Европын холбоо түүхэн дээд хэмжээгээр цэрэгжиж, Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гоос ялгарахгүй болж байгааг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров анхааруулсан. Тэрбээр Нью-Йорк хотноо хэлсэн үгэндээ, Европыэ холбоо нь ОХУ-ыг тогтоон барих түрэмгий бодлогоосоо болж хэт цэрэгжиж байна гэж шүүмжилжээ.
Тухайлбал, энэ оны эхээр улс төр, эдийн засгийн байгууллага болох Европын холбоо нь НАТО-той аюулгүй байдлыг бэхжүүлэх “стратегийн түншлэлийн” тунхаг бичгийг үзэглэсэн. Тус тунхаглалд ОХУ-аас өнгөрсөн онд Украинд түрэмгийлсэн нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Евро-Атлантын аюулгүй байдалд бий болсон хамгийн том заналхийлэл гэж тодорхойлсон байдаг.
Тунхаглалын ачаар Европын холбоонд багтдаггүй НАТО-гийн гишүүд болон НАТО-гийн гишүүн биш Европын холбооны орнуудын хооронд аюулгүй байдлын хамтын ажиллагаанд оролцох боломжийг нээж өгч байна. Гэхдээ тус тунхаглалд Европын холбооны аюулгүй байдлыг НАТО хариуцна гэсэн өгүүлбэр байхгүй.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нь НАТО-гийн өргөжин тэлэлтэд үргэлж санаа зовнисоор ирсэн төдийгүй өнгөрсөн онд Украин руу дайрснаа ч үүгээр тайлбарлаж байгаа. Гэвч Оросын дайралт нь Украинаас бусад хөрш орнуудыг нь айдаст автуулж, Финланд зэрэг орнуудыг НАТО-д нэгдэхэд хүргэсэн. Түүнчлэн Швед улсын НАТО-д элсэх хүсэлтийг удахгүй хүлээж авахаар яригдаж байна.
Украин улс Европын холбоонд элсэх хүсэлтээ дайны өмнө л өгсөн бөгөөд хүсэлтийг нь шийдвэрлэхээ холбогдох албаныхан илэрхийлсэн. Гэхдээ Украиныг Европын холбоонд элсүүлэх талаар хэлэлцээнд тодорхой цаг хугацаа заагаагүй.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