Чуулгад тоглогдож буй цуутай ХОШИН ШОГ!

Хуучирсан мэдээ: 2023.04.28-нд нийтлэгдсэн

Чуулгад тоглогдож буй цуутай ХОШИН ШОГ!

Чуулгад тоглогдож буй цуутай ХОШИН ШОГ!

Прокуророос яллагдагчаар татагдсан нь 84, шүүгч, прокурор, өмгөөлөгч, гэрч нийлсэн нийтдээ 275 хүн оролцож буй Хөгжлийн банкны гэх малгайтай хэргийн шүүх хурал Улаанбаатар чуулгын танхимд арав дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хурлын үйл явцыг телевизийн эфирээр, олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулж буй агаад авлига, албан тушаалаа урвуулан ашигласан, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт буруутгагдаж буй шүүгдэгчид бүгд  гэм буруугүй болохоо мэдүүлж, матрын нулимс унагах нь холгүй байна. “Гэм нь урдаа, гэмшил нь хойноо” гэгчээр.

Хөгжлийн банкны хэрэг нь ЖДҮХС-гийн луйврын дараах албан тушаалтнууд холбогдсон цар хүрээ, улсад учруулсан хор, хохирлын хэмжээ, холбогдсон хүмүүсийнхээ тоогоор олон нийтийн анхаарлыг татсан хоёр дахь томоохон, дуулиант хэрэг юм.

Анх энэ хэргийн талаар шүгэл үлээсэн хүн нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын 20-нд  Хөгжлийн банкны чанаргүй 25 зээлдэгчийн нэрсийг олон нийтэд зарлаж, улс төрийн хүрээнд бөмбөг тэсэлсэн. Учир нь, Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдогчид нь улс төр, бизнесийн томчууд.

Жирийн нэг дунд үйлдвэрлэл эрхлэдэг иргэн бага хүүтэй, урт хугацаатай мөнгө банкнаас авах боломжгүй, Хөгжлийн банкны үндсэн шаардлага нь хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гэх “нэртэй” байсан тул. Харин хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн хувьд Хөгжлийн банк  “хөнжлийн банк” байжээ. Зээлийг нь гаргаж өгөөд “ёндоо” хуваах, брэндийн хэтэвч бэлгэнд авах, өгөх нь жирийн үзэгдэл, бараг бичигдээгүй “журам” байсан юм биш үү.

Хулгай хийхэд ч хууль хэрэгтэй. Хуулийг эрх мэдэлтнүүд хувьчлан зөрчиж болдгийн нэг кэйс энэ. Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 онд анх батлахдаа УИХ-аар баталсан, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэж зааж өгсөн. Гэвч, 2016 онд МАН засгийн эрх авсан даруйдаа, тус хуулийн 8.1 буюу Хөгжлийн банк нь Засгийн газраас гаргасан томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална гэх заалтыг авч хаяад жинхэнээсээ найрласан байдаг.  “Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдахаас бусад тохиолдолд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан шийдвэрлэхгүй” гэж байгаад.

Хуулийн төслийг өргөн барьсан нь Б.Ундармаа, ажлын хэсгийн ахалсан нь Л.Элдэв-Очир. Тэдний хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкны найдваргүй зээлэгчдийн ангилалд орчихсон…! Мэдээж, санамсаргүй тохиолдол биш.

Арван өдөр зурагтын өмнө “үзэгчдийг уяж” буй шүүх хурлыг үзэхэд хошин шог цаашаа.  Юун Бооёо, юун Онон, юун Одноо. Ямар ч сайн жүжиглэдэг юм, яасан ч авъяаслаг юм, яг  үнэндээ манай хошин шогийнхон бусдыг инээлгэх гэж зовдог, гурилддаг байж. Жинхэнэ  "хошин шогчид" тэнд татааж байна. Жүжиглэнэ, уйлна, дуулна гэдгийг утгаар нь "үзүүлж" байна, банк тоногчид.

Найдваргүй зээлдэгчийн нэг ангилалд багтсан "НВЦ" ХХК-д зээл олгохдоо хахууль авсан гэх хэрэгт буруутгагдаж буй Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн асан Л.Аззаяа цаасан ууттай бэлэг Ц.Баатарбилэгээс харанхуйд авснаа хараагүй гэв. Ц.Баатарбилэгийн зээлийг бүтээж өгсний хариуд авлига авсан гэх хэрэгт буруутгагдаж буй Ё.Баатарбилэг түүний аавыг танихгүй гэв. 1990 оноос 33 жил нөхөрлөж байгаа сайн андууд атлаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гэхэд Х.Ганхуягтай найз биш, зээл олгоход нь нөлөөлөөгүй гэж. Тийм ч байж болно, үгүй ч байж болно.  "Вертекс майнинг партекс" компанийн зээлд хууль зүйн дүгнэлт гаргасан н.Мөнхбаяр "Барьцаа хөрөнгө хангалтгүй гэсэн дүгнэлтийг санхүүгийн мэргэжилтэн гаргасан. Иймд би зээлийг олгох нь эрсдэлтэй гэж дүгнэсэн. Удалгүй барьцаа  хөрөнгийн шаардлага хангасан гэж дахин өөр дүгнэлт ирүүлсэн” гэснээс харвал Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёр гадагшаа явж ирсний дараа зээлийн барьцаа нь баталгаатай болоод хувирсан бололтой, янз нь.

МоАХ-ны газрыг “Пирамид Орд” ХХК-ийн барьцаанд тавихдаа Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж буй Г.Байгалмаагийн мэдүүлгийг сонсвол бүр “элэг авна”.

“Манай  дүү Г.Санжмятав “Пирамид Орд” ХХК-д туслан гүйцэтгэгчээр орж ажилласан. Надад албан тушаалаа урвуулан ашиглаж, дүүгээ оролцуулсан юм байхгүй. Надаас шаардлагагүй бичиг баримт шаардахад нь цаг тулаад хуурамчаар гарын үсэг зурсан. Энэ буруу зүйл биш” гээд гэмшсэн шинжгүй  зогсож байх жишээний.  Бусдын гарын үсгийг хуурамчаар зураад зээл авах чинь гэмт хэрэг байлгүй яахав.

"Монгол мах экспо" ХХК, "Монгол эм импекс концерн" зээл олгохдоо хахууль авсан, өгсөн гэх хэрэгт буруутгагдаж буй  Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу "Ажлын бус цагаар үйлдэгддэг арга хэмжээнд миний бие арай дүү нь болохоор бэлэг дурсгалд явах, сөн түшдэг байсан" гэжээ. Ийм хүмүүсээр удирдуулж байсан банк бараг дампуурах шахсан нь аргагүй юм байна.  Ажлын бус цагаар сөн түшихдээ авлига авч өгөлцдөг байж л дээ.

Шүүгчдэгчдийн үгээр Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруутан нь доллар, ковид, дайн юм байна. Тэгээд л Хөгжлийн банкны  1.6 их наядын зээл чанаргүй болсон юм даг уу даа. Нөгөө миний барьж байсан хутган дээр өөрөө ойчоод үхчихсэн гэдэг шиг. Гэхдээ хүүхэд хүртэл тэдний өгсөн мэдүүлэгт хууртагдахгүй болсон.

Ийнхүү Улаанбаатар чуулгын танхимд, тайзан дээр урлаг соёлын арга хэмжээ явагдах байтал улсаа тонож идсэн хэрэгтнүүдийг шүүх хурлыг уйлах, инээхийн завсарт улсаараа үзээд сууж байна. Өнгөрсөн есөн өдрийн шүүх хурлыг товчхон дүгнэхэд, “жүжигчдэд” инээдэм, үзэгчдэд ханиадам байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
БурууБуруу
11
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж