Явган хүний зам болон нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх талаар хотын захиргаанаас мэдэгдсэн. Хотын дарга Д.Сумъяабазар "Нийтийн эрх ашгийг зөрчөөгүй, дугуйн болон явган хүний зам дээрх ТҮЦ-үүдэд арга хэмжээ авна. Гэхдээ энэ асуудлыг Хотын ерөнхий менежер болон дүүргийн удирдлагууд хариуцаж байгаа. Хэрэв хэн нэгний эрхийг зөрчөөгүй бол ямар ч асуудал гарахгүй" гэсэн юм. Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хэлэхдээ "нийслэлд зөвшөөрөлтэй ТҮЦ нэг ч байхгүй. Гагцхүү тухайн дүүрэг, орон нутгаас нь худалдаа эрхлэх боломжтой хэмээн тодорхой байршил зааж өгсөн ТҮЦ л гэж бий.
ТҮЦ-ийн эргэн тойронд орчны бохирдол ихээр үүсч, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулдаг. Мөн стандартын шаардлага хангаагүй боловсруулсан хүнсээр иргэдэд үйлчилдэг зэрэг гомдол, санал олон ирдэг.
Нэг талаасаа олон жил худалдаа эрхэлсэн, үүгээр амьдралаа залгуулж буй иргэд бий. Нөгөө талдаа сүлжээ эрхлэх буюу нэг хүн олон ТҮЦ ажиллуулдаг тохиолдол ч байна. Дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс ч эдгээрийг ялгаж, салгаж ойлгох, худалдаа эрхлэгчидтэйгээ нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Дүүргүүдэд худалдаа эрхлэх боломжтой тодорхой байршил, цэгүүдийг тогтоох эрх нь бий. Тиймээс дүүргийн удирдлагууд ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчидтэйгээ харилцан тохиролцох хэрэгтэй" гэдгийг мөн онцолсон.
Иргэдийн зүгээс эрх мэдэл бүхий газар нь Нийслэл хотын захирагчийн алба гэдгийг хэлж байгаа бөгөөд амьдралаа залгуулах гол хөшүүргийг заавал нүүлгэн шилжүүлэх хэрэггүй гэдгийг хэлж байгаа юм. Харин хотын даргын үйл ажиллагаанд энэ асуудал багтаагүй бөгөөд Ерөнхий менежер болоод дүүргийн албуудад хариуцуулжээ.
Холбоотой мэдээ