Хятад улс үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр тайвань зохиолчийг мөрдөн шалгаж байна. Учир нь Фуча нэрээр зохиолоо туурвидаг Ли Янхэ нь Бээжинг шүүмжилсэн утгатай ном хэвлүүлсэн аж. Ли Янхэ хаана байгаа талаар элдэв таамаг хөвөрч байсан ч Бээжин түүнийг баривчилсан гэдгээ батлав. Тайваньчуудыг ийнхүү дур мэдэн баривчилж байгаа нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж тэд үзэж байна. Сүүлийн үед энэ төрлийн хэрэг улам л гаарчээ.
Ли Янхэ нь Хятадад төрсөн бөгөөд 2009 оноос Тайваньд амьдарч байна. Тэр "Gusa Press" хэвлэлийн газрыг байгуулж, Бээжинг шүүмжилсэн утгатай нэг бус ном хэвлүүлжээ.
Найзуудынх нь хэлснээр Ли Янхэ энэ сарын эхээр Хятадад очсон бөгөөд жил бүр тогтмол зохион байгуулагддаг фестивальд оролцсон. Гэтэл долоо хоногийн өмнөөс Ли Янхэ алга болсон гэх дам яриа гарчээ. Өдгөө Хятадад баривчлагдсан нь тодорхой болсон тул түүнтэй адил зохиолчид болон идэвхтнүүд Ли Янхэг суллахыг шаардаж байна. Тайвань дахь Гадаад сэтгүүлчдийн клуб зөвхөн Ли Янхэгээр тогтохгүй гэм зэмгүй атлаа ял авсан хэвлэл мэдээллийн бүх ажилтныг суллахыг шаардав. Хятад дахь Тайванийн хэрэг эрхлэх газрын албан тушаалтан хэлэхдээ "Мөрдөн байцаалтын үеэр Ли Янхэгийн эрх зөрчигдөхгүй" гэжээ.
Дээрхтэй ижил төстэй хэрэг 2015 онд Хонгконгод гарч байв. Тодруулбал, Хятадыг шүүмжилсэн зохиолуудыг зардгаараа алдартай нэгэн дэлгүүрийн таван худалдагч тавуулаа сураггүй алга болж байсан. Тиймээс хүмүүс Ли Янхэгийн хэргийг энэ хэрэгтэй харьцуулж байна.
Түүнчлэн Тайванийн Үндэсний намыг үндэслэгч Ян Чи-юанийг Хятадын эрх баригчид баривчилсан. Түүнийг салан тусгаарлах үзэлтэй гэдэг үндэслэлээр өнгөрсөн оны наймдугаар сард баривчилсан аж. Энэ хэрэг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелосигийн айлчлалтай давхацсан. "Тайванийн тусгаар тогтнолын төлөөх үзэл бодол тархи толгойгоор нь дүүрсэн" гэж Хятадын төрийн хэвлэлүүдээр түүнийг бичжээ.
Эх сурвалж: BBC