ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярын ахалсан ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад болон Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчдаас бүрдсэн Эрэн хайх, аврах бүлгийн баг /2023.02.08/ Турк улсыг зорьж, газар хөдлөлтийн голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл өчигдөр /2023.04.25/ Турк улсын Төрийн дээд шагнал болох Дээд зүтгэлийн медалиар Б.Ууганбаярыг шагнажээ. Уг нэр хүндтэй шагналыг БНТУ-ын дэд ерөнхийлөгч Фуат Октайн гараас ёс төртэйгээр гардан авсан байна. Генерал Б.Ууганбаяр маргааш эх орондоо ирэх гэнэ.
Монголын аврах баг үүрэг гүйцэтгэх 10 хоногийн хугацаанд нуранги дундаас найман хүний эрдэнэт амийг авран 19 хүний шарилыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, 600 гаруй хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна.
Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэхээс гадна Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, хоёр тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг хүргэх юм. Мөн иргэдийн хандиваар монгол гэр бэлэглэсэн билээ.
Аврах багийн бүрэлдэхүүн нь 5-10 түүнээс дээш жилийн туршлагатай, гадаад улс орнуудад аврах ажиллагаанд оролцож байсан, англи хэлний дундаас дээш мэдлэгтэй, зарим нь турк хэлтэй алба хаагчдаас бүрджээ. Тэдгээрээс хоёр нь эмэгтэй алба хаагч байсан юм. Монгол Улсын аврагчдын багт үнэрч хоёр нохой багтсан.
Холбоотой мэдээ