Дуда Монголын ардчиллыг эдийн засгаар хамгаалахыг хүсэв!

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

Дуда Монголын ардчиллыг эдийн засгаар хамгаалахыг хүсэв!

Дуда Монголын ардчиллыг эдийн засгаар хамгаалахыг хүсэв!

“Монгол, Польшийн энэ сайхан ах дүүгийн найрамдалт харилцаа үеийн үед мандан бадрах болтугай”. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Польшийн ерөнхийлөгч А.Дудад хандаж хэлсэн үг. Хариуд нь, А.Дуда Монголын геополитикийн нөхцөл байдлыг маш сайн ойлгож буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд илэрхийлээд, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлье л гэж.

Орос, Украины дайнд төвийг сахисан, түдгэлзсэн байр сууринаас хандаж ирсэн Монгол Улсын зовлонг польшууд хамгийн сайн ойлгох нь зүйн хэрэг. Тэд ч бас Герман, Орос гэх аварга гүрнүүдийг дунд оршихын зовлонг амсаж явсан гашуун түүхтэй.

Үнэндээ, өнгөрсөн хугацаанд Монгол Улс  төвийг яг сахисан уу гэдэг сонирхолтой асуулт. Өөрийнхөө хэмжээнд дэлхийн энх тайвны талд байгаагаа үг, үйдлээрээ  харуулж ирсэнийг үгүйсгэж боломгүй. Жишээ нь,  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс  энх тайван, аюулгүй байдал, эрх чөлөө, тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтээрээ хамтдаа хүчин зүтгэхийг уриалсан хийгээд Украины ерөнхийлөгч А.Зелеснкийтэй утсаар ярьсан, тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн гээд чадах ядахаараа дайныг эсэргүүцэж байх шиг. Жижиг улсын зовлон их, тиймээс хөршүүдтэйгээ эвтэй, түншүүдтэйгээ найрамдалтай байх нь эцсийн эцэст Монголын амьд үлдэх арга заль шүү дээ.

Үнэндээ Польш нь,  НАТО ч нь , Америк нь ч биднийг төвийг сахилаа, түдгэлзсэн байр сууринаас хандлаа гэж буруутгаж байсан удаа байхгүй. Учир нь, далайд ч байтугай, агаараар, хуурай газраар гуравдагч орон руу гарцгүй, урд, хойно хоёр том дарангуйлагчтай Монгол Улсын зовлонг тэд сайн ойлгодог.

Тиймээс гуравдагч орнууд Монголд айлчлахдаа ихэвчлэн эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлье гэх санал тавьдаг. Энэ нь Монголын ардчиллыг, тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулъя гэсэн цаад санаа юм.

Түүнээс дэлхий дээр Монгол ганцаараа байгалийн баялагтай юм биш. Баялгаа хав дараад хэдэн малаараа амьжиргаагаа залгуулбал, хоёр хөршийнхөө хоол болно. Тиймээс газрын доорх баялгийг маань цөлмөөд дууслаа гэж галзуурахаа больцгооё.

Анджей Дуда “Монгол Улс бол Польшийн уул уурхай, хөдөө аж ахуй, инженерийн зэрэг салбараас хөрөнгө оруулалт хийхэд таатай байрлал” болохыг онцолжээ. Польшууд Монголоос газрын ховор элемент олборлох, зэс хайлуулах үйлдвэр барих, ашигт малтмалын хайгуул хийх сонирхолтой байгаа юм байна. Эсгий таавчигнаас өөр үйлдвэрлэлгүй улсаас уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр юу ч авах вэ дээ. Орж ирсэн хөрөнгө оруулагчдыг нь дээрэмдээд хөөчихгүй байхад анхаарахгүй бол гадаадын хөрөнгө оруулагч ганц Оюутолгой л үлдэж мэдэхээр болсон.

Мөн их сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа байгаль орчин, ойжуулалт, цөлжилтийн талаар хамтрах, монгол оюутнуудыг сургаж өгөхөд бэлэн байна гэ.  "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд польшууд тусалъя гэж.

Монгол Улсын хувьд Европын зах зээл рүү гарах гол гарц нь Польш улс. Европ нь манай ноос, ноолууран бүтээгдэхүүн, самрын гол зах зээл аж.  Тэрчлэн газрын ховор элементийг Герман, Европ  руу гарахад польшуудын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал. Хамтарсан үйлдвэр, компани байгуулах боломжтой нь энэхүү айлчлалаас харагдаж байна. Харин польшууд биднийг Азийн зах зээл руу гарах хаалга гэж харж байгаа аж.

Эцэст А.Дудагийн ирсэн гол зорилго нь Монголын ардчиллыг эдийн засгаар хамгаалахыг хүссэн байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж