"Нам нийлж, сэм хуйвалдахуй"

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

"Нам нийлж, сэм хуйвалдахуй"

"Нам нийлж, сэм хуйвалдахуй"

Банзрагчийн Дэлгэрмаа

Өнгөрсөн жилийн 4 сарын 6-нд нийслэлийн төв талбайд залуус жагсаж “эх орондоо сайхан амьдармаар байна” гэсэн ерөнхий утга уриатай тайван жагсаал хийсэн билээ. Энэхүү жагсаалын нэг онцлог бол улс төрийн намуудаас зохион байгуулах байтугай, ямар нэгэн намын гэх “харьяалалтай” хэнийг ч тэр Сүхбаатарын талбайд ойртуулаагүй. Саяхан манай нэр хүнд  бүхий судалгааны байгууллага болох “Сант Марал” сангаас  улс төр, нийгэм, эдийн засгийн олон асуудлыг хөндсөн судалгаа хийхэд сүүлийн 6 жил дараалан эрх барьж буй МАН түүхэндээ байгаагүй онц муу, УИХ-ын дараагийн нам болох АН  муу үнэлгээ авч, уйгагүй “ажилласан” ХҮНам   бүр 1.2 хувь, харин Дээд шүүхэд бүртгэлтэй бусад 33 нам нийлээд 1 хувь хүрэхгүй үнэлгээ авч үндсэндээ иргэдийн 80 гаруй хувь нь аль ч улс төрийн намд итгэл алдарснаа илэрхийлжээ. Нэг үгээр,  улс төрийн тогтолцооны нэг чухал институци болох улс төрийн нам гүн гүнзгий хямралд орсныг дээрх хоёр үйл явдал, баримт судалгаа нотлож буй.
Хоёр жил дуншсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг чухам аль нэгэн улс төрийн хүчин бус ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг болсон төрийн тэргүүнээс санаачлан УИХ-ын хаврын чуулганаар  хэлэлцүүлэхээр өргөн барьсан нь дээрхтэй холбоотой бизээ.
Улс төрийн тогтолцоогоо  30 гаруй жилийн өмнө шинэчлэхдээ 70 гаруй жил нэг намын тогтолцоотой  захиргаадалтын нийгмээс олон нам бүхий парламентын засаглалын хэлбэрийг сонгосон нь   эдүгээ түүхийн элдэв нугачаанд мутацид орж эргээд эхэлсэн цэг буюу нэг намын тогтолцоо руу орсон нь хэнд ч илэрхий. Яагаад? Хариултыг хэт хялбаршуулан хайх хэрэггүй, тэгээд ч боломжгүй. Хялбаршуулан гэдэг нь дан ганц хууль эрх зүйн орчинд хайх бус. Учир нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд юу эс тохиов. Төрийн институцуудын хямрал, уг хямрал нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн  байгууллагуудыг бүхэлд нь хамарсан. Энэ хямрал төрөөс иргэний нийгэмд халдварлан, иргэний нийгмийн хамгийн том институц болох хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагуудыг өвчлүүлж улмаар улс төрөөр амьсгалсан, амьдарсан, намчирхан талцсан  соёл урлаг, шинжлэх ухаан, боловсрол, спорт гээд хамраагүй салбар, өртөөгүй хувь хүн үгүй болсон. “Тохиолдлын” улс төрчдийн хувийн тоглолт-нүүдэл нэрмээс болсон нь гарцаагүй үнэн.
Тиймээс эдүгээгийн эрүүл  бус тогтолцоог өөрчлөхөд нэгэн том, гарцаагүй шийдвэрлэх нөлөө бүхий алхам бол Улс төрийн намын тухай хууль болох ёстой. Энэ хууль төржсөн нам, намчирхсан  нийгмийг өөрчлөхөд гол  үндэс суурь болно. Гагцхүү эрх баригчид  чадах болов уу, тийм хүсэл эрмэлзэл тэдэнд байх уу? Асуултын хоёрдахь хэсгээс буюу хүсэл эрмэлзэл байх эсэхээс эхлэх нь зүй. Хүсэл эрмэлзэл үгүй аваас өөрчлөлт хийхгүй гэдэг нь ойлгомжтой. Аливаа эрх баригчид нэгэнт тогтсон статус-квог өөрчлөх ямар ч сонирхолгүй байдаг. Хамгийн энгийнээр хэн ч тэр эрх мэдлээ зүгээр тавьж өгдөггүй. Энэ бол эрх мэдлийн мөн чанар. 1989 оны манайд болсон улс төрийн процессыг  эргэж саная. Ж.Батмөнх тэргүүтэй Улс төрийн Товчоо сайн дураар огцорсон нь үнэхээр сайхан сэтгэлийн илэрхийлэл байсан гэж үү?   Берлины хана нурж социалист систем задарч, өөрчлөн байгуулалтын салхи шуурга дэлхий даяар өрнөж байсан нь Монголыг ч тойроогүй.
Тиймээс  тухайн үеийн эрх баригчид хэлэлцээний ширээний ард суусан юм. Одоо бидэнд дахин хувьсгал хийх хэрэггүй ээ. Гэхдээ өөрчлөлт хийхгүй бол одоогийн байгаа тогтолцооноос ялзрал, хоцрогдол, доройтол ханхалж байна. Ингэж хэлэхээс өөрцгүй.
Мэдээллийн шинэ орчинд улс төрийн намуудын хөгжлийн хандлага өөрчлөгдөж байна. Дэлхий дахинд постмодерн нийгэм дэх улс төрийн ялгарал, үзэл суртал бий болжээ. Хоёрт, нам-хөдөлгөөн гэсэн зохион байгуулалтын бүтцийн шинэ хэв маяг ч бий болсон.  Гэтэл дижитал сүлжээний нийгэмд улс төрийн намуудын өөрчлөлт  удаан байна. Асар хурдацтай өөрчлөгдөж буй орчин үеийн бодит байдалд улс төрийн намуудын сонгодог дүр төрх, чиг үүрэг үл нийцэж буй нь шүүмжлэлийг дагуулах нь ойлгомжтой. Намын чиг үүрэг мэдээллийн нийгэмд шинэ түвшин буюу хувь хүн, нийгмийн сүлжээнд шилжиж байна. Өнгөрсөн 30 жил манай хоёр том улс төрийн хүчин МАН ба АН “сонгодог хэлбэрээр” буюу нийгмийн томоохон бүлгийн  ашиг сонирхолыг илрүүлэх, тодорхойлох, хангахад чиглэж намын үзэл суртал, нийгмийн хөгжлийн улс төрийн мөрийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө өрсөлдөн засгийн эрхэнд гарч байсан.
Орчин цагийн нөхцөлд нийгэм олон хүчин зүйлээс хамаарч, олон чиглэлээр хөгжиж байна. Тиймээс нийтийг хамарсан нэгэн үзэл суртлын үзэл баримтлал боловсруулах боломжгүй, мэдээллийн хүртээмж хүн бүрийг өөрийн өнцгөөс асуудалд хандахад хүргэдэг тул сонгодог үзэл суртлын баримжаанд багтахгүй.
Улс төр илүү индивидуал  болсон. Мэдээлжсэн нийгэмд улс төрийн намуудын стратеги олон хэмжээст болох ёстой. Тодорхой асуудал бүрт сонгодог үзэл суртлын дагуу хариулт эрэлхийлэхийн оронд үнэт зүйлийн дэлгэрүүлсэн үзэл сурталтай болох, энд гишүүдийн ертөнцийг үзэх трекууд хэлбэлзэж байх боломжтой байх платформын зарчмаар хөгжих болсон.
ГЭТЭЛ,
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл ХХ дугаар зууны дэлхийн II дайны дараа Европын, тэр дундаа ХБНГУ-ын улс төрийн намууд төлөвшиж бий болсон “загварыг” авсан гэх тайлбарыг ажлын хэсгийн ахлагч ЕТГ-ын дарга нь өглөө. Тиймээ, германчуудын хувьд хүн төрөлхтний өмнө хоёр ч удаа дэлхийн хэмжээний дайн өдөөсөн гэм буруугаа ухварлаж дайн, түрэмгийлэл, фашизм дахин хэзээ ч бүү давтагдаасай гэсэн үүднээс иргэддээ улс төрийн боловсрол олгох, хариуцлагатай иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн чиг үүргийг улс төрийн намууд хүлээсэн. Тиймээс ч хоёр том намын дэргэд Конрад Аденауэрын Сан, Фридрих Эбертын Сан байгуулагдсан. Нөгөөтэйгүүр 83.2 сая хүн амтай ХБНГУ-ын Холбооны парламент болох Бундестаг 709 гишүүнтэй, 23 улс төрийн нам суудалтай зэргээр жишиж үлгэрлэх нь хэр оновчтой вэ.
Эл бүгдийг ийн харьцуулж бичиж буй шалтгаан нь манай хууль  боловсруулагчид туйлын хийрхэлтэй байна. Жижиг үндэстний хувьд монголынхоо хөрсөнд буугаачээ. Smart засаглаачээ. Efficient байгаачээ. Манай улс төрийн намууд масс шинжтэй байх ямар ч үндэслэлгүй, учир нь бид дэндүү цөөхүүлээ. Тиймээс улс төрийн намуудын дэргэд судалгааны институциуд байгуулах ямар ч шаардлагагүй.
Авсаархан, жижиг багаар ажилладаг think-tank судалгааны байгууллагуудад захиалга өгөөд л судалгаагаа хийлгэчих боломжтой. Хуулийн төсөлд улс төрийн намууд төрөөс буюу төсвөөс буюу татвар төлөгч таны, миний мөнгөнөөс санхүүжигдэхээр болжээ. Улс төрийн намууд төрөөс санхүүжилт авснаар өрнөдийн эрдэмтэд Кац болон Майер нарын тодорхойлсон “Картелийн нам”  болоод манайд 20 гаруй жилийн чамгүй хугацаа өнгөрлөө. Боломжит болон боломжгүй бүх албан тушаалд намын томилгоо хийж байна.  Цүнх баригчдын шинэ халаа бэлэн, тэр байтугай “60 тэрбум”-ын схемээр төрийн албан тушаалд томилогдох тохиолдол гарсан.
Хувь хүний ертөнцийг үзэх бодол сүлжээний мэдээллийн ертөнцөд  улам бүр газар авч буйд картель болсон улс төрийн намууд ийм хүмүүсийн хэрэгцээг хангаж чадахгүй болсон, түүнийгээ ч мэдрээд одоогийн статус-квогоо алдана  гэдгээс эмээж байна. Иймээс Улс төрийн намуудаас нийгэмд залхах, сонгуульд үл оролцох, ондоорхсон нам хөдөлгөөнийг илүүтэй дэмжих нь гарцаагүй.
Энэ улам бүр нарийсч буй улс төр-нийгмийн ялгарлын бүтэцтэй холбоотой улс төрийн намын шинэ төрөл бий болсон. Гюнтер, Даймонд эдгээрийг “нам-хөдөлгөөн” гэж томъёолдог. Тэдгээрийн гол мессэж “БИД ОНДОО”. Хэдий популист уриа лоозонтой ч эдгээр нам үнэхээр өөр бүтэц дээр суурилна. Илүү нээлттэй, дотоод ардчилалтай, хөнгөрүүлсэн намын бүтэцтэй.
Дэлхий нийтийн энэ хандлагыг соргогоор анзаарч хуулийн төсөлдөө тусгах байх гэсэн хүлээлт, найдвар талаар болж байх шиг. ХХ зууны эхэн үед “нам нийлж, сэм хуйвалдан” төр байгуулж байсан тэр үеийг санагдуулахуйц хууль боловсруулж буйд харамсал илэрхийлэх нь багадна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж