр гол маргаантай байгаа нь хөрөнгө оруулалтаа олоогүй, төслийн талбар дээр ажил хийгээгүй зэрэг шалтгаанаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа. Тусгай зөвшөөрөл хүчингүй болсон 18 газрын 7 нь хорооны тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Үүнээс тавыг нь хэрэгсэхгүй болгож хоёрыг нь эцэслэн шийдээгүй байна. Б.Энх-Амгалан гишүүн Сайншандын салхин паркийг ярьж байх шиг байна. Тарифаа 9.5 центээр батлуулсан. 2007 оны Сэргээгдэх эрчим хүчний хуулин дээр нарны станцыг 15-18 цент, салхины станцыг 8-9.5 цент байна гэж шууд заачихсан байдаг. Тиймээс тарифын зохицуулалт хийж болохгүй. Шууд хууль дээрх үнээрээ явж байгаа. Сүүлд Сайншандын салхин паркаас санал ирүүлж, 180 тонн сая киловатт цаг хүртэлх эрчим хүчийг 9.5 центээр, 185-190-ийг нь 1.2 центээр нийлүүлье гэж санал ирүүлсэн. Үүнийг нь бид хүлээн аваад тарифт нь өөрчлөлт оруулсан. Хороон дээр одоогоор гомдол ирээгүй байна. Диспитчерийн үндэсний төв дээр гэрээн дээр өөрчлөлт оруулахаар хэлэцээрт орсон гэж мэдээллэх байна. Нар, салхины станцуудын худалдах, худалдан авах гэрээг диспитчерийн үндэсний төв тухайн төсөл хөгжүүлэгч байгууллагуудтай хийдэг.
"Нар, салхины станцуудыг холбох бололцоогүй байна"
УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас Эрчим хүчний сайдад хандаж “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Сайдыг сонслоо. Гурван асуулт тавъя. Нэгдүгээрт нь, бидэнд хамгийн чухал нэг номерын асуудал бол эрчим хүч. Энэ асуудлыг шийдвэл юуг ч шийдэх боломжтой. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ байнга өсч байгаа. Эрчим хүчээр өөрийгөө хангах бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс шинэ эрчим хүчний үүсвэр бий болгох талаар юу төлөвлөсөн бэ? Хоёрдугаарт, Солонгосын зээлээр 10 аймагт дулааны станц баригдаж байгаа. Өнгөрсөн жил гүйцэтгэгч нь сонгогдсон. Орон нутагт янз янзаар л явж байна. Сая тойргоороо явахдаа ажилтай нь танилцлаа. Жаахан хоцрогдолтой байна. Хамгийн том асуудал нь Солонгосын тал үнээ нэмнэ гэжээ. Цар тахлаас өмнөх зураг төсөвтэй учир үнэ нэмэгдэнэ гэнэ. Үүний улмаас станцын хугацаанд өөрчлөлт орох юм шиг байна. Энэ тал дээр яам ямар байр суурьтай байна вэ? Гуравдугаарт, Дэлхийн банкны төслөөр манай Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин хоёрт эрчим хүчний төсөл хэрэгжиж байгаа. Бас л үнийн өөрчлөлт гэж ажил зогсчээ. Үүнийг эрчимжүүлэх шаардлага байна. Дөрөвдүгээрт, нар салхины станцтай холбоотой асуудал.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-За асуултад нь хариулъя. Манай эрчим хүчний хэрэглээ сүүлийн 15 жилийн хугацаанд дунджаар жилдээ 6-7 хувиар өсч байна. Найман дулааны цахилгаан станц бий. Энэ хэмжээ тулчихсан, импортоор авч байгаа. 2035 он хүртэл хэрэглээний даацыг гаргасан. Одоогийн хэрэглээ 2500-3000 орчим мегаватт болж нэмэгдэнэ. Яамны зүгээс хэдэн төсөл хэрэгжүүлэхээр явж байна. Эхний ээлжинд ТЭЦ-3-ыг 325 мегаваттаар нэмэгдүүлэх, дулааны хувьд 500 гегакилл цагаар нэмэгдүүлэхээр ОХУ-ын экспортын зээлээр санхүүжүүлэхээр хэлэлцээр явж байна. Санкт-Петербургийн эдийн засгийн форумаар үүнийг эцэслэх байх. Дараагийн станц Тавантолгой дулааны цахилгаан станц байгаа. 300 ба 100 гэсэн байдлаар хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ. Засгийн газарт зарлах талаар тогтоол оруулсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл албажиж өгөхгүй байна. Үүний дараа тендэр зарлаад найм, есдүгээр сар гэхэд сонгон шалгаруулна гэж бодож байна. Дараа нь Бөөрөлжүүт дээр хувийн аж ахуй нэгж станц барьж байгаа. Хамгийн наана орох эх үүсвэр энэ. 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно гэж байгаа. Дараагийн төсөл нь Багануурын дулааны цахилгаан станц. 2017 онд эхлээд явж байгаа. Зогссон шалтгааныг нь та бүхэн мэдэж байгаа. Хөрөнгө оруулагч нь солигдоод шинэ хувьцаа эзэмшигч гарч ирсэн. Одоо тавдугаар сард багтаан Монгол Улсад ирнэ гэсэн. Би Хятадад айлчлах үеэрээ шинэ болон хуучин хөрөнгө оруулагч нартай нь уулзсан. Ажлыг цааш нь үргэлжлүүлнэ гэсэн. Гэхдээ эхний ээлжинд 400 мегаваттаар явуулна. Цаана нь үлдэж байгаа хоёрдугаар үе шатандаа 300 мегаваттаар явуулъя гэж байгаа. Тав дахь эх үүсвэр нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Одоо 90 мегаваттаар явж байгаа. Хятадын талаас түргэвчилнэ гэсэн. Дорнод бүс дээр 50 мегаваттын өргөтгөл явж байгаа. Нар, салхины станцуудыг холбох бололцоогүй байгаагаас биш 495.4 мегаваттын хүчин чадалтай 11 станцыг ашиглалтад оруулъя гэж байгаа. Хүндрэлүүд байгаа. Тиймээс нар, салхины станц дээр тохируулгын функцийг шийдэхээс өмнө төвийн эрчим хүчний системд холбох боломжгүй байна. Арван аймгийн цахилгаан станцын талаар есөн аймагт хэрэгжиж байгаа. Архангай аймагт хэрэгжих эсэх нь удахгүй тодорхой болно. Үнэ нэмэгдэнэ гэж ярьж байгаа. Цар тахлын өмнө тендэр шалгарсан юм байна лээ. Үнэ нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэдгийг цаад талаас хэлж байгаа. Бид зөрүүлээд харж үзье, магадлан хийе. Гэхдээ зургаа дуусгачих гэж байгаа. Ямар үнээс ямар үнэ гарах гээд байгаа судлъя гэсэн. Үүнээс шалтгаалан ажил явж буй есөн аймаг дээр ажил удаашралттай байгаа нь үнэн. Үнийн өсөлтийн асуудлыг шийдэх ёстой. Эрчим хүчний яамнаас цаг алдалгүй шийдвэрлэхэд бэлэн байгаа. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүд дээр үнийн өсөлт гарсан ч зардлууд нь анх төсөл дээрээ суудаг учир Солонгосын банкны санхүүжилтийг бодвол илүү хялбар. Ажлыг хурдасгахаар бид ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Эрчим хүчний асуудал бол яах аргагүй онцгой анхаарах асуудал. Хөгжлийг дэмжих энергийн эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах тухай гол нь. Төлөвлөлт, хөгжлийн бодлого, шинэ эх үүсвэрүүдийн чиглэлүүд гарсан. Ажлууд эхнээсээ эхэлсэн. Гэхдээ аль болох богино хугацаанд ашиглалтад орох, том системдээ сөрөг нөлөөгүйгээр блокуудыг нь жижигсгэх замаар бид жилээс жилд нэмэгдэж буй хэрэгцээгээ нөхөн хангах бололцоо бүрдэнэ. Нэг том блокоор тавиад 2-3 жил хүлээдэггүй жил жил ашиглалтад ордог блокоор төлөвлөвөл илүү зүгээр байх. Хоёрдугаарт, эрчим хүчний эх үүсвэрийг түшиглэсэн хувийн хэвшлийн станцуудыг дэмжих хэлбэрээр бид эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломж байх шиг байна. Бөөрөлжүүтийн станцтай адил станцуудыг дамжуулах шугамынхаа хүчин чадлыг түшиглүүлж байгуулвал болно доо. Энэ талаас нь судалгаа хэр хийгдэж байна вэ? Гуравдугаарт, эрчим хүчний экспорт нүүрс экспортоор гарч байгаа учир дулаан үйлдвэрлэлийн жижиг аж ахуй дээр нүүрсний чанарын асуудал яригдах гээд байна. Чанартай нүүрсээ гадагш нь экспортлож дараагийнх нь энэ төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлэх тэгээп дараа нь орон нутаг нийлүүлэх ангилал руу явчих гээд байна. Үүнийг яаж харж байна вэ? Дараагийн асуудал нь арван аймгийн асуудал дээр Д.Тогтохсүрэн гишүүнтэй адил байсан. Асуудал нь шийдэгдлээ гэхэд 2024 оны есдүгээр сард ашиглалтад орно гэхээр II, III контерууд үүнийг хүлээн авах нь муу байгаа шүү. Үүнийг 2024 оны төсөв ярихдаа тусгуулмаар байна.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Ж.Батжаргал гишүүнээ, жижиг блокуудаар явахаар хүндрэл байна. Санхүүгийн хувьд уян хатан боловчиг жижиг станцуудын нэгжийн үнэ өндөр гараад байна. Нүүрсний цахилгаан станцууд дээр дөрөв дэх үеийн тоноглолууд гэвэл ультра супер критикал гээд явбал эрчим хүчний АҮК жижиг дээрээ жишээлбэл 30 хүрэхгүй байгаа бол зарим дээр нь 47,48 хүрээд нэгжийнх нь үнэ буурдаг хоёр талтай асуудал бий. Гэхдээ манай улсад баригдаж байгаа турбины дээд хэмжээ 150. Манай нэгжийн үнээс шалтгаалаад бууж өгөхгүй байгаа шүү. Эрчим хүчний салбарт нэг хүндрэл байгаа нь зардал нь зах зээлийн ханшаар гардаг. Мөн дээрээсээ тохируулгатай учир зах зээлийн үнэ дээрээ очдоггүй. Үүнээс шалтгаалан хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулаад ашиг олох нь тун хомс. Хамгийн анхны хувийнх нь Бөөрөлжүүтийн төсөл байна. Хоёр дахь нь Хятадын хөрөнгө оруулалттай Багануур. Эд нарын үнэ тариф нь 9 цент орчим. Бид одоо дунджаар 5.7 центээр цахилгаан эрчим хүчийг нийлүүлж байгаа. Олон улсын дундаж руу явбал 9.5, 10 цент хүрсэн тохиолдолд хувийн хэвшлийнхэн энэ салбарт хөрөнгө оруулаад ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ. Эрчим хүчний салбарын либералчлалыг магадгүй арван жил хийх байх. Үнийг индексжүүлэхээс өөр аргагүй.
Нүүрсний чанар дээр асуудал бий. Гэхдээ өндөр чанартай нүүрсийг экспортоор гаргаж валютын орлого олох ёстой. Хоёрдугаарт, нүүрс харьцангуй үнэ багатай, тээврийн зардал өндөр учир дулааны станцууд аль ойр байгаа цахилгаанаар хангаад явж ирсэн юм байна лээ. Дөрөвдүгээрт, арван аймагт станц баригдсан тохиолдолд II контерууд, хэрэглээний халуун усаа авах, бусад хэрэглэгчидтэй холбох зэрэг 40 тэрбум төгрөг шаардлагатай судалгаа байгаа. Эхний ээлжинд үүсвэрээ баръя. Хоёрдугаарт, аймгууд орон нутгийнхаа төсвөөс тодорхой хэмжээний үүсвэр хуваарилах байх. Боломжгүй нь улсын төсөв дээр суулгах талаар УИХ-ын гишүүддээ хандах тал дээр яам хамтарч ажиллана.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Бид нарын өдрийн цагийн эрчим хүчний ашиглахгүй байгаа эх үүсвэр хэд байгаа юм бэ? Шинээр барих гээд байгаа зай хураагуурын станц нөөц боломжоо бүрэн ашиглах боломжтой юу?
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Өдрийн цагаар илүүдэл юм байхгүй. Бүгдийг нь хянаж байгаа. Манай станцууд хуучирсан учир цахилгаан эрчим хүч илүүдсэн тохиолдолд турбинуудыг нэг нэгээр нь зогсоож, засварт оруулах замаар байнгын тохируулгатай явж байгаа. Илүүдээд байгаа юм байхгүй. 200 мегаваттын цахилгаан станц Сонсголонд барьж байгаа. Шөнөдөө 200 мегаваттаар цэнэглээд оргил үедээ 80 мегаваттаар 2.5 цагаар системийн дутагдаж буй эх үүсвэрийг хангана. 2023-2024 оны өвлийн улирлын оргил ачааллын үед ерөнхийдөө энэ станц дээр суурилан давна гэж байгаа.
"Аялал жуулчлалын салбарыг зөвхөн улсаас удирдах боломж хомс"
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
–Гишүүдийн хэлж байгаа зөв. Холбоодын хууль гэж бий. Үүнийгээ оруулж ирэх хэрэгтэй. Салбарын хуулиудад холбооны зохицуулалтуудыг эрх үүргийг нь оруулж ирэх нь буруу. Түрүүн нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэдэг дээр төрийн бус байгууллагаа хэлж байгаа юм байна. Энд чинь бүртгэлийн асуудал нь төрийн бус байгууллага дээр явж байгаа юм байна. Заавал гишүүнчлэхийг нь үүрэгжүүлж байна. Холбоод юу хийдгийг бид мэднэ ш дээ. Аймгууд дээр бас аялал жуулчлалын холбоо бий. Бусад тэнд үйл ажиллагаа явуулж буй баазуудаа оролцуулж, татвар авах тухай асуудал. Эд нар үндсэндээ гадаад, дотоодын арга хэмжээнд оролцох л ажилтай. Үүнийг Холбооны хуулиараа зохицуулах хэрэгтэй. Төрийн бус байгууллага нь холбоодын хуулиараа зохицуулагдаад чиг үүргээ өгөх л хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Аялал жуулчлал хөгжсөн, энэ салбар нь улс орондоо хувь нэмэр оруулж байдаг бүх улсад ийм холбоо бий. Эд нар нэгдэж, гадагшаа дотогшоо холбоо тогтоож, сахилга хариуцлагатай, стандарттай байдаг юм байна лээ. Нэгэнт байнгын хороо чиглэл өгсөн учир үүнийгээ бодолцож үзээрэй. Аялал жуулчлалын салбарыг зөвхөн улсаас удирдах боломж хомс. Дахиад хэлэхэд, аялал жуулчлал хөгжсөн улсууд ингэдэг юм байна лээ шүү. Холбоо хэрэггүй ч юм шиг ярих нь учир дутагдалтай. Үүнийг бодно биз. Энэ хууль батлагдвал мэргэжлийн холбоогоо дахин хуралдуулахгүй байлгүй дээ. Тэр холбоо нь өөрөө хуулиндаа захирагдаад явна биз. Хууль гарсан, дахин холбоо байгуулна гэвэл явдалтай. Би холбоотой ямар ч хамаагүй. Сайн, мууг нь мэдэхгүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Н.Энхболд гишүүн холбоог хуулиараа зохицуулаад явж болно гэх шиг боллоо. Би бол эсрэг байр суурьтай байна. Мэргэжлийн холбоод хуультай болвол буруу. Холбоо сангийн тухай хууль бий. Бас Төрийн бус байгууллагын тухай хууль бий. Энэ хуулиараа зохицуулах ёстой. Мэргэжлийн салбар бүрийн хуульд холбоо байна гэж, ийм үүрэгтэй, эрхтэй гэж хууль болгонд оруулж болохгүй. Манай салбарт л гэхэд тээвэрчдийн холбоо, төмөр замчдын холбоо яригдах нь байна. Спорт холбоод ч гэсэн. Бүгд хуультай болох нь ээ. Ийм юм хийж хэрэггүй. Төрийн бус байгууллагын хууль байгаа ш дээ. Үндсэндээ төрийн байгууллага болох гээд байна. Хуулинд тусгагдсан учир гээд ийм үүрэгтэй, эрхтэй гээд хүнд сурталтай байгууллага болох гээд байна. Дахиад л нэг шантааж, дарамт шахалт гарч ирэх гэж байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог их хуралтай, их хурал нь ийм эрх, үүрэгтэй гэж тусгах шаардлага байхгүй. Төрийн байгууллагын зарим үйл ажиллагааг ТББ-д шилжүүлж байгаа. Энэ зөв. Гэхдээ ТББ-ууд эрх илүү эдэлж, үүргээ биелүүлэхгүй байна ш дээ. Одоо бүр хуулинд зааж, давуу эрх бий болгох гээд байна. Мэргэжлийн холбоотой асуудал байх шаардлагагүй. Хэлэлцэх шаардлагагүй. Хуулиар хэдэн жуулчдаа дарамтлах давуу эрхийг бий болгох гээд байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
–Би С.Бямбацогт гишүүнтэй санал нэг байна. Энэ төрийн байгууллага болох гээд байна. Хуулинд оруулж байгаа нь буруу гэж олон гишүүн хэлж байна. Холбооны их хурал нь тийм байна, гүйцэтгэх удирдлага нь тийм эрхтэй гээд орчихсон байна. Бүх л холбоод өөрсдийн салбарын хуульд оруулж ирнэ шүү. Бүхэлд нь хасмаар байна. Төрийн зарим үйл ажиллагааг холбоод хэрэгжүүлж болно гэсэн заалт оруулж ирэхэд л болно. Хамтарч ажиллаж, гэрээ хийж болно ч гэдэг юм уу?
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
– Холбооны асуудал нь аялал жуулчлалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой. Тусгай зөвшөөрлийг нь байхгүй болгочихсон. Тэгэхээр бүртгэлийн асуудал сөхөгдөнө. Тур, операторыг нь хэн бүртгэх вэ? НӨАТ-ын буцаалтын асуудал орж ирж байгаа. Хэн бүртгэх вэ? 300 гаруй ТББ байна. Дунд нь зохион байгуулалт хийх хэрэгтэй. Бүх юмыг төр хийнэ гэж болохгүй. Энэ яам аялал жуулчлалын агентлаг байхгүй. Ганцхан газартай. Тэр нь 4,5 хүнтэй. Аялал жуулчлалын бодлогыг хэн хэрэгжүүлэх вэ? Төрийн байгууллага нэмж болохгүй гэсэн. Хувийн хэвшил нь ТББ байгуулаад хамтрая гэхээр энэ хуулиар болохгүй гэж болохгүй. Гаргалгаагаа олохоор л ингэж болохгүй. 300 гаруй ТББ чинь хоорондоо зохицож чадахгүй. Мэргэжлийн аялал жуулчлалын байгууллагуудыг хэн төлөөлөх юм бэ? Тодорхойгүй болчихсон. Засгийн газар аялал жуулчлалын чиглэлээр хувийн хэвшилтэй уулзъя гэхээр хэдэн ТББ л ирдэг. Тэд нар нь бараг үйл ажиллагаа явуулдаг ч юм уу? Яг компаниудын төлөөлөл байдаггүй. Гарааг нь бүрдүүлж өгөхгүй бол хууль хэрэгжих эсэх нь асуудал болно. Удирдах зөвлөлийн гишүүн нь нэг удаа улиран сонгогдохгүйгээр гишүүн байна л гэж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
–Гүйцээн боловсруулах чиглэл өгөх хэрэгтэй байна. Өнөөдөр аваад хаячихвал Аялал жуулчлалын хуулиа яаралтай оруулах хэрэг гарахгүй. Засгийн газар их ач холбогдол өгч байгаа. Сая Н.Энхболд гишүүн ярилаа. Энэ бол шинэ салбар, онцлогтой. Аялал жуулчлалын хуулийн үзэл санаа нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж байгаа. Мэргэжлийн 20-30 холбоо ч биш, малчид, иргэд оролцоно. Маш өргөн дэлгэр салбар болоод байна. Энэ салбарын ажлыг хувийн хэвшлийнхэнд нь оролцоог нь хангах хэрэгтэй. Агентлаг ч байхгүй ш дээ. Яамны хажууд л байдаг. Х.Ганхуяг гишүүн сая сайн тайлбарлалаа. Холбооны дүрмэнд тодорхой зүйлсийг дурдахгүй бол одоогийн мэргэжлийн холбоод дээр дархан суудаг хэсэг бүлэг хүмүүс бий. Насаараа холбоо толгойлдог. Тиймээс хуулин дээр зааж өгч байгаа юм. Та бүхэн сайн ойлгоорой. Нутгаараа, тойргоороо явахад л иргэд ярьдаг. Төрийн мэдэлд бүгдийг нь хамааруулж явна гэвэл хэцүү. Чиглэл аваад боловсруулах хэрэгтэй байна.
"Аялал жуулчлалын менежментийг хувийн хэвшил хийх нь буруу"
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Тодорхой байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалт газар бүх юмаараа аялал жуулчлалын хөгжлийг татах газруудыг аялал жуулчлалын бүс гэж байх шиг байна. Гэтэл үүний менежментийг хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ гэж байхгүй ш дээ. Болохгүй. Бүсээ тогтоож болно, бодлогоо баримталж болно. Аялал жуулчлалын үйл ажиллагаа нь өөрөө хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө юм уу, тухайн нэгж дээрээ хийх үйл явцаараа зохицуулагдах ёстой. Тэрнээс биш бүс нутгаар нь аль нэгэн хувийн хэвшил асуудлыг нь авч явж болохгүй. Үүнийгээ зааглаж, ялгахгүй бол боломгүй болчихлоо. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын гол хөгжил явж байгаа. Гэтэл энэ газар дотор аялал жуулчлалын мэдээллийн сан буюу аялал жуулчлал суурьших тодорхой хэсгүүд нь ялгагдах ёстой. Түүнийх нь төлөвлөгөө гарч байж үйл ажиллагаа нь явах ёстой. Тийм биш учир энэ урд ам тэр чигээрээ тэгж харагдаад байгаа юм. Байгалийн орчны яам аялал жуулчлалын нэр дор баахан газар өгсөн. Гэтэл барилга хот байгуулалтын яам уг зургийг нь орон сууцны хорооллоор батлаад өгчихсөн. Үүнийг сайн зааглахгүй бол буруу юм руу явна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
–Газрын зөвшөөрөлтэй холбоотой харилцаа байна. Одоо ашиглах зөвшөөрөл өгөөд байна. Энэ бол газар эзэмших зөвшөөрөл өгч байна. Хэрэв эзэмших зөвшөөрөл байгаа бол хугацаа нь 60 жил болно. Хоёрдугаарт, хууль тогтоомжийн дагуу олгоод гэрээ байгуулна гэхээр энэ гэрээ нь газар эзэмших гэрээгээ хэлж байна уу? Дахиад өөр гэрээ байгуулах юм уу? Байгаль орчны яам, сум, аймгийн засаг даргын эрх байна уу? Орон нутгийн менежментийн төлөвлөгөөг аймгийн хурал нь батална гэж байсан. Тэгэхээр аймгийн хурал дээр батлах менежмент нь нөөц, даац, тоо байршлаа л хэлээд байна уу? Яам нь энийг шийдэж байгаа юм бол аймаг нь юу шийдэх юм бэ? Хурлын эрх хэмжээ, яам, засаг даргын эрх хэмжээг тодорхой болгох хэрэгтэй байх. Гүйцээн боловсруулбал яах вэ гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Нэгэнт аялал жуулчлалын бүс, отоглох цэг дээр гүйцээн боловсруулах чиглэл авсан учир энэ заалт дээр бас чиглэл авъя. Даац, тоо, байршлыг үндсэндээ Тусгай хамгаалалттай газрын хуулийн нэр томъёотой нь уялдуулан оруулж ирсэн.
"Аялал жуулчлалын хуультай хамт Газрын хуулийг ярих хэрэгтэй"
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Тараагдсан материалын хамгийн анхныхыг нь би авчихсан юм уу? Дугаарууд зөрөөд байх юм. Машин дотор бичлэг хийвэл гадныхан юу гэж бодох вэ? Хувийн орон зай, эрх чөлөө гэж байхгүй. Юу идэж, ууж, юу ярьж байгааг нь бичиж болохгүй. Зөвшөөрөхгүй байх. Бичлэг хийж байгаа машин байгаа гэвэл суухгүй байх. Манайх хуулиараа ийм гэвэл жуулчин явган явъя гэх байлгүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Улсын аялал жуулчлалын бүс, орон нутгийн аялал жуулчлалын бүс гээд хоёр хуваачихжээ. Тэгэхээр Тэрэлж, Таван богд, Хонгорын элс нь дархан цаазат газрын бүст байгаа. Дархан цаазат газрын бүстээ давхцуулаад улсын аялал жуулчлалын бүс өгөх юм байна. Дээрээс нь орон нутгийн бүс байна. Өгий нуур гэхэд л орон нутаг нь шийдээд ийшээ ороход татвар өгнө гээд шийдчихвэл яах вэ? Зовлонтой юмнууд дээр бүс тогтоох шаардлага байна уу? Жуулчлал хөгжүүлэхгүй бүр гацаасан юм болчихвий дээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Аялал жуулчлалын бүс гэдэг нь ойлголт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хуультайгаа уялдах шаардлага байна. Д.Тогтохсүрэн дарга хэлж байсан. Тусгай хамгаалалтын хууль үлдчихээр бидний яриад буй энэ зүйл бүхэлдээ тусгай хамгаалалттай газрын харилцааг зохицуулж байна. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хилийн бүс тогтоох зэрэг. Хилийн бүс тогтоох ч биш. Газрын зааг тогтоох гэж байна. Засгийн газраас газрын зааг тогтоох гэж байгаа тохиолдолд хөдөө орон нутагт аймгуудын хилийн бүс дамжсан зааг тогтоогдож таарна. Энэ тохиолдолд энэ бүс дээр бусад харилцаанууд яригдана. Жишээлбэл, мал аж ахуй, бэлчээрийн харилцаа нь яах вэ? Мал ерөөсөө байж болохгүй юм уу? Энэ хилийн зурвас бүс байвал яах вэ? 17.3 дээр Аялал жуулчлалын бүсийн менежментийг бүхэлд нь эсвэл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно гэжээ. Хэрэг дээрээ тухайн аялал жуулчлалын газрыг хувийн хуулийн этгээдэд ямар гэрээгээр өгөх гэж байгаа вэ гэдэг харилцаа. Одоо үйлчилж буй Газрын тухай хуулиар эзэмшүүлэх үү, ашиглуулах уу? Эсвэл Иргэний хуулийн түрээсийн гэрээний асуудал яригдаж байна уу? Тэгвэл хугацаа нь яригдана. Тусгай хамгаалалтын хууль гэвэл хугацаа нь таван жил байгаа. Таван жилээс дээш байхгүй. Хэрэв Газрын тухай хуулийн концепц яривал энэ 60 жилийн хугацаа яригдана. Тэгэхээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлж болно гэдэг бол хуулиасаа хамааран хугацаа нь өөр яригдана. Асуудлууд үүснэ. Тиймээс Газрын ерөнхий хуультай хамт ярьж байж илүү тодорхой, ойлгомжтой болно. Скай резорт, Зайсанд хувийн байшин барьсан шиг л юм болно. Гэрчилгээ нь хувийн өмч боловч зориулалт нь аялал жуулчлалын зориулалттай. Гэтэл газрын дээр нь хувийн үл хөдлөх хөрөнгө. Үл хөдлөхийн гэрчилгээтэй явж байгаа. Ийм зөрчлүүд үүснэ. Мөнгө оруулчихсан хүмүүсийн эрхийн асуудал яригдана. Хувийн өмч баталгаагүй. Тавхан жилийн хугацаанд таван тэрбумаар байшин барь гэвэл ямар ч хүн хөрөнгө оруулахгүй. Тиймээс газартай нь холбосон эрхийн харилцаан дээр энэ аялал жуулчлалын бүс гэдэг нь анхаарах хэрэгтэй.
"Өлгий суманд явж буй жуулчны аюулгүй байдлыг яам яаж хангах юм бэ?"
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Аялал олон янзын хэсгээс бүрддэг. Замдаа явах хэсэг, жуулчны баазад үзүүлэх хэсэг байна. Замдаа явж байгааг нь оператор компани, баазыг нь бааз нь ч гэх юм уу? Ерөнхий юм болсон байна. 16.4, 16.7 дээр “бүхий л” гэж үг байхгүй. Буруу бичсэн юм шиг байна. 16.5 дээр “Анхан шатны тусламж үзүүлэх бүхий л нөхцөл боломжийг хангасан” гэж заасан байна. Бүгдийг нь хангах боломж байхгүй. Үүнийг хасах нь зүйтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Баян-Өлгийн аймгийн Өлгий суманд явж буй жуулчны аюулгүй байдлыг яам яаж хангах юм бэ? Төсөл дээрээ тэгж бичсэн. Аюулгүй байдал гэдэг бол өргөн ойлголт. Цаг агаар, өвчин зовлон, осол аваар зэргийг цагдаагийн байгууллага, яам яаж хангах юм бэ? Тунхагийг шинж чанартай санкцгүй заалтууд байна. Жуулчны байгууллага нь өөрөө хариуцна биз. Бүхий л нөхцөл боломжийг хангана гэж байна. Бүхий л гэдгийг нь хасаарай. Хуулинд ингэж хүчитгэсэн өгүүлбэр “Маш”, “Бүхий” гэдэг ордоггүй ш дээ. Эцсийн хэлэлцүүлэг дээр эд нарыгаа анхаараарай.
"Бүх юмыг нь тусгай зөвшөөрөлтэй болгочих юм"
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Хуучин тур, операторын тусгай зөвшөөрөл гэж байсан. Зөвшөөрлийн тухай хуулиар энэ нь байхгүй болсон байгаа. Ямар ч байсан нэг юм аваад үлдэх санаатай байгаа юм байна. Түүнийгээ аялал жуулчлалын холбоон дээрээ үлдээх юм байна. Уг нь хууль сайн гардаг. Гэтэл хэрэгжих шатандаа үүнийг ашиглаад тусгай зөвшөөрлийн хэмжээнд аваачаад зовлонтой болгоод орхичих юм биш биз. Тусгай зөвшөөрлийн хэмжээнд байлгахгүй бүртгэл явуулах зохицуулалтыг нь сайн хийх хэрэгтэй. Бүртгэл гэсэн атлаа танайхыг бүртгэхгүй гээд явчихвал зовлонтой ш дээ. Тусгай зөвшөөрөл бол 21 хоногийн дотор зөвшөөрлөө буцааж өгөхгүй бол тэр байгууллага шууд үйл ажиллагаа явуулах боломжтой. Гэтэл бүртгэнэ гэхээр бүртгэлээ шийдэхгүй удаад байвал аж ахуй нэгж нь үйл ажиллагаа явуулж чадахгүй болно. Тиймээс тусгай зөвшөөрөл дээр тавих шаардлагаа тодорхой хугацаатай болгох, заавал бүртгэх заалтуудыг нь оруулах зүйтэй болов уу.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Хүний амь нас, эрүүл мэндэд өндөр эрсдэл бүхий гэх шаардлага байна уу? Зүгээр л эрсдэл бүхий гэхэд л болно. Загас олзвор амь насанд аюултай гэж зарлаж байгаа юм шиг байх юм. Найруулга талаас нь анхаарах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Ч.Раднаасэд:
-Аялагч бүрээ даатгах юм уу, эсвэл аялалын байгууллага нь өөрөө хариуцлагын даатгал төлөх юм уу? Скай резорт дээр гулгадаг хүн бүр даатгуулах ёстой гэж яригдах гээд байна. Хоёрдугаарт, 13 дугаар зүйл дээр хил орчмын аялал жуулчлал дээр анхаарахгүй бол болохгүй ээ. Хуулин дээр 24 цагийн виз олгоно гэж гарсан. Энэ бол тухайн аймгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь биччихсэн байна. Хилийн баганы наад талд нь гарч зургаа авхуулаад л цаашаа орох ялангуяа Хятадын талаас жуулчин оруулж ирж, хоног хүрэхгүй хугацаанд л аялал жуулчлал явуулах гээд байгаа ш дээ. Үүнийг нь бүхэлд нь аймгийн нутаг дэвсгэрийг нь оруулахаар хийчихсэн байна. Мөн тусгай зөвшөөрөл заавал авна гээд байх юм. Хил хамгаалах газар, аялал жуулчлалын газар нь өөрсдөө хамтраад журам гаргаад хийж болохгүй байсан уу? Бүх юмыг нь тусгай зөвшөөрөлтэй болгочих юм. Монголд л хэдэн төгрөгийг нь авч үлдэх зорилготой биз дээ.
"Түүхч, судлаач, биологич хүмүүс хөтөчийн үнэмлэх байх шаардлагатай юу?"
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Хөтөч, тайлбарлагч хийх хүн заавал бүртгүүлж, үнэмлэх авч байж жуулчны хөтөчийн үйлчилгээ үзүүлнэ гэжээ. Гэтэл жуулчны бааз дээр өөрийн чиглэлээ сайн мэддэг түүхч, судлаач, биологич хүмүүс байна. Жишээлбэл, Хустай дээр. Ямар ч хөтөч, ажилтнаас илүү бүх юмаа мэддэг. Тэгэхээр тэр хүмүүсийг заавал дахин сургалтад хамруулж, үнэмлэх олгох шаардлагатай юу? Үүнийг дараагийн хэлэлцүүлэг дээр бодмоор байна, Х.Ганхуяг гишүүнээ. Хустай дээр л гэхэд тэр тахийг унаганаас нь үхэх хүртэл хардаг биологичид байна. Тэр хүмүүс мэддэг юмаа ярихын тулд дахин үнэмлэх авах хэрэг гараад байна. Энэ дээр тэд нарыг нэмж өгөх хэрэгтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Үүнийг гүйцээн боловсруулах чиглэл өгье. Морь, тэмээ унуулж буй хүмүүс дээр мэргэжлийн ур чадвар тогтоох гээд байна. Тэр зэрэглэлийг нь хэн тогтоох вэ? Усан спорт, уулын аялал, морь тэмээ унуулах үйлчилгээг мэргэжилтэй болгоод, ур чадвар, зэрэглэл тогтооно гэдэг хэцүү байх. Үүнийг амьдрал дээр сайн судлах хэрэгтэй.
"Х.Ганхуяг гишүүн, Б.Бат-Эрдэнэ сайд хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна"
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Өнгөрсөн хугацаанд нөхөрлөлөөр дамжуулан 150 гаруй аж ахуй нэгж, 50 гаруй нөхөрлөл нь ан амьтныг хамгаалж, өвс тэжээл тавьж байгаа тогтолцоог өөрчлөх байсныг нь эцсийн хэлэлцүүлэг дээр шийдэл гарган оруулсан. Үүнийг завсарлага авах хугацаанд ойлголоо. Аргаль, угалзыг буудаад агнадаг. Харин тулыг агнадаггүй, барьдаг. Барьчаад 1 минут 30 секундын дотор тавьдаг. Энэ агнуур дээр ямар байр суурьтай байх юм бэ? Нуур, цөөрөмд загас үржүүлж, яаж хамгаалах вэ гэдэг дээр ярилцлаа. Г.Занданшатар даргаа эцсийн хэлэлцүүлэг дээр загас агнуурыг агнангаа хамгаалах, үржүүлэнгээ хамгаалах тал дээр чиглэл өгөөч. Засварлагын хугацаа дууссаныг мэдэгдье.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Гишүүд хариулт авч, асуулт асууж дууссан. Зарчмын зөрүүтэй санал хураана. Зарчмын зөрүүтэй 96 санал байгаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
– Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 3.1 дэх заалтыг дэмжиж байгаа ч 3.2 дахь заалтыг дэмжихгүй байгаа юм. Анх орж ирэхдээ бүр балай орж ирсэн. Харин зассан байна. Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хуульд тухайлан зааснаас бусад аялал жуулчлалыг энэ хуулиар зохицуулна гэж байгаа юм. Нийт аялал жуулчлалын 50 хувь нь тусгай хамгаалалттай газар дээр байгаа шүү дээ. Гэтэл өөр хуулиар явчиж байгаа юм. Энэ иргэдэд асуудал болно. Аялал жуулчлалаа хөгжүүлье гээд яриад байна. Гэрээ байгуулах, зөвшөөрөл өгөх нь энэ хуулиараа биш, Тусгай хамгаалалттай хуулиараа явна гэж байгаа юм. Тэгэхээр Тусгай хамгаалалттай хуулийг нь үүнтэй хамт явуулах хэрэгтэй. Х.Ганхуяг гишүүнээ, Б.Бат-Эрдэнэ сайдаа та нар хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү. Өмнө нь хулгайгаар шахуу орсон хууль. Бүх газар дуудлага худалдаагаар өгнө л гэж ярьдаг. Аялал жуулчлалыг нээлттэй болгоод тусгай хамгаалалтын бус газар зүгээр явна гэж байна. Тусгай хамгаалалт дээр очихоор зөвшөөрөл авна гээд явдаггүй. Нэг их гоё хууль гаргана. Гэтэл Тусгай хамгаалалтын хуулиар өөрчлөгдөхгүй. Тиймээс 3.2 дахь заалтыг дахин оруулж ирж, ярилцах хэрэгтэй. Нийт аялал жуулчлалын 50 гаруй нь тусгай хамгаалалтын газар байгаа шүү. Гэр бааз, морь хөтөлдөгт нь зөвшөөрлийг нь өгдөггүй. Тухайн газарт амьдардаг иргэдэд хохирол амсана. Өвөлжөө, хаваржаа барих эрхгүй, түлээний мод хагалах эрх байдаггүй. Өөр бүст очих шаардлагатай болдог. Хамгаалах нэрийдлээр өөр хэдэн хүний хамгаалалтад өгөөд нутгийн иргэдээс илүү буруу ашигладаг. Хамтад нь явах ёстой. Яг гараад хэрэгжихээр асуудал гарна шүү. Аялал жуулчлалын хоёр хуультай болох гээд байна. Энэ асуудлыг ажлын хэсэг дахин авч үзэх ёстой.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Энэ заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгнө. Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөх 98 хуулийг оруулж ирэхдээ Тусгай хамгаалалтын зөвшөөрөл олгох хуулийг өргөдлөөр оруулж ирнэ гээд байхад л гаргачихсан. Одоо энэ Зайснгийн газрыг аялал жуулчлалын зориулалттай гэж өгөөд л өнөөдөр ямар болсныг нь хар. Энийг гүйцээж боловсруул.