Хэлмэгдэгсдийн хөшөөнд өдөр бүрийн 12.00 цагт нэгэн иргэн хөтлүүлсээр ирэх аж. Түүнийг улс төр судлаач Ц.Чинбат гэх агаад Эрдэнэтэд оршин суудаг. Сүүлийн үед төр засгийг шийдвэр, ам ажил нь зөрсөн авлигатай хийх тэмцлийг шүүмжлэн “Засгийн газар огцор” хэмээн энэ хөшөөний урд зогсох болжээ. Тэрбээр өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаад үзэл бодол нийлэхгүйгээс больжээ. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэн үгээ хэлж буй түүн рүү Эрдэнэтэд байхад нь үл таних гурван этгээд “Хөрш чинь байна” гэж ороод биед нь халдаж, “Амаа мэдээрэй” гэж сануулаад явжээ. Түүнээс хойш хотод ирж, ийнхүү тэмцлээ эхлүүлсэн ч цагдаагаас түүнд зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Түүнтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгч агсан Х.Баттулгын зөвлөхөөр та ажиллаж байсан. Яагаад зөвлөхөө больсон юм бэ?
-2017 онд л доо. Тухайн үед Ардчилсанэ нам ялагдсан байлаа. Хүчний тэнцвэрийг хангах үүднээс Ерөнхийлөгчийн сонгуульд нь дэмжиж ажилласан. Миний хувьд хүний эрхийн зөвлөх болно гэж боддог байсан. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй гэх асуудлаар орон тооны зөвлөх болсон. Очсон зорилго нь бодлого боловсруулж ажиллах ганц сонирхолтой очсон. Гэтэл очоод ажиллаж байхад дотоод итгэл үнэмшил биш юм байна гэдгийг анзаарсан. Г.Уянга, н.Болормаа мэтийн хүмүүс гарч ирээд “Цаазын ялыг сэргээнэ” гээд л эхэлсэн. Хажуугаар нь Монголын Засгийн газрыг толгойлж явсан хүмүүсийг шоронд хийгээд эхэллээ. Дээр нь Дональд Трамп хийсэн уулзалт байна. Энэ хүнтэй уулзаад улс орондоо ашигтай маш их зүйлийг нааштайгаар шийдүүлж болох байсан. Гэтэл очоод “Сибирьт түймэр гарч байна. Та Путинтэй утсаар яриач” гэх жишээтэй. Монгол Улсын үндэсний эрх ашиг хаана байна вэ? Эрх чөлөө маань яав гэх бодол төрөөд л болих шалтгаан болсон. Миний дотоод итгэл үнэмшил нийлээгүй.
-Тан руу хандсан гэсэн. Юу болсон юм бэ?
-Хаалга тогшсон. Хэн бэ гэтэл “Хажуу айлын хөрш чинь байна” гэсэн. Онгойлгосон… Дайрч орж ирээд “Амаа мэдэж яриа” гээд алгадсан. Тийм л үйл явдал болсон. Мэдээж тэр хүмүүс олдоогүй. Хэргийг хэрэгсэхгүй болгоод хаасан.
-Тэгж хэлээд гараад явсан хэрэг үү. Танайд гаднаас ойр дотныхон чинь ирж салгасан юм уу?
-Манай хуурай ах яг тэр үед залгасан. Би утсаар ирээч гэж дуудсан. Тэрийг сонсоод гараад явсан. Мэдээж тэд олдохгүй нь ойлгомжтой. Монголоогийнх руу дайрч байлаа, Э.Одбаярын цонхыг хагалж байлаа. Олдохгүй нь ойлгомжтой.
-Яагаад?
-Яагаад гэвэл Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд нь гэмт хэрэгтнүүдтэй хамтарч ажилладаг. Би хүн гүжирдсэн юм биш. Олон хүн харсан байх. Монгол Улсын Эрүүгийн хуулиар бусдад заналхийлэх нь ялтай шүү дээ. Гэтэл Халтмаагийн Баттулгын уучлалт үзүүлж шоронгоос сулласан Хонхэрэйдийн Энхбат гэх нөхөр гарч ирээд “Nowar” хөдөлгөөний залуучуудыг эрэмдэглэнэ, зэрэмдэглэнэ гээд улайм, цайм мэдэгдсэн. Ингээд зогсохгүй дайныг эсэргүүцсэн залуус руу очоод дээрэлхэж байхад бидний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй цагдаагийн байгууллага хамгаалж чадахгүй л байсан. Со ах руу /Төрийн соёрхолт Д.Сосорбарам/ гурил цацаад, гэрийнх нь гадаа багтай жагсаал хийсэн этгээдүүд бүгд л баригдсан. Гэтэл ямар ч хариуцлага тооцоогүй. Энэ чинь Хууль зүй, дотоод хэргийн сайд нь, цагдаагийнхан нь тэднийг хүлээн зөвшөөрч, хамтарч ажиллаж байгаа гэсэн үг. Энэ тохиолдолд гэмт хэрэгтнүүд яаж гаарч байна. Хувийн бизнесээ хийгээд явж байгаа залууг яаж дарамталж байна. Гэх мэтчилэн дурдаад байвал гэмт хэрэгтнүүдтэй цагдаагийнхан хамтарч ажилладаг. Сайд нь өөгшүүлээд сууж байгаа хэрэг гэж харддаг.
-Танд өгсөн сануулга эрх баригчидтэй холбоотой гэж та хардаж байгаа хэрэг үү?
-Би хүнтэй муудалцдаггүй. Нийтэч зантай хүн. Халтмаагийн Баттулга байна гэдэг Л.Оюун-Эрдэнэ байна гэсэн үг. Х.Баттулга чинь Л.Оюун-Эрдэнийн амин хайртай ах биз дээ. Өөрөө тэрийгээ 2021 оны гуравдугаар сард хэлсэн. Х.Баттулга буучаад Л.Оюун-Эрдэнийн зөвлөх байсан. Засгийн газрынх нь загалмайлсан эцэг гээд хэлчихэд хол зөрөхгүй л байх.
-Ковидоос хойш хүний эрх, эрх чөлөө рүү их халдсан. Туршаад ч байгаа юм шиг. Хуулиар далайлгаж байгаад хүний эрхийг хязгаарладаг болсон. Цагдаагийнхан гэхэд л зөвхөн өөрсдөд ашигтай, нэг талыг харуулсан өнцгөөс бичлэг хийгээд тараах жишээтэй. Чөлөөт эдийн засагтай, ардчилсан нийгмийн суурь зарчим алдагдаад байхаар нь тар гараад дуу хоолойгоо хүргэхээр шийдэв үү. Эсвэл…?
-Ардчилсан, нээлттэй нийгэм гэдэг чинь яг юу юм бэ? Эрх чөлөөтэйгөөр нээлттэй зэрэгцэн оршихыг л хэлээд байгаа биз дээ. Үүнээс эрх чөлөөг нь аваад хаячихвал ардчилсан, нээлттэй нийгмийн ойлголт байхгүй болно. Засгийн газрыг огцруулах маш олон шалтгаан бий. Түүнээс онцлох гурван шалтгаан бий. Эхнийх нь авлигатай тэмцэхгүй байна. Т.Бадамжунайг авчирлаа л гэнэ. Үнэндээ 2012 оноос өмнөх хэргээр Т.Бадамжунай, Х.Баттулга хоёрыг холбож шалгаад, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд шүүх дээр очоод хаагдах вий. Тэр үед хүмүүс шүүхт дургуйцнэ. Ингээд шүүхт нөлөөлөхийг оролдож байна. Зуун шүүгч шударга ёсны талд гарлаа гээд байгаа чинь Л.Оюун-эрдэнэ гэмт хэрэг хийснээ нотлоод байна. Шүүхэд хэн нэгэн нөлөөлөх нь битгий хэл уулзах ч эрхгүй. Гэтэл яагаад 100 шүүгчтэй уулзсан юм уу, дарамталсан юм уу? Яагаад өөрийнхөө талд оруулчихав. Шүүгч нар Монгол улсын төлөө хуулийн өмнө шударга ажиллахаар тангараг өргөдөг болохоос Л.Оюун-Эрдэнийн төлөө өргөөгүй. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцээгүй. Харин шүүгч нарыг дарамтанд оруулж эхэлж байна. Хуулиараа болохгүй зүйл шүү дээ. Авлигатай тэмцэх нь өдрөөс өдөрт худлаа болоод байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Яагаад Женко дайрч байгааг ганцхан өгүүлбэрээр хэлье. Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг” гэж хэлсэн. 80 их наяд төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа. Тэгвэл Эрүүгийн хуулийн 19-р зүйлд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эдийн засагт санаатайгаар хохирол учруулсан бол 8-12 жилийн ялтай. Хүндрүүлэх зүйл нь 19-ийн 6-д бий. Зохион байгуулалттайгаар хийсэн бол… гэж. Тэгвэл зохион байгуулалттайгаар л энэ хэргийг хийсэн шүү дээ. Хятадаас танк орж ирнэ гэж байгаад төмөр замын царигийг өөрчилсөн. Янз бүрийн эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэхэд гэмт хэрэгтнүүдээрээ дамжуулж гадны хөрөнгө оруулалтыг хөөж гаргасан.
-Хоёр дахь шалтгаан чинь юу юм?
-Эдийн засгаа өөд нь татна гээд баахан төсөл хэрэгжүүлсэн. 2022 оны тавдугаар сар өөрсдийнх нь зохион байгуулсан “Ажлаа хий” жагсаалын дараа стратегийн бүтээгдэхүүн гээд гурил, махны үнийг барих зорилготой хууль гаргасан. Саяхан хүнсний аюулгүй байдал гээд бас баахан мөнгө гаргахаар боллоо. Үнэ тогтворжсон юм уу? Жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гээд 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Жилийн гурван хувийн хүүтэй мөнгө иргэдэд очсон уу? Үгүй. Энэ мөнгийг эд өөрсдөө танил талаараа хулгай хийсэн. МАН-ыг засгийн эрхийг авахад ам.доллар 1900 төгрөг байсан. Өнөөдөр 3500 гарсан. Л.Оюун-Эрдэнийг засгийн эрх авахад ам.доллар 2800-тай байсан. Одоо хэр болов… Нөхцөл байдал сайжрав уу? Амаргүй байна л… гээд байгаа. “Амар больё” гэж энэ хүн ажил хийсэн үү, бодоод үзээрэй. Англичууд 3 тэрбум ам.долларыг эрчим хүчний чинь төсөлд хөрөнгө оруулалт хийе гэсэн. Энэ хүн авч ашигласан уу? Германд очиход нь цайр боловсруулах, зэсийн баяжмал дээр чинь хамтарч ажиллая гэсэн. Яасан билээ… Гадны хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэчээд яагаад оруулж ирэхгүй байгаа юм. Тэгсэн хэр нь яагаад Востокт очоод эдийн засгийн асуудлаа Путинаас яагаад гуйгаад байгаа юм. Оросууд өөрсдийгөө яая гэж байна. Ийм засгаар цаашаа удирдуулмааргүй байна. Хүний эрх ярьвал бүр ч эмгэнэлтэй. Энэ залуу өөрөө социалист итгэл үнэмшилтэй. Иргэдийнхээ боломжийг хулгайлж байгаад тэгш хуваарилалтыг бий болгоно гэж яриад байна. Тиймээс манай "Дижитал Монгол" хөдөлгөөний залуус огцруулахыг хүсээд байна. Өнөөдөр Үндсэн хууль руу дайраад эхэлсэн. С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял авсан алуурчдыг суллаад эсрэгээр нь үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ шоронд хийж байна. Олон залууст гав зүүлээ. Монгол үзэл санааны буюу улс төрийн хоригдол олонтой боллоо. Үүнийг олон улсад дарангуйлал гэж шууд тодорхойлдог.
-Хүний эрх, эрх чөлөөг ярихдаа зүсээ хувиргаад л байх шиг. Сүүлийн үед тарвас гэх нэр томъёо гараад ирлээ. Гаднах нь ногоон доторх нь улаан. Товчхондоо бүгдээрээ зүүний бодлого яриад байна. Бид капитализмыг устгаж, социализмыг хөгжүүлэх Марксын төлөвлөгөөг л хэрэгжүүлээд байх шиг.
-Наадах чинь бодитоор хэрэгжээд байна. 1990 онд Ардчилсан хувьсгал ялсан. Түүнээс хойших үйл явдлыг дүгнэж үзье. Монголд социал демократ үзлийн тухай ойлголт гарч ирсэн. Ардын намыг бид тэднийг гэж ойлгодог. Үнэндээ бол цэвэр социалистууд шүү дээ. 1924 оноос эхлээд БНМАУ-ын Үндсэн хуульд Кремлийн заавраар жинхэнэ ард ба жинхэнэ бус ард гэж хоёр ялгасан. Ингээд монголчуудаа хядсан. Энэ бүхнийг тэднээс импортлож оруулж ирсэн. Л.Оюун-Эрдэнийн яриаг анхаараарай. "Гадны агент" гэх үгийг их хэлдэг. Энийг кремлийнхэн их хэлдэг. "Гадны агент" гэж байгаад хэвлэл мэдээллийн салбараа багалзуурддаг. Иргэддээ янз бүрээр гадны туршуул гээд ял өгөөд шоронд хийдэг. Манайд ч ийм зүйл болж байна. Украинд болж буй эрх чөлөөний төлөөх тэмцлийг Кремль л ганцхан "өнгөт хувьсгал" гэж тодорхойлж байна. Хувьдаа бодохдоо эдний зүрх сэтгэлд Ю.Цэдэнбалыг суулгасан юм байна. Энэ хүмүүсийн дотоод итгэл үнэмшилд дарангуйлал сэргээд байх шиг. Маргарет Тэтчерийн хэлсэн үг бий. "Ард түмэн социализмыг хүсдэггүй. Социализм ард түмэн рүү ирдэг" гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ард түмэн дарангуйллыг хүсдэггүй. Дарангуйлал ард түмэн дээр нэг л мэдэхэд ирдэг гэсэн үг. Энэ үйл явцыг Л.Оюун-Эрдэнэ Монголд бий болгож байна. Дайныг эсэргүүцсэн нь буруудаж, дэмжсэн нь зөвдөөд байна шүү дээ.
-Эрх баригчид нь ийм байжээ. Гэтэл Ардчилсан нам чинь тэднээс ялгаагүй тэгш эрх яриад, хувийн өмчийг хувааж аваад хуваарилах тухай яриад явж байна шүү дээ…
-Тэгшитгэх бодлого уг нь Ардчилсан намын ярих зүйл биш. Эмэгтэйчүүдийн хувь, 40 хувийн квот яриад ч байх шиг. Зүүний намыг зүүн талаар нь гүйцэж түрүүлэх гээд байна…
Үргэлжлэл буюу бүрэн эхээр нь нэвтрүүлгээс ЭНД үзнэ үү.