"Шүүр ажиллагааг гажуудуулж буйгаас болж хүмүүс хохирч, ТАЗ-д шаардлага хүргүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2023.04.25-нд нийтлэгдсэн

"Шүүр ажиллагааг гажуудуулж буйгаас болж хүмүүс хохирч, ТАЗ-д шаардлага хүргүүлсэн"

"Шүүр ажиллагааг гажуудуулж буйгаас болж хүмүүс хохирч, ТАЗ-д шаардлага хүргүүлсэн"

Төрийн албаны зөвлөл нь зөвхөн бакалаврын боловсролоор эзэмшсэн мэргэжлийг мэргэжилд тооцож магистр, докторт эзэмшсэн мэргэжлийг мэргэжил биш гэж үзэж байгаагаас шалтгаалаад “Шүүр “ ажиллагааны хүрээнд гажуудал бий болж, олон иргэд хохирч байгаа аж. Тиймээс Л.Энх-Амгалан сайд Төрийн албаны зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайдын зөвлөх М.Батгэрэлээс тодрууллаа. 


-Боловсрол, шинжлэх ухааны сайд Төрийн албаны зөвлөлд албан шаардлага хүргүүлсэн байна, энэ талаар танаас тодруулая?

-Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, “Шүүр” ажиллагааг хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгжид хууль зөрчиж томилогдсон хүмүүсийг ажлаас чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд албан тушаалын тодорхойлолтод заагдсан мэргэжлийн тусгай шаардлагыг хангаагүй гэсэн шалтгаанаар олон хүмүүс албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, бас олон хүмүүс төрийн албаны сул орон тоон дээр зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож чадахгүй нөхцөл бий болсон байна. Тодруулж хэлбэл,

Төрийн албаны зөвлөл нь зөвхөн бакалаврын боловсролоор эзэмшсэн мэргэжлийг мэргэжилд тооцож магистр, докторт эзэмшсэн мэргэжлийг мэргэжил биш гэж үзэж байгаагаас шалтгаалаад “Шүүр “ ажиллагааны хүрээнд гажуудал бий болж, олон иргэд хохирч байгаа учраас Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр Төрийн албаны зөвлөлд шаардлага хүргүүллээ.

-Төрийн албаны зөвлөл яагаад магистр, докторыг мэргэжилд тооцдоггүй юм бол?

-Бакалаврын диплом дээр “мэргэжлээр төгссөн” гэж бичигдсэн, харин магистр, докторын диплом дээр тийм үг байдаггүй, зөвхөн “зэрэг олгов” гэсэн үг бичигдсэнийг үндэслэл болгодог талаар Төрийн албаны зөвлөлөөс тайлбарласан юм билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Боловсролын баримт бичгийн загвар шинэчлэл батлах тухай” 01 дүгээр тушаалын хавсралтаар дээд боловсролын дипломын загварыг баталсан бөгөөд энэ загварт бакалаврын боловсролын хувьд “мэргэжил, … бакалаврын зэрэг олгов” гэж бичигдсэн, харин магистр, докторын түвшинд “мэргэжил” гэдэг үгийг дипломын нүүр хэсэгт тэмдэглээгүй орхисон байдаг. Үг үсэг хөөх юм бол “мэргэжил” гэдэг үг нь магистр, докторын дипломын хавсралт дээр нь ч бичигдсэн л байгаа юм. Бакалавр, магистр, докторын аль аль нь дээд боловсролын зэрэг. Дээд боловсрол зэрэг нь Дээд боловсролын хуулийн 3.З, 8.7-д зааснаар багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын гэсэн шатлалтай бөгөөд дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй, өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байхаар хуульчилсан байдаг. Гэтэл Төрийн албаны зөвлөл бакалавраас бусад дээд боловсролын зэргийг “мэргэжил” биш гэж үзээд байна.

-Хууль, журамдаа энэ талаар яг юу гэж заасан байдаг юм бол?

-Боловсролын тухай хуулийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн” гэж, мөн 9.2-т “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, ДИПЛОМ/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан. Тэгэхээр бакалавр, магистр, докторын дипломын аль аль тухайн иргэний эзэмшсэн мэргэжлийг гэрчилж буй албан ёсны боловсролын баримт бичиг юм.  Гэтэл 120-150 кредит цагийн хичээлийг 2 жил гаруй хугацаанд үзэж хамгаалдаг дээд боловсролын магистр, докторын зэрэг нь 9 кредит цагийн хичээлийг 45 хоногт үзэж авдаг төрийн албаны мэргэшүүлэх багц сургалтын гэрчилгээнээс доошоо үнэлэмжтэй байж хэрхэвч болохгүй. Төлбөрийн хувьд ч анхаарах татах асуудал байгаа. Тухайлбал, төрийн өмчийн их сургуулиудын 2022-2023 оны хичээлийн жилийн 1 кредит цагийн дундаж төлбөр 99,483.8 төгрөг байхад төрийн албаны мэргэшүүлэх багц сургалтын төлбөр 1.6 сая, 1 кредит цагийн төлбөр 180 мянган төгрөг буюу 2 дахин үнэтэй байна. Цаашид мэргэшүүлэх багц сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, өртгийг эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

-Олон улсын практикт ямарт байдаг юм бол?  

-Олон улсын жишгээр мэргэжлийг харилцан хүлээн зөвшөөрөхөд тодорхой зарчим баримталдаг бөгөөд энэ нь тухайн улсдаа ямар нэгэн зохицуулалттай байдаг юм билээ. Тодорхой мэргэжлээр ажилд орох зорилгоор төгссөн боловсролын бакалавр, магистр, докторын зэргийг хүлээн зөвшөөрдөг. Зохицуулалтгүй, хуулиар дүйцүүлэлт авдаггүй мэргэжил ч бас байдаг.

Жишээлбэл, Европын дээд боловсролын бүсэд төгсөгчдөд олгодог дээд боловсролын дипломын хавсралтад тухайн диплом эзэмшигчийн ямар ажил эрхлэх, ямар мэргэжлээр ажиллах боломжтой талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.

Дээд боловсролын зэрэг олгодог аль байгууллага ахисан түвшинд боловсрол олгохдоо өмнөх мэргэжлийн холбоос, хийсэн судалгаа зэргийг харгалзан үзэж тухайн мэргэжлээр ахисан түвшинд боловсрол олгох боломжтой гэдэг шалгуурыг хангасан хүнийг сургаж, ахисан түвшний шалгуур, шаардлагыг хангасан хүнд мэргэжлийн диплом олгодог. НҮБ зэрэг олон улсын байгууллагууд ч тухайн мэргэжлээр ажиллах ажилтан шалгаруулж авахдаа ажлын байрны шаардлагад аль болох өрсөлдөх чадвартай хүнийг авахыг голчилдог бөгөөд ахисан түвшний боловсролтой байх нь давуу тал болно гэж үзэж тусгайлан зааж өгдөг. Түүнчлэн, Үндэсний мэргэжлийн хүрээ гэдэг ойлголт байдаг бөгөөд үүнд тодорхойлсон мэдлэг, чадвар, чадамж болон мэргэжлийн чиглэл нь тухайн хүн ямар мэргэжлээр хөрвөх чадвартай болохыг тодорхойлдог бөгөөд олон улсад мэргэжлийн дүйцүүлэлтэд хэрэглэгддэг.

-Магистр, докторын дипломыг мэргэжил олголтын диплом гэж үзэхгүйгээс шалгаалж ямар сөрөг зүйл гарч байгаа талаар та хэлэхгүй юу?

Олон сөрөг зүйл гарч байна. Төрийн албанд ажиллаж байгаа иргэний албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар цөөнгүй иргэн “Шүүр” ажиллагаанд хамрагдаж ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж байна. Дээд боловсролын ахисан түвшний сургалтын үнэлэмж буурах, гадаад, дотоодод суралцсан олон иргэд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж, дипломын ялгаварлан гадуурхсан үйлдэл болж байна. Ахисан түвшний боловсрол олгож буй байгууллагын хууль ёсны эрх нь ч хөндөгдөж байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Магистр, докторын мэргэжлийн чиглэл, индекс, журам батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/370 дугаар тушаалын дагуу элсэгч өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг нөхөн үздэг. Мөн Дээд боловсролын тухай хуулийн 3.2.2, 3.2.3-д заасан агуулгаас бакалаврын боловсролд үзсэн зарим агуулгыг дүйцүүлээд үлдсэн агуулгыг судалдаг тул магистр, докторын боловсрол эзэмшсэн иргэнийг тухайн мэргэжлийн бакалаврын зэргийн шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн гэж үздэг. Гэтэл Төрийн албаны зөвлөл тухайн иргэний магистр, докторын хөтөлбөрөөр эзэмшсэн мэргэжил нь бакалаврын мэргэжлээс өөр байх тохиолдолд мөн л албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар төрийн албаны сул орон тооны сонгон шалгаруулалтад зарим иргэдийг бүртгэж авахгүй байна. Үүнээс шалтгаалж цөөнгүй иргэд хохирч байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Мэргэжлийн чиглэл/хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай”А/160 дугаар тушаалаар диплом, бакалавр, магистр, докторын зэргийг хамтатган мэргэжлийн чиглэл гээд баталчихсан байхад үүнийг үл ойшоож байна.

Дотоод гадаадын их дээд сургуулиудын магистр, докторт суралцах иргэдээ төр засгаас дэмжиж олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, шилдэг мэргэжилтэн, манлайлагчийг бэлтгэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын тэтгэлгийг олгож  өнгөрсөн оноос эхэлсэн. Төрийн албаны зөвлөлөөс магистр докторт эзэмшсэн мэргэжлийг мэргэжил бус гэж үзэж байгаа нь энэхүү бодлоготой ч харшилж байна. Дээрх асуудлаар цөөнгүй иргэд шүүхэд хандахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүсэлт гаргаад байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөл гаргасан шийдвэрээ холбогдох хууль журамд нэн даруй нийцүүлэх шаардлагатай болсон учраас өнөөдөр сайд тайлбар, шаардлага хүргүүлж байгаа юм.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж