“Газраас чулуу аваад нүдээ аниад шидэхэд яаж ч байсан эрх зүйч эсвэл маркетингийн мэргэжилтэй хүн ононо” гэх инээдтэй сонсогдох ч эмгэнэл дагуулсан үг гарчээ. Монголд ижил мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудын тоо их учир түгээмэл мэргэжлүүд дээр ажлын орон тоо бага, өрсөлдөөн их байдаг. Улмаар залуус эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах бус өөр ажил хийх эсвэл ажилгүйчүүдийн эгнээг тэлдэг гэхэд хилсдэхгүй.
Монголын зах зээлд илүүдэлтэй байгаа мэргэжлүүдийг жагсаавал, хуульч, эрх зүйч тэргүүлж араас нь эдийн засагч, нягтлан бодогч, санхүү, түүхч, философич, улс төр судлаач, сэтгүүлч, бизнесийн удирдлага, нийгэм судлаач удаалжээ. Улаанбаатар, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн ихэнх их, дээд сургуулиуд дээрх мэргэжлүүдээр жил бүр элсэлт авдаг. Элсэгчдийн тоо нь жилээс жилд ихэснэ үү гэхээс багасахгүй.
Эсрэгээрээ бага ангийн багш, сувилахуй, системийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, механик инженер, сэргээгдэх эрчим хүч, ойн инженер, цэцэрлэгийн багш тэргүүтэй мэргэжлүүд хомсдолтой, эрэлттэй байна.
Тэгвэл залуус хэрхэн мэргэжлээ сонгож, юуг чухалчилдаг болсон талаар сурвалжлахыг зорилоо.
ТЕСТ ӨГЧ МЭРГЭЖЛЭЭ ТОДОРХОЙЛУУЛЖ БАЙСАН
ШУТИС-ийн КООСЭН-д механик инженерээр сурдаг н.Хэрлэнгийн тухайд хоббигоо даган мэргэжлээ сонгожээ. Тэрбээр “Өөрөө зорьж сургуульдаа орсон. Юм угсрах, эвлүүлэх сонирхолтой учир энэ чиглэлээр явъя гэж бодсон. Өөр боломж байсан ч сонирхлоо дагаад л орсон доо. Мэргэжлээ сайн судлаагүй ээ. Робокон гэдэг талаас нь л орсон” гэв.
Харин МУИС-д сэргээгдэх эрчим хүчээр сурдаг н.Чойлхагва гэр бүлийнхээ нөлөө, хүсэл сонирхлоороо мэргэжлээ сонгожээ. Түүний ах нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг учир дүүдээ мэргэжлийнхээ давуу болон онцлог талын талаар тайлбарлаж, эцэст нь “урвуулж” чадсан байна. Энэ талаар н.Чойлхагва “Хүсэл сонирхлоороо орсон гэж хэлж болох ч эргэн тойрны нөлөө бас байсан. Манай ах сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг. Ер нь тэгээд л гоё санагдаад орсон доо. Судалж байж орсон. Яаж ажилладаг, цалин хэр вэ гэх зэргийг нь ахаасаа асуусан. Мэргэжлээ сонгохын тулд өөрийн чиг баримжаа, тархийг судлуулж, аль чиглэлээр явбал ирээдүйтэй вэ гэдгээ тодорхойлуулбал мэргэжлээ сонгоход дөхөм юм байна лээ. Манай ангийнхан 12 дугаар ангид байхдаа тийм газар очиж, тест өгч тодорхойлуулж байсан” гэлээ.
Дээрх оюутнууд хоёулаа өөрсдийнхөө сонирхлоор Монгол Улсад нэн хэрэгцээтэй буй мэргэжлээр боловсрол эзэмшиж байгаа нь сайшаалтай. Мөн сонирхол бус боломж, ЭЕШ-ын оноогоо харж, сонголт хийсэн оюутнууд ч цөөнгүй. Тэдний нэг нь Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан н.Цацрал. Сэтгүүлч мэргэжлээр сурдаг ч анхандаа сэтгэл судлаачаар сурахыг хүсчээ. Харамсалтай нь, анги нь дүүрсэн тул сэтгүүлчээр сурахаар шийджээ. н.Цацрал “Мэргэжлээ өөрөө шийдсэн дээ. Уг нь сэтгэл судлаачаар сурах бодолтой байсан юм. Даанч анги нь дүүрчихсэн байсан. Тэгэхээр нь сэтгүүлчийн ангийг сонгосон. Гэхдээ анги нь таалагдаж байгаа” гэж ярив.
СОНИРХЛОО ДАГАСАН
Одоогоос хэдхэн жилийн өмнө хүүхэд, залуус ЭЕШ-ын дараа авсан оноондоо тааруулан сургууль, мэргэжлээ сонгодог байсан гэвэл үнэнээсээ хол зөрөхгүй биз. Харин одоо сонирхсон мэргэжил, хүссэн сургуульдаа орохын тулд ЭЕШ-дээ бэлдэж, мэргэжлийнхээ босго онооны төлөө суралцдаг болжээ. Энд сонирхолтой асуулт гарч ирж байгаа нь “Тэгвэл ЭЕШ өгөхийн өмнө мэргэжлээ хэрхэн сонгох вэ?”.
н.Чойлхагвын ярьсанчлан тэдний ангийнхан 12 дугаар ангидаа мэргэжлээ тодорхойлуулах тест өгсөн гэж байсан. Түүний адил СЭЗИС-д санхүүгийн удирдлагаар сурч, хажуугаар нь Хас банкинд ажилладаг Мөнх-Эрдэнэ ч тийм тест өгчээ. Тэрбээр “Багадаа математикт сонирхолтой байсан учир энэ мэргэжлийг сонгосон. Уг нь МУИС-ийн хэрэглээний математикийн ангид орох боломж байсан ч өөрөө сонирхолгүй байсан учир ороогүй. Мэргэжлээ сонгохдоо ээж, аавтайгаа ярилцаж, юунд авьяастай вэ гэдгээ судалсан даа. Мөн мэргэжлээ сонгож амжаагүй байгаа бол мэргэжил сонголтын тест байдаг юм байна лээ шүү” гэв.
ДУРТАЙ ЧИГЛЭЛЭЭР Л СУРВАЛ МӨНГӨ ХАМААГҮЙ
Мөн Гёте сургуулийн 10 дугаар ангийн сурагчидтай уулзахад ч тэд хэдийнэ чиглэлээ сонгож, мэргэжлээ судалж байгаа гэлээ. н.Болор-Эрдэнэ “Мэргэжлээ сонгож амжсан. Бизнес эсвэл хуулиар явна даа. Нийгэм тал руугаа сонирхолтой. Өөрөө л дур сонирхлоороо сонгосон” гэсэн бол н.Цацрал “Мэргэжлээ яг сонгоогүй л байна. Шинжлэх ухаан тал руугаа явъя гэж бодож байгаа. Ер нь хүн өөрийнхөө дуртай чиглэлээр л суралцвал мөнгө хамаагүй гэж бодож байна. Ирээдүйд шаардлагатай ICT эсвэл шинжлэх ухаанаар явбал Монголын ирээдүйд ч хувь нэмэртэй юм болов уу даа” гэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн чанарт анхаарч, төрийн өмчийн зургаан их сургууль ижил мэргэжлээр оюутан элсүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Энэ талаар АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байв. Төрийн өмчийн зургаан их сургууль ийнхүү хамтарч ажилласнаар хөтөлбөрийн давхардал арилах ажээ. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулиуд адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болж байна. Цаашид нэг нэгнээ нөхөх зарчим үйлчилж, кредитийг хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лаборатори хамтарч ашиглах зэрэг 40 орчим чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөжээ.
ДУТАГДЛЫГ ШИЙДЭХ АРГА НЬ ОНООНЫ ЗОХИЦУУЛАЛТ
Өнгөрсөн намар ч Л.Энх-Амгалан сайд “Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурч байна. Өөрөөр хэлбэл, 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. 13 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад сургуультай нэгтгэсэн. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн бөгөөд цаашид шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно” гэж байв.
Харин саяхнаас сургууль бүр дээр босго оноо тогтоох бус мэргэжил бүр дээр нь босго оноо тогтоож өгсөн. Үүнийг Л.Энх-Амгалан сайд тайлбарлахдаа “Бид өнгөрсөн жил их дээд сургуульд элсэх босго оноог 480 болгож дээшлүүлсэн. Их сургуульд бага ангийн багш, цэцэрлэгийн багш, сувилагч бэлдэж байгаа ба тэд заавал дээрх оноогоор элсэх шаардлагагүй юм. Дуу хөгжим, технологийн багш, биеийн тамирын багш маш их дутагдалтай байгаа асуудлыг шийдвэрлэх гэж буй нэг арга хэрэгсэл. Нөгөө талаасаа оноог буулгаагүй, нийтээр нь өсгөсөн. Жилд дунджаар 35-37 мянган хүүхэд ЭЕШ өгдөг ба тэдний 40 гаруй хувь нь банк, санхүү, гааль, эдийн засагчийн мэргэжлийг сонгосон байдаг. Нэгэнт бэлтгэгдсэн хүнийг заавал түүгээр нь дахин бэлтгэх шаардлага байхгүй гэж үзсэн. Шинэ сэргэлтийн 6 бодлогын хэрэгжилтийн хүрээнд инженер, техникийн 40 мянган ажилтнуудын хэрэгцээг хангах үүднээс эдийн засаг, банкны чиглэлээр сурах хүүхдүүдийн элсэлтийн босго оноог өсгөх, суурь шалгалтыг математикийн буюу логик хичээлээр өгөх зэрэг тохируулга хийж буй л зохицуулалт болохоос биш багшаар сурах хүүхдүүдийн чадварыг нийтээр нь доошлуулсан зүйл огт байхгүй ” гэсэн юм.
МЭРГЭЖИЛ СОНГОЛТОД ҮЗЭМЖ НӨЛӨӨЛЖ БАЙНА
Эцэст нь сэтгэл зүйч Ц.Олз-Омогтой уулзаж, сурагчдад зориулан мэргэжил сонголтын талаар зөвлөгөө авлаа. “Мэргэжил сонголт гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг. Учир нь хүн ажил дээрээ амьдралынхаа гуравны нэгийг зарцуулдаг учир түүндээ сэтгэл ханамжтай байж чадсанаар амьдралын чанар дээшилнэ. Бидний амьдралын эцсийн зорилго бол аз жаргалтай, сэтгэл ханамжтай, амар тайван байдал шүү дээ. Тийм учраас мэргэжил сонголтонд нэгдүгээрт сонирхол, хоёрдугаарт хүний хувийн онцлог, гуравдугаарт ур чадвар чухал. Өөрийн ур чадварт мөн зан байдал, онцлог, хүсэл, сонирхолд нь нийцсэн байж тухайн хүнд мэргэжил нь тохирно гэж ойлгож болно. Үүний тулд өөрийнхөө сонирхол, зан чанар, ур чадварыг илүү нухацтайгаар ахисан түвшинд судлах хэрэгтэй. Үүнд сэтгэл зүйч, карьер зөвлөх, мэргэжлийн сонголтын төрөл бүрийн тестүүд илүү мэргэжлийн түвшинд туслаж чадна” гэж тэрбээр ярив.
Таван жилийн өмнө бол сурагчид 10-20 мэргэжлийн хооронд л эргэлдэж түүнээсээ сонголт хийдэг байсан бол сүүлийн нэг жилийн хувьд мэргэжлийн хүрээ илүү тэлсэн байгааг хэд хэдэн судалгааны үр дүнгүүд харуулсан. Мэргэжлийг тодруулж хэлвэл, программ хөгжүүлэгч, төрөл бүрийн спортын тамирчин, жүжигчин. Сурагчдын мэргэжлийн сонирхол мэдээллийн эрин үед цаг минут тутамд өөрчлөгдөж байгаа гэнэ.
Түүнээс сурагчид мэргэжлээ сонгохдоо ямар алдааг түгээмэл гаргадаг талаар лавлахад “Нэгдүгээрт, өөрийн хүсэл сонирхлоо олоогүй, тодорхойлоогүй буюу өөрийгөө бүрэн таньж мэдээгүй байдлаас бусдыг аялдан дагалдах байдлаар сонгох. Хоёрдугаарт, сонгосон мэргэжлийнхээ ажлын байрны чиг үүрэг, хийж гүйцэтгэх үүргийг тодорхой мэддэггүй өнгөц байдлаар судлах” гэж хариулав.
Мөн мэргэжил сонголтод үзэмж нөлөө үзүүлдэг аж. Энэ талаар Ц.Олз-Омог “Сүүлийн таван жилийн судалгаагаар дийлэнхи хувьд мэргэжлийн үзэмж илүү нөлөөлж буйг харуулдаг байсан. Үүнийг дэлгэрүүлж үзвэл цагдаа, эмч, шүүгч зэрэг мэргэжлийн хувцас нь “гоё” харагддаг гэдэг талаас мөн олон нийтийн сүлжээгээр бусдын бахархал болсон, анхаарлыг татсан мэргэжлүүдийг илүүтэйгээр сонгох хандлагатайг тодруулж байгаа юм. Энэ нь мэргэжлийн судалгааны өнгөц хэсгүүд бөгөөд ажлын байрыг илүү сайн судлах хэрэгцээ байгааг харуулж байгаа юм” гэлээ.
Тэгвэл дээр дурдсанчлан өөрт тохирсон мэргэжлийг хэрхэн сонгох вэ?. Сэтгэл зүйчийн хэлснээр нэгдүгээрт, чиний хүсэл мөрөөдөл, зорилгод нийцэж байгаа эсэхийг өөрөөсөө асуух. Хоёрдугаарт, тухайн мэргэжлийн хүнтэй уулзаж судалгаа хийх, ажлын байртай нь танилцах. Гуравдугаарт, мэргэжлийн сэтгэл зүйчид хандах. Дөрөвдүгээрт, мэргэжил сонголтын тест бөглөх аж.
Сүүлийн үед мэргэжил сонголттой холбоотой мэдээллүүд ихэссэнээр сурагчид интернэтээс үнэгүй тестийг илүү ашиглаж мэргэжлээ сонгох хандлагатай болсон бөгөөд эцэг, эхчүүд үүн дээр нь баталгаажуулах зорилгоор сэтгэл зүйчид хандах нь элбэг болжээ.
Сэтгэл зүйч Ц.Олз-Омог сурагч, залуустаа зориулан мэргэжил сонголттой холбоотой дараах газар, цахим хуудас, хэрэглүүрүүдийг зөвлөж байна.
- Career steps-NUM /үнэгүй мэргэжил сонголтын апп /
- Opendoor.mn/profession-test/-/үнэгүй мэргэжил сонголтын сайт /
- Карьер хөгжлийн төв /Мэргэжил сонголтын тест өгөх боломжтой газар/
- Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн /Мэргэжил сонголтын тест өгөх боломжтой газар/
- Genetic Test Mongolia /Мэргэжил сонголтын тест өгөх боломжтой газар/
Холбоотой мэдээ