1948 оны олимпийн медальт Дуглас таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

1948 оны олимпийн медальт Дуглас таалал төгсчээ

1948 оны олимпийн медальт Дуглас таалал төгсчээ

Тэртээ 1948 оны Лондоны олимпийн хүрэл медальт, АНУ-ын уртын харайлтын тамирчин Херб Дуглас 101 насандаа таалал төгсчээ. Тэрээр АНУ-ын төдийгүй Африк, Америк гаралтай хамгийн өндөр настай олимпийн тамирчин гэж тооцогдож байсан юм.

Херб Дуглас 14 насандаа 1936 оны Берлиний олимпоос дөрвөн алтан медаль хүртэж байсан домог Жессе Оуэнстэй уулзаж, тэр цаг үеэс эргэлт буцалтгүй спортод татагджээ. Тухайн үед Дуглас Оуэнст хандан “Би 100 метрт гүйж, уртад харайж чадна” гэж хэлж байжээ. Харин хариуд нь Оуэнс “Би ч чиний насан дээр ийм байгаагүй юм шүү” гэж залуу хүүг урамшуулж байсан гэдэг.

Залуу Херб Дуглас ахлах сургуульдаа уртын харайлтаар олон дээд амжилт тогтоож байжээ. Мөн сагсан бөмбөгийн спортод сонирхолтой байсан ч багийнхан нь түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, бөмбөг дамжуулдаггүй байсан гэнэ. Улмаар тэрээр Луйзиана мужийн Завиерын их сургуулиас тамирчны тэтгэлэг хүртэж, 4х100 метрийн буухиа гүйлтэд үндэсний аварга багаар тодорчээ. Гэвч удалгүй гэр бүлдээ туслахын тулд сургуулиа орхиж, нутаг буцсан аж.

Херб 1945 онд сонирхогчдын тамирчдын холбооны уртын харайлтын тэмцээнд түрүүлснээс гадна коллежийн хөлбөмбөг тоглодог байв. Ийнхүү 1948 онд их сургуулиа төгсч, тухайн жилдээ АНУ-ын олимпийн багийн сонгон шалгаруулалтад Уилли Стилийн ард бичигдэж, Лондонд эх орноо төлөөлөх эрхтэй болжээ. Тэрээр олимпод 7.55 метр харайсан бөгөөд зөвхөн Уилли Стил болон Австралийн Билл Брюс нар л түүнээс илүү амжилт үзүүлсэн түүхтэй.

Олимпийн дараа Херб Дуглас дахин суралцаж, магистрын зэргээ хамгаалжээ. Түүний туйлын хүсэл нь дасгалжуулагч болох байсан ч худалдаа, маркетингийн салбарт хүч үзэж, бизнес эрхлэж байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж