"Хөгжлийн банк"-ны хэргийн өнөөдрийн шүүх хурал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Live"Хөгжлийн банк"-ны хэргийн өнөөдрийн шүүх хурал өндөрлөв

"Хөгжлийн банк"-ны хэргийн өнөөдрийн шүүх хурал өндөрлөв

Хөгжлийн банкны шүүх хурал ес дэх өдрөө үргэлжилж байна.


 

 

18 : 25
2023-4-27

"Хөгжлийн банк"-ны хэргийн өнөөдрийн шүүх хурал өндөрлөв

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны 9 дэх өдрийн хуралдаан өндөрлөж, маргааш үргэлжлүүлэхээр боллоо. Маргаашийн шүүх хуралдаан асуулт, хариултаар үргэлжлэх юм. 

16 : 47
2023-4-27

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин мэдүүлэг өгч байна

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны 9 дэх өдрийн хуралдаан түр завсарласны дараа дахин үргэлжилж байна. Яг одоо УИХ-ын гишүүн Г.Амартүвшин шүүх хуралд мэдүүлэг өгч байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 

-Х.Ганхуяг гишүүн өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгуулах гэж надад хандаад, би шийдвэр гаргах бүх хүмүүст нөлөөлөөд, "базсан" зүйл байхгүй гэдгийг хэлье. Энэ зээл зориулалтынхаа хөрөнгө оруулалтад зориулалтын зарцуулдагсан нь хавтаст хэрэгт нотлогдсон. УИХ-ын сонсгол дээр ч зориулалтын дагуу зарцуулсан гэж гарсан. ТУЗ-өөс “Вертекс майнинг партнер” ХХК-д зээл олгохыг зөвшөөрсөн 80 дугаар тогтоолыг гаргуулсан гэж байгаа. Яг үнэндээ би тухайн үед ТУЗ-ийн гишүүдийг таньдаггүй байсан. Төрд ажилладаг хүмүүсийг ч мэддэггүй байсан. Сар болгон ТУЗ-ийн хурал болоход л ажлын шугамаар уулздаг байсан. Надад тийм шийдвэр гаргуулсан зүйл байхгүй. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны Дотоод хяналтын хэлтсийн захирал Цолмонд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын ажлыг хавсран гүйцэтгэх эрхийг намайг хууль зөрчин гаргасан гэж байна. Гэтэл Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр нь амралтаа авна гээд ажил үүргийг нь гүйцэтгэх шаардлагатай болоод манай Тамгын газраас төслийг нь бичиж өгөөд би гарын үсэг зурсан. Ер нь бол Дотоод хяналтын хэлтсийн захирал нь орлон гүйцэтгэх бүрэн эрхтэй. Энэ журмаар батлагдаж байгаа юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд, “Вертекс майнинг партнер” ХХК-ийн зээл нь хангалттай барьцаатай, 69 тэрбумын үнэлгээтэй зээл. Зориулалтын дагуу зарцуулагдсан. Хөгжлийн банкны зорилгод бүрэн нийцсэн. Эргээд харахад, хуулийн хэлтсийнхэн зөв л дүгнэлт гаргасан байна лээ. Аливаа компани зээлийн эрсдэлийг бүрэн даах чадвартай байна уу л гэдэг чухал. Ковидын эрсдэлийг хэн ч таагаагүй. Тэрийг таах ч боломжгүй. Гэхдээ энэ компани зээлээ хугацаанаас нь өмнө зээлээ төлөөд Хөгжлийн банкыг ямар ч эрсдэлгүй болгосон. Энийг л эрсдэл даах чадвар гээд байгаа юм. Миний хувьд ямар нэгэн байдлаар энэ хэрэгт холбогдож буй залууст нөлөөлсөн, дарамталсан, шаардсан зүйл байхгүй. Шүүх бүрэлдэхүүн маань тал талаас нь үнэн зөв дүгнэж, энэ хэрэгт холбогдсон миний бие болон бусад оролцогчдыг гэм буруугүйг тогтооно гэдэгт бүрэн итгэт байна. 

Хөгжлийн банкны менежер н.Пүрэвсүрэн: 

-Миний бие “Вертекс майнинг партнер” ХХК-ийн төслийн хууль зүйн дүгнэлтийг боловсруулсан гэх асуудлаар оролцож байна. Уг компанийн хууль зүйн дүгнэлтийг намайг шинэчилсэн гэж буруутгаж байна. Тухайн үед энэ асуудлыг шалгаж байсан мөрдөгч нь маш чамбай хүн байж, ойлгомжтой ярилцаж байсан. Мөрдөгч хэлэхдээ "Чи бол гэрч. Тодруулах зүйл байсан байх" гэж байсан ч өнөөдөр энд аваад ирлээ. Намайг холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзсэн байгаа учраас тухай бүрт бичгээр тайлбар өгсөн учраас товчхон ярья. Багахан тодруулга хийхэд ажлыг хурдан,шуурхай, чамбай хийхийг шаарддаггүй удирдлага хаана ч байхгүй байх. Гэхдээ манай урирдлага биечлэн надад шахаж шаардсан зүйл огт байхгүй. Хууль зүйн дүгнэлтийг шинэчилсэн тухай ярихад 2019 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдрийн 2019/74 дугаартай хууль зүйн дүгнэлтийг би гаргасан байдаг. Энэ дүгнэлтэд юу гэж заасан байдаг вэ гэхээд Хөгжлийн банкны тухай хуулийн 11,6-д заасан барьцаа хөрөнгийн шаардлагыг хангаагүй байна. Энэ шаардлагыг хангасан тохиолдол зээл олгох боломжтой гэх дүгнэлтийг гаргасан. Миний мэдүүлэгт нэг зүйл байдаг. Дүгнэлт гаргасан өдөр хэлтсийн захирал Будхүү хэлэхдээ "Эрсдэлээс барьцаа хөрөнгийн үнэлгээ шинэчлэгдээд ирвэл хууль зүйн дүгнэлтээ шинэчлээд гаргаарай" гэж хэлж байсан  гэсэн байдаг. Үүнийг хууль бус чиг үүрэг гэж үзээд байх шиг байна. Энэ бол ажлын энгийн процесс. Харин дүгнэлт шинэчлэгдээд байхад дүгнэлтээ шинэчлэгдэхгүй бол алдаа болно. Харин дараа нь үнэлгээний дүгнэлт шинэчлэгдээд ирсэн. Тиймээс шинэчлэгдсэн. Хаана ямар алдаа гарсныг би хувьдаа хайгаад олохгүй байна. Товчхон дүгнэхэд, миний хийсэн ажилд алдаа, хууль зөрчсөн зүйл байхгүй. Хийх ёстой ажлаа зохиж журмын дагуу хийсэн гэж үзэж байна. 

12 : 32
2023-4-27

Ж.Бат-Эрдэнэ: Хялбаршуулчих гэсэн. Мэдүүлэг авахдаа хөтөлж асуусан...

Зам тээврийн сайд асан, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ: 

-Эхнийх нь "Мон дулаан" компанитай холбоотойгоор Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр оролцсон, дэмжиж санал өгсөн гэдгээр буруутгагдаж байгаа. Өмнө нь "Бэрэн" компани өгч байна. Албан тушаалаа урвуулсан гэдэг үндэслэлээр ялласан. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд сардаа нэг хуралддаг. Хэлэлцэх материал 2-3 хоногийн өмнө ирдэг. Хэлэлцэх материал гүйцэтгэх удирдлагын түвшинд судлагдсан, хуулийн шаардлага хангасан материал ирдэг. Бид үүнд үнэлэлт өгч, Засгийн газрын бодлого шийдвэр нийцэж буй эсэхэд саналаа өгдөг. Яллах дүгнэлтэд "мэдсээр байж" гэдэг. Гэтэл урьдчилан ямар асуудал болсныг мэдэх боломжгүй. Асуултандаа хариулт аваад л шийдвэрлэдэг. Олон сар судласан хэр нь хууль бус зээл олгох материал, танилцуулга оруулж ирдэггүй байх. Энэ хүрээнд "Мон дулаан" компанийн зээлийн тухай 80 хуудас бүхий материал орж ирсэн. Засгийн газрын "Алт 2" хөтөлбөрийн хүрээнд, уул уурхайн салбарын эдийн засгийг дэмжих хүрээнд орж ирсэн. Хуулийн шаардлага, журмын шаардлага хангасан байна. Гэхдээ зарим шаардлагуудыг хангуулсны дараа зээлийн гэрээ хэлэлцээр байгуулах үүргийг гүйцэтгэх удирдлагуудад өгсөн. Үүний дараа шаардлага хангасан материалаа ирүүлж байгаа. Энэ материалуудыг үндэслэлээд шаардлагууд хэр биелсэн, дүгнэлт нь яаж гарсан бэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөөд саналаа өгдөг журамтай. Энэ зээлийн төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн хүмүүстэй уулзаж байсан зүйл огт байхгүй. Тиймээс прокуророос оруулж ирсэн яллах дүгнэлтэй холбоотой үгсэн хуйвалдсан, албан тушаалаа урвуулан ашигласан асуудал огт байхгүйг хариуцлагатай мэдэгдэе. "Мон дулаан" компанитай холбоотойгоор нэг удаа мэдүүлэг авсан. Хоёр дахь удаагаа дуудахдаа яллах дүгнэлт гардуулсан. Яллах дүгнэлтэд дурдаад буй нэг ч нотлох баримт хэргийн материал байхгүй. Хэлэлцэх явцад тодорхой зүйл гарах байх. Тиймээс шүүхээс хэлэлцэх асуудалтай холбоотойгоор үнэн зөв шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсч байна. 

Хоёр дахь асуудал нь хахууль авсан гэх асуудал. Намайг хорьсон. Хоригдоод гараад иртэл олон нийтийн сүлжээгээр 70 тэрбумын хахууль авсан гэж хоёр хоног зохион байгуулалттайгаар сэвсэн. Намайг 70 тэрбумын авлига авсан л гэж хүмүүс бодож байгаа. 70 тэрбум гэдэг ямар мөнгө вэ? 70 тэрбум төгрөгөөр 70 км зам тавина шүү дээ. Яагаад намайг зохион байгуулалттай гүтгэж байгаа нь миний дүү Ж.Батзандантай зургийг минь эвлүүлж байгаад "70 тэрбумын авлига авч Дарханы замыг гацаасан" гэдэг. Ингэхдээ тодорхой тролл хаягнаас оруулж таван байршлаас бүүст хийсэн. Улаанбаатар, Дархан, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас тараасан. Би Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргын ажлыг давхар хийж байсан юм. Тийм учраас миний хардаж байгаа юм бий. Дарханы замын ард жинхэнэ хэрэгтэн нь нүүрээ нуугаад үлдэх вий дээ.  

Намайг хорьсон. Яасан гэтэл гүйцэтгэх ажиллагаагаар мөнгө авсан нь тогтоогдсон гэсэн. Аравдугаар сарын 14-ны өдөр 461 дүгээр ангид анх удаагаа Дарханы замын талаар мэдүүлэг авсан. Гүйуэтгэх ажиллагаагаар 2022 наймдугаар сарын 6-ны өдөр танай гэрт хүн мөнгө аваачиж өгсөн гэдэг. Гаргаад ир гэхээр байдаггүй. Уучлаарай би наймдугаар сарын 6-нд Баруун хараагийн Дархан явах зам дээр байсан. Сэлхийн хөтөлийн замыг хийж байхад байсан. Тэгэнгүүт прокурорын тогтоол арванхоёрдугаар сарын 6-нд дахиад өөрчлөгдөөд ороод ирсэн. Ингэхдээ долдугаар сарын 31-ний өдөр мөнгө авсан болгосон. Би гэрийнхээ камерыг шүүгээд өгөөч, байсан хүмүүстэй нүүрэлдүүлээд өгөөч гэсэн. Хүлээж авдаггүй… Олон хүний гэр бүл, ах дүү, ойр дотныхон маш их сэтгэл санааны хохирол амсч байна. Энэ асуудалтай холбоотойгоор олон хүнийг хорьсон байна лээ. Уучлаарай. Гүйцэтгэх ажиллагаагаар таны энэ үйлдэл нотлогдсон, та хялбаршуулчих гэдэг. Хэргийн материалтай танилцахад бүх хүнээс хөтөлж асуусан байдлаар мэдүүлэг авсан. Нөлөөлсөн. Шүүх бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлье. Энэ асуудлыг тайлбарлаад явах бололцоо байхгүй. Тайлбарлах бололцоогоор хангаж өгсөн шүүгч нарт талархаж байна. Үнэнийг олж тогтооход та бүхний сэтгэл зүрх, төрийн сүлд ивээх болтугай гэж хүсч байна. Энэ хэрэг цагаадах болтугай.

