Чуулган: Цөөн монголчуудыг арай дэндүү яллаж байна

LiveЧуулган: Цөөн монголчуудыг арай дэндүү яллаж байна

Чуулган: Цөөн монголчуудыг арай дэндүү яллаж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан /2023.04.27/ эхэллээ.


 

17 : 55
2023-4-27

"Я.Цэлмэн та цагдаа сэтгэхүйгээ яг одоо авч хая"

Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлан хэлэлцэх /Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээс 2023.03.30-ны өдөр ирүүлсэн/ хэлэлцэв. Тайланг гишүүн Я.Цэлмэн танилцууллаа. Байнгын хорооны санал дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний орон тоог бий болгож, эрх зүйн орчныг бүрдүүлээд нэг жил болж байна. Тэр тайлангаа танилцууллаа. Тайлангаас нэгд, эрүү шүүлтийн асуудлаар ажиллаж, Засгийн газрын эрх бүхий 12 албан тушаалтанд зөвлөмж өгчээ. Энэ зөвлөмжийн хэрэгжилт ямар байна вэ. Эрүү шүүлтэд өртлөө гэдэг гомдол хэр ирсэн бэ?

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн:

-Гишүүн хяналт шинжилгээ хийж, засч залруулахаар зөвлөмжийг өгдөг. Ялангуяа тогтолцоог судалж, засуулах үүрэгтэй. ХЗДХЯ, ЭМЯ, ЗТХЯ, ЦЕГ, ШШГЕГ зэрэг газруудад хүргүүлсэн. Зөвлөмжийн биелэлтийг 30 хоногийн дотор заавал биелүүлж, бичгээр хариу ирүүлэх заалттай. Бид зөвлөмжийг судлаад холбогдох албан тушаалтныг байлцуулж, биелэлт хийлгэж, газар дээр нь очиж шалгадаг. Зөвлөмж өндөр хувьтай биелсэн. Хууль эрх зүй, төсөв мөнгөний асуудлаас бол тодорхой хэмжээнд биелж чадаагүй. Бид зургаан гомдол мэдээллийг хүргүүлсэн. Зарим хариу нь ирээгүй байна. Гишүүн гомдол мэдээллийг шалгах хууль эрх зүйн орчингүй байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн гэж шинээр байгуулж, анхны тайлангаа тавьж байна. Хуульд заасан байгууллага хуулиар тогтоосон үүргээ ойлгож хариулна шүү. Я.Цэлмэн та бол цагдаад ажиллаж байсан. Одоо энэ ажил чинь өөр шүү гэдгийг хэлж байсан. Одоо УИХ-ын чуулганы хуралдааны танхимд өөрөө гэмт хэрэг шалгадаг хүн биш. Нөгөө цагдаа сэтгэхүй чинь ажиллаж байна. Тусгай субъектууд эрүүдэн шүүсэн эсэхийг зохих мөрдөх алба шалгаж, прокурор хянана. Тогтолцоог бэхжүүлж, нийтлэг асуудалд үнэлэлт дүгнэлт өгдөг. Тийм хүн. Надад эрх, хүн дутагдаад байна гээд байх юм. 

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

15 : 29
2023-4-27

"Монголд 2020-2022 онд нийт 2674 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан"

Үдээс хойшх УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ холбогдох сайд нар байхгүй учраас санал хураалтыг хойшлуулав. Дараагаар нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэх /Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023.03.29-ний өдөр ирүүлсэн/ хэлэлцэв. Илтгэлийг ХҮЭК-ын дарга Ж.Хунан танилцууллаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Энэ сарын инфляцийн түвшин 10.9 хувь болж буурсан боловч махны үнэ өндөр байгаагаас шалтгаалан инфляцийн түвшин өндөр байна. Иргэдийн нийгмийн судалгаа, УИХ-д ирүүлсэн санал гомдлоор үнийн өсөлтийн асуудал иргэдийн санааг зовоож, амьжиргааг доройтуулж байна. Тиймээс амьдралын чанар, үнийн өсөлтийн судалгааг хийж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг гишүүн, нийслэлээс сонгогдсон Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нар захуудаар явж, нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар явж, судалгаа хийнэ. Үнийн өсөлттэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж танилцуулна. Төсвийн байнгын хорооны дарга эмч, багш зэрэг төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар судалж танилцах чиглэл өглөө шүү.

ХЭҮК-ын дарга Ж.Хунан:

-Долоон бүлгийн хүрээнд тайланг боловсруулж, бүлэг тус бүрээр тоймлон танилцуулъя. Нэгд, халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих, таслан сэргийлэх, бүх насаар хорих, ганцаарчилж хорих, эмнэлгийн чанартай холбоотой албадлагын арга хэмжээтэй холбоотой тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг хөндлөө. Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн дэвшилтэт зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгасан ч хуулийг хэрэгжүүлэх явцад хийдэл үүсэх, хуулийн заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхгүй байх, алба хаагчдын мэдлэг хандлагаас шалтгаалан хүний эрх зөрчигдөж байна.

Монгол Улсын Ерөнхий прокурорын мэдээгээр 2020-2022 онд нийт 2674 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсаны 1079 буюу 40.3 хувь нь шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр сулласан байна. 

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, хойшлуулшгүй тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн гэж шууд заасан зэрэг үндэслэлүүдийг тодорхой хязгаарлалтгүйгээр хэт өргөн хүрээтэй хуульчилсан нь Үндсэн хуулийн 16.13 заалт болох иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын конвенцийн пактын есдүгээр зүйлийн үзэл санаанд нийцээгүй байна. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа нь шүүхийн хяналтад бүрэн орооүй байгаа нь хүнийг хууль бус, дур мэдэн баривчлах нөхцөлийг бүрдүүлж, Эрүүгийн хуульд заасан мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруйд прокурорт мэдэгдэж шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ. Сэжигтнийг баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт нэг мөр хэрэгжихгүй байна. Түүнчлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжих нийтлэг журам тухайн харилцааг зохицуулж чадахгүй байгаа нь хүний эрхийг зөрчих нөхцөлийг бүрдүүлж байна. Олон улсын гэрээ конвенцид бүрэн нийцүүлэх шаардлага тулгарч байна. 2015 оны Эрүүгийн хуульд бүх насаар хорих дэглэмийн агуулгыг бүрэн тодорхойлоогүй, ганцаараа хорих ял эдэлж байгаа хоригдлын эрхийг хангах талаар одоогийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна. Эрүүгийн хуульд заагаагүй ганцаарчлан хорих шийтгэлд өнөөг хүртэл байсаар байгаар комисс хүний эрхийн зөрчил гэж харж байна. Сэтгэцийн өвчтэй хүнд холбогдох хэргийг шийдвэрлэхэд өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, албадлагын арга хэмжээ авах, ар гэрийнхэн хүлээж авах нь хуульд тодорхой бус байгаагаас хүний эрх түгээмэл зөрчигдөж байна. 

Илтгэлийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа. УИХ-ын гишүүн асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Сүүлийн үед  аливаа эрүүгийн хэргийн нийгэмд урьдчилан мэдээлж, хуулиар хориглосон мэдээллийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр тарааж, уур амьсгал бүрдүүлж, нийгмээр яллуулдаг. Ноцтой нь шүүх, прокурорын байгууллага бие даасан, хараат бусаар ажиллахад хүндрэл, дарамт учруулж байна гэж ярьж байгаа. Энийг сургаар яриагүй. Байнгын хороо, тусгай хороодын шугамаар хууль хяналтын байгууллагатай асуудал ярихад хэлж байсан. Яагаад хуулиар хориотой байхад ийм мэдээлэл цацагдаад байна вэ, илрүүлж чадахгүй байна гэдгийг удаа дараа тавьж байсан. Прокурорын зүгээс мөрдөн шалгаж байгаа явцад тавьдаг хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Хуучин тогтолцоог сэргээх хэрэгтэй. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хариуцлага тооцох болохгүй байна уу. Ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй байна?

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд:

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг материалыг гаргаж, тавьсан асуудал нэг жилийн хугацаанд болсон. Өргөдөл гомдол их ирдэг. Яг шалгаж тогтооход эрх зүйн орчны хувьд хүндрэлтэй байдаг. Хэргийн материал руу орох, сэтгүүлчдийг эх сурвалжаа нэрлэх асуудал руу ордог. Эрх зүйн орчинд өөрчлөлт хийх шаардлага байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг прокурорын зөвшөөрлөөр мэдээлэх зохицуулалт байдаг. Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа эхлээгүй байхад энэ харилцааг зохицуулаагүй юм билээ. Тэр ажиллагаа эхлэхтэй холбоотой шалгаж байна гэж олон нийтэд зарлах тохиолдол түгээмэл гарч байна. Өнгөрсөн онд гурван гомдлыг цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн зөвлөл, хүний хувийн мэдээллийг хууль зөрчиж нийтэд цацсан, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын нууцыг задруулсан байж болзошгүй гэж шалгуулахаар явуулсан. Үр дүнгийн хариу байдаггүй. Дотоод алба хаагч, эрх мэдэлтэй, нөлөө бүхий, улстөрчтэй холбоотой мэдээлэл задардаг гэх мэдээлэл байгаа. Цаашид цогцоор нь энэ асуудлыг танилцуулна. 

Нууц мөрдөн шалгах ажиллагааны журмыг баталж, хүний эрх зөрчих нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа. Нарийн дүрэм журам нь үнэхээр хаалттай, дүгнэлт хийхэд хүндрэлтэй байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-ХЭҮК-ын тайланд гарсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд гол хандаж байгаа зүйл нь нууц мөрдөн шалгах ажиллагаа. Энэ үйл ажиллагааны арга журмыг хууль эрх зүйн хангалттай үндэслэлээр хязгаарлах бус тагнуулын байгууллагын дарга, Ерөнхий прокурорын баталсан журмаар хүний эрхэд халдаж байна. Хүний эрхийг зөвхөн хуулиар хязгаарлана гэдэг Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгаа. Тийм учраас энэ асуудлыг нарийвчилсан хууль хийх хэрэгтэй. Цагдаа, тагнуул, АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг зорилгоор нь салгах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Ийм зөрчил гараад байгааг ХЭҮК ойлгож мэдсэн байна. Нэгэнт ийм дүгнэлт хийсэн юм бол энэ удаа тодорхой санал оруулж ирэхгүй яасан юм бэ?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Прокурорын байгууллагын дэргэд байсан тусгай субъектыг хянадаг мөрдөн байцаах газрыг татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор АТГ, тагнуул, цагдаагийн байгууллагын  эрх бүхий албан тушаалтнуудын мөрдөн шалгах ажиллагааны эсрэг гэмт хэргийг шалгах, нотлох чиглэлээр хөндлөнгийн бие даасан механизмыг дэргэд нь үү, өөр бүтцээр байгуулах шаардлага үүсч байгааг байнгын хороогоор хөндөж байсан. Тэгэхгүй бол мөрдөн шалгах ажиллагааны баримтуудыг хэвлэлээр гаргадаг, урьдчилж ялладаг, шүүхэд нөлөөлдөг хандлага сүүлийн үед идэвхжиж байна. 

ХҮЭК-ын гишүүн Б.Энхболд:

-ХЭҮК энэ асуудлыг анхааралдаа бүрэн авсан байгаа. Энэ жилийн илтгэлд оруулах гэхээр зарим судалгаа дүгнэлт нь бүрэн гарч ирэхгүй байсан учраас түр хойшлуулсан. Тухайн асуудалд нь дүгнэлтийг гаргаж, холбогдох байгууллагад дүгнэлтээ хүргэж буй. Нэгтгэсэн том дүгнэлтийг ирэх жилийн илтгэлд оруулна. 

С.Одонтуяа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-ХЭҮК-ынхонд баярлалаа гэж хэлье. Энэ удаагийн дүгнэлтийг маш сайн бичжээ. Нийт 400 гаруй хуудастай долоон бүлэг дүгнэлт байна. Бүлэг тус бүр дээр 44 саналыг бичгээр бичиж, ХЭҮК-т хүргүүлнэ. Ер нь цөөн монголчуудыг арай дэндүү яллаж байна. Хамгийн их хүний эрх зөрчиж байгаа этгээд бол Засгийн газар. Өнөөдөр 3.3 сая хүн амаа хуваахаар 200 мянган гадаадад, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхдээ хасахаар цаана нь хэдхэн хүн үлдэнэ. Үүнээс цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэг албан хаагч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөө хасахаар 100 ямаанд 60 ухна гэгчээр том бүрэлдэхүүнээр ажиллачихаад хүний эрхийг зөрчиж байна. Өмнө нь Төв талбай дээр хүмүүс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхэд ингэж шийтгэл авч байсан удаа байхгүй.

