Д.Амарбаясгалан: Намууд хөгжил дэвшил ярихгүй бултаад суух уу

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: Намууд хөгжил дэвшил ярихгүй бултаад суух уу

Д.Амарбаясгалан: Намууд хөгжил дэвшил ярихгүй бултаад суух уу

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж /2023.04.26/ байна.


НЭМЭЛТ: 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Бид намаа боддог бол Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжмээргүй байгаа. Хатуу гишүүнчлэлийг байхгүй болгоно, аль нэг хүйс нь 40-өөс доошгүй байна, санхүүжилт буурна гээд тоочвол МАН-д халгаатай заалт олон бий. Гэвч хөгжил дэвшил ярихгүй бултаад суух эрх байна уу. Олон намын оролцоотой парламентын засаглалтай болох асуудлаа ярих ёстой. Ард иргэд төрийг өөрчлөх ёстой, хариуцлагатай болгох ёстой гэж шаардаж байхад жижиг эрх ашиг яриад сууж байх эрх бидэнд байгаа юм уу. Энийг улс төрийн намууд ойлгож асуудалд хандах ёстой.  Олон жил яригдаж судлагдсан хэрнээ өргөн баригдаагүй байсан хуулийг Ерөнхийлөгчөөс ойлголцол звөшилцлийн үндсэн дээр өргөн барьсан гэж ойлгож байгаа.

21 зуунд парламентад 83х17 гэж байгаа нь оновчтой шийдэл гаргаж чадахгүй байна. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжих шаардлага байгаа юм.

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Засгийн газрын хуралдаанаас  өнөөдөр огт хүлээж байгаагүй шийдвэр гарлаа.  Улс төрийн намууд зөвшилцөөд дэмжих юм бол энэ асуудлыг шийднэ  гэж байна.  Бид бүгдээрээ дэмжээд гарын үсгээ зурсан. Гэтэл тоглоомтой юм шиг  “дэмжих юм бол явна” гэж байгаа нь юу гэсэн үг юм бэ. Засгийн газар аа, бид төртэй шүү. Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ.  УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг яаралтай оруулж ир, УИХ ын тогтоолтой шүү.

ХҮН өнгөрсөн хугацаанд 1,2 сая хүнтэй уулзлаа. Дийлэнх нь тогтолцоогоо өөрчлөөд өгөөч ээ гэж байна. Энэ хүмүүс мэдээлэлгүй байна, мэдээлэл өгөхөөр ойлгож байна.

100 залуутай уулзахад “яаж гадаад руу гарах вэ” гэж асууж байна. Ахмадууд “тэтгэврээ нэммээр байна, авсан тэтгэврээрээ сар шинээ тэмдэглэдэг боллмоор байна” гэж байна. Зөвхөн өөрийн намд ашигтай байдлаар хуулийг шийдэж ирсний харгайгаар Засгийн газрын зардал 55 дахин өссөн, өр 70 дахин өссөн. Засгийн газрын өр өнөөдөр 30 их наядад хүрсэн. Ийм хөгийн системтэй учраас хөгжил явахгүй байгаа. Нэгхэн жилийн төсвөө 2 удаа тодотгодог. Ийм болохоор парламентад бодлого ярьдаг улстөрчид хэрэгтэй байгаа юм. Парламентад мэргэжилтнүүд нь орж ирдэг байх. Одоогийн тогтолцоогоор мөнгөтэй хүмүүс,  тэдний хүүхэд нэр дэвшээд орж ирдэг системтэй байгаа. Энэ хөгийн системийг өөрчлөх ёстой. Ингэж байж, парламентын засаглал том алхана.

Уламжлалын нэгдсэн нам н.ӨНӨРБАЯР: 

-Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдмээр байна. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх хүрээнд 2016 оноос хойш намууд 10 гаруй удаа уулзаад бодлогын нам болъё гэсэн.  Гэтэл энэ хуулийн төсөлд хатуу гишүүнчлэлтэй хэвээр л байгаа. Харьяа байгууллага нь бүгд байгаа, юу нь өөрчлөгдөөд бодлогын нам болох гээд байгаа юм.

Улс төрийн нам гишүүдээ ажилтай болгож чадаагүйдээ өнөөдөр асуудал нь байна. Яаж гишүүдээ ажилтай, орлоготой болгох вэ, сонгууль дээр яаж санал авах вэ гэдэг дээр ажилласан. Тийм ч учраас хуулийн төсөлд намын үүрүүдээ байлгах заалт буцаад ороод ирсэн.  Тэднээр хамаг булхайг хийлгэдэг.

Улс төрийн намын тухай хуулийн төслийн 5.3-т Төрийн албанд орох юм бол намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ гэж заажээ. Панаалтай заалт. Төрийн албанаас буухаараа улс төрийн намдаа гүйгээд ордог. Хэрвээ та төрийн албанаас гарсан бол таван жилийн дараа намд ор гэдэг ч юм уу.  Ийм заалт оруулж өгөх ёстой.  МАН-ын сонгуульд үнэнчээр зүтгэвэл ажилд ордог. Цүнх барьсан бэртэгчингүүдийг төрийн албанд ойртуулдаггүй байх бодлогын чанартай зоригтой өөрчлөлт хийх ёстой.  Аппаратын төвшинд л гишүүнтэй бай.

Улс төрийн намын тухай хуулийн 7.1.5-д аймаг, дүүрэг, нийслэлийн сонгуульд улс төрийн нам оролцоно гэж. Том төслүүд дээрээ ажилла даа. Худаг ухаж, ус гаргах юм л яриад байх юм.

АН-ын гишүүн УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан, Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн, туршлагатай  Н.Батбаяр ахалж ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр саналуудаа  ярилцаж байна. Нам ямар байр суурьт баримтлах вэ гэдэг дээр судалгаа хийж байна. Ойрын үед энэ асуудлаар АН байр сууриа илэрхийлнэ, нам дээр ажлын хэсэг ажиллаж байна.

 

УЛС ТӨРИЙН НАМ НИЙГМЭЭ МАНЛАЙЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА

 

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Зөвлөлдөх зөвлөлөөс гурван багц чиглэлийн зөвлөмж гаргасан. Нэгдүгээрт, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлж Улс төрийн намын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ерөнхийлөгчийн хууль, Сонгуулийн тухай хуулийг яаралтай батлан гаргах хэрэгтэй гэсэн чиглэл гаргасан. Хоёрдугаарт, парламентын засаглалыг бэхжүүлэх, төлөөлөх чадавхыг сайжруулах, сонгуулийн тогтолцоог өөрчилж, ард түмний төлөөллийг бий болгох, аль болох мөнгөнөөс хараат бус, ард түмний хүсэл эрмэлзлийг бий болгооч ээ гэсэн. Парламентын засаглал, улс төрийн нам бол хүй холбоотой, салшгүй нэг хэсэг. Сүүлийн үеийн бүх судалгаа, нэн ялангуяа парламентад суудалтай улс төрийн намууд ард түмний санал бодлыг илэрхийлж чадахгүй байна. Улс төрийн намууд авлигал хээл хахуулын үндэс болж байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг нэр дэвшүүлж буй гол институци бол улс төрийн нам. Улс төрийн намаа цэгцэлчих юм бол сонгуулийн тогтолцоог уялдуулж шийдвэрлэх ёстой.

Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль хүйн холбоотой. Энэ өөрчлөлтийг хийх шаардлага тавьсан. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр яг л энэ асуудлыг иргэд тавьж, намуудын дотоод ардчиллыг бэхжүүлж, гишүүдийн оролцоотой шийдлийн нам байхыг ярьж байсан. Хамгийн гол нь намын санхүүжилт, нээлттэй хариуцлагатай байхыг шаардсан. Үндсэн хууль өөрчлөгдсөнөөр маргаашаас нь сайхан болохгүй. Хууль ёс болж тогтоход ардчилал, төр хоёр хөгжинө гэж үздэг. Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч намуудаас санал авсан.

Сонгуулийн хууль олон түмний төлөөлөх чадварыг хангах ёстой. Нөгөө талаас геополитикийн нөхцөл байдлыг орхигдуулж болохгүй. Хүн амаа дагаж байвал Улаанбаатар улс болж хувирна. Тиймээс эдгээр зарчмыг бодолцож хийх ёстой гэж ард түмэн санаачилгуудыг гаргасан. Улс төрийн намын тухай хууль процессын тодорхой хууль болсон.

Сонгуулийн хууль хэлэлцэгдэж байна. Улс төрийн намын эрх зүйн шинэчлэл, цаг үеийн шаардлагаас илт хоцорч засаглалын хямралт байдал руу түлхэж байгааг ард иргэд сүүлийн үеийн судалгаагаар илэрхийлсэн. Иргэдийн 87 нь улс төрийн намууд ард иргэдийн санал бодлыг илэрхийлж чадахгүй байна гэж дүгнэжээ.

Иргэдийн 41.5 хувь нь улс төрийн намгүй, нэг хүчтэй удирдагчтай байх тогтолцоог зөв гэж бичсэн байна лээ. Энэ бүхэн нь улс төрийн нам манлайлагч, нийгмээ манлайлахыг шаардаж байна гэсэн үг юм. Иймээс Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гүнзгийрүүлэх шаардлагатай.

Эцэст нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг их ярьдаг.

2019 оны өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг дээр ярилцаж тохиролцоод "УИХ нэг танхимтай 108 гишүүнтэй байх бөгөөд түүний 54-ийг нь олонхыг төлөөлөх, 54-ийг хувь тэнцүүлсэн зарчмаар сонгоно" гэсэн заалт орж, ТББХ-оор үнэмлэхүй олонхоор дэмжигдэж, чуулганы хуралдаанд орсон ч АН-ын үл ойлголцлоос улбаалан санал  дэмжигдээгүй үлдсэн.

2019 оны нэмэлт өөрчлөлтийг гүйцээх тухай яригдаж байна. Гол аргумент нь ҮХНӨ-өөр сонгуулийн хуулийг ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө өөрчилж, шинэчлэн батлахыг хориглоно гээл заасан. Гэтэл сонгуулийн жил эхлэхээс өмнө сар гаруйн өмнө буюу арваннэгдүгээр сард энэ хурал болсон. Иймээс сонгуулийн тогтолцоог бүхэлд нь өөрчилсөн, тоо нэмж болохгүй буюу Үндсэн хуулийн зарчимтай тохирохгүй байна гэх агуулгаар Ерөнхийлөгчийн ахалсан үндэсний зөвшилцлийн комиссын санал тухайн үед дэмжигдээгүй.

Улс төрийн намын дарга нарын байр суурийг сонсч байна.

Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.ОЮУНГЭРЭЛ:

-Хуулийн төсөлтэй маш сайн танилцлаа. Ерөнхийдөө айлын гэрийн доторх тавилгыг гоё болгох тухай ярихаас өмнө гэр маань салхинд хийсчихгүй, бороонд норохгүй байх тухай ярих хэрэгтэй. Улс төрийн намын тухай хууль бол Монголын үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хамгаалах үүрэгтэй байдаг. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд маш чухал 4.2 дахь заалт алга болсон байна. 14 хориглосон заалтаас тавыг нь байгуулахыг хориглоно гэж зааж өгсөн байна лээ.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.ТӨМӨРСҮХ: 

-Сонгуулийн хууль, Улс төрийн намын хуулийг ерөнхийд нь харлаа. Энэ хоёр хуульд улс төрийн намууд гэхээс илүүтэй Монголын нийт иргэнд таалагдахгүй байх олно зүйл заалт байна. Үүнийг эргэж хараач ээ. Олон намын төлөөллийг оруулъя гэж гоё сайхан ярьж буй боловч гүйцэтгэл дээрээ хэд хэдэн хоригийг хийж өгч байна. Улс төрийн намын дотоод хэрэгт хэт их хутгалдаж, зааж өгч байна. Өөрөөр хэлбэл, сонгуульд “та нар тийм хүнээ дэвшүүл тэгж байж та нар орно” буюу 50 хувийн нэр дэвшүүлж байж орох, орохгүйгээ шийднэ. О.Цогтгэрэлийн хуульд байна лээ. АН юу хийгээд байна вэ. Фашистууд юм уу юу юм. Жижиг намыг оруулахгүй гээд улаан цайм ярьж байна АН-ынхан. Жижиг намууд энэ хууль гарвал байхгүй болж байна гэж яриад байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж