Хоёр жагсагчаас 20 цагдаа айна!

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

Хоёр жагсагчаас 20 цагдаа айна!

Хоёр жагсагчаас 20 цагдаа айна!

Үндсэн хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар үзэл бодлоо илэрхийлэх эрх хүн бүхэнд бий. Гэвч ардчилсан улсад иргэдийнхээ амыг барих болсон нь эмгэнэл юм. Өөрөөр хэлбэл, шаардлага тавьж, журам сануулах нэрээр үзэл бодлоо илэрхийлсэн хэн нэгний үгийг цагдаа нар цагддаг болжээ.

Үүний нэг жишээ нь,  хоёр хоногийн өмнө хараагүй хүнийг цагдаа нар хүч хэрэглэн баривчилсан явдал.

Засгийн газар огцрох шаардлага тавьж өдөр бүр тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байсан иргэн Э.Чинбат, Н.Оюунбат нарыг Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс хүч хэрэглэн саатуулсан. Иргэн Э.Чинбат нь хөгжлийн бэрхшээлтэй бүрэн хараагүй иргэн бөгөөд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байсан. Харин н.Оюунбат нь түүний аюулгүй байдал, асрамжлал хамгааллыг хангаж, тусалж явсан байна. Гэтэл цагдаа нар тэдгээр иргэдийн эрхийг зөрчиж, хүч хэрэглэн, хүний биед халдаж, балмад баривчилгаа явуулсныг иргэд эсэргүүцэн, шүүмжлэх болсон. Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр тус хоёр иргэнээс зөрчлийн талаар тодруулга авч, буцааж явуулсан гэх боловч, ингэх эрх тэдэнд байхгүй. Төрийн мөрдсөөр бусдыг дарамтлан, Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд нь халдах нь гэмт хэрэг. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд хууль хүчнийхний иргэдээ цагддаг, айлгадаг, мөрддөг явдал хэрээс хэтэрлээ.

Монголд хэн нэгэн Оросын түрэмгийллийг эсэргүүцвэл хууль, шүүхэд дуудагдаж, ял авдаг гэм биш болсон.  Оросын Элчин сайдын яамны гадна талбайд 50 гаруй удаагийн тайван жагсаал хийж буй "NoWar" хөдөлгөөний залуусыг ээлж дараалан цагдаа нар дарамтлаж, хууль, шүүхээр дуудах болсон. Өнгөрсөн долоо хоногт гэхэд иргэн Ц.Уянга үзэл бодлоо илэрхийлж, дайныг эсэргүүцсэний төлөө цагдаа нар сүрийг үзүүлсэн байдаг. Төрийн мөрдөс өмссөн цагдаа нар хэд, хэдээрээ тайван замаар үгээ хэлж буй иргэдийнхээ эрхэнд халдах нь Монгол үнэхээр ардчилсан улс мөн үү гэх асуултын тэмдэг үлдээж байна.

Монгол бол туурга тусгаар ардчилсан орон. Ардчилсан оронд хэн  үгээ хэлэх эрхтэй.  Харин авторитори оронд хэн нэгний үг хэлэх эрх хориотой.  Үгээ хэлсэн бүхнийг ийнхүү хууль, шүүхээр айлгаж ичээлгэж байгаагийн ард дарангуйлал тогтох вий гэсэн айдас бий. Иргэд эрх баригчдыг, Оросын түрэмгийллийг шүүмжилж болохгүй, эсрэгээрээ иргэдийн амь нас эрүүл мэндэд рецидивүүд заналхийлэх нь манай хууль, шүүхийхэнд хамаагүй.

Хоёр жилийн өмнө Хон Хэрэйдийн Энхбат гэгч хэвлэлийн бага хурал хийж, бусдын амь нас эрүүл мэндэд заналхийлж байхад манай цагдаа нар хаана байсан юм бэ. Ичсэн нэрэндээ шалгаж байна гэсэн ганц үгээр ам таглаад өнгөрсөн. Энэ мэтээр иргэдийн эрх чөлөөнд рецидивүүд халдах нь гэмт үйлдэл биш болоод удаж байна.

Нүүрсний хулгайчдыг зарлах шаардлага тавьсан өнгөрсөн өвлийн жагсаалд ч олон хүний эрх зөрчигдөж, шаардлага биелүүлээгүй нэрийдлээр талбай дээр түргэний машин руу чирүүлж орсон хүмүүс ч бий. Эрүүл мэндийн тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэх шалтгаанаар тухайн хүмүүс хүсээгүй байсан ч хүч хэрэглэсэн явдалд хэн ч хариу тайлбар өгөөгүй.

Энэ мэтээр иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө өдрөөс өдөрт хумигдсаар. Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөгөө эдлэж чадахгүй байгаадаа иргэд бухимдсаар. Хоёр жагсагчаас л айдаг 20 цагдаатай байна гэдэг ардчилсан орны хувьд гутамшиг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж