“Нүүрсний хулгайчдыг ард түмний өмнө шүүлгэх сонирхолтой байна”

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

“Нүүрсний хулгайчдыг ард түмний өмнө шүүлгэх сонирхолтой байна”

“Нүүрсний хулгайчдыг ард түмний өмнө шүүлгэх сонирхолтой байна”

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Олон жил парламентын босгыг даваагүй Улс төрийн намын тухай хуулийг УИХ хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Улс төрийн намын тухай хуулийг та ерөнхийд нь юу гэж дүгнэж байна вэ. Намуудыг шилэн байлгах, хандив мөнгөний асуудлаас эхлээд дэвшилттэй заалтууд олон байна?

-Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачлан оруулж ирсэн. Улс төрийн намууд дунд нэлээд олон хэлэлцүүлэг хийсэн. Дэвшилттэй олон санал тусгагдсан. Илүү сайжирсан зүйлс хуульд бий. Гэхдээ татвар төлөгч, бизнес эрхлэгчид юу гэж дургүйцэж байна уу гэвэл "Монгол Улсад улс төрийн намын нэр хүнд уначихсан байна. Уначихсан тохиолдолд яагаад миний дургүй намуудыг, миний татвараар санхүүжүүлдэг юм бэ" гэдэг шүүмжлэл байна. Хэлэлцүүлгийн явцад эргэж харах ёстой. Бусдаар улс төрийн намын хууль боломжийн хэмжээнд орж ирсэн.

-Сонгуулийн тухай хуульд жагсаалттай холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Олон нийтийн зүгээс хаалгаар гаргасан ч тооноор авлигач, хулгайчид ороод ирэх вий гэдэг шүүмжлэлийг хэлж байна. Тийм үүд хаалгыг нээсэн гэж та харж байна уу?

-Сонгуулийн тухай хуулийг МАН 38:38 буюу тал нь жагсаалтаар, тал нь тойргоос нэр дэвшихээр өргөн барьсан. Эрх баригчид 2016 оноос хойш засаглалаа. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн хийж буй тэр хүмүүс ямарваа нэгэн сэтэр зүүж дарга болсон. Харамсалтай нь хүмүүсийн амьдрал муудаж, эдийн засаг доротойж хувийн хэвшлүүд татварын өрөнд орж, үйл ажиллагаа нь доголдсон ийм л он жилүүд байлаа. Томоохон бүтээн байгуулалт бодитоор хийгээгүй, хийсэн бүтээсэн зүйлгүй олон жил боллоо. Үүний хажуугаар эрх баригчид ЖДҮ, концесс, хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын хулгайд холбогдлоо. Нүүрсний хулгай 40 их наядын хохиролтой.

Энэ цаг үед МАН-ын нэр хүнд тэр чигээрээ унаж байгаа. Тиймээс жагсаалтын ард намынхаа сонгуулийг санхүүжүүлдэг хүмүүсээ нууж оруулж ирэх замаар дахин засаглалыг авах зорилготой байна. Үүнийгээ хийж гүйцэтгэхийн тулд аливаа иргэн санал өгөхдөө МАН юм уу, хэн нэгэн УИХ-ын гишүүнийг аль нэгийг нь дугуйлах зохицуулалттай.

Ингэснээр нэг хүндээ өндөр нэр хүнд бий болгож байгаад тэр хүнээрээ болон, намаар санал авах зорилготой байна. Хэдийгээр жирийн сонгогч өөрийнх нь дургүй хүн байлаа ч гэсэн маш их өндөр нэр хүндтэй  тэр хүмүүсийг дугуйлах замаар хүсээгүй МАН-аа сонгох боломжийг бүрдүүлж байна. Тиймээс сонгуулийн мажоритар тогтолцоогоор янз янзын нүүрсний хулгай мэтийн хүмүүсийг нүцгэнээр нь ард түмний өмнө аваачиж шүүлгэх сонирхолтой байгаа. Аливаа сонгуульд тодорхой бүлэглэл, бизнесийнхэн тухайн намыг санхүүжүүлэх замаар УИХ-ын гишүүн болох, төлөөлөл оруулах боломжийг өөртөө авдаг. Тиймээс Монголын ард түмэн тэр хүмүүсийн багахан төлбөрт сонголт хийдэг. Буцаагаад их хэмжээний боломжийг алдаж буй зүйл сүүлийн үед бий болж байна.

-МАН-ын оруулж ирсэн Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байна. Зарим нь эмэгтэйчүүд улс төрд гарснаар авлига албан тушаалын хэрэг буурч, нийгмийн давхаргад хүрсэн бодлого гаргахад хувь нэмэртэй гэж дүгнэж байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

Мажоритари тогтолцоонд эмэгтэйчүүдийн квот 20 хувь байдаг. Яагаад МАН 30, АН түүнийг дагуулаад 40 хувь болгож байна уу гэхээр пропорциональ системээр буюу жагсаалтын ард нэлээд хойгуур эмэгтэйчүүдийг зогсоочих учраас эмэгтэйчүүдийн жендерийн эрхийг нэмэгдүүлэх замаар “жалганы” маягийн улс төр хийж байна. Энэ бол буруу. Ер нь эмэгтэйчүүд төрд байхад нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө дуугардаг, авлига хээл хахуулын гэмт хэргээс хол байдаг давуу тал байгаа. Гэхдээ эмэгтэйчүүд өөрсдөө хүчтэй лидер байж тойрогт очиж дэвшиж гарах тийм хэмжээний манлайллыг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Харамсалтай нь, өнөөдөр манлайлалд гарч ирсэн хүмүүс иргэдийн хүсэн хүлээж буй хэмжээнд улс төрч байж чадахгүй байна. Өнөөдрийн эрх баригчид эмэгтэйчүүдийг төрд ажиллуулах албан тушаалд томилох, олон нийтэд таниулах, эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгохоор зүтгэж байна. Цаашдаа АН засаглалд гарлаа гэхэд эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг төр засагт ажиллуулж, илүү хүчтэй лидер бий болгох замаар улс төрийн шийдвэр гаргах түвшинд парламентад олон эмэгтэйчүүдтэй болгохын төлөө явах ёстой.

-Эрх баригчдын зүгээс ҮХНӨ-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүдийн тооны талаар байр сууриа илэрхийлэхгүй юу. Эрх баригчдын ярьж буй шиг 152 гишүүнтэй болсноор иргэдийг төлөөлөх чадвар сайжрах уу?

-Би өнгөрсөн долдугаар сараас хойш иргэдтэй 60 гаруй уулзалт хийсэн. Мөн 5-6 аймгаар явж уулзалт хийлээ. Уулзалтуудад иргэд гишүүдийн тоог олноор нэмэгдүүлэхийн эсрэг байлаа. Гэтэл энэ эсэргүүцлийг үл тоон 152 гэдэг тоо оруулж ирж буй нь ард түмний санал бодлыг сонсохгүй байгаатай холбоотой. Хэдийгээр 152 гишүүнтэй болохыг эсэргүүцэж байгаа ч гэсэн гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэхийг зүйтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, 1992 онд анхны ардчилсан сонгууль болж байхад Монгол Улсын хэмжээнд нийтдээ 900 мянган сонгогч байсан. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар 2.1 сая орчим сонгогчтой болсон байна. 1992 онд нэг УИХ-ын гишүүн 12 мянган сонгогчийг төлөөлж байсан бол өнөөдөр 28 мянга болсон байна. Хөдөө орон нутагт байгаа УИХ-ын гишүүд сумд, аймгаар яваад уулзалт хийгээд тэдний санал бодлыг төрд хүргэж чадаж байна. Харамсалтай нь, Улаанбаатар хотод 300-400 мянган хүнтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт иргэдийг төлөөлөх чадамж ерөөсөө байхгүй байна. Тиймээс тодорхой хэмжээгээр гишүүдийн тоог нэмэх ёстой. Гэхдээ ард түмэн эсэргүүцээд байхад 152 болгох ёсгүй. Тиймээс 100-аас дээш гаргаж болохгүй, 99 дотроо байж болно гэсэн итгэл үнэмшилтэй байна.

-Намуудыг мөнгөтэй, эрх мэдэлтэй бүлэглэл санхжүүлдэг нь нууц биш. Хуульдаа намын санхүүжилт, хандивыг ил тод болгоно гэж байгаа ч хөрсөн дээр буух уу?

-Сонгуулийн хандивыг бизнесменүүд, аж ахуй нэгжүүд өгдөг. Ер нь МАН-ын Хөгжлийн банк гэх мэт сонсголоос харахад компани аж ахуй нэгж рүүгээ дайрч байна. Өөрөөр хэлбэл төрөөс ийм зүйлд оролц хийж бүтээ гэж оролцуулаад дараа нь тэр хүмүүсээ ялладаг байдлаас болоод аж ахуй нэгжүүдийн төрийн худалдаа болон, үйл ажиллагаанд оролцох сонирхолгүй болж байна. Энэ хэрээр компани, иргэдээс хандив авах нь багасна. Аль болох хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд хандив өгөх байх. Ширээний доогуур их хэмжээгээр өгдөг зүйл ирэх сонгуулиудад хумигдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж