Орлогоосоо давсан зарлагатай төрийнхөн сайн дураараа ажлаа өгнө

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

Орлогоосоо давсан зарлагатай төрийнхөн сайн дураараа ажлаа өгнө

Орлогоосоо давсан зарлагатай төрийнхөн сайн дураараа ажлаа өгнө

Энэ удаагийн хаврын чуулганыг авлигын эсрэг чуулган болно хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар зарласан.  Түүнээс ч өмнө Авлигатай тэмцэх талаар сүр дуулиантай  зарлаж, уриалж байсан тохиолдол олон. Байгууллага бүр авлигын эсрэг жил болгон зарлаж, авлигаас ангид байх талаараа тоть шиг давтдаг ч бодит байдал дээр  үр дүн гардаггүй. Үр дүн гардаггүй гэдгийг жилээс жил ухарч байгаа авлигын индексийн үзүүлэлтүүдээс тодорхой харж болно.

Уул шугамандаа бол “авлига хэн өгч, хэн авав” гээд эрж хайгаад байх асуудал байхгүй л дээ. Авлигын мөнгөөр хөлжигчид, баяжигчид бидний нүдний өмнө ил тод байсаар ирсэн, одоо ч байгаа.

Монгол Улсад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч 100 сая төгрөгийн үнэтэй машин унаж, хэдэн зуун сая төгрөгийн байр, хаусанд амьдрах, үнэтэй брэндээр хувцаслаж, үр хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургах, гадаадад аялаж, галуу шувууны мах идэх нь хэвийн үзэгдэл болсон.

Эдийн засгийн суурь ойлголтыг аваад үзэхэд орлогоосоо давсан зарлага байгаа л бол тэнд ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжих, цаашлаад албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан байх магадлал өндөр болно.

Гэтэл насаараа төрд ажиллачихаад хэдэн үеэрээ ч идэх хур хөрөнгөтэй болсон хүмүүсийг юу гэж ойлгох вэ. Хэзээ ч үйлдвэрлэл үйлчилгээ, хувийн бизнес хийж үзээгүй нөхдүүд хөлжөөд, баяжаад, хөрөнгөжөөд ирэхээр нь хөлөө хугалах шахам тал засч гүйх биш, нүдэнд орсон өргөс, шүдэнд орсон мах мэт үзэж, холбогдох хууль хяналтын байгууллагуудад өргөдөл, гомдол гаргаж шалгуулж сурсан цагт жинхэнээсээ авлигын эсрэг улсаараа, нийтээрээ тэмцдэг болох биз.

Төрийн шат шатны албанд ажиллаж байгаа иргэдийн орлогоосоо давсан зарлагыг хянаж, шат шатанд "үүрлэсэн" авлигачидтайгаа тэмцэхгүйгээр улс оронд хөгжил дэвшил ирэхгүй гэдгийг иргэд удаа дараа сануулсан. Нүүрсний хулгайн асуудал нийгэмд тэсрэлт өгч, Төв талбайг тойрч гороолсон жагсаал цуглаантай халуухан өдрүүдийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын асуудалтай хатуухан тэмцэхээ илэрхийлж байв.  Тэрбээр, "Тансаг хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй төрийн албан хаагчдыг ил болгоно. Нийтэд зарлана. Шулуухан хэлэхэд, нүүрсний асуудлын цэгцэрсний дараа төмөр замын компаниудад Засгийн газар онцгой анхаарал хандуулна.

Намайг сонсч байгаа тээвэр, боомт, төмөр замын дарга нарт  хандаж хэлэхэд тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй шүү. БОАЖЯ-ны газар зардаг дарга нар болгоомжтой байгаарай. Бас дараагийн дэлбэрэлт энэ салбарт болно шүү. Газрын наймааны цаана нь байгаа улстөрчдийн нэрсийг зарлана. Иргэдээс болон бусад хүнээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу бүх салбарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Энэ оны зургадугаар сарын 1-ний дотор орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг ажлаа сайн дураар өгөхийг уриалж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс өөрийнхөө орлоготой нийцсэн хэрэглээтэй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ" хэмээн мэдэгдэж байв.

Нэг ёсондоо орлогоосоо давсан зарлагатай нөхдүүдэд сайн дураараа ажлаа хүлээлгэн өгөхөд сарын хугацаа л үлдсэн байгааг дахин сануулъя.

"ХУУЛЬ ЁСНЫ ОРЛОГООСОО ДАВСАН ХЭРЭГЛЭЭГЭЭ НОТОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ШҮҮР”-ДҮҮЛНЭ"

Ерөнхий сайдын мэдэгдлийн маргааш Хууль зүй,  дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б-ийн гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, баривчилсан. Үүнээс гадна Б-г 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх асуудлаар давхар шалгаж байна. Б нь УБТЗ-д олон жил ажилласан. Одоогоор  тээвэр зохицуулалтын асуудал хариуцан ажиллаж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй энэ Засгийн газар эргэлзээгүйгээр тэмцэлээ цааш үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн нь энэ удаа авлигын эсрэг тэмцлийг улиг болсон уриа лоозон болгох биш үйл хэрэг болгохоор оролдлого хийж эхэлсний дохио болсон юм. Төмөр замын хурган даргын шүүгээнээс 7.3 тэрбум төгрөг олдсон нь ердөө ганцхан жишээ. Энэ мэт орондоо, оймсондоо, орон гэртээ нуусан мөнгөө хааш нь хийхээ мэдэхгүй, үнэтэй байр машинаа тайлбарлаж чадахгүй байгаа төрийн албаны төлөөллүүд төр түшилцэж байгаа эрхмүүдээс авхуулаад олон бий.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас "5Ш" ажиллагаа явуулахаа зарласан. Түүний нэг бол “Шүүр” ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрд нөлөө бүхий этгээд болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд нь хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй бол “Шүүр”-дүүлнэ. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэж, цэвэрлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.

Энэ талаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчилдэг” нөхдөөс салах, олон зуун тэрбум. Төгрөгийн үнэтэй хаус, өчнөөн сая төгрөгийн үнэтэй машинаа ямар мөнгөөр, яаж авснаа нотолж чадахгүй нөхдийг  хашиж байгаа төрийн болон нийтийн албанаас чөлөөлнө” хэмээн тодорхой хэлсэн. Энэ бүхнээс үзэхэд ирэх зургадугаар сарын 1-н гэхэд орлогоосоо давсан хэрэглээгээ тайлбарлаж чадахгүй нөхдүүд сайн дураараа ажлаа хүлээлгэн өгч хууль хяналтын байгууллагаар шалгуулах, эсвэл төрийн албанаас “шүүрдүүлж” гараад холбогдох байгууллагаар шалгуулах сонголтын өмнө ирж байна.

"МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖООР ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЗАРЛАГЫГ ХЯНАХ ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ"

Хэдийгээр Авлигатай тэмцэх газраас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр авч, олон нийтэд ил тод мэдээлдэг болсон нь сайшаалтай ч авлигын эрсдлийг бүрэн дүүрэн харуулж чадахгүй байгаа. Хэн нэгэн төрийн өндөр албан  тушаалд томилогдмогц түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгодог. Харин эргээд зарлагыг нь хянадаг тогтолцоо байдаггүй. Тийм учраас албан тушаалд томилогдохдоо  мэдүүлж байсан хөрөнгө орлого нь жилийн дотор хэд дахин өссөн талаар шуурч, шуугихаас хэтэрдэггүй.

Төрийн албан хаагч хөрөнгө, орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах асуудлаар Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Алтанзул ярихдаа "Монгол Улсын хууль тогтоомжоор төрийн албан хаагчийн зарлагыг хянах зохицуулалт байхгүй. Төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлэгт мал, үнэт эдлэл зэргээ өөрсдөө үнэлдэг. Гэтэл тэр нь зах зээлийн үнэлгээтэйгээ нийцдэггүй. Ямар байгууллага үнэлгээг хийх талаарх зохицуулалт хуульд нарийвчлан заагаагүй. Орлогын хувьд ийм бэрхшээл байхад зарлагыг хянахад асуудлууд цөөнгүй гарч ирнэ. Жишээ нь, зарлагын тухайд мэдүүлэг гаргагчийн банкны дансыг хянах зохицуулалт хууль тогтоомжид байхгүй. Хүний хувийн мэдээллийг төрийн байгууллага хянах нь хүний эрхийн зөрчилд тооцогддог.

Хувь хүн, түүний гэр бүлийн жилийн зарлагын цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгохгүйгээр хянахад бэрхшээлтэй юм. Үүнд, татвар болон бүртгэлийн байгууллага, банк, бусад санхүүгийн байгууллага, худалдааны, хөрөнгийн зууч компаниудын санхүүгийн мэдээллийг цуглуулах шаардлагатай. Иймд зарлагыг хянахтай холбоотойгоор иж бүрэн цогц зохицуулалтыг хуулиудад тусгаснаар хэрэгжих нөхцөл бүрдэнэ" гэдгийг тодотгож байв. Эцэст нь төрийн албан хаагчид орлогоосоо давсан хэрэглээгээ хянуулах хууль эрх зүйн цогц шийдэл гаргахгүй л бол ужгирсан асуудлууд улиг болох вий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж