Сурвалжлага: Гаалийн талбайд ачаа хүлээгдэл багасчээ

Хуучирсан мэдээ: 2023.04.27-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Гаалийн талбайд ачаа хүлээгдэл багасчээ

Сурвалжлага: Гаалийн талбайд ачаа хүлээгдэл багасчээ

Худалдаа эрхлэгчид тээврийн зардал өсч, татварын хөлс нэмэгдсэнээс болж гаалийн хашаанд ирсэн ачаа бараагаа авахгүй олон сар болж байгаа асуудал өнгөрсөн жил үүсч байв. Харин энэ жил нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.

Өнгөрсөн жилүүдэд чингэлэг тээвэр саатаж бараа захиалсан иргэдийн хүлээлгийн хугацаа урт байв. Харин 2022 оны зунаас цар тахлын хориг суларч, тээвэр чөлөөтэй болсон ч хонх нь дуугархаар дамар нь таг гэдэг шиг  иргэд хямралд өртөснөөс гаалиас ачаа,бараагаа авч чадахгүйд хүрсэн билээ. Тэгвэл энэ оноос эргэлтийн хурд сайжирч, ирэх ачаа барааны урсгал татарчээ.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги /АБТЭМА/ гаалийн хяналтын бүсэд чингэлгийн бөөгнөрөл гарахгүй байгаа бөгөөд хувь иргэдэд биш тээвэр зуучуудаар дамжуулж ачааг олгож байгаа нь ачаалал үүсгэхгүй байгааг мөн онцлов. Туё хяналтын бүсэд ойролцоогоор 20 гаруй тээвэр зуучийн төлөөлөл ажилладаг бөгөөд чингэлгээ хүлээж авах иргэд татвар, төлбөр, тооцоогоо хийсний дараа ачаа бараагаа авдаг байна. Ингэхдээ гаалийн хяналтын хашаанд байрлуулсан хугацаанаас шалтгаалан төлбөрт торгууль мөнгө бодогддоггүй бөгөөд олон сар хүлээгдэж байгаа ачаанд торгууль тооцдоггүй гэсэн юм. Одоогоор гаалийн хяналтын бүсэд хамгийн удаж байгаа ачаа нь 2-3 сар болж байгаа аж. Тус ачааны эзэд эдийн засгийн хүндрэл, хадгалалтын агуулахаас шалтгаалж ачаагаа авах боломжгүй байгаагаа тээвэр зуучуудаар дамжуулж мэдэгджээ.

Ачаагаа авахаар чингэлэг хүлээж буй иргэдийн хувьд тээврийн зардал буурсан, гэхдээ зарим барааны татвар өндөр, тиймээс хүндрэлтэй байгаа гэсэн юм.

ТЭЭВЭР ЗУУЧУУД: МАШИНЫ ТАТАЛТ ХИЙДЭГ ХҮМҮҮС Л ТАТВАРААС ШАЛТГААЛЖ АЧААГАА АВАХГҮЙ УДАЖ БАЙНА

Тээвэр зуучийн компаниудын тайлбарласнаар "Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас ачааны эргэлт буурч эхэлсэн. Иргэд, аж ахуй нэгжүүд олон сар хүлээлгэд байсан ачаагаа авч, зардал ч буурсан. Одоогийн байдлаар сараас дээш хугацаанд талбай чөлөөлөөгүй хүлээн авагч байхгүй. Ачаа нь ирсэн хүмүүс рүүгээ бид урьдчилж мэдэгдээд хэзээ авах боломжтойг нь тодруулдаг. Хэрэв авах боломжгүй тохиолдолд шалтгаан нөхцлийг асууж, тэмдэглэж авдаг. Хүлээлгийн хугацаа урт байгаа чингэлгүүдийн хувьд нь ихэнх нь машинтай. Машины худалдаа эрхлэгчид татвар өндөр байгаа учраас түр хугацаанд авах боломжгүй гэж хэлж байна. Бусдаар хүлээлгэд удаан байгаа ачаатай чингэлэг сийрэг болсон. Эдийн засаг төдийлөн сэхэл аваагүй учраас тээврийн зардал буусан ч татварын дарамт их байна" гэлээ.
Чингэлгээ хүлээж байгаа иргэний хувьд мөн дээрх тайлбарыг хэлсэн юм. Олон сарын хүлээлгийн хугацаа, хэт хөөрөгдсөн тээврийн ханш нэг үеэ бодвол буурсан. Гэхдээ худалдаа эрхлэгчдийн хувьд зах зээл дээрх бараа, бүтээгдэхүүн нь гүйлгээгүй болсон учраас шинэ бараагаа гаалийн талбайд ирсэн даруйд нь авч чадахгүй байгаагаа учирлалаа.
Мөн тээвэр зуучууд болон иргэдийн зүгээс хүндрэлтэй байгаа асуудал нь гаалийн талбай ашигласны төлбөр нэмэгдсэн гэв. Хэдийгээр удаан хугацаанд гаалийн хашаанд хадгалагдаж байгаа чингэлэгт торгууль, алданги тооцдоггүй ч чингэлэг хадгалалтын зардлыг гурваас дээш хоновол 3-4 дахин нэмж тооцох нь хүндрэлтэй байгааг хэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар төмөр замаар тээвэрлэн ирсэн импортын ачаатай чингэлгийн 60 хувь нь хуучин авто машин. 40 хувь нь хүнс болон бусад төрлийн бараа байгаа аж.
40 ТОННЫ АЧААГ АЙЛ 10 ХОНУУЛБАЛ 4 САЯ ТӨГРӨГ ТАЛБАЙД ТУШААНА
Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн чингэлэг хадгалалтын зардал нэмсэн учир айлууд бараагаа аль болох цөөн хоногт авдаг болсон байна. Нэг талаар төлбөр нэмэгдсэн нь хүнд байгаа ч нөгөө талдаа ашиглалтын талбай, чингэлгээ тооцож үзвэл Улаанбаатар төмөр зам ХНН тус зардлыг нэмэхээс өөр аргагүйд хүрчээ.
Тодруулбал, ачаа таваарын хадгалалтын зардлыг тонн тутамд эхний гурав хоног 1000, 4-8 хоногт тонн тутмыг 3000 төгрөг, наймаас дээш хоногт нэг тонн тус бүрийн үнийг 10 мянган төгрөг болгожээ.
Ингэснээр 40 тонн ачаа авчирсан айл 10 хоног хадгалуулбал нэг өдрийн зардал нь 400 мянган төгрөгөөр тооцогдож, нийт төлбөр дөрвөн сая төгрөгийг талбайд тушаана гэсэн үг. Мөн хэрвээ барааны жин 25 тонн хүрэхгүй тохиолдолд 25 тонноор тооцдог нь аж ахуй нэгжүүдэд хүндрэл үүсгэж байгаа аж.
Хадгалалтын зардлаас бусдаар тээврийн зардалтай холбоотой хүндрэл арилсан бөгөөд олон тооны ачааг хадгалах агуулахгүй захиалагчдад энэ төлбөр хүнд тус байгаа гэсэн юм. Тиймээс ачаа тээврийн эргэлтийн хурд сэргэсэн энэ үед ачаа бараа авах иргэд тооцооллоо зөв хийж, тээвэр зуучуудтайгаа ярилцаж татан авалтаа хийх, талбайг удаан хүлээлгэхгүй чөлөөлөхийг албаныхан зөвлөлөө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж