Улс төрийн намуудын цэвэрлэгээг улсын төсвөөр хийе!

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

Улс төрийн намуудын цэвэрлэгээг улсын төсвөөр хийе!

Улс төрийн намуудын цэвэрлэгээг улсын төсвөөр хийе!

Улсын төсвөөс улс  төрийн намуудыг санхүүжүүлж байснаас цэцэрлэг, сургууль, эмнэлэг барья гэж ихэнх нь эсэргүүцэж байгаа, буруутгахгүй. Учир нь, улс төрийн намууд нам хуйвалдаж, сэм хулгайлдаг газар болж хувирсан. Гэхдээ үүнийг өөрчлөхийн тулд өнөөдөртөө, төсөв мөнгөнд хүндрэлтэй ч алсдаа намуудыг шилэн болгох, тэднээс бодлого, хариуцлага нэхэх  боломжит хувилбар нь улс төрийн намуудын санхүүжилтийн төсвөөс бүрэн даах юм. Энэ тохиолдолд Япон, Герман шиг улс төр нь эрүүл, улстөрч нь ёс суртахуунтай болж чадна.

Хууль санаачлагчид нь тайлбарлахдаа өнгөрсөн 30 жилийн алдаа завхрал, авлига, хулгайн  “үүр овоохой” болсон хуулийн төслүүдийг өөрчлөх нь цаг үе, нийгмийн шахалт шаардлага гэв. Цаг үеийн шаардлага гэгчийн ард  АН-ын, МАН-ын ашиг сонирхол нуугдаж буй нь мэдээжийн хэрэг, алсуураа Монголд гай биш гавъяа дагуулж байвал өөрчлөх нь зүйн хэрэг. Өөрчлөх эрх нь өнөөгийн парламентад, тэр тусмаа МАН-ын үнэмлэхүй олонхид бий.

1992 онд ардчилсан Үндсэн хуулийг батлаж, парламентын засаглалд шилжсэнээс хойш найман удаагийн чөлөөт сонгууль явагдсан, тэр болгонд Сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн байдаг. Сонгуулийн циклээр насжилт нь яригддаг тус хуулийг өөрчлөх энэ удаагийн онцлог нь Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэл болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн батлах юм.

2019 онд МАН үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуульд дөрөв дэх удаагаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан бол үүнээс гурван жилийн дараа буюу Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр дахин гар дүрсэн нь 2022 он.

Тэгвэл Улс төрийн намуудын тухай хуулийг 18 жилийн дараа л өөрчлөхөөр, У.Хүрэлсүхийн өргөн барьсан төсөл анх удаа УИХ-ын босго давж магадгүй гэсэн хүлээлттэй байгаа. Үндсэндээ,  Үндсэн хуульд зургаан дахь,  Улс төрийн намуудын тухай хуульд гурав дахь удаагаа өөрчлөлт оруулах гэж байгаа нь энэ юм.

 Өнгөрснөөс харвал төр-ард түмний тоглоомын дүрэм, бүх хуулийн “эцэг” гэгддэг Үндсэн хуулийг өөрчлөх нь улс төрийн намуудын тоглоомын дүрмийг шинэчлэхээс хялбар байжээ.  Товчхондоо, энэ удаагийн хуулийн шинэчлэлт улс төрийн намуудад таалагдсан учраас л УИХ-д өргөн баригдсан гэсэн үг.

Улс төрийн намуудын тухай хуулийн шинэлчлэлийн гол зорилго нь улс төрийн намуудын дансыг ил тод болгох, хянах, хариуцлагажуулах тухай. Учир нь авлигад хамгийн их өртдөг байгууллагаар улс төрийн намууд дээгүүрт жагсдаг.  Тэгэхээр хуулийн амин сүнс нь  төрийг авлигаас, намуудыг  намуудаас цэвэрлэнэ гэсэн үг. Улсын дээд шүүхэд өнөөдрийн байдлаар 36 нам бүртгэлтэйгээс үйл ажиллагаа тогтмол намууд гэвэл өнөөгийн парламентад суудалтай гурав, үлдсэн 3-ынх нь  тамга хэн нэгний халаасанд явдаг.  Жишээ нь, Б.Жаргалсайхан бүх насаараа Бүгд найрамдах намын дарга явлаа, насаараа улс төр хийж амьдарлаа.

Нөгөө талаасаа мажоритори тогтолцоог өөрчлөхгүйгээр 2024 оны сонгуулийг явуулсан нөхцөлд  ганц МАН үлдэж, бусад нь улс төрийн тавцангаас арчигдаж мэдэх дур зураг, бодит эрсдэл хэдийнэ бий болсон.  МАН сүүлийн хоёр жилийн сонгуульд дараалан ялалт байгуулснаар Монголд сөрөг хүчний оролцоо, хяналт, дуу хоолой улам бүр хумигдаж байна. Үнэндээ өнөөдөр АН-ыг сөрөг хүчин байтугай нам гэж тоох хүнгүй шахам болсон нь МАН буруу биш л дээ, тэдний дотоод хямрал Монголын улс төрийн зовлон болсон байна.

Улс төрийн намуудын санхүүжилтыг шилэн болгож байж авлигатай тэмцэнэ гэдэг үнэний ортой, бараг амьдралаас батлагдсан теором. Намдаа хэр их хандив өгнө, тэр хэмжээгээр албан тушаалд томилогддог бичигдээгүй дүрэм манай улс төрийн намуудад мөрдөгддөг. Хандиваар албан тушаалд очсон хүмүүс эргээд “шарх”-аа нөхөхийн тулд төсөв хөрөнгө хулгайлах, албан тушаалаа ашиглан авлига авдаг. 2012-2016 онд АН-ыг засаглах үед МАХН-аас сайд болсон Г.Шийлэгдамба агсан намдаа хандив босгох нэрээр авлига авч байгаад АТГ-д газар дээрээ “гардуулсан”.  Эцсийн эцэст Н.Энхбаярын шуналаас болсон хэрэг. Хамгийн сүүлд 60 тэрбумаар Монголын төрийн албан тушаалыг наймаалцахыг завдсан хэрэгт М.Энхболд буруудаж, албан тушаалаа өгсөн. Жаран тэрбумын схемыг зохиосон гэж нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй шоронд суугаад гарсан кэйс байна.

Гэх мэтчилэн хандивыг цэгцлэх үүднээс Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд нэг иргэнээс зургаа, аж ахуйн нэгжээс 27 сая ингэхдээ, охин компаниудаараа дамжуулан олгохыг нь хоригложээ. Гэвч хууль нарийсах тусам хулгай нарийсна гэгчээр ямар нэгэн арга заль олоод авчих биз. Хамгийн ноцтой нь 27 саяас илүүг өгсөн хандивлагч торгуулиас гадна шоронд суухаар болж байна.

Улс төрийн аливаа намууд гурван зүйлээс санхүүждэг, төсөв, хандив, өөрийн хөрөнгийн орлогоос гэж. Үүнээс хамгийн шударга нь, намуудыг авлигаас ангид байлгах цорын ганц гарц нь төсвийн санхүүжилт. Өнөөдрийн хувьд өөрийн хөрөнгөөрөө орлого бүрдүүлж чадах ганцхан нам байгаа нь МАН. 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт хэргийн үеэр МАН-ын байшин шатсан. Төсвөөс долоон тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж, нийтдээ 14 тэрбумаар МАН пентхуас боссон байдаг. Тухайн үед намын байрны санхүүжилтэд хандив өгсөн хүмүүс дараа нь сайд, дарга болсон тухай ам дамжсан яриа өнөөдөр ч хуучраагүй байна. Өөр бусад намуудын хувьд малгай тавих толгойгүй нам цөөнгүй, толгой тавих оронгүй нам ч олон.

Улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлснээр улс ядуурчихгүй эсрэгээрээ улсын авлига, хулгай, ажилгүйдэл, ядуурал буурна. Хандивын мөнгөний цаана хэн нэгний лобби, захиалга, харийн ашиг сонирхол байх магадал өндөр бол төсвийн мөнгөний ард олон нийтийн хяналт, хариуцлага яригдана. Улс орны хөгжил, улс төрөө бодсон ч  намуудын халаасыг тэмтрэх цаг болсон. Энэ тохиолдолд иргэд нам дагаснаас мал дагавал ам тостдог болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж