Японд Z үеийн улстөрчид шуугиулав

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Японд Z үеийн улстөрчид шуугиулав

Японд Z үеийн улстөрчид шуугиулав

Японы Z үеийн залуус бүүмер болон миллениал үеийнхнийг гүйцэж түрүүлэн, нэр нөлөө бүхий албан тушаалуудад очиж эхлэв. Энэ долоо хоногт болсон нөхөн сонгуулиар олон шинэ залуу гарч ирсэн нь үндэсний хэмжээнд анхаарал татжээ.

Консерватив үзэлтэй ахмад үеийнхнийн удирддаг засгийн газарт энэ залуус орж ирж байгаад иргэд таатай хандаж байна. Парламент хоорондын холбооны мэдээллээс харахад Японы парламентын гишүүдийн дийлэнх нь 50-70 насныхан аж. Мөн 75 хувь нь эрчүүд байна.

Хамгийн залуугаараа хотын дарга болсон 26 настай Рёосүкэ Такашимаг "NHK" агентлаг онцолжээ. Тэр өнгөрсөн жил Харвардын их сургуулийг байгаль орчны инженер мэргэжлээр төгссөн. Рёосүкэ Такашима тавдугаар сарын 1-нээс албан ёсоор Хёого мужийн Ашияа хотын даргаар ажиллаж эхлэнэ. "Нас минь залуу тул иргэд надтай илүү ойр байж чадна гэж бодож байна. Яагаад гэвэл надад улс төрийн ямар ч туршлага байхгүй. Би ойлгохгүй зүйлээ хүмүүсээс асууж, олон янзын зүйл шинээр сурна. Энэ бүхнээ өөрийн үзэл бодолдоо тусгаж авна" гэж тэр "NHK" агентлагт ярьсан байна.

Такашима хотын даргаар сонгогдохдоо олон нийтэд зориулсан парк, талбай зэргийг илүү их байгуулж, ногоон дэд бүтцийг хөгжүүлнэ гэж амлажээ. Мөн боловсрол, хүүхэд асаргаа, залуусын эрүүл мэнд зэрэг салбарт шинэчлэл хийнэ гэсэн.

Рёосүкэ Такашимагаас өмнө Японы хамгийн залуу хотын даргаар Котаро Шишида нэрлэгдэж байв. Тэр 1994 онд 27 насандаа хотын даргаар сонгогдсон юм.

Хирацүка хотын зөвлөлд сонгогдсон 26 настай Шин нэртэй залууг мөн онцолж байна. Тэрбээр "Youtube" суваг хөтөлдөг влоггер юм. Мөн Покемоны карт борлуулдаг дэлгүүр ажиллуулдаг боловч хүмүүс "Youtube" сувгаар нь илүү таних аж. Хирацүка дахь алдартай рамен ресторануудыг танилцуулсан бичлэг нь хүмүүст хамгийн их хүрсэн. Тэр бичлэгүүдээ хийх явцдаа бизнес эрхлэгчидтэй уулзаж, ярилцан тэдний хүндрэл бэрхшээлийг сонсдог байсан аж. Улмаар хотын зөвлөлд нэр дэвших санаа түүнд төржээ.

"Японы улстөрчид хөгширч байна. Хирацүкад маш олон ахлах болон их дээд сургууль байдаг. Тийм учраас олон залуу хүн энд амьдардаг нь эргэлзээгүй" гэж тэр хэлсэн.

Z үеийн улстөрчдийг төлөөлж буй өөр нэг хүн бол 25 настай Аяака Насүно. Тэр энэ сарын эхээр Кавасаки хотын зөвлөлд сонгогдсон. Хүүхэд байхдаа Насүно дээрэлхүүлж өссөн учир өөрийн гэсэн нийгэмлэг, хүрээллийг бий болгохоор шийджээ. Тиймээс орон нутагтаа хог цэвэрлэх ажлыг зохион байгуулснаар зөвлөлийн гишүүн болох эхлэх нь тавигдсан байна.

Z үеийнх биш ч гэлээ энэ удаагийн сонгуулиар анхаарал татсан бас нэг хүн бол 34 настай Арфияа Эри. Тэр Уйгур болон Узбек гаралтай бөгөөд эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг нэгэн. Эри Японы доод танхимд сонгогдсоноор парламент дахь анхны уйгур үндэстэн болж байна. Дэлхийн аль ч улсын парламентад уйгур үндэстний төлөөлөл байхгүй аж. Тиймээс түүний ялалт нь Японы Уйгурын нийгэмлэг болон дэлхий дахинд тарсан уйгур үндэстнүүдэд нэн чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж