Орчлонд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж, хүний дайтай хүн болгосон ачийг нь үр хүүхэд нь огоорч, эцэг эхээ үл хайхран, ялгаварлан гадуурхаж, хүчирхийлэх тохиолдол энэ нийгэмд амь бөхтэй оршиж, монголчууд бид улам л “Муухай монгол хүн” болсоор байна. Цаашлаад ахмад хүмүүсийн үндсэн эрх, эрх чөлөө улам хязгаарлагдсаар байгааг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын судалгаануудаас харж болох юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан. Харамсалтай нь, ахмад настны ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх эрх зөрчигдсөөр байна.
ХЭҮК-ын судалгаанд оролцсон ахмадуудаас ямар хэлбэрийн хүчирхийлэлд өртөж буйг тодруулахад, үл хайхрах хүчирхийллийн хувьд халамж анхаарал тавихгүй байх, асаргаа үзүүлэхгүй байх, тусламж, дэмжлэг үзүүлэхээс татгалзах, сэтгэл санааны хүчирхийллийн хувьд бусадтай харилцахыг хориглох, хүсч, сонирхдог зүйлийг нь хязгаарлах, үг хэлээр доромжлох, хашгичиж загнах зэрэг асуудлууд хамгийн их тохиолддог байна.
ТОХИОЛДОЛ 1
…Биеийн хүчирхийлэл гэхээсээ илүү үл хайхрах хүчирхийлэл маш их байдаг. Жишээлбэл, нэг эмээ “Эмнэлэг дээр байна, миний нуруу хугарсан гэж байна” гээд хүүхэд рүүгээ залгахад хүүхэд нь “Тэгээд би яах юм бэ, завгүй байна” гээд ярьж байсан. Гэр хорооллын хөгжлийн бэрхшээлтэй нэг хөгшин тэтгэврээ авах гэж 2 буудлын цаана байдаг банк руу өдөржин явдаг тохиолдол мэднэ.
Биеийн хүчирхийлэлд өртөөд байгаа өрөвдөлтэй тохиолдолтой бас таарч байсан. Тэр хүн хүүхэдгүй, хамаатныдаа байдаг. Нүүр, амыг нь хөх эрээн болтол нь зодчихсон, “Энэ хүмүүс намайг зодоод байдаг юм. Тэгээд би одоо яг яах ёстой юм бол. Хорооны цагдаа дуудах ёстой юм болов уу” гэдэг. Дараа нь дахиад намайг дуудахад тэр хүн харваад нас барчихсан байсан. Мөн хүүхэд хараад ч гэдэг юм уу, эсвэл үл хайхрах, санхүүгийн хүчирхийлэл бол маш их…
(Геронтологийн үндэсний төвийн эмчтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
Ахмад настан эдийн засгийн хүчирхийлэлд өртөж буй гол хүчин зүйл нь тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах, үл хөдлөх хөрөнгийг нь өөрийн нэр дээр авах, байрнаас нь хөөх, хөрөнгөнөөс болж үр хүүхдүүд нь маргаж, сэтгэл санааг нь зовоох зэрэг асуудлууд байнга гардаг байна.
ТОХИОЛДОЛ 2
…Манай охин дээд боловсролтой, нийслэлийн Ерөнхий боловсролын … дугаар сургуульд багшийн ажилтай. Миний тэтгэврийн картыг ашигладаг боловч намайг гэрээсээ хөөж, хог түүж траншейгаар амьдрахад хүргэж байсан…
(Сонгинохайрхан дүүргийн ахмад настантай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
ТОХИОЛДОЛ 3
…Манай хорооны нэг ахмад настан насаараа хөдөлмөрлөсөн, үр хүүхдээ өсгөсөн. Хүүхдүүд нь байгаа хэр нь хайхардаггүй. Өөрийнх нь амьдарч байсан газар дахин төлөвлөлтөд ороход хүүхдүүд нь эрхийг нь нэр дээрээ шилжүүлээд, баригдсан барилгад нь ороод суучихсан байх жишээтэй…
(Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нийгмийн ажилтантай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
Дээрх судалгаануудаас харахад, ахмад настнууд хүчирхийллийн бүхий л хэлбэрт өртөж байх бөгөөд энэ нь дан ганц хүчирхийллийн нэг хэлбэрээр хязгаарлагдахгүй байна. Ялангуяа эдийн засагт суурилсан сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл, үр хүүхэд, ойрын хамаарал бүхий хүмүүст үл хайхрагдах хүчирхийлэлд өртөж буй байдал түгээмэл.
Хүчирхийллийг гол төлөв эхнэр нөхөр, хүү, охин зэрэг ойрын хүмүүсийн зүгээс үйлддэг байна. Гэвч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмадууд холбогдох байгууллагад төдийлөн мэдээлдэггүй аж.
ХЭҮК-ын судалгаанд оролцсон ахмадуудын зөвхөн 15 хувь нь цагдаа, хороо, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтанд мэдэгдсэн бол 85 хувь мэдээлээгүй гэж хариулжээ. Мэдэгдээгүй шалтгаанаа “хаана хандахаа мэдэхгүй, үр хүүхдийнхээ нэр төрийг бодсон, дарамт шахалтаас айсан, хандаад нэмэргүй байсан, өвчтэй, хэвтэрт гарах боломжгүй” гэж тайлбарлажээ.
АМЬ НАС НЬ АЮУЛД УЧИРСАН ТОХИОЛДОЛД Ч ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмадуудын амь насанд аюул учирсан, эсхүл хүнд, хөнгөн гэмтэл учирсан тохиолдолд л цагдаагийн байгууллагад ханддаг байна. Бусад тохиолдолд буюу сэтгэл санааны болон үл хайхрах, эдийн засгийн хүчирхийллийн хэлбэрүүдэд хууль хяналтын байгууллагад хандах нь ховор аж.
Ахмад настнууд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан 7 төрлийн үйлчилгээ авах боломжтой ч хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүдийн хувьд зарим төрлийн үйлчилгээ авах боломжгүй байдаг байна. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг нэг байранд байлгах боломжгүй. Амь насанд нь аюул учирсан тохиолдолд ч түр хамгаалах байранд хүлээж авдаггүй байна.
Мөн нэг түгээмэл учирдаг асуудал нь тэжээн тэтгэх хүүхэдтэй боловч хүчирхийлэлд өртсөн, эсвэл хөөгдөж гудамжинд гарсан ахмад настан.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтад зааснаар тэд асрамжийн үйлчилгээ авах боломжгүй байна. Энэ асуудал нь ялангуяа эрэгтэй ахмад настнуудад тулгамдаж байгаа аж. Хэдийгээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмадуудын 87 хувь нь эмэгтэйчүүд байгаа боловч эрэгтэйчүүд нь хүчирхийлэлд, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч хуулийн байгууллагад болон сэтгэл зүйчид ханддаггүй жендэрийн хэвшмэл хандлага нийгэмд байгааг анхаарч эрэгтэйчүүдэд чиглэсэн зорилтот арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Цаашид өсөн нэмэгдэж буй ахмад настны тоо болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд эрэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн цөөнх зэрэг зорилтот бүлгийн хэрэгцээ, хүйсийн ялгаатай байдалд нийцүүлж хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийг төрөлжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
ТОХИОЛДОЛ 4
…Засаг даргын захирамж гаргаж байж асрамжид явах асуудлыг нь шийддэг. Мөн хуулийн байгууллага та үр хүүхэдтэй учраас асрамжид явах боломжгүй гэдэг. Үүн дээр бид үнэхээр хүчирхийлэлд байгаа тохиолдолд халамжийн болон асрамжийн байгууллага руу шилжүүлж яагаад болдоггүй юм бэ…
(ХЭҮТ-ийн хөтөлбөрийн менежертэй хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
Цаашид өсөн нэмэгдэж буй ахмад настны тоо болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд эрэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн цөөнх зэрэг зорилтот бүлгийн хэрэгцээ, хүйсийн ялгаатай байдалд нийцүүлж хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийг төрөлжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарчээ.
Монгол Улсын хувьд хүн амын дундаж наслалт 2021 онд 71.01523 жил болж, 26 жилийн өмнөх түвшинтэй харьцуулахад 7.23 жилээр өссөн бөгөөд хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 болж 4.95 жилээр, эмэгтэйчүүдийнх 76.47 болж 11.04 жилээр тус тус өссөн байна.
Тэтгэврийн насны хүн ам 2020 онд хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувь болж, Монгол Улсын хүн амын дотор ахмад настны эзлэх хувь өсөх хандлагатай байгаа ажээ.
Нийгэмд ахмад настны эзлэх хувь өсөхийн хамт тэдний аж амьдрал, эрүүл мэндийн байдал, нийгмийн амьдрал дахь үүрэг, оролцоо, нэр төр, аюулгүй байдал зэрэг асуудалд цогцоор нь анхаарал хандуулах шаардлага тулгарч байна.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар, 2021 онд Монгол Улсад 344.766 (эрэгтэй 106.129, эмэгтэй 238.637)526 ахмад настан бүртгэгдсэний 153.724 нь (44.6 хувь) хотод, 191.042 нь (55.4 хувь) хөдөө орон нутагт амьдарч буй аж.
ТАВАН АХМАД ТУТМЫН НЭГ НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТАД ӨРТДӨГ
Ахмадын холбооны судалгаагаар, нийт ахмадуудын 16.7 хувь буюу 28.2 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд амьдарч, 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжинд байдаг байна.
Тэтгэвэрт гарсан ахмадуудын 67.5 хувь нь буюу 180 мянган ахмад ямар нэг ажил, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй боловч 38.5 мянга нь ажил хийж, тэднээс 9000 нь байнгын ажлын байранд хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй байна.
Ахмад настныг үл хүндлэх, ялгаварлан гадуурхах нь ахмад настны нийгмийн харилцаа, нийгмийн оролцоог хязгаарлаж, эрүүл мэнд доройтох, өөрийн үнэлэмж буурах, сэтгэл гутралд хүргэх зэрэг олон талын сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ нийгэмд тэгш бус байдал улам гүнзгийрэх, нийгмийн нэгдэл нягтралд алдагдахад хүргэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Иймд насаар ялгаварлан гадуурхах үзэгдэлтэй тэмцэх шаардлага дэлхийн улс орнуудад нийтлэг тулгарч буй юм.
Монгол Улсын хувьд хүнийг насаар нь ялгаварлан гадуурхах асуудлыг хууль тогтоомжоор хориглосон хэдий ч бүхий л салбарт ахмад гэж тоохгүй, хүндэтгэлгүй хандах, ялгаварлан гадуурхах тохиолдол гардаг болох нь судалгаануудын үр дүнгээс харагдаж байна.
ХЭҮК-ын судалгаанаас үзэхэд, судалгаанд оролцсон таван ахмад тутмын нэг нь ялгаварлан гадуурхалтад өртдөг. Энэ төрлийн хүчирхийлэл хаана илүү үйлдэгдэж байгааг судлаад, олон нийт, үйлчилгээний газар, ялангуяа дэлгүүр, банк, автобус, эмнэлгийн байгууллагад ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж үзжээ.
Ахмад настнууд зөвхөн насаар гэлтгүй гадаад үзэмж, амьжиргааны түвшин, хөгжлийн бэрхшээл, эмэгтэй гэдгээрээ ч ялгаварлан гадуурхалтад давхар өртсөөр байна.
Холбоотой мэдээ