Дорнын говьд жаргалтай амьдарч болдгийн учиг

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Дорнын говьд жаргалтай амьдарч болдгийн учиг

Дорноговь аймаг өрсөлдөх чадвараараа сүүлийн таван жил эхний тавд, сүүлийн хоёр жилд тэргүүн байр эзэлсэн. Барилга байгууламжууд сүндэрлэж, дэд бүтэц өргөжин тэлж, бизнесийн олон боломжууд нээгдэж буй энэ аймгийг зорьж суурьших иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ утгаараа аймаг, орон нутгийн удирдлагууд ч шилжин суурьшигчдыг дэмжих чиглэлийн бодлого хэрэгжүүлж байгаа нь чихэнд чимэгтэй. “Амьдрахад таатай, аз жаргалтай” хэмээн тодотгон бахархан ярьж буй иргэдийнх нь сэтгэгдлийг хүргэж байна.


С.Оюунбилэг: Хөгжил цэцэглэлтээрээ хол тасарч эхэлсэн. Барилга, дэд бүтэц сайжирж байна

Өндөр настан

“Би Улаанбаатарт төрж өссөн хүн. “Ажил олгогчдын нэгдсэн холбоо”-нд сүүлийн 20 гаруй жил ажилласан. Манай өвгөн спортын чиглэлийн хүн учир залуу насандаа  дасгалжуулагчаар ажиллахаар Дорноговь аймагт анх ирж байлаа. Тэр цагаас хойш 35 жил өнгөрчхөж. Анх энд ирчхээд хот руу буцах гээд байдаг байсан. Одоо хот орчхоод “бушуухан л Шанд руу буцъя” гэдэг болчхож. Ингэж л их дасаж дээ.

Говь тул заримдаа хатуу ширүүн цаг агаартай. Гэхдээ хүмүүсийнх нь ааш аяг, харилцаа, зан чанар ихээхэн зөөлөн, сайхан санагддаг. Энд хамаатан садан гэх хүн байхгүй л дээ. Дорноговийнхон “Манай аймагт суурьшихаар ирж байгаа гаднын хүмүүст их ээлтэй” гэж ярьдаг юм билээ. Энэ нь үнэн.

Хөгжил цэцэглэлтээрээ хол тасарч эхэлсэн шүү. Үүн шиг барилгажиж байгаа аймаг байхгүй л байх. Манай энд дэд бүтэц хүртэл сайжирч байна. Гэр хороололд цэвэр бохир усны холболтууд хийгээд эхэлчихсэн байна билээ.

Дутагдах юм ер алга. Бүхий л төрлийн үйлчилгээ байна. Такси, автобус сайтай, төмөр зам ихтэй. Урд хөрш рүүгээ цаг гаруй яваад л орчихно. Тэгээд л хэрэгцээтэй үйлчилгээгээ аваад гараад ирж байна. Хүнд дутагдах зүйл алга.

Геополитик талаасаа бизнес хийхэд нэн таатай. Түргэн хоолны үйлчилгээнүүд хүртэл нээгдэж байна. Залуучууд нь өөр өөрсдийн сэтгэлгээгээрээ ямар ч бизнес эхлүүлж, амжилттай эрхэлж чадаж байна. Ийм байхад заавал Улаанбаатарт багталцаж ядаад байх шаардлага ер алга” хэмээн ярилаа.

А.Өнөрцэцэг: Түгжрэлгүй тул нийгмийн стресс бухимдалд өртдөггүй

Саран хөхөө театрын дуучин

“Хоёр жилийн өмнө Дорноговь аймагт ажиллаж, амьдрахаар гэр бүлээрээ зориод ирсэн. Нөхөр бид хоёр хоёулаа театрын мэргэжилтэй. Нөхөр маань жүжигчин. Ирээдүйд хөгжих боломжтой аймаг гэдэг утгаараа таалагддаг.

Барилгажилт хурдацтай явагдаж, дэд бүтцээр хүртэл хангаад эхэлчихсэн. Одоо Сайншандыг тойроод дөрвөн том үйлдвэр баригдах юм билээ. Нефтийн үйлдвэрийн ажилчдынх нь орон сууц баригдаж байна. Орон сууцны үнэ анх ирэхэд боломжийн байлаа. Бид хоёр театрын ажилчид учраас цалин хөлс төрийн албаныхантай адилхан. Гэхдээ нийслэл Улаанбаатартай харьцуулахад амьдрах өртөг хамаагүй бага. Наад зах нь түгжрэл гэж цаг алдаж зогсдоггүй. Гэрээсээ гараад л ажил, ажлаасаа гараад л гэр. Энэ утгаараа нийгмийн стресс бухимдалд өртдөггүй. Илүү амгалан тайван амьдарч байна даа” гэв.

Г.Гантулга: Манай аймагт бизнес эрхлэх таатай боломжууд бий

Музей сургалт, судалгааны төвийн чихмэл сэргээн засварлагч

“Ах нь Дорноговьд төрсөн цагаасаа л амьдарч байна. Одоо Музей сургалт, судалгааны төвийн чихмэл сэргээн засварлагч гэдэг мэргэжлээр ажиллаж байна. Монголд гарын таван хуруунд багтахаар цөөхөн мэргэжилтний нэг гэх үү дээ. Хүүхэд багачуудын мэдлэг, танин мэдэхүйд өндөр ач холбогдолтой сайхан мэргэжил гэж боддог.

Манай аймагт ажиллаж, амьдрахад нэн таатай. Бүх л зүйл нь гоё доо. Хамгийн наад зах нь агаар. Гэр бүлээрээ агаар салхинд гарахад таатай. Над шиг олон нохой, морь, мал тэжээдэг хүнд агаар чухал. Хурдан морь уядаг, малтай. Мал дээрээ ирэн очин байдаг гэх үү дээ. 4, 5 монгол банхартай нийлээд найман нохой тэжээдэг.

Манай аймагт бизнес эрхлэх таатай боломжууд бий. Миний хувьд гэхэд л “Тулгат хээр” гэдэг компани байгуулсан. Өөрийн гараар элдсэн сур арьсаар хөхүүр, хурдан морины хазаар, ногт, эмээл, хусуур зэрэг бүхий л хэрэгслийг нь хийчихдэг.

Залуучуудыг ажлын байртай байлгахад л хөгжил цэцэглэлт аяндаа явагдана. Залуучууд нь гудамж метрлээд байвал яаж хөгжих вэ дээ. Энэ утгаараа манай аймагт олон олон мянган ажлын байр бий болж, үйлдвэрүүд нээгдэж, барилгажилт идэвхтэй явагдсаар байна” гэлээ.

Д.Ариунзаяа: Дорноговьд ер хөдөө байгаа юм шиг санагддаггүй

Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Хамгийн түрүүнд онцлууштай нь энд түгжрэл гэдэг зүйл ер байдаггүй. Сургууль, цэцэрлэг ойрхон. Хэдхэн минут алхаад л орчихдог. Одоо бол дэд бүтэц маш сайн хөгжиж эхэлж байна. “Хөдөө байгаа” гэдэг сэтгэгдэл төрдөггүй. Өмнө нь ангиараа, найз нөхдөөрөө заал авах гэхээр олддоггүй байлаа. 2020 онд Спортын төв ордон нээгдсэнээр хүүхэд залуучууд бид нарт спортоор хичээллэх давтамж нэмэгдсэн. Бас “Говь” кино театрт чөлөөт цагаа өнгөрүүлдэг болсон. Эндэхийн хамгийн том бахархмаар соёл нь Ноён хутаг Данзанравжаагийн бүтээн байгуулсан Хамрын хийд. Музейг нь үзэхэд л сайхан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж