Сурвалжлага: Фитнесийн төлбөр 60-600 мянган төгрөг байна

Сурвалжлага: Фитнесийн төлбөр 60-600 мянган төгрөг байна

Сурвалжлага: Фитнесийн төлбөр 60-600 мянган төгрөг байна

“… Өмнө нь бие өвдсөн ч тоохгүй хаячихдаг байсан. Харин сүүлийн хагас жилийн хугацаанд эрүүл мэнддээ анхаарч эхэлсэн. Одоо долоо хоногийн зургаан өдөрт нь дасгал хийдэг болсон…” гэж ШУТИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Е.Ууганцэцэг хэллээ. Түүний хувьд агаарын иогоор хичээллээд гурван сар өнгөрч байгаа бөгөөд эхний нэг сараас л үр дүнгээ өгч, нурууны өвдөлт, хуян, хаван буух, цусны эргэлт сайжрах, толгойны өвчин арилах зэрэг эерэг нөлөө их үзүүлжээ.

Е.Ууганцэцэг "Иогоор хичээллэхээс өмнө 73 кг жинтэй байсан бол 2-3 сарын дараа 67 кг болсон. Үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Агаарын иогт явж эхлээд нэг, хоёр дахь хичээл дээр биеэ дааж дээшээ гарч чадахгүй байсан. Тэрнээсээ болж шантрах үе байсан. Тэр үед багш нар нь маш сайн зөвлөгөө дэмжлэг өгч сургаад дараа нь асуудалгүй дээшээ гарч чаддаг болсон. Бусад фитнес, спортоор хичээллээд булчин цочирдчихлоо, гарч ирэхээр ядраад байна гэж хүмүүс их ярьдаг. Үүнээс болоод шантрах тохиолдол их байдаг болов уу. Харин иогийн дасгал хийсний дараа амардаг болохоор бие хөндүүрлэж, шантарч байгаагүй. Миний хувьд жин хасахаас илүү хуян, нурууны өвчнөө намдаасан нь илүү чухал байсан. Эрүүл мэндийг хэзээ ч орхиж, хойш тавьж болохгүй. Одоо тогтмол биш ч гэсэн 14 хоногтоо нэг ууланд алхахыг хичээдэг. Гэртээ оройдоо 5-10 минут сунгалтын дасгал хийдэг. Ажил, хичээлийн хажуугаар завтай цагаараа амармаар байгаа хэдий ч тэрийгээ зориулан дасгал хөдөлгөөн хийдэг. Тэрнээс биш чөлөөт цагаараа хийдэг гэсэн зүйл байхгүй" гэв.

Тэрбээр зөв хооллолтын талаар яг сайн мэдэхгүй ч цагийн зохицуулалттай хооллохыг хичээж байгаа аж. Энэ талаараа ярихдаа "Өмнө нь урсгалаараа хүссэн үедээ идээд заримдаа хоол идэхгүй өнжих тохиолдол байдаг байсан. Өглөө хүнд зүйл идчихдэг, заримдаа өглөө юм идэхгүй өдөр нь юм иддэг байж байгаад дасгал хөдөлгөөн хийж эхлээд зөв хооллож эхэлсэн” гэлээ.

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-аас зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлсэн билээ. Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг бол 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэнэ. Илүүдэл жин, таргалалт нас ахих тусам нэмэгддэг ч залуусын дунд эрчимтэй нэмэгдсэн аж. Тухайлбал, 25-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жин, таргалалттай байна гэсэн судалгааг ЭМЯ-наас гаргажээ.

Мөн залуучууд эрүүл мэнддээ анхаарч эрүүл зөв хооллолт болон дасгал хөдөлгөөн хийхийг эрмэлздэг болжээ. Хүмүүс ихэвчлэн фитнес, иог, спиннинг зэргээр хичээллэдэг. Мөн санхүүгийн боломж бололцоогүй бол гэртээ дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаардаг залуучууд цөөнгүй.

"Ari yoga" багш П.Отгонцэцэгийн хэлснээр физик эмчилгээ, нурууны суулт зэрэг эрүүл мэндийн шалтгаанаар бас сэтгэлийн амар амгалан, стресс ядаргаагаа бууруулах гэх мэт шалтгаанаар иогт явдаг гэнэ. Иогийг удаан хугацаанд хийснээр өөрөөрөө эрүүл галбирждаг. Мөн эмчилгээ болдог учраас нойр, эмэгтэйчүүдийн асуудалтай бас уян хатан сунгалттай болох гэсэн хүмүүс ирээд хичээллэх боломжтой байдаг гэж багш хэлж байлаа.

Иогийн ашиг тусын талаар П.Отгонцэцэг багш "Энд ирсэн хүмүүс өөрийгөө хөдөлгөөний дутагдалд орсон байснаа илүү сайн мэддэг. Сунгалт, хөдөлгөөн хийгээд эхлэхээр бие хөнгөрдгийг өөрөө хийж үзээд мэдэрдэг гэсэн үг. Хэдий хугацааны дараа үр дүнд хүрэх вэ гэдэг тухайн хүний бие махбодын бодисын солилцооноос хамаардаг. Ихэнхдээ эхний гурван сар тасралтгүй явж байж үр дүнгээ мэдэрч эхэлдэг. Иогт явж эхлэхээр хүн дотроосоо тайвшраад стрессээ мартаж тайвширч эхэлдэг. Дараагаар нь нурууны мурийлттай ирсэн хүний нурууны мурийлт засагдах гэх мэт үр дүн үзүүлдэг. Гэрийн нөхцөлд газрын иог хийх нь илүү тохиромжтой" гэжээ.

"Ari yoga" нь нэг ангид 20-23 хүний дүүргэлттэй, үнийн тухайд 219 мянган төгрөгөөс 99 мянган төгрөг болоод хямдарчээ. Мөн анхааруулахад, агаарын иог нь тоног төхөөрөмжтэй хийдэг учраас унаж бэртэх тохиолдол гарч болно. Жингийн хязгаарыг 85-аас доош кг-тай хүн явна гээд заажээ.

Дасгал хөдөлгөөнийг олон цагаар хийснээр биеийн эрдэс бодис, амин дэм, уураг алддаг. Цаашлаад жин зогсох, ядрах, сульдах, архаг хууч өвчин хөдлөх зэрэг сөрөг нөлөө илэрдэг байна. Иймд заавал дасгал хөдөлгөөн хийж байхдаа уургаар баялаг хүнсийг сонгож зөв хэрэглэх ёстой гэнэ.

Харин фитнесийн сарын дундаж төлбөр хамгийн багадаа 60 мянган төгрөгөөс ганцаарчилсан сургалттай нь 600 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Жишээлбэл, "Golden gym" нь цагийн хязгаартай ба цагийн хязгааргүй гэсэн хоёр төрлөөс сонгон бүртгүүлэх боломжтой. Үнийн хувьд нэг сарын цагийн хязгаартай нь 110 мянган төгрөг, цагийн хязгааргүй нь 140 мянган төгрөг. Нэг удаагийн бэлтгэлийн 20 мянган төгрөгөөр хийх боломжтой.

Фитнесийг зорин ирж буй үйлчлүүлэгчдийн талаар "Golden gym"-ийн багш Б.Хангай ярихдаа "Өмнө жилүүдийг бодвол энэ жилээс фитнесээр хичээллэж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Нийгмийн стресс бухимдал, асуудлуудаас ангид байж эрүүл мэндээ дэмжих хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэж харж байна. Фитнес нь сэтгэл зүйн спорт. Хүмүүс өөртөө хэт их сэтгэл зүйн ачаалал өгөөд шантарчихдаг. Үнэхээр л жингээ хасмаар байвал хувь хүнээс хичээл зүтгэл гарах нь тодорхой. Эрүүл зөв хооллолт гэхээр хүмүүс хүндрүүлж бодоод байдаг. Эрүүл хооллох эхний алхам нь зөв цагтаа зөв хүнсээ идэж занших хэрэгтэй" гэжээ.

НЭМҮТ-өөс фитнес, шугман бүжиг, иог, gym зэрэг байгууллагуудыг аль болох боломжоороо цагаа уртасгах, хямдрал урамшуулал зарлахыг уриалж байсан юм.

Дасгал, хөдөлгөөнөөс гадна хооллолт нь жин хасах, жингээ барихад гол нөлөөтэй. Оюутан С.Хонгорзул гэхэд дасгал хөдөлгөөн төдийлөн идэвхтэй хийдэггүй ч хооллолт дээрээ анхаарч аль болох оройн цагаар махан хоол идэхгүй байхыг хичээдэг гэнэ. Үүний оронд голцуу ногоотой, шөлтэй хоолыг илүүд үздэг аж. Түүний хэлснээр байцаа манжин хоёрыг түлхүү хэрэглэж, бие хүчний дасгал гэхээсээ илүүтэйгээр сунгалтын дасгалыг долоо хоногийн хоёр өдөрт хийдэг гэв.

С.Хонгорзул "Би өөрөө ногоонд илүү дуртай. Аль болох олон төрлийн ногоог хоолондоо хийж идэх дуртай. Дасгал хийснээр хүний эд эс сэргэж, тархины үйл ажиллагаа эрчимждэг. Дээрээс нь бие хөнгөрдөг юм шиг санагддаг. Сарын хугацаанд газрын иогоор хичээллээд хуян багассан, буруу суулт, зуршлаас болоод нуруу чилж өвддөг байсан өвчингүй болсон. Гэртээ үргэлжлүүлээд дасгалаа хийж байгаа” гэж ярилаа.

Мөн заавал сургалтад сууна гэлтгүй хувьдаа дасгал хөдөлгөөн хийх, ууланд алхах, зөв хооллох зэргээр эрүүл мэнддээ анхаарч болдог гэдгийг тэрбээр онцолсон юм.

Монгол Улсын хүн амын дунд хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан буюу халдварт бус өвчнүүд, түүн дотор зүрх, судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаант өвчлөл давамгайлах болж, хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж, эдгээр өвчний улмаас нас барсан хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна. Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг аж. Энэ нь хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй байна.

Таргалалт болон түүнээс сэргийлэх арга замын талаар НЭМҮТ-ийн эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны мэргэжилтэн Х.Бямбасүрэнгээс тодрууллаа. Тэрбээр "Арьсан доор өөхөн эдийн хэмжээ нэмэгдэхийг илүүдэл жин ба таргалалт гэдэг. Энэ нь халдварт бус өвчний завсрын эрсдэлт хүчин зүйлд ордог. Илүүдэл жин ба таргалалтаас үүдэн цусны даралт ихсэх, цусанд дахь өөх тос хлострины хэмжээ ихсэх, зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар зэрэг өвчлөлийн суурь болдог" гэв.

Таргалалттай эсэхээ энгийнээр биеийн жингийн индексээр тодорхойлох боломжтой. Энэ нь өөрийн биеийн жингээ өндрийнхөө квадратад хуваана. Хариу нь 18.5 – 25-ын хооронд байвал хэвийн жинтэй, 25-29.9 байвал илүүдэл жинтэй, 30-аас дээш байвал таргалалтын нэг, хоёр, гуравдугаар зэрэг гэнэ.

Х.Бямбасүрэн цааш ярихдаа "Илүүдэл жин таргалалтаас сэргийлэх гол арга бол зөв зохистой хооллолт 70 хувь идэвхтэй дасгал хөдөлгөөн 30 хувь гэсэн харьцаатайгаар эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх шаардлагатай. Мөн өглөөний цайг тогтмол уух, өдрийн зөв зохистой хооллолт болон гэр зөвлөмжийг баримтлах, насанд хүрсэн хүн өдөрт 30 минутын турш дасгал хөдөлгөөн хийх, 10 мянган алхам алхах гэсэн зөвлөмжийг биелүүлснээр илүүдэл жин ба таргалалтаас сэргийлэх боломжтой" гэлээ.

Хүүхэд болон өсвөр насныхны хувьд өдөрт 60 минутын турш дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай.

Мэргэжилтний хэлснээр бие махбодын хувьд өсөж хөгжих үе шат дээр явж байгаа учраас насанд хүрсэн хүнийг бодвол илүү цагаар дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай. Монгол Улсын 15-69 насны хүн амын 49.4 хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгааны дүн байдаг. Мөн хэвлийн таргалалттай буюу бүсэлхийн тойргийн хэмжээ эрэгтэй хүнд 90 см-аас илүү гарсан, эмэгтэй хүн 80 см-аас илүү гарсан тохиолдолд хэвлийн таргалалттай гэж үздэг. Хэвлийн таргалалттай хүн амыг тархалт 53 хувьтай байгаа. 2 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй байна. 5 хүний 1 буюу 21.9 хувьд хөдөлгөөний хомсдолтой, ажлын байран дээрээ 52.4 хувь нь дасгал хөдөлгөөн хийдэггүй өдөрт суугаа идэхгүй хэв маягт 3.4 цагийг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Хүн өөртөө эрүүл зан үйлийг төлөвшүүлж чадсанаар зүрх судасны өвчний 80 хувь, халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлийн 90 хувь, хавдраар өвчлөх эрсдэлийг 30 хувь, цаг бусаар нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулах боломжтой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан. Тиймээс хувь хүн өөрөө хичээгээд эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралын хэв маяг дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж, стресс бухимдалаа зөв тайлж сурах, архи тамхины хэрэглээ хорт зуршлаасаа татгалзаж чадсанаар дээрх эрсдэлүүдээс сэргийлэх боломжтой.

Дасгал хөдөлгөөн хийхэд шантрах тохиолдол элбэг. Энэ үед өөрөө өөртөө дасгалжуулагч байж, өөрийгөө зоригжуулж дасгал хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлж дараагийн өдрийн ачааллаа тохируулж хичээллэснээр тухайн хүнд хэвийн дадал зуршил болж үлддэг. Хүний эрүүл зан үйлийг төлөвшүүлэх анхан  шатны хугацаа 3-6 сард хэвшдэг. Эхний 3-6 сард идэвхтэй хийснээр дадал болон хэвших боломжтой гэдгийг Х.Бямбасүрэн захисан юм.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-26 103.212.117.114

Офицерт байдаг бодибилдинг фитнесийн Дельта клуб хамгийн хямд нь юм байна лээ. Утас нь: 9919-5196

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж