“Жагсаалтаар поп улстөрчид орж ирэх магадлалтай”

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

“Жагсаалтаар поп улстөрчид орж ирэх магадлалтай”

“Жагсаалтаар поп улстөрчид орж ирэх магадлалтай”

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагтай ярилцлаа.


-Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Сонгуулийг пропорциональ системээр явуулахыг гишүүдийн олонх дэмжсэн байр суурьтай байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Пропорциональ тогтолцоог дэмжиж байна. Засгийн газраас одоогоор өргөн бариагүй байгаа. Би ойлгохдоо Засгийн газрын хурлаар ярих юм болов уу гэж бодож байна. Хуулийн төсөлтэй нарийн танилцаж чадаагүй байна.

-Намын жагсаалттай холбоотой асуудал олны анхааралд байна. Ялангуяа улстөрчид “мөнгөний” сонгуулиас татгалзах тухай ярьсаар ирсэн. Жагсаалтын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Жагсаалтаар оруулж ирэх нь олон хувилбартай гэж ойлгосон. Жишээлбэл, зарим орнуудад жагссан гишүүдэд нь саналаа өгдөг. Ер нь УИХ бодлого ярьдаг байвал зүгээр байгаа юм. Тэр дундаа жижиг тойрог, орон нутагт болж буй төсөл хөтөлбөр гэхээс илүүтэй бодлогын асуудлыг шийддэг болбол улс орны цаашдын хөгжилд түлхэцтэй байх болов уу.

-Жагсаалтаар орж ирэх гишүүдэд ямар шаардлага тавих нь зөв гэж та хувьдаа үзэж байна?

-Энэ дээр ёстой бодож байгаа юм алга байна. Гэхдээ намууд олонд танигдсан улс төрчдөө оруулж ирэх шаардлага гарах байх. Нам бол аль болох ялалт байгуулах улс төрч оруулж ирнэ. Тэгэхээр, улс төрд удаан суусан, олон жил суулаа гэх шүүмжлэлд өртдөг гишүүд орох шаардлагатай болох байх. Нөгөө талдаа сөрөг тал ч бий.

-Сөрөг тал нь ?

-Поп гэж ярьдаг. Бодлого гэхээс илүү олонд таалагдсан сэдэв барьж авч ярьдаг улстөрчид орж ирэх боломжтой юм. Энэ бол нэг сул тал нь. Давуу тал нь туршлагатай олонд танигдсан, ард түмний итгэл хүлээсэн улс төрчид орж ирэх боломж байна. Тиймээс аль болох давуу тал, сул талыг харж түүнд тохирсон зохицуулалт хийх хэрэгтэй. Гэхдээ хаалт хийх янз бүрийн хувилбар байдаг. Зарим нь тойргийг дугуйлдаг ч юм уу. Ер нь янз бүрийн хувилбар яриад байна лээ. Хуулийн төсөл УИХ-д орж ирэхэд, задлаад сайн ярих байх.

-Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх талаар юуг хэлэх вэ. Эмэгтэйчүүдийн квотыг нэмснээр улс төрд авлига буурна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бидэнд хүйсээр ялгаварлахгүй байх хуулийн нийтлэг зарчим бий. Эмэгтэйчүүдээ дэмжих нь нэг талдаа зөв ч гэсэн эрчүүдээ ялгаварлаж байгаа асуудал шүү дээ. Нийгэмд эмэгтэйчүүдийг улс төрд түлхүү оруулах шаардлага байгаа нь зарчмын хувьд буруу зүйл байхгүй. Гэхдээ квотыг нарийн хатуу тогтоосноор арга барилын хувьд сайн эсвэл мууг нь мэдэхгүй байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг та хэрхэн харж байна вэ. Гишүүдийн тоог 152 болгосноор парламентын төлөөлөх чадвар сайжрах уу. Гишүүдийн тоо ер нь хэд байвал зүгээр вэ?

-Нэгдүгээрт, Үндсэн хууль ярих гэж байгаа бол ард түмнээс асуух ёстой. УИХ-аас зөвлөлдөх зөвлөлийн уулзалт зохион байгуулсан. Түүний үр дүн ямар байгаа бол. Яг үндсэндээ зөвлөлдөх уулзалтад ирсэн хүмүүс ард түмнийг бүрэн төлөөлөх эсэх нь маргаантай асуудал. Зарим нь шүүмжилж байгаа харагдана лээ. Үндсэн хуульд гар дүрэх гэж байгаа бол ард түмнээсээ асуух нь нэн чухал. Тоо нэмэх үндэслэлийг олон талаас нь ярьж буй. Хүн амын тоо гурван сая болчихлоо. Зарим нь нийгмийн төлөөллийг хангахад тоо бага байна гэж хэлж байна. Түүнчлэн бусад орнуудтай харьцуулсан судалгааг харах хэрэгтэй. Жишээ нь 152 гэдэг нь гурван сая хүн амтай улсад тооны харьцаагаар харвал ямар байх юм? Эдийн засгийн тооцоо зардал чирэгдэл яаж гарч байгааг тооцоолох ёстой. Үүнээс гадна өнөөдөр ажиллаж буй 76 гишүүний төсөв санхүү, эдийн засгийн нөөц бололцоо нуулгүй хэлэхэд хэцүү шүү дээ. Жишээ нь тойрогтоо ажиллаа гэхэд эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн бүхий л асуудалтай нүүр тулдаг. Тиймээс тухайн асуудлыг сайн мэдэхийн тулд гишүүд тухайн салбарын мэргэшсэн судлаач, эрдэмтэдтэй ойрхон ажиллах шаардлага тулгардаг. Бид бүх юмыг мэдэхгүй шүү дээ. Сүүлдээ нөгөө “далайчин” гэдэг шиг бүх сэдвийг ярьдаг болоод дуусах шинжтэй байна. Угтаа бол гишүүд 2-3 сайн, мэргэшсэн зөвлөхтэй байж эрүүл мэнд, нийгмийн бодлого, эдийн засаг чиглэлийн тооцоо судалгаа, мэдээллийг авч хийдэг байх хэрэгтэй.

Тиймээс бидэнд салбартаа мэргэшсэн сайн экспертүүдийг авч ажиллуулахын тулд санхүүгийн эх үүсвэр байх шаардлагатай.

Гэвч энэ нь хангалтгүй байдаг. Гэтэл бид нар тойргоо томсгоно гээд байгаа. Тойргоо томсгох юм бол тойрог дээрх бүхий л асуудалтай тулна. Өөрөөр хэлбэл “би зөвхөн энэ асуудлыг мэддэг, бусдыг нь мэдэхгүй” гэдэг байдлаар сонгогчидтой хандаж болохгүй. Би бодохдоо гишүүдийн тоо гэхээс илүү гишүүдийн ажлын алба хүчтэй, чадавхжуулбал цаашид тойргоо томсгох, бодлого ярих хэмжээнд болбол илүү үр өгөөжтэй. Гишүүдийн тоог ярихаас өмнө нийгэм, эдийн засаг гэхчлэн олон талаас нь харах хэрэгтэй. Тоо нэмлээ ч гишүүдийн гэсэн ажлын албыг чадавхжуулах чиглэлээр төсөв мөнгийг нэмэх ёстой.

-Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд асуухад, энэ оны эхний улиралд эдийн засгийн үзүүлэлт сайжирсан. Тиймээс төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар ямар байр суурьтай байна вэ. Эдийн засгийн даац, боломж нь ямар байна гэж та харж байгаа вэ?

-Эдийн засаг өсч байгаа таатай мэдээг та бүхэн мэдэж буй байх. Энэ жил эдийн засгийн өсөлт 5.4 хувь байх бол ирэх жил 6.4 хувь гэхчлэн өсөх тооцоо бий. Сүүлийн хоёр жил цар тахал, хил гаалиас үүдэлтэй эдийн засаг агшсан. Миний тооцооллоор эдийн засгийн өсөлт үүнээс илүү сайн байх ёстой. Бид хөгжлийн шатанд яваа улс. Эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд оруулах хэрэгтэй. Гэхдээ нэг суурь зүйлийг ойлгох ёстой. Эдийн засаг буруу бүтэцтэй болсныг төр хувийн хэвшлийн харьцаа алдагдсанаас харж болно. Хэрвээ эдийн засаг дахь төрийн оролцоо бага байсан бол төрийн албаныхны цалин нэмэхэд инфяцид нөлөөлөх нөлөөлөл харьцангуй бага байна.

Төрийн эдийн засаг дах оролцоо албан бусаар 60 хувь руу дөхсөн байж магадгүй. Төрийх албан хаагчдын цалинг нэмнэ гэж ярих нь улс төрийн шийдэл мөн боловч цаанаа эдийн засагт үр дагавартай шийдвэр. Төрийнхөн цалингаа 50 хувиар нэмчих юм бол хувийн хэвшил дагаад нэмнэ. Үүнийг дагаад илүү нэмж байж хүнээ авч үлдэнэ. Зах зээлийн зарчмаар өрсөлдөөн дунд ажиллах хүчний үнэ тогтож байхад бид шууд хуулиар өсгөөд явах юм бол зах зээлийн эдийн засаг хаана очих уу. Үр дагавар яаж гарах уу. Ажилчдын цалин өндөр болбол компанийн ашиг байхгүй болчихвол хаалгаа барих уу. Эсвэл ажилчдаа халах, шаардлага гарч ирнэ. Төрийн албан хаагчдын цалин нэмнэ гэдгийг өргөн хүрээтэй ярьж судлаач, эрдэмтдийн зөвлөгөөг авч ул суурьтай авч хэлэлцэх хэрэгтэй гэж харж байна.

-Өнгөрөгч долоо хоногт УИХ-аар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой дэглэм сунгах тогтоолыг төслийг баталсан. Тус компанид онцгой дэглэм тогтоосноор 4.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэх мэдээлэл бий. Иймээс 1072 хувьцааны ногдол ашиг тараах боломж бий юу?

-“Эрдэнэс Тавантолгой” зургаан хугацаанд ашигтай сайн ажилласан. Гэхдээ ашиг хуваарилах гэдэг нь компанийн өөрийн асуудал. Ашгаа хуваарилж тараах уу эсвэл цаашдаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гаргах уу гэдгийг компанийн удирдлага шийднэ. Байнгын хороон дээр БЭТ-ийн өгч буй мэдээллээр “угаах үйлдвэр барих ёстой. Угаах үйлдвэрт ач холбогдолд өгч байна. ТЭЗҮ хийгдэж байна. Ер нь ногдол ашиг тараахгүйгээр угаах үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг хийнэ” гэж бодож байгаа гэх мэдээллийг өгч байна лээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж