Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2022 онд 4.8 хувьтай гарлаа. Мөн оны төгсгөлөөр манай улсын нийт гадаад худалдааны эргэлт 21 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Үүн дотроо нүүрсний экспорт 31 сая тоннд хүрсэн нь өмнөх Ковид-19-ийн хүнд хэцүү үе буюу 2021 онтой харьцуулбал, биет хэмжээгээр бараг 2 дахин өндөр үзүүлэлт болж, нүүрсний экспортын орлого мөн үеэс 1.4 дахин өссөн билээ. Ковид-19-ийн ид үе буюу 2020 онд -4.6 хувиар агшиж байсан Монгол Улсын эдийн засаг ийнхүү хоёр жилийн дараа гэхэд ковидын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрч, сэргэсэн хэрэг. 2023 он гарсаар эхний дөрвөн сар шувтарч байгаа энэ үед эдийн засгийн нааштай өөрчлөлтүүд хадгалагдсаар байна. Үүний үр нөлөөгөөр төгрөгийн ханш 2023 оны гуравдугаар сарын дунд үеэс эхлэн ам.долларын эсрэг чангарч эхэллээ.
Зураг 1: Ам.долларын албан ханшийн өөрчлөлт /2023.03.19-2023.04.24/
Дата эх сурвалж: Монголбанк
Он гарснаас хойш аажмаар чангарч, 3500 төгрөгийг даваад байсан ам.долларын ханш гуравдугаар сарын 19-нөөс хойш тасралтгүй буурч, 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 3476.89 төгрөгт хүрээд байна.
Төгрөгийн ханш хаашаа чиглэх вэ гэдгийг төлбөрийн тэнцэл голлон тодорхойлдог. Тэгвэл он гарснаас хойших эхний 2 сарын хугацаанд төлбөрийн тэнцэл 80 орчим сая ам.долларын ашигтай байна. Мөн эхний гурван сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай байгаа юм. Экспортын дүн өмнөх оны мөн үеэс 94 хувийн өсөлттэй, манай экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт эхний гурван сард дүнгээрээ 13.7 сая тоннд хүрчээ. Энэ онд нийт 36 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаагийн хувьд эхний 3 сарын дотор нийт төлөвлөгөөнийхөө 40 орчим хувийг хэдийн гаргасан гэсэн үг. Тэр хэрээр валютын урсгал наашилснаар гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх нөлөөтэй.
Гуравдугаар сарын эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 3 тэрбум 438 сая ам.доллартой тэнцэж байна. Энэ нь өмнөх сараас 1.1 хувь, өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ийнхүү валютын урсгал тогтворжиж, нэмэгдсэнээр Төв банкнаас зарлаж буй валютын дуудлага худалдааны эрэлт ч буурч, банкууд Монголбанкнаас авах бус Монголбанканд валют худалдах санал түлхүү ирүүлж эхэлж байна.
Гадаад валютын дуудлага худалдааны статистикаас харахад 2023.03.30-наас хойших нийт 7 удаагийн дуудлага худалдаагаар банкнууд нийтдээ 117.5 сая ам.доллар болон 24 сая юанийг Монголбанканд худалдах санал ирүүлжээ. Харин Монголбанкнаас ам.доллар худалдан авах санал нь мөн хугацаанд 38 сая ам.доллар байв. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар үнэ хөдөлж байдаг. Үүнтэй адилаар ханш ч бас нэг төрлийн үнэ бөгөөд эрэлт, нийлүүлэлтийнхээ хуулиар тогтож байдаг жамтай. Энэ жишгээр харвал сүүлийн нэг сар орчмын хугацаанд гадаад валютын нийлүүлэлт эрэлтээсээ давсан гэдэг нь дуудлага худалдааны статистикаас харагдаж байгаа юм. Тийм ч учраас зах зээлийнхээ зарчмын дагуу энэ өдрүүдэд төгрөгийн ханш “гэдийж”, ам.долларын ханш “тонгойж” эхэллээ.
2022 оны сүүлээс эхэлсэн эдийн засгийн эерэг өөрчлөлтүүдийн нөлөөлөл ийнхүү монгол төгрөгийн ханш дээр эерэг тусгалаа өгч байна. Тэгвэл цаашдаа хэрхэх вэ гэдэг асуулт бас бий. Сангийн яам 2022 онд өргөн барьж, батлуулсан энэ оны төсвийн төсөлдөө эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүрэх төлөвтэй байгааг тусгасан. Харин Монголбанк саяхан гаргасан инфляцын тайлангийн эхний улирлын дугаартаа эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өмнөх төсөөллөөс нэмэгдүүлж, 4 хувьд хүрэхээр тусгажээ. Азийн хөгжлийн банк шинэчилсэн төсөөлөлдөө манай улсын эдийн засгийн өсөлтийг 5.4 хувь байхаар тусгасан бол Дэлхийн банк 5.2 хувиар өсөх төлөвтэй байгааг дурдсан. Нүүрсний экспорт сайн, Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжсэн. Тэр хэрээр энэ онд экспорт сайн байж, хүлээлтийг давж биелэх, цаашилбал төлбөрийн тэнцэлд ч эерэг нөлөөгөө үзүүлнэ. Товчхондоо бол эдийн засгийн өсөлтийн төлөв болон гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн нөхцөл байдлаас харвал төгрөгийн ханш цаашид ч тогтвортой хадгалагдах эерэг дүр зураг ажиглагдаад эхэллээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