Та нар цар тахлаар далимдуулж, гурван жил ард түмний амыг хамхичихаад одоо сонгуульд ялчихаад, тэрийгээ улам лавшруулж байна.

Яагаад цахим орчинд, нийгэмд үгээ хэлснийхээ төлөө цахим гав зүүж байна вэ. Фэйсбүүк дээр лайк дарсны төлөө дарга нь ажилтнаа дуудаж, арга хэмжээ авч байна. Бид ийм нийгмийг хүсээгүй. НҮБ-ын шинжээчид судалгаа хийж 99 хувийн шүүхийн шийдвэргүй баривчилж байна гэхэд үгүйсгэж байсан. Гэтэл өнөөдрийн илтгэл гарч байна шүү дээ. Илтгэл гаргахдаа маш олон судалгаа, кэйс судалж, 60 хувь шаардлагагүй баривчилгаа байсан гэжээ. Цөөн монголчуудын 60 хувийг яагаад шаардлагагүй баривчлаад байна вэ. Ингэж монгол хүний эрхийг зөрчихөө боль гэж хэлье.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд:

-НҮБ, ХЭҮК-ын ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлттэй холбогдуулан 99 хувийг хуульд заасан баривчилгааны арга хэмжээ хуулийн дагуу болсон эсэх тал дээр шинжилгээ хийсэн. Жишээлбэл, 461 дүгээр ангийн 864 кэйс дээр авч үзэхэд хуульд заасан заалтаар 73 хувь нь шүүхийн хяналтад орохгүй байгааг хүний эрхийн зөрчил гэж үзсэн. Хуульд процессыг нь нарийвчлан заасан байхад энэ процессоороо явахгүй байгааг залруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Шүүх бие дааж шүүгч нарыг жижүүрт оруулах хууль эрх зүйн орчин тодорхойгүй юм билээ. Мөрдөгчийн тогтоолыг прокурор шүүх рүү хүргүүлэх гэхээр хүлээж авдаг хянадаг хуулийг засах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Хүний эрх түгээмэл зөрчигдөж байгаа хоёр гол зөрчил бий. Нэгд, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагааны үед гарч буй асуудал. Сүүлийн үед маш их цагдан хорихтой холбоотой асуудал гарч байна. ХЭҮК-оос шалгаж үзээд нийт цагдан хорилтын хэдэн хувь нь үндэслэлгүй байгаа юм бэ. Үнэхээр ийм асуудал байна уу. Яаж таслан зогсоож байна вэ. Бизнесийг нь зогсоож, утсыг нь хянадаг үйлдэл байна. Үүнтэй холбоотой зөрчил гарахгүй байх чиглэлд ямар арга хэмжээ авч байна вэ?

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-ХЭҮК сайн ажиллаж байна. Гишүүдэд баярлалаа.  Дараагийн асуудалд оръё. 

12 : 38
2023-4-27

"Тендерийн хуулиар хамгийн чанар муутай, эм орж ирж байна"

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэв. Төслийн анхны  хэлэлцүүлгийг явуулсан талаар Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж, гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Эмийн чанар үнэтэй холбоотой асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Тендерийн тухай хуулиар хамгийн бага үнийн саналаар тендер сонгон шалгаруулах талаар чанар муутай, эм орж ирж байна. Энийг анхаарах хэрэгтэй байна. Боловсронгуй болгох асуудал юу байна. Өндөр хөгжилтэй орнуудаас өндөр өртөгтэй эмийн ханган нийлүүлэлтийн хэмжээ сүүлийн жилүүдэд буурч байгаа юм билээ. Манайд эм ханган нийлүүлэлт, импортын зөвшөөрөл авсан байгууллагуудаас гадна ДЭМБ, НҮБ-ийн системийн байгууллагууд зах зээлээс чанартай, хямд өртөгтэй худалдан авах системийг ашиглаж буй. Энэ байгууллагуудын эм худалдан авдаг системийг хуульд оруулж зохицуулалт хийх хэрэгтэй байна. Бид өөрсдөө энэ системийг ашиглавал чанартай эм хэрэглэх боломжтой. Дархлаажуулалтын тогтолцоонд энэ системийг нэвтрүүлсэн учраас шууд худалдан авалт хийж байна.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:

-Тендерийн тухай хуультай холбоотойгоор байнгын хороонд зарчмын зөрүүтэй санал гарсан. Тэр дунд эмийн чанартай холбоотой саналыг Ш.Раднаасэд гаргасан. Бид энэ саналыг харгалзан үзэж, хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр тусгаж, найруулж өөрчлөх боломжтой. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Эмийн чанарын асуудал анхаарал татаж буй. Энэ хуулийн зарчимд хэмнэлттэй, үр ашигтай байх гэсэн зарчим баримталдаг. Энэ зарчмаараа эмийн чанарын асуудал хямд үнэтэй, чанаргүй байх асуудал үүсдэг. Энэ хуулийн харилцаа бол Эрүүл мэндийн сайдын баталсан тушаалаар Эмийн агентлаг нь Монголд хэрэглэж болох эмнэл зүйн шаардлагыг хангасан эмийг бүртгэж авдаг. Энэ хуулиар тэр бүртгэж авсан эмийг худалдаалж болно гэснээс хамгийн хямд үнэтэйг нь худалдан авах харилцааг зохицуулж байгаа юм. Үнэхээр эмийн чанарын асуудал шаардлага хангахгүй байна гэвэл эм бүртгэн авч буй ажлын хэсэг чанарт анхаарч, өндөрсгөх асуудлаа л ярих юм. Монголд хэрэглэхгүй, чанаргүй эм гэвэл энэ хуулиар зохицуулахгүй. Эрүүл мэндийн яам бодлогын хүрээнд эмээ бүртгэж авах асуудалд анхаарч, өндөрсгөх шаардлага үүсч байна. Монголд өнөөдөр 1000 гаруй бүртгэлтэй эмээс худалдан авалтыг нь хамгийн хямд үнээр авна гэж хуулиар зохицуулж байгаа. Эмийн агентлаг нь 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Тэр зөвлөл чанарын шаардлагаа өндөрсгөх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Бид Эмийн тухай хуулийг боловсруулж байна. Ингэхдээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг давхар ярьж буй. Тиймээс эмийн чанартай холбоотой хуулийн зохицуулалт орох хэрэгтэй байна. Хоёрт, НҮБ-ийн системийн байгууллагуудын худалдан авах системийг ашиглаж болно гэж тусгах хэрэгтэй байна. Тэгвэл шууд эм тариа худалдан авч болно. Ийм нөхцөлд заавал тендер гэхгүйгээр худалдан авалт хийж болно

Ажлын хэсэг:

-Хуулийн төслийн 36.1.2 заалтад хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор зарим онцгой эм, эмнэлгийн хэрэгсэл, яаралтай дархлаажуулалтад хэрэгцээтэй вакциныг үйлдвэрлэгчээ, олон улсын байгууллагаас шууд дамжуулан худалдан авах бол гэрээ шууд байгуулж болно гэж заасан. Тэгэхээр гишүүний асуусан харилцаа одоо хуульд бүрэн туссан. Эмийн хямд үнийн асуудалд, Монгол улсад жилдээ 650 тэрбум төгрөгийн эм борлуулагдаж байгаагаас 224 тэрбум буюу 35 хувийг төр худалдан авч байгаа. Тэгэхээр 65 хувийг хувийн хэвшлийнхэн гэсэн үг. Монголд 1321 нэр төрлийн эм байгаа. Стандартад нийцсэн эм болгоноос бага үнэ санал болгосныг худалдан авч буй. Тэрнээс биш шууд бага үнэ хангасан хямд үнэтэй эм авдаггүй. Монголд нийт 44 эм үйлдвэрлэгч байна. 444 эм ханган нийлүүлэгч байна. Монголд үйлдвэрлэсэн 173 нэр төрлийн 853 эм худалдаж байна. Өнгөрсөн 2022 онд нийт 58 улсаас 143 сая ам.долларын эмийг импортолсон. Орж ирж байгаа эм, үйлдвэрлэж байгаа тавигдах стандартаа өсгөвөл тэндээсээ бага үнэтэйг худалдан авах юм. 

Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга н.Энхболд:

-Хуулийн төслийн 36.1.2 заалтад хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор зарим онцгой эм, эмнэлгийн хэрэгсэл, яаралтай дархлаажуулалтад хэрэгцээтэй вакциныг үйлдвэрлэгчээ, олон улсын байгууллагаас шууд дамжуулан худалдан авах бол гэрээ шууд байгуулж болно гэж заасан. 2013 онд Тендерийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр чанартай эм оруулах талаар өөрчилсөн. Энэ зохицуулалт мөрдөгдөөд явж байгаа. 

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:

-УИХ-ын гишүүн С.Чинзоригийн ярьсан асуудлаар хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгч байна. Эцсийн хэлэлцүүлэг дээр энэ асуудлыг боловсруулахаар байнгын хороо, ажлын хэсэгт чиглэл өгч байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Өнгөрсөн онд Тендерийн хуулийн өөрчлөлт орж ирэхэд би удаа дараа ярьж байсан. 60 их наядын дүн бүхий том төсөл хөтөлбөрийг тендергүйгээр хэлцэл байгуулж шийдье гэж орж ирж, буцаасан байдаг. Энэ асуудал шинэчилсэн найруулга дээр ямар байдлаар орж ирж байгаа вэ. Жишээлбэл, Тавдугаар цахилгаан станц барья гэхэд тендергүй хийх үү. Ямар заалт байна вэ. Төвлөрөлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төсвийн байгууллагын зарласан тендерт орон нутгийн хуулийн этгээдэд давуу эрх олгоно гэдэг зарчим байнгын хороонд яригджээ. Орон нутгийн компани байвал өндөр үнэтэй ч хамаагүй ялна гэж хийж байна уу. Яаж давуу байдал үүсгэх юм бэ?

Ажлын хэсэг:

-Хуулийн төсөл 2022 оны хавар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд эдийн засаг тэлэх том төслийг хэлэлцээ хийж, шууд гэрээ байгуулах аргаар нэмэлт өөрчлөлтийг хийх санаачлага гарсан боловч УИХ-ын гишүүд дэмжээгүй. Энэ агуулгын хүрээнд шинэчилсэн найруулгад энэ зохицуулалтыг оруулаагүй. Хуулийн төслийн том, жижиг бүтээн байгуулалтыг нээлттэй тендерээр шалгаруулахаар тусгасан. Мөн гэрээ шууд байгуулах зохицуулалтыг шууд ил тод, нээлттэй болгож, хэрэглэх нөхцөлүүдийг нь хумисан. Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөсөн. Мөн сүүлийн хоёроос доошгүй жилийн хугацаанд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгосон тохиолдолд бусад компаниудаас нэмэлт таван хувийн давуу эрхтэй оролцох юм. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хуулийн төслийн 35.1.3 зүйлд "УИХ-ын баталсан хөгжлийн төслийн жагсаалтад багтсан улсын эдийн засагт том хувь нэмэр оруулах, төслийн ажил үйлчилгээг гүйцэтгэгчийн чадвар туршлагад харгалзан үзэж, гэрээ шууд байгуулж болно" гэжээ. Энэ заалт чинь ороод ирсэн байна. Энэ хасагдсан юм уу. Яг биз. Өмнө нь хаслаа гээд бас зальдсан байхгүй юу. Өмнө нь Төсвийн дагалдах хуульд дахин оруулж ирж, хоёр дахиа баригдсан. Тийм учраас хартай болчихоод байна?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Би УИХ-ын дэд даргыг энд чиглэл өгөөсэй гэж бодож байна. 2022 оны арванхоёрдугаар сард Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийг баталсан. Эрүүгийн хэрэг, Иргэний хэрэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжлэх ухааны нарийн мэдлэг шаардсан зүйлд дүгнэлт гаргаж, хэргийн үнэн зөвийг гаргадаг баримтуудыг харьцуулан шийдвэрлэдэг байгууллага.

Энэ байгууллага жилдээ 400 сая төгрөгийн химийн урвалж бодис худалдан авдаг. Өнгөрсөн жил энэ химийн бодис тасалдсан.

Хүн амины хэрэг үйлдэгдсэн хэрэг гарсан тохиолдолд ул мөр бэхжүүлэх, ДНК харьцуулсан шинжилгээ хийх, цусанд мансууруулах бодис байгааг илрүүлэх химийн урвалж бодисыг маш бага хэмжээгээр авдаг. Шууд нээлттэй тендер зарлаж, аж ахуйн нэгжүүд энд оролцохоо больсон. Төстэй байгууллагууд жилд шаардлагатай гэж үзвэл өөрсдийн бодистой хавсарга байдлаар оруулж ирж, зах зээлийн үнээр нийлүүлдэг жишгээр явж ирсэн. Шууд тендер зарлавал аж ахуйн нэгж оролцохгүй. Яаж зохицуулах вэ?

Ажлын хэсэг:

-Шүүхийн шинжилгээний байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр энэ асуудлыг ярилцсан. Заавал гэрээ шууд байгуулах аргаар бус ерөнхий гэрээ байгуулах боломжтой байна гэж ярилцсан. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад 36.1.1 заалтад оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагагаар шууд гэрээ байгуулж, худалдан авах эрх нь байгаа. Зах зээл бага учраас аж ахуйн нэгжүүд оруулж ирдэггүй. Тэгэхээр бид хуулийн төсөлдөө гурав хүртэлх жилийн хугацаагаар байгуулах боломжтой гэж заасан.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:

-Х.Нямбаатар гишүүний гаргасан саналаар чиглэл өгье. Химийн урвалж бодисын хүрэлцээгүй байдлыг тухайлан анхаарч, Тендерийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж оруулахад анхаараарай. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Шууд гэрээг Засгийн газрын тогтоолоор баталдаг гэдэг. Шууд гэрээгээр орон нутагт хийх ажлын босгыг өндөрсгөх тал дээр ямар ажил байгаа вэ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн ихэнх нь орон нутагт хийх боломжтой ажлыг хуваарилдаг. Хуулиар 20 сая гэсэн босго тавьснаар тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хийх хэрэг гардаг. А4 цааснаас өөр юм байхгүй хүмүүс нутгийн хүмүүсийг удирдаж хийлгэдэг?

Ажлын хэсэг:

-Өмнө нь хэлэлцэх эсэх асуудлыг УИХ дээр хэлэлцэхэд Ц.Идэрбат асууж байсан. Бид Засгийн газрын тогтоолоор шууд худалдан авалтын босгыг тогтоодог зохицуулалтыг хэвээр нь аваад явж байгаа. Үүнд тооцоо хийж үзэхэд орон нутагт зарлаж буй 7000 тендерийн босго алга болох юм билээ. Суманд тендергүй шууд худалдан авалт хийдэг эрсдэл бас бий. Засгийн газраас тухай босгыг уян хатнаар зохицуулахаар болж байгаа. Хар жагсаалтад оруулах журмыг Засгийн газар баталж байгаа. 46 компани жагсаалтад байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Орон нутгийн анхан шатанд шууд худалдан авалт байхгүй болно гэдэг худлаа. Гэхдээ дийлэнх нь байхгүй болох байх. Одоо сумын Засаг даргын Тамгын газар дээр худалдан авалтыг зохион байгуулах хүн олдохоо байсан шүү. Гэрчилгээ авах шалгалтад орж, зориуд унадаг болсон шүү дээ. Маш их дарамттай, хэл ам дагуулдаг ажил. Хариуцлагын тогтолцоо ч байхгүй. Би аймгийн Засаг дарга байсан хүн. Сайн мэднэ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Орон нутгийн ажлыг орон нутгийнхан өөрсдөө хийдэг байлгая. Ажлын хэсгийнхэн Засгийн газар мэднэ гээд байх юм. Үнээрээ уралдахаа хэзээ болих вэ. Дүгнэх, тендер үнэлэх, эрэмблэх асуудлаа анхаараач ээ. Үнээс болж бид хүчингүй, чанаргүй ажил шалгаруулдаг гэдэг шүүмжлэл гардаг. Мэргэжлийн байгууллагууд зураг төсөл гаргаж, үнэлдэг. Гэтэл зураг төслөөр бага үнээр тендер авдаг байдал байна. 

Ажлын хэсэг:

-Хуулийн 8 зүйлд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалтыг оруулж өгсөн. Одоо 10 тэрбумын босгыг 30 тэрбум болгож тогтоосон. Цаашдаа барилгын тендер шалгаруулалтын төсөвт өртөг 30 тэрбумаас доошоо бол гадаадын компани оролцохгүй. Мөн барааны хувьд нэг тэрбум болгосон. Орон нутгийн компанид давуу эрх олгодог болгосон. Тендер шалгаруулахдаа харьцуулах үнэ болон ашиглалтын хугацааны өртөг байдлаар ялагчийг тодруулахаар зохицуулсан. Нэрлэсэн үнээр бус нийт өртгийн тооцож, бага хувилбарыг ялагчаар тодруулах юм. Мөн төсөвт өртгийн 80 хувиас бага үндэслэлгүй бага үнэ хэлэх юм бол хязгаарлана. 

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:

-Ж.Бат-Эрдэнэ гишүүний томъёоллоор Төсвийн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэх чиглэл өгч байна. Гишүүд асуулт асууж дууслаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 30 саналын томъёоллоор санал хураалтыг явуулна. Гэхдээ үдээс хойшх хуралдаанаар санал хураана. 

12 : 31
2023-4-27

16 саналын томъёоллоор санал хураав

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж, асуулт асуух гишүүн байсангүй. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 16 саналын томъёоллоор санал хураав.

12 : 12
2023-4-27

"Салбарын сайдын баталсан дүрмийг шүүх хэрэглэдэггүйгээс иргэд хохирдог"

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж асуулт асуух гишүүд байсангүй. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 36 саналын томъёоллоор санал хураалт явууллаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Өмнө нь анхааруулж анхааруулж анхны хэлэлцүүлэгт буцаасан. Төсөл дээрээ тусгай зориулалтын төмөр зам гэж байсныг үйлдвэрлэлийн зориулалттай гэжээ. Энийг мухар зам гэж ойлгуулсан. Салбар зам гэж тусдаа байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Салбарын сайд төмөр замын тээврийн дүрэм журам, тохирлын үнэлгээ заалт дээр нийтдээ 27 журам батлах тухай асуудал байна. Ялангуяа төмөр замаар ачаа тээвэрлэх тухай дүрэм 11.1.2 болон 11.1.3 заалтад зорчигч төмөр замаар ачаан тээш тээвэрлэх дүрмийг сайд баталснаас болоод иргэн аж ахуйн нэгж хохирч маргаан үүсвэл шүүх ерөөсөө авч  хэлэлцдэггүй. Яагаад гэвэл Иргэний хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 3.5 заалтад Засгийн газрын баталсан дотоод журам, эрх зүйн актыг шүүх хэрэглэж болно. Харин салбарын сайдын баталсан дүрмийг шүүх хэрэглэдэггүй. Тиймээс төмөр замаар ачаан тээш тээвэрлэх дүрмийг Засгийн газраар батлуулах заалтыг оруулах зайлшгүй шаардлагатай. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Тусгай тээвэрлэлтийн журам, төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх журам тусдаа харилцаа шүү дээ. Ингээд Ардчилсан намын бүлэг нэг өдрийн завсарлага авч байна. Төмөр замын тээврийн хуулийг сайн анхаарах хэрэгтэй. Маргаантай асуудал их байна. Хойд талын төмөр замын тээвэр бүр гацсан байгаа. Бүр зогсох эрсдэл байгаа шүү. 

12 : 02
2023-4-27

"УИХ-ын гишүүдийн ирц, хууль эцэслэн батлахад өгсөн саналыг нээлттэй болгоно"

УИХ-ын дарга Г.Зандаршатар:

-Санал хураалтын өмнө нэг мэдээлэл байна. УИХ-ын гишүүдэд онцгойлон анхааруулж хэлэх зүйл байна. Гишүүд хуралдаанд хэрхэн оролцуулж байгаа ирц, хууль эцэслэн батлахад дэмжсэн, дэмжээгүй санал, хуралдаанд оролцсон эсэх гээд ирц, идэвхийн байдлыг нэрээр нь гаргаж мэдээлж байх, энэ төрлийн мэдээллийг нээлттэй авч байх шаардлагыг төрийн бус байгууллага, иргэдээс олон давтамжтай санал гаргаж байна.

Бид судалж үзэхэд хууль зүйн хувьд хаалттай мэдээлэл учраас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нээлттэй олон нийтэд мэдээлж байх мэдээлэлд хамаарч байна.

Үндсэн хуулийн 2 бүлгийн 16.17 хэсэгт Монгол Улсын иргэн нь төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгаарлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй гэж заасан. Тиймээс энэ мэдээллийг авах эрхтэй. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулж болно. Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо УИХ-ын Тамгын газарт үүрэг болгож байна. УИХ-ын гишүүд онцгой анхаарвал зохино. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Энэ хуулийн өөрчлөлт 33 зүйлтэй орж ирсэн боловч 88 зарчмын зөрүүтэй санал байна. Яам дарга нэр очсон газар болгондоо хүнээ өөрчилж, мэргэжлийн хүнээ байхгүй болгодог. Тиймээс хууль хоорондын зөрчилтэй, муу хуулийг оруулж ирж байна. Ардчилсан нам энэ асуудлыг нягтлах зорилгоор долоо хоногийн завсарлага авч байна. 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:

-Та намын бүлэг төлөөлөх эрхтэй юу. Ирэх долоо хоногийн ажлын хоногийг харгалзаж, нэг хоногийн завсарлага өгье. Аялал жуулчлалын улирал эхлэх гээд байдаг. Ирэх долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орж ирнэ. Хууль зүйн техникийн хувьд хялбарчлах гээд хүндрүүлчихсэн, уншаад үзэхээр ерөнхий байж журмаар зохицуулах асуудал ч байна. Гэтэл нэг  бүрчлэн дурдаж, тоочихоор өөр бусад нь орхигддог тал бий. Нэг хоногийн хугацаатай завсарлага өглөө. 

10 : 15
2023-4-27

"УИХ дутуу хаясан юмыг нөхдөг, хуулийн бөөс түүдэг газар биш"

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж нараас нэмэлт горимын санал хэлэх албан бичиг ирүүлсэн боловч үгээ татсан байна.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ явуулж байна. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Засгийн газраас 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2022 оны арванхоёрдугаар сарын 2, 8-ны өдрийн чуулганаар шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 17-ны гуравдугаар тогтоолоор энэ хуулийг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулж, Ш.Адьшаа, Т.Доржханд, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, нар ажиллалаа. Байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны хуралдаанаараа дээрх хуулийн  төслийн анхны  хэлэлцүүлгийг явуулж, дараах санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-1990, 2000 оны дунд хүртэл агнуурын асуудал зэрлэг капитализмын зарчмаар буюу хэн илүү мөнгө төлсөн нь явдаг байсан. Үүнийг нь хуулиар зохицуулж, тухайн орон нутагт агнуурын бүс нутгийг гаргаж, тодорхой менежментийн үйл ажиллагаа явуулж, орон нутгийн иргэдийн нөхөрлөл, хоршоог байгуулсан. Үүний үр дүнд агнангаа ан амьтнаа хамгаалах боломжийг бий болгосон. Гадаад хүн хамгийн сайн анг нь буудаад явчихдаг бус орон нутгийн иргэд ч ашиг хүртэж, ан амьтнаа хамгаалж өвс тэжээл хүргэх нь сайн. Энэ тогтолцоог бас уг хуулийн төслийн анхны хувилбараар шууд дуудлага худалдаанд оруулж, хэн их төлбөр төлдөг нь ангаа хийдэг нөхцөл рүү оруулсан. Энэ болохгүй. Ан амьтанг хайрлаж, хамгаалдаг хүнгүй болохоор нөгөө менежмент байхгүй болох хувилбар руу орж байсан. Би ажлын хэсгийн ахлагчид энэ талаар хэлж, агнангаа хамгаалах нь зүйтэй гэдгээ хэлсэн. Энэ асуудал яаж хуульд орсон бэ. Зөвшөөрлийн хуулиар хэрхэн зохицуулж байгаа вэ?

БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Энэ хуулийг Засгийн газраас өргөн барихдаа ан агнууртай холбоо бүхий заалтыг өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор уг төслийг хууль санаачлагчид буцаах шийдвэр гаргасан. Та 2022 оны зургадугаар сарын 17-нд батлагдсан 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих зөвшөөрлийн тухай хуулиар дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын 5.6 зүйлд хуульчилж өгсөн. Зөвшөөрлийн  тухай хуулийн 8.1.18 болон 8.1.23 заалтад ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй холбоотой заалт Зөвшөөрлийн тухай хуульд 2022 оны зургадугаар 17-нд орсноор 2023 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Зөвшөөрлийн тухай хууль батлагдахдаа тухайн сум, дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгох байсныг нэмэлт өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн Засаг дарга болгож, хуульчилсан.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Зөвшөөрлийн тухай хууль 2022 оны зургадугаар сард батлагдсан. Энэ хуулийн ажлын хэсэгт Б.Пүрэвдорж гишүүн маань хамт орж ажилласан. Либериальчилсан хууль болсон. Хуулиар 23 төрлийн төрийн, нийтийн өмчтэй холбоотой зөвшөөрлийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар явуулахаар зүйлчилж, оруулсан. Тус оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Засгийн газраас аль алийг нь дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар хийхээ өргөн барихдаа ялгаж оруулсан. Ан амьтантай холбоотой асуудлыг дуудлага худалдаагаар оруулахаар болсон. Ингэхдээ Засгийн газар тухайн жилдээ даац, нөөц, хэмжээгээ тодорхойлж, аль бүс нутгаас хэр хэмжээтэйгээ ямар амьтан гэдгээ тогтоож, аймаг нийслэлийн Засаг дарга нь хэдэн насны ийм ан амьтныг агнах зөвшөөрлийг олгох юм. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Зөвшөөрлийн хуульд дуудлага худалдаагаар ан амьтны тухай асуудлыг шийдэхээр болсон юм байна. Хууль санаачлагч нь Ан агнуурын тухай хуулийг буцаачихсан юм байна шүү дээ. Тэгээд энэ асуудлыг яаж шийдэх гэж байна вэ. Сайн нөхөрлөл, хоршооны тогтолцоог нураах эрсдэлд оруулж байна. Та нар тодорхой хариулмаар байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Дуудлага худалдаагаар явах уу, сонгон шалгаруулалтаар явах уу гэдгийг Засгийн газрын түвшинд тухайн яам нь шийдээд оруулсан гэсэн үг. 2022 оны арваннэгдүгээр сард оруулж ирсэн. Тэнд та бас байсан. Хамт ажлын хэсэг дээр сууж байгаад баталсан шүү дээ. Үүнд яам хариулах нь зүйтэй байх. Дуудлага худалдааны 80 хувь нь орон нутагт үлдэж буй. 

УИХ-ын гишүүн П.Анужин:

-Энэ хууль 43 зүйлтэй хууль байна. Өнөөдөр бараг 90 гаруй зарчмын зөрүүтэй санал хураана гэж байгаа. Үүний 70 нь хуультай холбоотой, 20 нь дагалдах хуулийнх гэнэ. Тэгэхээр энэ хууль чинь үлдэж байгаа юм уу. Ажлын хэсэг нь үүнийг цэгцлэхгүй юм уу. Ийм хууль гэж байж болдог юм уу?

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Зарчмын зөрүүтэй олон санал гарсан. Гэхдээ энэ бол яаралтай горимоор Засгийн газраас өргөн барихдаа зарим нэг зүйл орхигдуулж, дутуудуулсан юм гарсан. Тийм учраас ажлын хэсэг дээр төрийн захиргааны байгууллагуудаас судалгаа авч, нэмж хоёр, гурван судалгаа хийлгэсэн. Тийм учраас зарчмын зөрүүтэй олон санал гаргасан. Хууль санаачлагч нь буцааж болно. Асуудалгүй. Байнгын хороонд бас энэ асуудал яригдсан. Гэхдээ Засгийн газар аялал жуулчлалын жил гэж зарласан учраас яаралтай горимоор орж ирсэн. Хууль нь батлагдаагүй, аялал жуулчлалын улирал нь эхлээд явж байна. Буцаахад болохгүй юм байхгүй. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хуулийг яаж боловсруулсан юм бэ. Хуулийн чанар хаана байна вэ?

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

-П.Анужин гишүүний асуултад хариулъя. Анх 2022 оны дөрөвдүгээр сард энэ хуулийг хэлэлцэх, шинэчилсэн найруулгын асуудал дээр хэлэлцүүлгүүдийг албан ёсоор эхлүүлсэн. Аялал жуулчлалын үндэсний хороо байгуулагдсанаар дэд ажлын хэсгүүд гарсан. Үүний дараагаар өргөн баригдаж, Х.Булгантуяа энэ ажлын хэсгийг ахалж, дэд ажлын хэсгийг байгуулж хэлэлцүүлсэн. Дараагаар нь Х.Булгантуяа сайд болсонтой холбогдуулж, ажлын хэсгийн ахлагчийг Х.Ганхуягаар сольсон. Энэ явцад аялал жуулчлалын компаниуд өөрсдөө энэ  хуульд ажиллах санал тавьж, тодорхой төлөөллүүдийг оруулж, саналуудыг нь тусгаж өгсөн. 

УИХ-ын гишүүн П.Анужин:

-Энэ хуульд хэн гар бие оролцсоныг энд яриагүй. Эцсийн дүндээ энэ хууль ямар чанартай хууль болох вэ. Энэ боловсон хүчин, ажлын хэсэг хуулиа татаж авах хэрэгтэй. УИХ бол дутуу дульмаг хаясан юмыг нөхдөг, хуулийн бөөс түүдэг газар биш. Ийм хуулийг 33 зүйл заалт дээр 90 хэдэн санал ярих цаг хугацаа УИХ байдаг юм уу. Энэ бол хичээл зүтгэлийн асуудал биш мэргэжлийн асуудал. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Хуулийг буцаах тухай яриа байхгүй байх. Энэ хуулийн үзэл баримтлалын хүрээнд өөрчлөлтүүдийг тусгасан. Зарчмын зөрүүтэй саналуудыг хүлээж авна. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Байнгын хороонд дэмжигдээд явсан. Яаралтай горимоор орж ирсэн юм. Аялал жуулчлалын бизнес нутгийн иргэдэд түшиглэсэн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж, гадаадын байгууллагын судалгааг оруулсан. Нэлээн сайн ажилласан ажлын хэсэг. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Энэ хуулийг дэмжиж байна. Олон хүн ажилласан учраас зарчмын зөрүүтэй саналаа хурааж, алдаа оноог нь засах үүргээ биелүүлж ажиллая. Аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээний дараах гэсэн 5.3 заалтад эрүүл мэндийн аялал жуулчлал гэдэг үг ороогүй байна. Улсын газар нутагтай холбоотой рашаан сувилал, уламжлалт эмчилгээг бусад оронд хийхгүй байхад Монголд хийж чадаж байгаа шүү дээ. Энэ талаар ярьсан уу?

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Эрүүл мэндийн аялал жуулчлал бол тусгай сонирхлын аялал гэдэг төрөл юм. Дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээ нь аялал жуулчлалыг дэмжих үйлчилгээний нэг бөгөөд бусад үйлчилгээ гэдгээр орсон байгаа. Нэг бүрчлэн тоочих боломжгүй. Гурван жилийн хугацаанд аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ нэмээд явах юм. Спортын эвентийг ч хийх боломжтой. Хууль батлагдсанаар энэ бүхнийг дэмжээд явах юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Бусад гэдэгтээ орчихоор л анхаарах асуудал биш болж байгаа юм. Тиймээс бусад газарт байдаггүй, рашаан сувиллыг зайлшгүй эрүүл мэндийн аялал жуулчлал гэж бүлэг болгон оруулах хэрэгтэй байна. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Таны саналыг хүлээн авч бусад гэдгийн өмнө эрүүл мэндийн аялал жуулчлал гэж оруулъя. Гэхдээ энэ ажлыг Засгийн газрын түвшинд хангалттай хэрэгжүүлэх боломжтой. Хууль нь өөрөө байж байхад хэрэгжих бүрэн боломжтой.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-Говийн бүсэд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж хумигдаж байна. Уул уурхайтай холбоотойгоор олон зөрчил гарч байна. Тийм учраас бүс нутгийг хөгжүүлэх аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг тусгасан уу. Энд ажлын хэсэг яаж ажилласан бэ?

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Хуулийн үзэл баримтлалд эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж тусгасан. Бид өнөөдөр хууль хийхдээ бодит амьдралтайгаа уялдуулах хэрэгтэй. Өнөөдөр бидэнд ямар нөөц бололцоо байна вэ гэхээр түүх, соёлын өв, байгальд тулгуурлана гэж. Энийгээ хэрхэн эдийн засагжуулахад анхаарч, нүүдлийн соёлоо авч яваа иргэдээ энэ салбарт оролцуулах агуулгатай хууль болсон. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Хуулийн төслийг ХЗДХ-ийн яаманд боловсруулсан. Ажлын хэсэг байгуулагдаж, салбарын төрийн захиргааны төв байгууллага ажилласан. Цаашдаа хуулийн чанар, хуулийн үг хэллэгт нийцүүлэх асуудалд анхаарч ажиллах ёстой. Гагцхүү энэ хууль яаралтай горимоор орж ирсэн. Гэхдээ ажлын хэсэг сайн ажилласан. Маш олон судалгаа хийж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай  ч уулзсан. 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Соёлын өвийг хамгаалах тухай хуультай нийцүүлж, хуулиа баталсан. Татварын тодорхой хөнгөлөлтийг оруулсан.  

09 : 58
2023-4-27

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг хэлэлцэнэ

  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

судлаач 2023-04-27 202.131.251.130

хүний эрхийн тухай ярьдаг, эрх зөрчигдөөд байгааг хэлдэг, хянадаг газартай болсонд баярлаж байгаа. харин энэ байгууллага өөрт байгаа бүрэн эрхийнхээ хүрээнд шаардаж шахаж ажиллах хэрэгтэй. шүүхийн шийдвэргүй хүн хоридог, дараа нь хонгилын шүүгч нь нөхөж шиидвэр гаргадаг явдал түгээмэл болжээ.Эрх мэдэлтний дохио зангаагаар ажилладаг шүүгч, цагдаа. мөрдөгч, прокурор байгаа нь нууц биш шүү.Алтанхуягийн хонгил амь бөхтэй хэвээрээ бна.Эрх мэдэлтнийг шүүмжилбэл энэ хонгилоор чирүүлнэ.30 хоног сууна.

Avatar

Нэргүй 2023-04-27 124.158.66.92

12-16 онд АН намыхан байхад харин ч ёстой шоронжиж Тарвагадорж шоронгийн түлхүүр эргүүлж хотын дарга Батүүл юм л бол барина хорино тараана ажлаа өг эсвэл шорондоо ор гэж бүх л салбарт заналхийлэл сүрдүүлэг хэлмэгдэл газар авсан жилүүд байсан. Зика том ярвайлттай аая яа аймар байсан. алтанхуяг нь хууль юу юм өндөг тансаг хэрэглээ энэтр гэж хуцаж байлаа.

Avatar

иргэн 2023-04-27 59.153.115.109

Яах гэж анхнаасаа цагдаа хүнийг хүний эрхийн комиссар болгодог юм бэ Юм болгонд толгой хөлийг нь алдагдуулсан жонхуу хийж байх юм. Угаас цагдаажсан орон болж дууслаа парламент нь утгаа алдлаа тараад зайлаад өгөөч дээ

Avatar

Нэргүй 2023-04-27 64.119.26.104

УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлээч. Толгой дээрээ ЗГ-аа гаргачихаад дийлэхгүй ичмээр юм. Байр байрандаа байх хэрэгтэй.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ТӨРИЙН АЛБАНЫ НЭР ХҮНД ИРГЭДИЙН ДУНД ТУН ТААРУУ БАЙХ ЮМ 2023-04-27 192.82.68.31

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИИСЫН ГИШҮҮД ЧИНЬ НЭЛЭЭН ЧАДВАРЛАГ , ХАРААТ БУСААР АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС ТОМИЛОГДСОН ЮМ БАЙНА. УИХ-д ажлаа тайлагнадаг, тайлагнадаггүй ч гэсэн УИХ удирдлагыг нь томилдог байгууллагуудад ямар хүмүүс томилогдож ирсэн түүхийг би эртнээс мэдэх юм.УИХ өөрийн дэргэдэх бүх байгууллагын гишүүдийг ХЭҮК-ын гишүүдийн дайтай чадвартай, хараат бус хүмүүсээр бүрдүүлвэл төрийн албаны нэр хүнд дээшлэхэд мөн хэрэг болно доо. Одоо төрийн албаны нэр хүнд иргэдийн дунд тун тааруу байх юм

Avatar

Нэргүй 2023-04-27 103.212.117.85

УИХ хуулийн бөөсийг түүж цэврэлдэггүй, бөөстэй хэвээр нь юмуу эсвэл бөөсий нь бүүр үржүүлээд гаргадаг газар юм байхаа доо !

Avatar

Нэргүй 2023-04-27 66.181.189.231

тар тарцгаа

Avatar

Mongol 2023-04-27 202.126.90.7

aylal juulchilalaa l yari. an hiihgui bol ayalal ni amtgui bolchohood baigaa ter aluurchdiig mongol ruu b** zugluul tednii ***h gej dontood baigaa an amitad chini Mongolchuudiin,mongoliin suld hiimoriig daaj yavdag yum tar muusain mongoliin daisan hujaa boloo yu?

Avatar

Нэргүй 2023-04-27 202.72.245.121

тийш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж