Зон олны намын дарга Э.Одбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-“No war” хөдөлгөөний таван хүнд цахим гав зүүлгэх үеэр амны хаалт зүүсэн хүн Э.Одбаярыг заналхийлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Ямар асуудал үүссэн талаар мэдээлэл өгөөч?
-“No war” хөдөлгөөний таван хүнд ял оноож, өчигдрөөс цахим гав зүүлгэж эхэлсэн юм. Биднийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд өчигдөр 11.30 цагт ир гэж дуудсан. Ерөнхийдөө гурван асуудал болсон. Нэгдүгээрт, цахим гавтай холбоотой, хоёрт, хэрэгжилттэй холбоотой, гуравт, заналхийлэлд өртлөө. Иргэн Д.Монголхүүгийн цахим гавны тайлан дутуу байсан учраас хорих ял болгон өөрчилсөн. Хамгийн гол нь Д.Монголхүүгийн шүүх хурал дээр олон хүн оруулахгүй байсан учраас Б.Билгүүн орсон. Б.Билгүүн талуудын нотлох баримтын мэтгэлцээнээс харахад энэ цахим гав нь асуудалтай байна гэдгийг хэлж байсан. Бид ямар ч байсан өнөөдөр цагаа зүүлээ. Ядаж чанга сулыг нь тохируулахаас эхлээд алдааг нь засуулах шаардлагатай байдаг юм байна.
Хоёрт, анх 2021 оны аравдугаар сард бидний шүүх хурал болж байхад Л.Ганхөлөг, Б.Билгүүн хоёрын хувьд нэг нь Баянгол, Баянзүрх дүүрэгт амьдарч байсан. Гурван шатны шүүхээр явж, бид ял авах нь ойлгомжтой болоод ирэхээр нь хаягийн шилжүүлэлтээ албан ёсоор хийж, хүүхдүүдийнхээ сургууль руу ойртож, шилжсэн.
Амьдарч байгаа дүүргээс гарахгүй учраас хувийн бэлтгэлээ хангаж Сүхбаатар дүүрэгт шилжиж ирсэн. Тэгсэн өнөөдөр гавыг нь зүүлгэхдээ гэрийнх нь хуучин хаягаар цахим гавыг нь зүүлгэлээ.
Тэр хоёр маань тэнд таньдаг айлд хонож байна. Бас Ц.Чинбат хүүхдийнхээ сургуулийн маршрутыг тогтоолгох гэсэн чинь эхлээд хүсэлт гаргаж, прокурор хянаад 10 хоног дотор шийднэ гээд хүүхдийг нь сургуулиас зөөх хүнгүй болчихсон байна. Иймэрхүү байдлаар хүний үндсэн суурь эрхийг зөрчсөн асуудал үүсч байна. Би дөнгөж цахим гаваа зүүгээд, мессежийг нь харахад 2021 оны наймдугаар сарын 24-ний 9.50 цагт яаралтай дуудлага хийх гэсэн мессеж ирсэн. Гэтэл Ц.Чинбат дээр Сүхбаатар дүүрэг дотроо “No war” галерейд байхад бүсчиллээс гарсан гэдэг мессеж ирж байх жишээтэй. Цахим гав нь техникийн хувьд асуудалтай, алдаа зааж байна. Сая ийм асуудлаас болоод зорчих эрхээ хязгаарлуулсан иргэдийг хорих ялаар сольж хорьдог юм байна. Бид энд давхар стандарт, дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлдэг байсан чинь одоо цаг нарны хэрүүл хийдэг улс болж хувирлаа.
-Таныг ямар хүн заналхийлсэн бэ. Өмнө нь уулзаж байсан хүн үү?
-Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Засгийн газрын оролцоотойгоор хэсэг хүмүүс дайныг дэмжсэн агуулгатай “Ура” гэдэг нэртэй хоёр дуу хийсэн юм шиг байна. Хоёр өөр хамтлагийн дуу бололтой. Тэр дууг нь сайн мэдэхгүй. Дууны клипэнд нь дотоодын цэрэг, нисдэг тэрэг, зэвсэг техникийн зураг авалтыг хийсэн байсан. Үүний нэг клипэнд нь тоглосон залуу дайныг дэмжигч залуу намайг заналхийлсэн. Тэр дууны сэтгэгдэл доор хүмүүс шүүмжлэл өрнүүлэхэд иргэн Д.Монголхүү тухайн үед хоригдоогүй байхдаа “Хүүхдүүд хичээл номоо сайн хийхгүй бол энэ ах нар шиг болно шүү” гэж ёгтолж бичсэн юм байна. Тэгсэн тэр нөхөр биднийг заналхийлсэн. Тэр хүн биднийг тэнд очих, гарч ирэх цагийг мэдэж байсан. Тэгээд төрийн байгууллагын үүд хаалган дээр бүртгэл хийгээд зогсч байхдаа хүнийг “Ална, устгана” гэж дайрч доромжилсон.
Бид цахим гав зүүж байгаа учраас үг, үйлдэл хязгаарлагдана. Гэтэл зориуд өдөөн хатгаж маргаан үүсгэж, зөрчил гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах гэж байсан. Энэ өдөөн хадгалтаараа хязгаарлалтын ялыг хорих ял болгож солих, зохиомол хэрэг нэмж тооцох гэх мэт ажиллагаанууд хийх зорилготой.
-Тэр хүн танд гар хүрсэн үү. Олон нийтийн сүлжээнд цацагдсан зураг, бичлэгийг хэн хийсэн бэ?
-Би хоёр сэтгүүлчтэй гарч ирсэн. Сайтын нэг сэтгүүлч видеог нь хийж байхад нөгөө талаас бас нэг хүн утсаараа бичлэг хийж байсан. Твитерт бүтэн бичлэг нь орсон байна лээ. Тэр хүмүүсийг огт танихгүй. Сая хэд хоногийн өмнө “No war” галерейн гадна танихгүй хоёр хүн өдөржингөө ажиглаж зогссон. Баахан цагдаагийн машин ирчихсэн, хамгаалалт гарсан байсан. Өмнө нь тэр хавиар тэгж байж байгаад л намайг баривчилдаг байсан.
Тэгээд би “Та нар эрүүгийн төлөөлөгч нар юм уу. Ямар асуудлаар явж байна. Бид гудамжныхан байна” гэсэн. Тэгээд галерей руу орсон чинь гаднаас хаалга үүд цохиж эхэлсэн.
Цагдааг хандаад ирэхэд нь тэр хүмүүс “Наад галерейг чинь шатаана” гэж заналхийлсэн. Тэр хүмүүс нь шүүхийн шийдвэр дээр ирсэн хүмүүс байсан. Сүүлдээ миний биед халдаж байна. Намайг цохиогүй ч заамдаж, угзарч татсан үйлдэл хийсэн.
-Хүмүүс таныг аавтай нь холбож, улс төрд орохын тулд эх оронч хүний дүр эсгэж байна гэж шүүмжилдэг. Энэ тал дээр ямар тайлбарыг хэлэх вэ?
-Би нэгдүгээрт Ардчилсан намын гишүүн биш. Хоёрт, би төрийн байгууллагад нэг ч өдөр ажиллаж байгаагүй. Хувийн бизнес эрхэлдэг, татвар төлдөг хүн. Дээрээс нь эцэг эхийн татаас түлхээсээр янз бүрийн албан тушаал, намын дотоод үйл ажиллагаанд хэзээ ч оролцдоггүй. Би өөрөө үзэл баримтлалтай, шинэ тутам улс төрийн намд удирдах ажилтан хийдэг. Үзэл бодлоо илэрхийлээд явдаг. Манай нам 2016 онд байгуулагдсан. Энэ хугацаанд аль ч шатны сонгуульд нэр дэвшиж байгаагүй.
Би иргэн хүнийхээ хувьд дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шууд заналхийлэлд өртөх ёсгүй.
Миний хувьд энэ бүхэнд Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг холбон ойлгож байна. Х.Нямбаатар сайд твитер дээр “Гудамжны юмнууд заамдалцаад” гэж жиргэсэн байна лээ. Иргэдээ ингэж доромжилж болдог юм уу. Би иргэн хүнийхээ хувьд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байтал эрх баригчдын зүгээс харлуулж, гүтгэж, таслан зогсоох янз бүрийн аргыг хэрэглэж байгаа нь харамсалтай.
Холбоотой мэдээ