Шүүх хуралдаан түр завсарлаад байна.   

12 : 17
2023-4-27

"Хөгжлийн банкны захирлууд нэгэндээ нөлөөлдөггүй байсан"

Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу:

-Миний хувьд Модун компанийн төсөлд дэмжсэн санал өгөхдөө Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөрийг дэмжих, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, тухайн төсөлд хэрэгжсэн төсөлд ашиг орлогоороо зээлээ төлөх бүрэн боломжтой байсан учир дэмжих санал өгсөн. Д.Батбаяр захирлын хувьд зээлийн хорооны гишүүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй. Хөгжлийн банкны захирлууд зээлийн хороонд байхдаа хэн нэгнийхээ ашиг сонирхолд нөлөөлөн гуйлт тавьдаггүй байсан гэдгийг хэлье.

12 : 13
2023-4-27

Хөгжлийн банкны Хуулийн газрын дарга асан Б.Будхүү:

Хөгжлийн банкны Хуулийн газрын дарга асан Б.Будхүү:

-2018 оны наймдугаар сарын 15-ны өдөр хуульч н.Пагмадорж зээлийн газрын зээлийн шинжилгээ, бусад материал танилцуулгатай танилцаж, 1853 дугаартай хууль зүйн дүгнэлтийг ахлах хуульч н.Чинзориг хянаад гаргасан. Уг дүгнэлтэд Хөгжлийн банкны тухай хуулийн 11.3 дурдагдсан. Чанаргүй зээлийн үлдэгдэл нь тухайн үед зээлийн танилцуулгад дурдагдсанаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар хэвийн зээлийн үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, чанаргүй зээлийн үлдэгдэл байхгүй гэсэн материал танилцуулга дээр байсан. Тиймээс энэ шаардлагыг хангасан гэж дүгнэсэн. Төсвийн тухайд томосгосон төсөвд магадлал хийлгэх асуудал. Зураг төсөл нь угаасаа магадлал хийгдчихсэн. Томосгосон төсөв гэхээр батлагдсан төсөв байсан юм байна лээ. Зарим барилгууд дээр төслийн хэмжээ томосч байгаа учир дахин магадлал хийлгээрэй гэж шаардлагыг хуульчийн зүгээс тавьсан юм байна лээ. Миний бие уг асуудлыг хэлэлцэх хуралд оролцоод дэмжсэн санал өгсөн. Магадлал хийлгэх шаардлагыг тусгасан. Уг шаардлагыг тусгаснаар хууль зүйн бүх шаардлага хангагдаж байна гэж дэмжсэн санал өгсөн. Сүүлд барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэсэн материал ирсэн гэж үзсэн. Өөр хэлэх зүйл алга.

11 : 54
2023-4-27

"Мөрдөгчийн шахалтад ороогүй учир яллагдагч болчихсон зогсож байна"

Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Д.Цогтбаатар:

-Модун компанитай холбогдуулан Б.Батбаяр захирлыг, Газ-Импорт компанитай холбогдуулан Ч.Энхбат захирлыг тухайн үед мэдүүлгээрээ гүйтгэх гэх үү холбогдуулаад яривал хэрэг үүсгэхгүй гэж мөрдөгчид шахаж байсан. Тэр шахалтад нь ороогүйн төлөө би одоо энд яллагдагчаар ирээд зогсож байна. Өмнө нь мэдүүлэгтээ үнэн зөв дурдсан учир нэмж хэлэх зүйл байхгүй.

11 : 49
2023-4-27

"Төрийн бодлогыг дэмжих хүрээнд төслийг нь дэмжсэн"

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат:

-Энэхүү төсөл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл бодлогод нийцсэн, “100 мянган айлын хөтөлбөр”-т багтсан барилгын төсөл байсан. Миний хувьд төрийн бодлого шийдвэрийг дэмжих хүрээнд дэмжих санал өгсөн. Компанийн захирал сая өөрөө хэллээ. Надтай нэг удаа уулзсан гэж байна. 2019 оны сүүл билүү 2020 оны эхээр зээлийн хугацаатай холбоотой хүсэлт тавьж байсан байх. Тэр талаар нь манай албан өрөөнд нэг удаа уулзсан. Түүнээс өмнө урьд нь таньдаггүй байсан. Саналаа өгөхдөө давуу байдал үүсгэх санаа байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мэдүүлгийн хувьд өмнө нь үнэн зөв мэдүүлсэн учир нэмж хэлэх зүйл алга.

11 : 43
2023-4-27

"Модуны захиралтай зүс таних хэмжээний байсан"

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр:

-Хөгжлийн банк өөрөө зээлийн хүсэлтийг хүлээн авах, судлах, шийдвэр гаргах явц нь хуучин албан бусаар цаасаар, албан бичгийн дагуу амаар болон бичгээр хариу өгөөд явдаг байсан.  Түүний дагуу нэмэлт материал бүрдэх маягаар зээлийн хорооны хуралд шаардлагатай материал өөрөө ирдэг байсан. Энэ нь өөрөө Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь хүнд сурталтай юм шиг, нөгөө талаараа харилцагчдад тодорхой хэмжээгээр үйл ойлголцол эсвэл материал өгөх, хүлээж авахад хугацаа алдах зэрэг хүндрэл гарч ирсэн. Үүнийг Хөгжлийн банкны удирдлагын баг судлаад зээл, зээлийн материалыг хүлээн авах, судлах, танилцуулах явцыг автомат, цахим болох ёстой юм байна гэж үзээд 2017 оноос эхлэн судалж, 2018 онд зээлийн мэдээлэл хүлээн авах, судлах цахим системийг бий болгосон. Үүнээс өмнө албан бичиг ирэхэд холбогдох газарт нь очоод хэлтэс, мэргэжилтэн гээд дамждаг байлаа. Дээрээсээ доошоо их цаг алддаг байсан. Ингээд цахим систем нэвтрүүлсэн. Туршилт, засвар гээд 2018 онд албажиж эхэлсэн. Зээлтэй холбоотой мэдээлэл өгөхөд, зарим тохиолдолд харилцагч өөрийн биеэр Хөгжлийн банкны албаны өрөөнд уулзаж, ямар шалтгаанаар хүсэлт удаад байгаа вэ, систем яаж ажилдаг талаар мэдээлэл өгдөг байсан. Гүйцэтгэх захирлын хувьд харилцагч нартай дандаа ажлын цагаар, албан өрөөнд уулздаг байсан. Ямар асуудлаар, ямар шалтгаантай вэ гэдгийг ажилтнуудтай хамт уулзалт хийдэг байсан. Ойлголцолд хүрэхгүй бол хуулийн зөвлөгөө авах маягаар хуулийн хэлтсийнхэн байдаг байсан. Миний хувьд “Модун” компанийн захиралтай урьд нь олон нийтийн арга хэмжээнд зүс таних хэмжээний байсан. Танай банканд хүсэлтээ өгсөн, хүнд сурталтай байна гэхэд нь холбогдох хүмүүст нь уламжлахад Хөгжлийн банкны зээлийн хүсэлт хүлээн авах систем нь өөрөө цахимжиж байгаа учир хугацаа орсон гэсэн. Энэ хүн өөрөө цахимаар мэдээллээ өгөөд Хөгжлийн банкны шаардлагад нийцүүлэх нь зээл хүсэгчийн асуудал. Тухайн зээл хүсэгч нь Хөгжлийн банкны хууль, дүрэмд нийцэх нь хувь хүний субъектив үзлээс биш цахимаар шийдэгддэг. Нэг талаас хүсэлт гаргагч, нөгөө талд Хөгжлийн банкны ажилтнуудын цаг хугацаа, харилцааны олон хүндрэлээс сэргийлсэн. Энэ систем одоо ч ашиглагдаж байгаа.          

11 : 15
2023-4-27

"Би зээлээ төлсөн, өөрийгөө цагаатгагдах ёстой гэж үзэж байгаа"

"Модун" ХХК-ийн ерөнхий захирал Д.Батбаяр:

-Би Балганы Батбаяртай зээл авахад хэн нэгэнд нөлөөлж, туслалцаа үзүүлэх гэж шан харамж өгсөн зүйл огт байхгүй. Банкны талаас шаардсан баримт бичиг бүхнийг өгч 5.8 тэрбум төгрөгийн зээл аван зохих ёсоор нь ашигласан. Зээлийг гэрээний дагуу төлж дуусгаж, дүгнэсэн. Хөгжлийн банкнаас авсан 5.8 тэрбум төгрөгийг гэмт хэргийн мөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэж мэдэгджээ. Мөнгө угаах гэмт хэрэг гэж би дуулж байсан. Гэхдээ өөр дээрээ ирнэ гэж бодож байсангүй. Энэ нь гэмт хэргийн улмаас олсон, ашигласан мөнгийг хэлдэг юм байна. Хавтаст хэрэгт миний авсан зээлийг хууль бус гэж нотлоогүй байгаа. Би энэ зээлийг авахдаа Балганы Батбаярын хувийн мөнгө эсвэл хууль бус мөнгө гэж бодоогүй. Хөгжлийн банкны цэвэр эх сурвалжтай мөнгө л гэж бодсон. Хөгжлийн банкны хууль ёсны мөнгийг хүүтэй, зээлийн гэрээтэй л авсан. Мөнгөний эх үүсвэрийг нь хэзээ ч нууж байгаагүй. Надад мөнгө угаая гэсэн санаа зорилго байсан гэдгийг юугаар нотолж байгаа вэ? Хөгжлийн банкыг 5.8 тэрбум төгрөгөөр хохироосон гэсэн. Намайг банктай зээлийн гэрээний харилцаагаа дуусгасан гэх дүгнэлт гарсан. Би зээл, алданги, торгууль гэж 7.9 тэрбумыг эргүүлэн өгсөн. Хөгжлийн банк хохирсон бус 2.1 тэрбум төгрөгийн ашиг олсон. Манай тал эхний хоёр жил зээлийн төлөлтийг графикийн дагуу нэг ч удаа, нэг ч өдрөөр хоцроогоогүй. Харин цар тахлын хүнд хэцүү үед тодорхой хугацаагаар саатсан. Энэ үед графикт хэрхэн зөрчил гарсан талаар Хөгжлийн банкны талд байнга албан бичиг явуулж байсан. Төслийн борлуулалтын орлогоор зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлснөөр өнөөдөр зээлээ төлж барагдуулаад байна. 2021 оны зургадугаар сард Хөгжлийн банкны барьцаанд тавьсан төслийн барилга дээр улсын комисс ажиллаж, гарын үсэг бүрдсэн. Хөл хорионы үе байсан. Ийнхүү Хөгжлийн банктай улсын комисс хүлээн авсан орон сууцаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болгох талаар ярилцаж, тохиролцсон. Манай байрны борлуулалтын орлого Хөгжлийн банкны дансанд орж эхэлсэн. Гэвч 2022 оны хоёрдугаар сард АТГ дээр Хөгжлийн банкны хэрэг нээгдэж, худалдан авагчдын дунд эргэлзээ үүсч, худалдан авалт тодорхой саатсан. Манай зээл саатсан хугацаа, төлсөн хугацаа нь энэ хэргийг АТГ шалгаж эхэлсэнтэй огт холбоогүй гэдгийг дашрамд хэлье. Өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж огт бодохгүй байна. Гэнэт л нэг өдөр гэрчээр дуудаж, дараа нь яллагдагч болсон. Өмгөөлөгч ч байхгүй явж байгаад сүүлд өмгөөлөгчтэй болсон. Би өөрийгөө цагаатгагдах ёстой гэж үзэж байгаа. Миний зүгээс Хөгжлийн банкыг хохироох, зээлээ төлөхгүй байх санаа байгаагүй. Хавтаст хэрэгт манай авсан зээлийн хэмжээг тавьсан байгаа. Үүнд Хөгжлийн банкыг хохирсон гэж үзэхгүй байна. Би Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Балганы Батбаяртай хамааралгүй болохыг мөн Б.Батбаяр нь манай зээл олголттой холбоотой ямар нэгэн эдийн засгийн давуу байдал олгоогүй гэдгийг дурдлаа. Ямар нэгэн байдлаар харилцан хамааралгүй хүмүүс учир давуу тал эдлээгүй, банкны тавьсан шаардлагыг бүрэн хангасан. Хэн нэгний албан үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж, зориудаар гэмт хэрэг үйлдэхэд нь хатган хамтран оролцож, үйлдлээрээ гэмт хэрэгт хамтран оролцсон зэрэг нь огтоос байгаагүй гэдгийг энэ мэдүүлгээрээ нотолж байна. Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориултын дагуу ашиглаж, төлж дуусгасан. Магадгүй Б.Батбаяр захиралтай хамааралтай байсан бол зээл авах гэж бүтэн жил хүлээхгүй байсан биз. Дээрээс нь арилжааны банкны жишиг хүүтэй ийм мөнгийг ийм хатуу нөхцөлтэй авахгүй байсан. Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөхдөө бүгдийг нь бүрэн төлж барагдуулсан. Тиймээс улсыг болон Хөгжлийн банкыг хохироогоогүй гэж үзэж байна. Бүх баримтыг нь гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан материалаас тодорхой харагдаж байгаа. Зээл авахаасаа нэг жилийн өмнө хүсэлтээ гаргаж, удаа дараа албан тоот явуулж байсан. Зээлийн эргэн төлөх эх үүсвэр нь тодорхой, орлого нь хангалттай байсан учир “Наран-Ухаа” төсөл амжилттай хэрэгжиж, зээлийг эргүүлэн төлсөн. Төсөл хэрэгжиж дууссан гэж УИХ-ын нээлттэй сонсголоор ажлын хэсгийн шинжээчид дүгнэсэн байдаг. УИХ-ын гишүүн Д.Доржханд “Модун” компанийн зээлийг арилжааны байдаг л зээл гэж тодорхойлсон. Энэ талаарх нотлох баримтыг судлуулах хүсэлтээ шүүхэд гаргасан. 2018 оны есдүгээр сарын 13-ны өдөр банктай байгуулсан гэрээний дагуу төсөлд авсан зээлээ хүүгийнх нь хамтаар 7.9 тэрбум төгрөг болгон төлж дууссан гэдгээ давтан хэлье. Эцэст нь хэлэхэд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр бид хоёрын дунд зээл авснаар хэн нэгэндээ шан харамж, давуу тал олгосон зүйл байхгүй. Түүнтэй би хамааралгүй, нэгдмэл сонирхолгүй. Түүнийг би гэмт хэрэгт хатгаагүй. Би түүнтэй нутгийн зөвлөлийн цэнгүүн дээр танилцсан. Дараагийн уулзалтууд нь Хөгжлийн банкны албан өрөөнд. Түүнээс биш ямар нэгэн байдлаар энд тэнд хоол идэх, хөдөө гадаа явж байгаагүй. Зээлээ зориулалтын бус ашиглаагүй, угаагаагүй. Анх 5.8 тэрбум төгрөг байсан боловч Хөгжлийн банкны нэхэмжлэгч нь хохирол гэж үзэж нэхэмжилж байна. Хөгжлийн банк хохироогүй. Зээлийн төлөлт гэрээнд заасны дагуу явсан. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж