"Хуулийг чанаржуулахын тулд гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

"Хуулийг чанаржуулахын тулд гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй"

"Хуулийг чанаржуулахын тулд гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй"

Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяагаас тодрууллаа.


-Улс төрийн намын тухай хуульд сонгуулийн зардлыг бууруулах талаар ямар заалтууд орсон бэ?

-Сонгуулийн зардлыг хэд хэдэн механизмаар бууруулахыг хичээсэн хууль өргөн барьсан байна лээ. Нэгдүгээрт, сурталчилгааны хугацаа одоогийн хуульд 21 хоног байгааг 17 хоног болгон бууруулсан. Хоёрдугаарт, ухуулагч бол сайн дурын ажил байх ёстой. Япон, Герман гэх хөгжилтэй орнуудад намын гишүүд нь өөрсдөө намын бодлогыг явуулахын тулд сайн дураараа үнэ төлбөргүй ухуулга сурталчилгааны ажлыг хийдэг бол Монголд тодорхой цалин хөлстэй байдаг. Хуулийн төсөлд 200 хүн тутамд нэг ухуулагч ажиллуулна гэж байсан бол үүнийг 400 болгож зардлыг бууруулж байна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зардлыг хязгаарлах агуулга орж ирж байна.

Цахим сурталчилгаа, сурталчилгааны материалын хэмжээг багасгах, тээврийн хэрэгслийг хязгаарлах гэх мэт 30-40 хувь зардлыг бууруулах өөрчлөлт орж ирж байна.

-Сонгуулийн тухай хуульд жагсаалттай холбоотой шүүмжлэл гарч буй. Хаалгаар гаргасан ч тооноор хулгайч, авлигачид ороод ирэх вий гэсэн болгоомжлол нийгэмд байна. Тиймээс жагсаалтад нэр дэвшигчдэд ямар шалгуур тавих ёстой юм бол?

-Улс төрийн намууд жагсаалт гаргахдаа намын дотоод ардчиллынхаа дагуу жагсаалтаа бүрдүүлнэ. Хуульд дэнчин авах, барьцааг хориглож байгаа. Улс төрийн намууд өөрсдийн зар сурталчилгааны материал, сонгуулийн зардлаа хэрхэн яаж босгох нь намын дотоод журмаар зохицуулагдах төлөвлөгөөтэй байна. Улс төрийн намын тухай хуулийн гол агуулга нь улс төрийн намууд санхүүжилтээ өөрсдөө бүрдүүлдэг байсан бол төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт авдаг байя гэж байгаа юм. Ингэснээр аль нэг корпорац бүлэглэлд авдаг байдлыг цэгцлэх, цаашлаад  сонгуулийн зардал, улс төрийн санхүүжилтийг шийдвэрлэх боломж нь гарч ирэх нь ээ.

-УИХ-ын гишүүдийн тоог 152 болгосноор төлөөллийн чадвар сайжрах уу. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог 108 болгохоор оруулж ирсэн ч дэмжигдээгүй гэдэг яриа байдаг?

-Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль өргөн баригдсан эхний хэлэлцүүлэг явагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өнөөдөр Засгийн газар хэлэлцсэн. Ингэхдээ, улс төрийн намуудын саналыг гүйцэт авсны дараа эргэн оруулж ирэхээр санал гарсан байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх юм. 2019 онд нэмэлт өөрчлөлт хийхдээ хэдэн зүйл заалт орхигдуулсныг эрдэмтэн судлаач нар хэлж буй. Тухайн үедээ 108 гишүүнтэй байхаар 54:54 холимог тогтолцоотой байна гэж оруулж, ТББХ-оор дэмжигдэж, чуулганаар орсон ч АН-ын гишүүд чуулганыг орхиж явснаар тухайн заалт орж чадаагүй. Тиймээс 2019 оны ҮХНӨ-ийг гүйцэт хийх ёстой гэсэн агуулгаар энэ хэлэлцүүлгийг хийж байна.

-УИХ-ын гишүүдийн тоог хэд байвал боломжтой гэж та харж байгаа вэ?

-Гишүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогийн 76 гишүүнд ажлын ачаалал хэт өндөр нэг гишүүн 2-3 байнгын хороонд харьяалагддаг хууль чанаргүй батлагдах гэх мэт асуудлууд тулгардаг. Иймээс хуулийн чанарыг сайжруулъя гэвэл гишүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Гишүүдийн тоог нэмэгдүүлж байж хуулийн чанар сайжирна. Хүн амын төлөөллийг авч үзвэл 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлах үед Монгол Улсын хүн ам 2.1 сая байсан. Энэ нь нэг гишүүнд ойролцоогоор 20 гаруй мянган иргэн оногдож байсан бол одоо 46 мянга буюу хоёр дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл төлөөллийн чадвар алдагдсан. Олон улсад гишүүдийн тоог тодорхойлдог куб язгуурын аргыг хэрэглэж байдаг. Үүгээр тооцох юм бол 151-155 болох тооцоолол гарч байна.

-Эмэгтэйчүүдийн квотын талаар та юу хэлэх вэ?

-Одоогийн парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл 17 хувьтай байна. Дэлхий нийтийн дундаж жишиг 27 хувьтай байна лээ. Сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог системийг оруулж ирье гэж байгаа юм. Ингэхдээ, жагсаалтаар нэр дэвшигчдийг гаргаж ирнэ гэсэн үг. Жагсаалтаар сонгогдож буй хувилбарт эмэгтэйчүүдийг сөөлжих буюу нэг эрэгтэй, нэг эмэгтэй гэж оруулж ирнэ. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэвэл, нэгдүгээрт жагсаалтаар нэр дэвшиж буй эмэгтэйчүүдэд тойрогт нэр дэвшихтэй адилхан санхүүгийн хүндрэл учрахгүй. Хоёрдугаарт, эмэгтэй, эрэгтэй гэлтгүй чадвартай, мэдлэгтэй нийгмийн төлөөллийг бодлогоор оруулж ирэх боломж улс төрийн намуудад олгогдох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж